Tuesday, December 16, 2014

Reality - Бодит байдал


Хүний мэдлэг зузаарах тутам өмнө нь бодит байдлыг ямар хол зөрүүтэй ойлгодог байснаа мэдэж дотор нь арзасхийнэ. Мөн одоо бодитой гэж бодож байгаа нь бас л хол зөрүүтэй байх магадлалтайг харж санааширна.

Мэдэх тусам мэдэхгүйгээ мэдлээ хэмээн Грекийн философич уулга алдсан байдаг.

Ертөнц бол Бодит байдал, харин Хүн бол Ойлгоц юм.

Хүний ойлгоц, Ертөнцийн бодит байдалтай давхцах тэр мөчийг гэгээрэх. Түүнээс цааш нөгөө этгээдийг гэгээрсэн хүн буюу гэгээнтэн гэж нэрийднэ.

Юу үнэн бэ. Бодит байдал үнэн. Юу худал вэ. Хүний бодит байдал мөн гэж ойлгох ойлгоц худал билээ.

Хүн бодит үнэнээс дандаа зугатна. Тийм учир тэр бодит байдлыг хэзээ ч харж чадалгүй, өөрийн тархин доторх өнгөц ойлгоцоо бодит байдал хэмээн мунхагласаар насыг барна.

Туйлын үнэн гэж бий. Харьцангуй үнэн гэж юм энэ ертөнцөд үгүй. Туйлын үнэн гэж бий. Тэр бол бодит байдал мөн.

Хүн харин дандаа бодит байдлаас зугатна. Айна.

Монгол улс дэлхийн хамгийн ядуу буурай, чадалгүй орнуудын нэг болсон нь бодит байдал. Харин түүнийг хүлээн зөвшөөрч чадалгүй зугатагсад нь бид.

Бодит байдлыг хүн бүр мэдэрдэг. Гэвч хүлээн зөвшөөрөлгүй зугатаадаг. Мартахын тулд соосог бодож олно. Соосогноос сүү гарахгүй. Гэвч бид өөрсдийгөө хуурна.

Монгол улсаас дэлхийн мисс гарлаа гээд Монгол улсын дэлхийд эзлэх байр суурьт ямар ч өөрчлөлт гарахгүйг бүгд л мэднэ. Гэвч айна. Өөрсдийгөө хуурч, ядаж ганц хоёр сар ярих бодох юмтай болцгооно.

Дээд сургуулиа 15 жилийн өмнө төгсөөд нэг ч менежментийн ном уншаагүй гүйцэтгэх захирал, таарч тохирохгүй нь бараг анхны өдрөөсөө тодорхой байсан - удахгүй хүүхэд өнчрүүлэх гэж байгаа хосууд, кэйбордоосоо үсгээ хайж шивдэг оффисын ажилтан, зааж байгаа юм нь сурагчдад нэмэргүй байгааг битүүхэн мэдрэх багш, улс орон нь энэ маягаараа бол удахгүй дампуурахыг гадарлах УИХ-н гишүүн --- бид бүгд л бодит байдалтай нүүр тулахаас айж, ямар нэгэн соосог бодож олцгоодог.

15 жил ном уншилгүй компани удирдсан захирал, 24 жил босоо УИХ-д суусан гишүүн. Энэ хүмүүсийн ойлгоц - бодит байдлаас хэр хол зөрсөн байдаг бол?

Ид шидэнд найдалтын индекс гэж гаргаад судлагаа авбал Монгол дэлхийд дээгүүрт жагсахыг мэдэж байна уу.

Бодит байдлыг ярьж хэлсэн хүнээ үзэн яддаг соёл бидэнд гүнзгий тогтож эхэлж байна.

Бодит байдлаас их хол зөрүүтэй сэтгэж эхэлбэл үндэстэн мөхдөгийг хүн төрлөхтөний түүх харуулна.

Бодит байдалд ойртож очихын тулд бидэнд мэдлэг хэрэгтэй. Гэтэл мэдлэг ямар хэл дээр байдаг вэ. Монгол уу? Англи уу? аль эсвэл Латин уу? Энэ бол бодит байдал.

Бидэнд хоёр л сонголт байгаа. Нэг бол дэлхийн бүх мэдлэгийг Монгол хэл дээр хөрвүүлэх, үгүй бол бүгд Англи хэл сурцгааж мэдлэгээ англи хэлээр олж авах төвшинд очих. Энэ бол бодит байдал. Хэзээ хийх вэ гэдэг нь бидний мөхөх үү сэхэх үү гэдэг асуултын хариулт болно.


Monday, December 8, 2014

Enlightenment

Зохиолч Марк Твэйн, хүн хэрэв хааяа ч гэсэн боддог байсан бол гэж шүүрс алдсан гэдэг.

Сэтгэл судлаачдын зонхилох дүгнэлтээр хүмүүс бид огт боддоггүй амьтад аж. Бидний өдөр тутмын үйл хөдлөлийг автомат тархи маань (далд ухамсар, рефлекс, зуршил гм) удирдаж, бид автомат нисэлийг горимд ихэвчлэн байдаг гэнэ.

Зарим эрдэмтэд бүүр хүн долоо хоногт ердөө ганцхан цагийг "бодоход" зарцуулдаг бол түүний бүтээмж нь дундаж хүнийхээс илт давж гарна гэж тунхаглаад буй.

Оройн хоолонд юу идэх вэ? Энэ хүн яагаад надруу сүрхий хараад байна? Хурдан хичээл тарах цаг болоосой? гэх мэт шалдар булдар бодлуудыг энд яриагүй байна. Нухацтай, дүн шинжилгээтэй, хариу шийдэлтэй бодлуудыг ярьж буй хэрэг.

Тийм ч учраас хүний шийдвэр гаргалтууд нь ихэнхдээ иррационал (учир утгагүй) байх нь элбэг гэнэ. Уг нь бол хүн рационал (ухаалаг-зөв) амьтан боловч өөрийн тархийг бодоход ашигладаггүй тул иррационал байх нь ихэнхдээ.

Мундаг захирал, бизнесмэнүүд, эрдэмтэд, онолчид, улс төрчид рационал хүмүүс байдаг бол жирийн иргэд ихэнхдээ л иррационал гэнэ шүү. Төрсөндөө биш харин тархиа бодоход буюу зориулалтаар нь ашигладаг ба ашигладаггүй гэсэн хүмүүсийн армиуд.

Бүх л шашинд "сүүлчийн шүүлтийн өдөр", "бурхны шүүлтийн өдөр" гэж байдаг. Үнэн мөн, хар цагаан, нүгэл буяныг дэнслэх өдөр.

Философийн үүднээс нь авч үзвэл үнэхээр тийм өдөр бий. Хүн бие барах болж, амьдрал нь үхэл сэхэлийн зааг дээр байх тэр үед хүн үнэхээр боддог. Бодох бодохдоо хамгийн эрүүл саруул, зөв зүйтэй, тунгалаг ариун (рационал) бодлыг болгоодог юм. Учир нь 1рт энэ үед насаараа юм бодоогүй явсан хүн ч бодохоос өөр аргагүй болно - "Би чинь одоо яах гээд байна, Миний амьдралын утга учир юу байв, Би ер нь олигтойхон амьдарсан уу". 2рт энэ үед гадны бүх шуугиан, дуу чимээ  утгаа алдаж, материаллаг ертөнц бидэнтэй огт хамаагүй болно.

Тиймээ, материаллаг ертөнц бидэнтэй огт хамаагүй болно. Нөгөө байшин сав, машин тэрэг, банкин дах мөнгө, хүнд төлөх ёстой өр, хүнээс авах ёстой авлага, уржигдар авсан үнэтэй зангиа, ажил дээр хэл ам хийгээд байдаг нөхөр - бүгд хамаагүй болно. Үхэх гээд хэвтэж байгаа хүн хүнд гомдох уу, хүнд хорсох уу. Материаллаг ертөнцөөс гадна оюунлаг ертөнцийн хир буртагтай хэсэг нь бас замхарч одно.

Философийн үүднээс бол хүн үхэхдээ нэг ингэж сүрхий бодож болох юм. Бас хүн эрүүл саруул, залуу цовоо үедээ бас ингэж бодож болох юм. Буддын шашин үүнийг номлодог, ингэж бодож бодлынхоо ард нь гарсан хүнээ гэгээрсэн гэж нэрлэдэг. Христ, Лал ч адил. Гэгээнтнүүдтэй.

Угаасаа материаллаг ертөнц бидэнтэй хамаагүй юм байна аа - гэдэг хүн бүрийн тэртэй тэргүй ойлгох нүцгэн үнэнийг түрүүлж ойлгох тухай л ярьж байна гэсэн үг.

Философич Карл Маркс ч гэсэн үүнийг томъёолсон. Коммунист нийгэм гэдэг бол мөнгө, эд агуурс утгаа алдаж, хүн зөвхөн өөрийн хүсэл сонирхолын үүднээс бусдад хэрэгцээтэй зүйлсийг хийж бүтээх тийм нийгмийн тухай номлосон болно. Харин хүн төрлөхтөн харанхуй бүдүүлэг байсаар л тул бүтэлгүйтсэн билээ. Эцсийн эцэст магадгүй 2000 жилийн дараа хүн төрлөхтөн ийм нийгэмд хүрэх боломжтой гэдэгт би итгэнэм.

Бясалгал гэдэг нь үнэн хэрэгтээ бодох, бодлын үзүүрт мэдлэгийг бий болгох. Мэдлэгийг тунгаасаар итгэл үнэмшил болгож хувиргах процесс юм. Түүнээс биш хүмүүсийн төсөөлдөг шиг амрах бясалгалтай хольж андуурч болохгүй.

Аливаа хүн залуу халуун наснаасаа эхлэн бодож, бясалгаж амьдралын үнэн мөн чанарыг олохоор зорьсноор үхэхээсээ өмнө гэгээрэлд хүрэх боломжийг нээх юм.