Thursday, March 24, 2016

Бодит Үнэн VS Үнэний тухай Төсөөлөл


Бодит үнэнтэй нүүр тулах чадвартай байна гэдэг амар даваа биш. Хэр баргийн хүний барж идэхгүй хоол.

Үнэн гэж зүйл бидний нүдэнд ил, эргэн тойронгүй л байж байдаг. Гэтэл бидэнд түүнийг олж харах зориг зүрх дутдаг. Харсан ч гэсэн гаргаж хэлэхээс айдаг. Шороогоор булж орхидог.

Юунаас айгаад байна?

Үнэн бидний Үнэн мөн гэж бодсон төсөөллөөс зөрөөд байгаа учраас айж байгаа юм.

Монгол улс бүх үзүүлэлтээр дэлхийд хойгуур жагсдаг. Энэ бол бодит үнэн. Гэтэл энэ үнэнтэй сүүлийн 25 жил улсыг удирдалцсан хүмүүс нүүр тулж чадах уу? Хэцүү л байх болов уу.

Яагаад?

Та нар хэзээ нэгэн цагт, хэн нэгэн удирдагч ТВ-р - "бид 25 жил чөлөөт зах зээлээр замнаад ч, дэлхийн адагт л байна." гэж ярьж байхыг сонссон уу.

Харин түүний оронд. "90 онд ямар байлаа, одоо яаж хөгжиж байна.", "ахмад үеэ шүүмжлэх нь зөв зан биш.", "ардчилал гэдэг чинь 200 жил хөгждөг, бид 25 жилд харин ч их юм амжууллаа." гэх мэт яриаг л их сонсоно.

Хөгжил дэвшлийг өнгөрсөн үетэй харьцуулж хэмждэггүй. Харин өрсөлдөгч улс орнуудтай л харьцуулж хэмждэг. 90 онд Хятад ямар байсан, бид ямар байсан, одоо харин Хятад ямар болов, бид ямар байна гэдгээр л хэмждэг ухаантай юм.

Би энд бодит үнэнийг л ярих гэсэн болохоос биш хэн нэгэн ахмад үеийн хийсэн бүтээснийг шүүх, шүүмжлэх нь хэнд ч сонин биш.

Энэ бол хүний араншин юм. Энд Монгол улсын хөгжил дэвшлийн маргаан болоод байгаа юм биш. Энд харин хувь хүний амьдрал үнэ цэнэтэй өнгөрсөн үү, үгүй юу гэдэг яриа болоод байна.

"Тиймээ, ах нь 25 жил үзээд, ард түмнээ олигтой амьдруулж чадсангүй." гэх бодит үнэн нь тухайн хүний хувьд ялагдлаа зөвшөөрсөнтэй ижил. Залуу нас нь шал дэмий үрэгдэж, амьдрал нь утга учиргүй өнгөрсөнтэй адил болох гээд байгаа учраас л ҮНЭНийг үхэн хатан эсэргүүцнэ.

Хүн гэж амьтан өтлөхийн цагт, амьдралаа утга учиртай, үнэ цэнэтэй өнгөрсөн байгаасай гэж хүсдэг, тэгэж харахыг бодит үнэнийг үгүйсгээд ч болов хийнэ.

Энэ бол сэтгэл зүй. Хүний араншин. Бодит үнэн бидний эргэн тойронд бий, харин бид үнэнийг дуртайгаараа л ойлгож, мушгиж, гуйвуулна. Хувь хүнийхээ тусын тулд шүү дээ.


Хэдэн жилийн өмнө нэг ийм явдал болсон юм.

Нэгэн эдийн засгийн зөвлөл дээр баруунд эдийн засгаар доктор хамгаалсан залуу, зөвлөлийн даргад хандаж надруу дохиод "энэ зөвлөлөөсөө эдийн засгийн зэрэг дэвгүй буюу эдийн засагч биш хүмүүсээ хөөх" тухай хэлж билээ. Би тэгэхэд нь нээрэн эдийн засагч гэдэг чинь хэн билээ гэж бодсон юм. Эдийн засагч гэж эдийн засгийн сэдвээр доктор хамгаалсан хүнийг л хэлдэг юм болов уу.

Миний хувьд эдийн засгийн магистр байтугай бакалавр ч биш хүн л дээ.

Эдийн засгийн ухаан ба Эдийн засагч

Эдийн засаг гэдэг бол мөнгөний харилцаа. Цаашилбал хөдөлмөрийн харилцаа. Нарийндаа бол бүтээгдэхүүн бүтээх, түүнийг худалдах - зах зээлийн харилцаа юм.

Валютын ханш өсөх, барааны үнэ өсөх, ажилгүй хүмүүс их болох, ДНБ өсөх (улсын тухайн жилийн нийт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн) гэх мэтээр ярьдгийг магад сонссон бизээ.

Амьдралдаа валютын арилжаа хийж үзээгүй, хүн ажиллуулж, компани байгуулж, улсад татвар төлж, бүтээгдэхүүн бүтээж, түүнийгээ борлуулж үзээгүй хүн яаж эдийн засагч байж чаддаг юм бол?

Бакалавараас нь эхлээд магистр, тэгээд доктор хүртэл тасралтгүй сурчихаар л хүн эдийн засагч болоод улс орны бодлого яриад эхлэх үү.

Өөрсдийн хайрцаглагдмал сэтгэлгээндээ баригдсан номын эдийн засагч нарыг шүүмжилж Нобелийн шагналт Д.Каннман бичсэн байдаг. Угтаа бол эдийн засгийн онолууд нь өөрсдөө үндэслэл муутай, сайжрах хэрэгтэй байгааг захын хүн мэднэ дээ. Гэтэл түүнийгээ үхэн хатан өмөөрөх нь "дэлхий хавтгай" гэж донгодох 15-р зууны үеийн Католик сүмийн ламтнаас ялгаа юун.

Эдийн засаг ч гэлтгүй олон шинжлэх ухааны салбарт ийм 15-р зууны сэтгэхүйтэй, бодит үнэнээс үнхэлцгээ хагартал айдаг хүн сурталтнууд оршдог. Шинжлэх ухааны өөртөө өмчлөх гэж улайрдаг.

Эдийн засгийн онолууд сайжрах хэрэгтэй байгааг, Монгол улсад тэр онолууд нь ажиллаж өгөхгүй байгааг эрүүл ухаанаар харж, бодит үнэнтэй нүүр тулж, түүнийг яаж засах тухай залуу насаа зориулах ёстой биш үү.

Яг дээр дурьдсан, 25 жил төр барьсан улс төрч шиг, эдийн засгийн онолоор надтай маргалдаад байгаа юм биш - баруунд эдийн засгаар доктор хийх гэж өчнөөн жил гарзадсандаа л бачуураад нүд нь хорсоод байгаа хэрэг.

Эдийн засгийн ухаан бол маш шинэ ухаан. Тийм ч учраас дөнгөж бойжиж эхэлж байна. Онолууд нь цохилтонд орж байна. Орох ч ёстой. Хаа ч байсан юм.

Физикийн ухаан хүртэл суурь хуулиудаа нээж чадаагүй байхад, эдийн засаг ч яамай байна. (таталцал гэж юу вэ? одоо болтол нээгээгүй л явж байна)


БОЛОВСРОЛТОЙ хүн гэж БОДИТ ҮНЭНтэй НҮҮР ТУЛЖ чаддаг, өөрийн хувь хүний сэтгэл хөдлөлүүдээ дарж, бодит үнэнийг хайдаг хүнийг л хэлнэ. Боловсролын систем Монголын үрсийг тийм болгож бэлтгэхээр реформ хийгдэж бас болно.

Үнэнээс айдаг, зугатдаг хүн бол хагас хүн.

"Би математикийн олимпиадад түрүүлсэн учраас, би бүгдээс ухаантай л байж таарна", "би эдийн засгаар доктор хамгаалсан учраас надаас өөр хэн ч эдийн засаг ярих эрхгүй", "би залуу насаа энэ улсыг удирдахад зарцуулсан учраас Монгол улс дэлхийд хэддүгээр байранд байх нь хамаагүй - миний хийсэн бүхэн харлах ёсгүй, зөв" гэх маягийн сэтгэлгээнээс бид өөрсдийгөө биш гэхэд ядаж үр хүүхдээ аврах ёстой.

Хүссэн хүсээгүй бид үнэнд гүйцэгдэнэ. Анхнаасаа бидний төсөөлөл - үнэнтэй давхцдаг байвал цэнгэлийн манлай болно. Худал хуурмаг амьдрал хэнд ч хэрэггүй.

No comments: