Tuesday, July 12, 2016

Лидер хүний мөн чанар I: Фундаментал сэтгэлгээний мод

Саяхан тавьсан лекцээсээ сэдэвлэн, Лидер хүний мөн чанарын талаар бичиж байна. Хэрэв бидний эргэн тойронд байгаа олон шинж чанаруудыг түр орхиж, фундаментал сэтгэлгээний линзээр лидер хүнийг харвал юу олж харах вэ.

Юуны өмнө лидер хүний чанаруудын талаар интернетээс хайж үзвэл алдарт Forbes сэтгүүлийн "Лидер хүний 10 чанар" нэртэй нийтлэл гарч ирнэ. 10 шинж чанар гэсэн үг л дээ. Цаашид гүнзгийрүүлж үзвэл Амжилттай хүний 7 чанар, удирдагч хүний 5 баримтлал гэх мэтээр ном зохиолууд үй олноороо хөвөрч өгнө.

Эд бүгд л лидер хүний шинж чанаруудын талаар бичсэн болохоос, мөн чанарын талаар хөндсөнгүй.

Тухайлбал "том зураг хардаг, алсыг хардаг" чанар байна. Энэ мөн чанар уу, эсвэл мөн чанарын тусгал шинж чанар уу. Бид үүнийг шалгахын тулд ямар хүн том зураг харж чаддаг, алсыг хардаг вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй.

Мөн "цаг баримталдаг, цагийн өндөр мэдрэмжтэй" гэж чанар байна. Ямар хүн цаг баримталж чаддаг, цагийн өндөр мэдрэмжтэй байж чадах вэ. Эсвэл ямар хүн "агуу уран илтгэгч" болдог вэ.

Бид энэ бүх чанаруудыг Фундаментал сэтгэлгээний модон дээр тавьж үзэх хэрэгтэй. Юмс үзэгдлийн танд харагдаж байгаа чанар нь модны хаахна байна. Навчис хавьцаа юу, мөчир үү. Эсвэл үндэс нь үү. Лидер хүн өөрөө юмс үзэгдэл болохын хувьд таньд харагдаад байгаа тэр цаг баримтлаж байгаа байдал нь навч төдий юу, үндэс үү.




Хаа сайгүй сонсогддог "Харилцааны өндөр чадвартай" гэсэн шинж чанарыг авч үзье. Энэ ямар чанараас урган гардаг вэ.




Бусдыг "сайн сонсдог" хүн л "харилцааны өндөр чадвартай" байдаг. Харилцааны чадвар гэдэг нь угтаа учиргүй их яриад, эсвэл утгагүй их инээгээд байхын нэр биш. Нөгөө талын хэлсэн үг бүрийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг ч биш. Харин бусдыг сайтар ойлгоод, түүндээ тааруулж уян хатан харилцдаг хүнийг хэлэх юм. Тэгэхээр бусдыг сайн сонсдог хүн л бусдыг ойлгож таарна.

Тэгэхээр цаашид бид харилцааны өндөр чадвар хайх биш харин бусдыг сайн сонсдог хүнийг хайгаад эхлэхэд болох юм.

Цаашлаад "сайн сонсоно" гэдэг өөрөө бас л өөр нэг чанараас урган гарсан шинж чанар байна. Бусад хүмүүсийг хүсэл эрмэлзлийг сонирхож, тэдний санаа бодлыг тоож үздэггүй хүн сайн сонсогч байж хэзээ ч чадахгүй. Тэгэхээр бусад хүмүүсийг "чин сэтгэлээсээ сонирхдог" хүн л сонсогч байж чадна.

Лидер хүний энэ олон шинж чанаруудыг нөхцөлдүүлдэг цорын ганц мөн чанар юу вэ.

Тэр бол ХАРИУЦЛАГА юм. Энэ талаар дараагийн нийтлэлдээ дэлгэрэнгүй бичье.

Жич: Бид ийм байдлаар бүх юмс үзэгдлийг шалгаж, шинж чанараас өөрсдийн ухаан бодлыг цэвэрлэж, мөн чанарыг таньж болно.

Шинж чанар байнга хувьсан өөрчлөгдөнө. Мөн чанар харин өөрчлөгдөхгүй. Нэг мөн чанарт үй түмэн шинж чанар байж болно.

Монголын боловсролын систем бол шинж чанарт суурилсан систем. Бид тэр системийн бүтээгдэхүүнүүд. Тийм ч учраас бидний толгойд аливаа юмс үзэгдлийн талаар цогц ойлголт байдаггүй. Бүх юмыг мэддэг ч юм шиг хэрнээ, яг үнэндээ юуг ч мэддэггүй.


No comments: