:::Фундаментал Сэтгэлгээ::: Шинж чанарыг үл тоож, Мөн чанарыг хайна. Туйлын үнэн байна гэдэгт итгэнэ. Үзэгдлийг хуйвалдаан, нэг бүлэг, нэг хүн, бурхан биш харин фундаментал зүй тогтол бий болгодог гэж үзнэ. Төгс бүтээл, төгс системд тэмүүлнэ.
Monday, August 29, 2016
Complexity - Цогцрол
Хэдэн км зайтай саахалт малчин айлууд. Хороолон суусан суурьшмал иргэд.
Нийгмийн энгийн харилцаа. Нийгмийн комплекс харилцаа.
Тариачин иргэдийг аваад дайнд мордож болохгүй. Дэлхийн түүхэнд Монголчуудаас өөр тийм асар уудам нутгийг хамарсан, олон арван жилийн дайн хийж өнгөрсөн нь үгүй. Боломж ч байсангүй.
Монгол генералууд, тариачдын генералтай харьцуулахад толгойн өвчин хамаагүй бага.
Монгол армийг удирдахад хамаагүй хялбар. Монгол цэрэг, морь хоёр бүтэн үхрийг үнхэлцгэнд нь багтааж, тогоо савгүйгээр тарвага боож, хэдэн өдрийн өл даах ааруул өвөртлөөд шогшчихно. Тариачин цэрэг бол 1 хонолгүй л өлбөрнө.
Гэхдээ Монгол нийгэмд тариачин-суурьшмал иргэдийн нийгэм шиг нарийн мэргэшлүүд байхгүй. Эмч, багш, математикч, философич, уран дархан байхгүй.
1300 онд Медичийн гэр бүл анхны банкны холдинг компани байгуулж, тив эзэлсэн санхүүгийн систем бий болгож байхад Монголчууд аль 1000 он шигээ л байж байв. Таруу учир хөдөлмөрийн хуваарь, түүнийг дагасан бүтээмж үүсдэггүй ажээ. Бараг л төгсөрчихсөн нүүдлийн хэв маяг яг л нэг хэвэндээ.
Хаа нэгтээ дарьт буу үйлдвэрлэж, хөлөг онгоц угсарч, засгийн газрын бонд гаргаж байхад Монгол залуус малаа дагасаар. Нүүдэлчин амьдралд философидох, зохион бүтээх зав үгүй. Дэлхийн агуу нээлт хийсэн бүх эрдэмтэд философичид байдаг нь гайхах зүйл биш. Гагцхүү хотод амьдарч, хөдөлмөрийн хуваарь үүссэний дараа философичид бий болдог нь бас ойлгомжтой.
1604 онд анхны тив дамнасан глобал корпораци хувьцаагаа Амстердамын хөрөнгийн бирж дээр арилжаалж байхад Монголчууд мөнөөх л баруун зүүн гар гээд үзэж л байв.
Буу зэвсэг гарч, тариачин арми мэргэжлийн болох үед морь, сэлэм, нум сум, ааруул, боодог байраа тавьж өгсөн юм даа. Энэ бол манай түүх.
Хороолон амьдардаг суурьшмал иргэд хажуу айл гал авалцахад, гудамаараа гарч ирж ус цацан унтраана. Бие биендээ хайртайдаа огт биш. Харин ч бие биенээ үзэхгүй. Нийгмийн хариуцлага гэж тэдний ухамсарт гүн гүнзгий суусан нь тэр аж. Хэрэв гарч унтраалцахгүй бол дараа нь танайхыг шатахад хэн ч унтраахгүй.
1400 оны итали худалдаачны эхнэртээ бичсэн захидлаас, хөлөг онгоц нь далайд сүйрч болзошгүй гэж үзэж даатгуулсан тухай мэдэж болно. Мөн даатгалын компани нь Жиованнид даатгалын сертификат гардуулсан нь ч үлджээ.
Нүүдэлчин айлууд өөрсдийгөө болгоод явдаг тул, нүүдэлчин төр мундаг арга ухаан гаргах гэхээсээ - байгал дэлхийд зуд, ган битгий болоосой гэж бодсон нь илүү үр дүнтэй.
Хотын иргэд харин өөр. Хотын төр цэвэр бохир ус, цагдаа, шүүх, эмнэлэг, даатгал, санхүү, халамж, дэд бүтэц бүгдийг нь шийдэхгүй бол баларна. Олон айлуудаас гэнэт нэг нь шатчихна. Харсаар байтал гадаа хонуулалтай биш хотын сан хөмрөгөөс байшинтай болгох уу, бүгдийг нь албан журмаар дундын даатгалтай болгох уу гээд бодлого бодож эхлэнэ. Нүүдэлчин айл хиарчихсан байхад төрд сураг, чимээ төдий л юм сонсогдоно.
Албан журмын даатгал гэснээс. Хүмүүс энэ даатгалыг их муулах юм аа. Харахад миний таньдаг, мэддэг гадаад дотоодод өндөр боловсрол эзэмшсэн хүмүүс харагдах юм. Бүүр энэ улсын хөгжихгүй байгаа шалтгааны нэг нь даатгал хөгжөөгүйгээс болсон гэдгийг нийгмийн статус болон ТВ, радиогоор гардгаараа бол мэдэхийн цаагуур мэдээд, үхэн хатан дэмжиж байх ёстой хүн нь хүртэл эсрэг юм ярьж байх гэж. Угтаа бол энэ жолоочийн албан журмын даатгал нь манай улсын санхүүгийн түүхэнд тодоор тэмдэглэгдэх том үсрэлт байлаа гэж.
Дээхнэ даатгалын салбарт ажилладаг байхад ийм явдал их тохиолдоно. 30 хувиа төлөөд, зээлээр авсан сайхан машиныг нь нэг согтуу төлбөрийн чадваргүй жолооч ирээд дэлбэ мөргөчихнө. Дараа нь ч яахав шүүх цагдаа болоод нөгөө согтууг шоронд хийчихдэг юм. 1 сайхан залуу машинаараа хохирч, нөгөө нэг нь амьдралаараа хохирч байгаа юм. Заавал энэ үйл явдал өөрт нь, эсвэл найзад нь тохиолдох. Эсвэл өөрөө даатгалын компанид ажиллаж эрсдэл хэнийг ч дайрдаг юм байна, тэгээд бодсоноос ч олон тохиолддог юм байна гэдгийг мэдэж байж ойлгох албагүй л байлтай.
Юу ч заадаггүй, хүнд амьдралын наад захын үнэнийг ойлгуулж чаддаггүй боловсролын системийн харгай л даа. Мөн боловсрол нимгэн эцэг эхтэй ч хариуцлага ярих ёстой. Хүн гэж амьтаны хамгийн эхний боловсрол нь ЭРСДЭЛ байх учиртай.
Нийгэм төвөгтэй. Нийгмийн эрсдэл байгалийн эрсдлээс хамаагүй илүү комплекс. Тэрийг ойлгодоггүй хүмүүс тэр популистуудаасаа нэг их ялгарахгүй.
Банкууд зээлийн хүүг тогтоодоггүй гэдгийг мэдэхгүй улс төрч, баруунд боловсрол эзэмшсэн том компанийн захирал байгаад яахав дээ. Гурилийн үнэ түүний эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр дээр тогтдог гэдэг шиг. Мөнгөний үнэ болох зээлийн хүү ч мөн адил мөнгөний эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр дээр л тогтдог. Хүмүүст гурил авах хэрэгцээ маш их болвол гурилын үнэ өснө. Эсрэгээр зах зээл дээр гурил их хэмжээгээр орж ирвэл үнэ нь буурна.
Банк бол мөнгө урсан өнгөрч байдаг хоолой төдий болохоос биш хоолойруугаа архи гудрах уу, цай уух уу гэдгийг шийддэг тархи биш. Тэр тархи нь ТӨР юм. Төрийн бодлого л тогтворгүй, тэнэг маягтай олон жил явж ирснээр зээлийн хүү өндөр байгаа. УИХ-д тойргоосоо сонгогдож байгаа гишүүнээс зээлийн хүүг яаж бууруулах вэ гээд асуучихаж чадахгүй гадаадад магистр хийсэн эдийн засагчаар ч одоо юугаа хийх вэ дээ.
Тэгсэн том эдийн засгийн доктор - ипотекийн 8 хувийг зогсоохгүй бол банкууд дампуурлаа шүү гэж хэвлэлээр хэлжээ. Банкны хаалгаар ч алхаж үзээгүй шахам байж яаж тэгэж мэдсэн юм бол. Хэрэв ипотекийн 8 хувийг зогсоовол одоо зах зээл дээр ашиглалтанд орж байгаа 16000 байр зарагдахгүй. Барилгын салбар тэр чигтээ дампуурна. Харин банкууд зээлийнхээ 10 гаруй хувийг нь барилгад өгсөн байдаг учир дагаад хүндрэнэ. Ямар юмаараа доктор хамгаалсан байдаг юм бол.
Дээхнэ манай бас нэг том доктор Хөрөнгийн захыг Монголд хөгжүүлж болохгүй, баахан хүмүүс мөнгөө алдана гэж айлдаж билээ. Мань эр амьхандаа хөрөнгийн зах бол хадгаламж зээлийн хоршооны понзи схемтэй яг ижил юм гэж төсөөлж л дээ.
Бурхангүй газрын бумба галзуурнаа гэж.
Би бүгдийг нэвтэрхий мэддэг хүн биш. Санхүүгийн захаа бол харин гадарлана. Банк, Даатгал, Хөрөнгийн зах бол нийгмийн 3 тулгуур багана юм.
Бид зам, цахилгаан, дулаан гээд нүдэнд харагдах дэд бүтцийг мэддэг. Тэгвэл банк, даатгал, хөрөнгийн зах бол нүдэнд үл үзэгдэгч, хамаагүй ахисан төвшний дэд бүтцүүд юм. Энэ дэд бүтцүүдээ хөгжүүлэх тал дээр манай төр анхаарч ирсэнгүй. 1000 хүнтэй сумруу зам татах тухай л их ярьсан болохоос.
Арга ч үгүй дээ. Баруунд эдийн засаг, санхүүгээр магистр доктор хамгаалчихаад ойлгохгүй хүмүүс байхад улс төрч нарт ямар буруу байхав дээ.
20 жил нябо хийчихээд нягтлан бодох бүртгэлийн суурь философио ойлгоогүй хүмүүс зөндөө л байдаг.
Гол нь энэ санхүүгийн зах зээл өөрөө маш комплекс учраас захаас нь хөөгөөд гүйцэгдэж ойлгогдохгүй.
Тийм л учраас ийм комплекс ойлголтыг ФУНДАМЕНТАЛ СЭТГЭЛГЭЭНИЙ аргаар л ойлгох нь зүйтэй.
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment