Tuesday, October 27, 2015

Simplified Reality

Бүх 5 настай хүүхэд "үхэл" гэж юу болох, амьдралын утга учрын тухай бодож эхэлбэл юу болох билээ.

Философичид бодит байдал, түүний талаарх хүний төсөөлөл хоёрын хооронд хэр их ялгаа байгааг олон мянган жил бясалгаж онолдсоор ирсэн.

Шашин бол бодит байдлын талаар өөрсдийн хувилбарыг дэвшүүлдэг хөдөлгөөн юм гээд хэлчихэж ч болно. Там байдаг эсэхийг тунхаглана гэдэг нь өөрөө бодит байдлын талаарх хувилбар гэсэн үг. Хүн амын тал нь шашинд итгэдэг гэж үзвэл хүн амын аль нэг тал нь үргэлж бодит байдлын талаар буруу төсөөлөлтэй болж таарна.

"Тариалангийн бурханд өргөл өгөхгүй л бол Тариа ургахгүй" гэдэг нь бодит байдлын талаарх хэн нэгний төсөөлөл.

Бодит байдал бидний төсөөллөөс ангид оршино. Өөрийн бодол өөртөө зөв биш. Чи юу гэж бодсон нь бодит байдлыг огтхон ч өөрчлөхгүй.

Нар мандаж, жаргадаггүй. Харин дэлхий тэнхлэгээ эргэдэг.

Бүх 5 настай хүүхэд "үхэл" гэж юу вэ гээд асуугаад эхэллээ гээд бодоод үз. Хүн төрлөхтөн бодит байдлын талаар хялбаршуулсан төсөөлөлтэй байхаар програмчлагдсан бололтой.

Дэлхий хавтгай, нар мандаж, жаргана. Ямар ч гэсэн амьд явж, үр төлөө үлдээхийн тулд бодит байдлыг өөрийн маш бага мэдлэг дээр үндэслэн хялбаршуулан төсөөлөхөөс өөр аргагүй.

Тэгэхгүй бол бид өдөржин бодож суусаар байгаад мөхнө. Философичид яагаад ердөө сүүлчийн 3000 жилд хүчээ авав. Яагаад гэвэл хүмүүс хамтаар амьдарч, зарим нөхдүүддээ бодох цаг гаргаж өгсөн учраас тэр шүү дээ. Будда санаандгүй ч хааны хүү байсангүй. Хэрэв харцын хүү байсан бол өдөржин тариан талбайн дээр ажиллаж, бодит байдлын тухай бодож амжих ч үгүй байв.

Яагаад лам нар агуйд даяанчилдаг вэ. Мэдээж бодит байдлын тухай бодох гэж шүү дээ.

Дэлхий бөмбөрцөг, гариг ертөнц, нейтрон, атомын талаар хэн нэгэн нь хэлж өгөхгүй л бол 5 настан бүр бодоод олохгүй. Олон зуун сая 5 настанууд дунд онцгой нэгэн 5 настан байх. "Үхэл гэж юу юм бэ?" гэж асуух. Эдгээр нь явсаар Ньютон, Эйнштэйн болно.

Үр дүнд нь Хүн төрлөхтөний төсөөлөл бодит үнэнд нэг алхамаар ойртоно.

Шинжлэх ухаан яагаад шашнаас давуу болж таарсан гэхээр. Шинжлэх ухаан үргэлж өөрийн бодит байдлын талаарх төсөөллөө няцааж чаддаг. Харин шашин бол аль 2000 жилийн өмнө гаргасан бодит байдлын талаарх төсөөллөө хамгаалдаг. Хэрэв шашны үнэхээр зөв бол 1000 жилийн дараа Шинжлэх ухаан шашны хувилбарыг гарцаагүй нотлох болно. Харин эсрэгээр нотолбол Шашин шившигтэйгээр тарах болно.

Энэ үүндээс нь авч үзвэл шашин яагаад үүссэн бэ гэдэг нь ч өөрөө маш органик. Хүн байгаа цагт шашин байна аа л гэсэн үг. (Шинжлэх ухаан нь сул байсаар байвал)

Яагаад гэвэл хүн өдөр тутам хоол хүнсээ залгуулж, үржиж, амь гарахын тулд бодит байдлын хялбаршуулсан төсөөллөөр (дэлхий хавтгай) том асуултын тэмдэгийг (хавтгай биш бол яана?) хааж орхиод урагшлахаар програмчлагдсан.

Хүн бусад амьтадтай адил бодит байдлыг хялбаршуулан төсөөлдөг. Гэхдээ бусад амьтнаас хүн төрлөхтөний ялгарах онцлог нь өөрийнхөө төсөөлөлд эргэлзэх явдал мөн.

Хэрэв хүн өөрийн төсөөлөлд эргэлздэггүй байсан бол бид амьтан байх байлаа.

Тийм учраас аливаа хүн бодит байдлын талаарх өөрийн төсөөллөө байнга нягталж байх учиртай. Толгойд нь орсон бодол бүрийг үнэн гэж бодох хүн ямар өрөвдөлтэй байх билээ.

Өнөөдөр миний хэлэх гэсэн гол санаа нь.

Аутизмтай, дээрээс нь тооны онцгой авъяастай - тухайлбал цээжээр 5 оронтой тоог үржүүлж чаддаг, 3.14 пи тооны бутархайн орныг алдаагүйгээр 20000 орон хүртэл цээжээр хэлж чаддаг, цээжлэлтийн олимпиадын аварга гэх мэт хүмүүсийг ажиглаад дараах дүгнэлтэнд хүрлээ.

Энэ хүмүүсийн толгойд компьютер байгаа юм ер алга. Тэр мундаг тоочин толгойгоо ашиглаад амжилтанд хүрч байгаа ч юм алга. Учир нь их энгийн.

Эдгээр тооны чадвартай хүмүүс тоог энгийн бидэн шиг биш харин өөрөөр хардаг юм байна. Печень бидний хувьд маш ойлгомжтой энгийн. Тэгвэл нэг мундаг тоочин нь тоог хүнсний бүтээгдэхүүнээр төлөөлүүлж хардаг байх юм. Нөгөөх нь хэлэхдээ 276 бол их аймаар, өрвийсөн тоо гэж хэлсэн байх жишээтэй. Цээжлэлтийн олимпийн аваргууд хүний нэрийг тогтоохдоо амьтантай зүйрлүүлж үз гэж зөвлөж байх.

Өөрөөр хэлбэл хурдан ажиллаад байгаа тархи алга. Харин тоог биднээс өөр өнцгөөр харж байна. Бодит байдлыг арай өөрөөр хүлээж авч байна. Үүнийг хүн бүр сурч болно. Харин зарим нь төрөлхийн ийм чадвартай төржээ.

Жишээлбэл яагаад Хятад, Солонгос зэрэг орны хүүхдүүд тоон дээр маш өндөр үзүүлэлттэй байгаа судлаж үзэхэд ердөө эдний 10,000-н систем нь Барууны тоо заах аргатай харьцуулахад хамаагүй хялбар юм байна. Хятад хүүхэд тооны илүү хялбар аргатай учраас Америк хүүхдээс хурдан боддог байна.

Тэгэхээр бидний бодит байдалд хэр ойртож очих вэ гэдэг маань түүнийг харж байгаа өнцөгтэй маш их хамааралтай гэж хэлмээр байна.

МАН, АН хоёр улсыг хөгжүүлэх ч юм уу, үгүй ч юм уу. Бидэнд элдэв цуу яриа, хэсэг бусаг мэдээлэл дээр үндэслэсэн бидний төсөөллөөс өөр юу ч алга. Тэдэнд өөрсөдөд нь ч бас бодит байдлаас тэс зөрүүтэй төсөөллөөс өөр юм үгүй.

Бид үхэл гэж юу болох, там үнэхээр бий юм болов уу, миний амьдралын утга учир юу вэ гэж хэдэн удаа боддог билээ. Бодит байдлын талаар бид бодож, хайж үзэхгүй бол яаж бодитой төсөөлөх билээ?

Saturday, October 3, 2015

Малын нэмнээ


National Identity гэдэг бол Үндэстэний Мөн Чанар. (онцлог, өвөрмөц байдал биш юм шүү)

National Identity Crisis гэдэг бол аливаа үндэстэн өөрийн мөн чанарыг алдсан, эсвэл түүнийгээ идэвхийлэн шинээр хайж эхлэх, эсвэл зөрчилтэй байр суурьтай болсоныг хэлдэг.

Саяхан Боловсролын яамны албаны хүмүүстэй ярьж байхад. "Бид Монгол хүүхдийг юуны өмнө Монгол хүн болгож төлөвшүүлэх шинэ хөтөлбөр гаргасан." гэж байна. Өнгөц сонсоход маш зөв зүйтэй сонсогдох байх.

Гэхдээ Монгол хүн гэж хэн юм бэ. Буюу. Монгол Үндэстэний Мөн чанар гэж юу вэ. Үүнийг Боловсролын яаманд, мөн хэдэн УИХ-н гишүүд нийлээд тодорхойлчихдог болсон юм уу.

Сүүлийн үед өрнөөд байгаа Монгол хүүхдийг "Монгол хүн"!?? болгож төлөвшүүлэх ажил нь хэд хэдэн параметртай бололтой юм.

Тухайлбал:
- Монгол хэлний тухай хууль батласнаар 5-р анги хүртэл гадаад хэл зааж болохгүй. (Багаасаа 2 түүнээс олон хэл сурснаар сэтгэн бодох чадвар илт нэмэгддэг тухай шинжлэх ухааны олон судлагаа гарсан байгаа.)
- Монгол хэлний тухай хууль батласнаар Монгол бичигт шилжин орох тухай. (Унших ном, зохиол нь ховор бичгийг тэгэж их сургаж хүүхдийн үнэтэй цагийг алах ямар хэрэг байна. Монгол бичгээр ядаж уншдаг, нэрээ бичдэг болговол болоо юм биш үү.)
- Нэгдүгээр ангиас эхлэн малын нэмнээ, тохом зэрэг мал аж ахуйн агуулга ихтэй боловсролын контентуудад шилжиж эхэлсэн. (Ялангуяа хотын эцэг эхчүүд үүнд ихээхэн бухимдалтай байгаа. Хүүхдийн хэзээ ч харж үзээгүй, харж үзэхгүй ч байж магадгүй зүйлсээр нь төлөөлүүлж А үсэг зааж эхэлсэн. Нэмнээ гэдэг үгэнд ордог Н гэх мэтээр.)

2006 онд би гудамжинд зүг асуух Америк эмэгтэйтэй тааралдсан юм. Тэр зүгт нь явж байгаагаа хэлээд намайг дагаад явахыг хүсэв. Замдаа "та Монголд юу хийж байна вэ." гэж асуухад минь Монгол үндэстэний онцлог буюу нүүдлийн мал аж ахуйг хадгалж үлдээх төсөл хэрэгжүүлж байгаа тухай хэлэв. Би ч эгдүүцэж. "Хэрэв таны тэр хадгалж үлдээх гээд байгаа малчин залууг Нью Йорк хотод аваачаад, Феррари унуулж үзүүлээд. Аль амьдралыг нь сонгох вэ гэж асуувал тэр залуу юу гэж хэлэх байсан бол?" гэж асууж билээ.

Уншигч та ер нь анзаарсан уу? Нүүдлийн мал аж ахуйг хадгалж үлдээх гээд байдаг хүмүүс нь ихэвчлэн хотод амьдардаг, машин унадаг, твиттер, фэйсбүүктэй байдаг. Харин музейд биш амьдаараа музей болох учиртай малчид нь хотруу нүүдэллэж, үр хүүхдээ хотод шингэж үлдээсэй гэж сургуульд явуулдаг. (голцуу)

Намайг зөвөөр ойлгоорой. Би өөрөө Монгол ахуйдаа мал маллаж өссөн хүн юм шүү. Хэрэв та энэ хүртэл тэсч уншсан бол яаран дүгнэлт хийлгүй цааш нь уншина уу.

Хэлний философи
Ром тоо гэж та бид мэднэ. XXI гэх мэт. Их болхи тоо л доо. Харин Ромчууд өөрсдийн эртний өстөн дайсан Арабчуудын тоог (1, 2, 3) авч хэрэглэснээр хөгжил дэвшил нь хэрхэн хурдассан тухай баримт бий.

Үүнтэй ижил Монгол бичиг бол эхлээд Араб, дараа нь Согд тэгээд Уйгараар дамжиж бидэнд ирсэн бичиг юм. Бид харийн үүсэлтэй бичгийг авч ашиглаад хөгжүүлээд л явсан ард түмэн.

Бичигийн үүрэг юу вэ. Мэдлэг дамжуулах. Мэдээлэл дамжуулах.

Дуудлагаасаа өөрөөр бичдэг бичиг мөхдөг жамтай. Үүнийг хүн төрлөхтөний түүх нотлоно. 1990 оноос эхлээд Монгол бичигийг дунд сургуульд зааж эхэлсэн нь туйлын сайшаалтай.

Өөрөөр хэлбэл "абу" гэж биччихээд "аав" гэж дууддаг бичиг л мөхдөг юм. Би энд ямар нэг бичиг мөхөөх гээд байгаа юм биш. Би энд байгалийн хууль ярьж байна.

Харин миний санал бол Монгол бичигээ хөгжүүлье. Цагаан толгойгоо авч үлдээд, цааш нь хөгжүүлье. "Аав" бол "аав" л гэж бичдэг болъё.

Энэ Монгол хүүхдийн төлөвшлийн асуудал ярьж, Монгол хэлний тухай хуулийг дэмжиж байгаа УИХ-н гишүүд Монгол хүнийг аварч үлдээх том ажил хийлээ гэж ярьж байгаа сураг байна. Үүнийг бид нухацтай бодох хэрэгтэй. Бид харицлааны хэрэгслүүр болсон эх хэл дээрээ хүртэл ингэж популизмдаж болохгүй.

Хөвсгөл, Онон, Орхон бүгд түрэг гаралтай үгс. Хуушуур, бууз, хуйцай бас л ижил Хятад гаралтай. Яг үүнтэй адил Хятад ба Турк хэлэнд Монгол гаралтай үгс түмэн олноороо бий. Хэл бол ийм л эд. Үүнийг мэдлэг нимгэн этгээд юу ч гэж эсрэг зүтгээд нэмэргүй. 800 жилийн өмнө бид "Абу" гэж дууддаг л байсан байх. Харин одоо бол үгүй. Ухарч буцах боломж ч байхгүй.

Тийм ч учраас Хэл өөрөө философийн маш том судлагдахуун болдог учиртай. Үүнийг сэтгэл хөөрлөөр шийдэж болно гэж үү.

Ромчууд Ром тоогоо дайсныхаа Араб тоогоор солиод Ром хүн байхаа болиогүй юм шүү.

Мал аж ахуй
Энэ дэлхийд нүүдлийн мал аж ахуй эрхэлж үзээгүй үндэстэн үгүй.

Нүүдлийн мал аж ахуй бол Монгол ахуйн нэг хэлбэр л болохоос биш Монгол үндэстэний мөн чанар биш юм. Ялгаж салгаж ойлгомоор байна.

Нүүдлийн мал аж ахуй хөгжөөд фермерийнх болох учиртай. Цаашлаад биотехнологийн хөгжил дэвшил ашиглах хэрэгтэй. Монгол хүн хэн бэ? Мал хариулж яваа залуу юу.

Саяхан би хөдөө явж байгаад 100 хүрэхгүй хонь хариулж явах 21 орчим насны болов уу гэмээр Монгол залууг харлаа. Ямар хайран бүтээмж вэ. Тэр залуу эрдэм шинжилгээний лабораторид суугаад нээлт хийж байж болох байлаа.

Эсвэл Лондон хотод хувьцааны арилжаа хийгээд дэлхийг доргиож болох байсан. Монгол орны хүн амын тал нь хөдөө мал дээр байдаг. Ямар их бүтээмжийн хохирол вэ?

Монгол үндэстэний мөн чанар
Батаа гэж найз чинь байлаа гэж бодъё. Түүний мөн чанар юу вэ. Царай зүс нь үү? (нүүдлийн мал аж ахуй, монгол бичиг гэдэг шиг). Эсвэл өнгөрсөн түүх нь үү. Эсвэл одоо хийж байгаа ажил нь уу.

Магадгүй түүний ирээдүйд хүрэх цэг юм болов уу. Эсвэл Батаа өөрийн эргэн тойронд байгаа найз нөхөддөө үзүүлэх нөлөөлөл.

Үүнтэй ижил аливаа компанийн мөн чанар буюу (mission statement) философи нь ажилтны тоо, үйл ажиллагааны чиглэл, өнгөрсөн түүхээр нь тодорхойлогддоггүй байхаа. Харин ирээдүйд хүрэх, гаргах амжилт, зах зээлд гүйцэтгэх үүргээр нь тодорхойлогдоно.

Яг л адилхан Үндэстэний мөн чанар бол тэр үндэстэний өнгөрсөн түүх, одоогийн байр байдал биш харин дараах үндсэн хоёр параметр дээр тодорхойлогдоно. (би нялцганасан юм бичмээргүй байгаа учраас экстрийм утга авч байгаа шүү. Мэдээж өнгөрсөн түүх, одоогийн байр байдал бага сага нөлөөлөлгүй яахав)

Эдгээр нь:
- Тухайн үндэстэний одоо зорьж байгаа, ирээдүйд хүрэх гэж байгаа өндөрлөг.
- Тухайн үндэстэний хүн төрлөхтөнд үзүүлэх эерэг нөлөөлөл, хүн төрлөхтөнд эзлэх байр суурь болой.

Монгол музей
Монгол үндэстэн бол хүн төрлөхтөний музей биш. Монгол үндэстэний хүсэл эрмэлзэл, мөн чанар нь яав ч музей болоход байж таарахгүй.

Миний бодоход. Монгол үндэстэн хүн төрлөхтөнд нэг малчин, улирсан баларсан үндэстэн байдлаар ойлгогдох, байрших хүсэл эрмэлзэлтэй биш байлтай. 1990 оноос хойш манай дарга нар аль болох ядуу зүдүү, хоцрогдсон бүдүүлэг гэдгээ олон улсад нотлож ахиухан донорын мөнгө авах сонирхолтой байсан нь үнэн. Яван явсаар энэ нь манай мөн чанар болж хувирч байгаа юм биш бээз?

Мөн чанар бол мэдээж хүсэл эрмэлзлээр илэрч гарна.

Монгол үндэстэний хүсэл эрмэлзэл юу юм бол.

Ингэхэд Монгол үндэстэний хүсэл эрмэлзэлийг төрд хэн төлөөлдөг юм бэ? Жалга төлөөлөх учиртай УИХ-н гишүүн үү?

Жалганы хүсэл эрмэлзэл жалганых л байдаг юм. Жалгандаа эмнэлэг барих, зам татуулах зэргээр дуусна.

Харин Монгол үндэстэний. Дэлхийг тэргүүлж явсан Монгол үндэстэний хүсэл эрмэлзэлийг хэн төлөөлж байна вэ?

Нобелийн шагнал авсан тоогоор Еврей үндэстэн хол тасархай түрүүлнэ. Санхүү болон бизнесийн зах зээл дээр ч гэсэн нийт тоогоороо биш гэхэд нэг хүнд ногдох бизнесмэний тоогоороо бас л толгой цохино. Эд нар яаж ийм амжилт гаргаж чадав аа гэж бодоод, учрыг нь олох гэж хичээсэн хүн байна уу?

Зүгээр нэг нөхөр сэтгэлийн хөдөлгөөнөөрөө онош тавиад. Монгол хүүхдийг Монгол хүн л (Монгол хүн гэж хэн?) болгоё гээд хадуураад яваад байж болох уу.

Монгол үндэстэний мөн чанар (national identity) юу вэ, Монгол хүн дэлхийд хэн байх ёстой вэ. Энэ талаар сайтар бодохыг хүсье. Би өөрийнхөө хувилбарыг мэдээж дэвшүүлнэ.