Thursday, May 27, 2010

Warren Buffet

http://www.berkshirehathaway.com/2009ar/2009ar.pdf

Би гадаад, дотоод хүмүүсийг нэг их шүтээд сүйд болоод, хуулаад байдаггүйг магад та анзаарсан байх. Би өөрөө тасралтгүй юм бодож байдаг учраас бусдын бичсэн зүйлийг унших (мэдээж мэдээнээс бусад) зав гардаггүй бөгөөд сонирхол ч төрдөггүй юм.

Харин энэ удаад Warren Buffet эрхэмийн Berkshire Hathaway группийн жилийн тайланг энд тавилаа. Та бүх чадлаа шавхаад, бүх хүчээ зориулаад уншиж үзнэ үү. Үүнийг уншаад ойлговол 10 менежментийн сурах бичиг уншсантай дүйх болно.

Ambiguities of experience

2010 онд Стэнфорд их сургуулийн эмиритус профессор James G.March "The Ambiguities of experience" гэгч ном гаргасан гэнэ. Мань эр өөрөө бол менежментийн философийн нэрт зүтгэлтэн юм байх.

Түүний уг номны талаар товч мэдээлэл сэтгүүл дээр гарсан байхыг хараад "Ха!" гэж дуу алдахад хүрэв.

Мань эр уг номондоо туршлагад дулдуйдах, туршлагаас суралцах зэрэг нь орчин үеийн менежментийн хувьд "гацаа" маягийн юм болоод байгаа тухай, бүүр энэ нь цаашлаад нийгмийн философийг хамарч байгаа тухай бичжээ. "Бодит байдлыг (reality) хэдий чинээ нарийн харуулна, тухайн бичлэг төдий чинээ ойлгомжгүй болно. Харин ойлгомжтой байдлаар бичиж эхлэхээр бодит байдлаас хадуурдаг" гэж хэлсэн нь намайг дуу алдахад хүргэсэн юм.

Би блог дээрээ reality VS perception гэсэн агуулгаар дандаа бичдэг. Гэхдээ ойлгоод байгаа зүйлээ энгийн хүнд ойлгогдохоор бичих нь хамгийн төвөгтэй зүйл байдаг билээ.

Яагаад гэвэл миний conventional wisdom (нийтээрээ үнэн гэж зөвшөөрдөг) гэж нэрлээд байгаа тэр зүйл нь ихэвчлэн худлаа байдаг - үүнийг худлаа юмаа гэж хүмүүст хэлж ойлгуулах нь маш төвөгтэй.
- энэ нь жишиж хэлбэл бүгдээрээ дэлхийг нар тойрдог гэж боддог байхад нарыг дэлхий тойрдог гэж хэлээд шатаалгах дөхсөн эрдэмтэний үлгэртэй адил юм.....

Магад манай уншигчид мань эрийн номыг авч унших нь зүйтэй байх. Надаас арай л ойлгомжтой бичсэн байх магадлалтай.

Tuesday, May 25, 2010

Фундаментал сэтгэлгээ ба онол

Нэг уншигч доор дажгүй коммент/санал/асуулга бичсэнтэй холбогдуулан зарим ойлголтоосоо хуваалцая.

Шашны гүн ухааны талаар дараа бичье. Энэ өөрөө чөлөөтэй ярьж хэлэхэд их төвөгтэй сэдэв байна лээ.

Харин Адам Смитын болон бусад онолуудын хувьд нэг асуудал бий болоод байгаа нь: Онол бол ердөө ажиглалтын үр дүнд анзаарсан зүй тогтлын тайлбар юм.

Хутгаар жишээ авъя.

Онолч ажиглалт хийж байжээ гэж үзье. Гэтэл нэг этгээд нөгөөхөө хутгаар бүлж алав. Энэ тохиолдолд онолч "хутга бол аюултай зэвсэг" гэж дүгнэлт хийнэ.
Эсвэл нэг эмэгтэй хутгаар хоолны түүхий эд бэлтгэв. Энэ тохиолдолд онолч "хутга бол хөдөлмөрийн хөнгөвчилдөг ашигтай хэрэгсэл" гэж дүгнэнэ.
Хэрэв хутга зүгээр л газар хэвтэж байвал "хутга бол хурц ирмэгтэй төмөр зүйл" гэж дүгнэх биз.

Аль ч дүгнэлт нь бодитой мэдээлэл буюу бүтэн зураг гаргаж өгөхгүй байна.

Одоо байгаа классик ч бай, орчин үеийн ч бай ихэнх онолуудад ийм асуудал үүсээд байгаа юм. Онолууд өөрсдөө ор тас худлаа болчихсон юм байхгүй байгааг харж байгаа биз. Зөвхөн онолууд бүрэн төгс, гүн гүнзгий, туйлын тайлбар өгч чадахгүй байгаад учир байна.

Би учраа олохоо боличихоод байгаа квант физик VS механик физикийн талаар ярихаа болъё.

Зүгээр л эдийн засаг, санхүү, менежментийн онолуудыг ярихад л хангалттай. Эдгээр нь бүгд байгалийн биш (ахисан төвшинд байгалийн гэж ангилж болно)ердөө л нийгмийн үзэгдлүүд дээр суурилсан онолууд.

Гэтэл нийгэм өөрөө ямар байх ёстой талаар одоо болтол учраа ойлгоогүй байгаа хүмүүс нийгмийн нэг үзэгдэл болох эдийн засгийн онолыг яаж бүрэн төгс гаргах билээ?

Тийм болохоор "нийгмийн нэгдсэн онол" гээч юм гарах ёстой бөгөөд түүнээс улбаалан эдийн засаг, менежментийн онолууд шат дарааллан гарах учиртай юм. Өөрөөр хэлбэл бид нийгмийн философийн үндэс суурийг нь сайтар ухаж үзэх хэрэгтэй.

Ингэхдээ бид уламжлалт судлагааны аргууд болох - ажиглалт, туршилт, хүртэхүй зэргийг ашиглаж болохгүй нь харагдаж байна.

Харин дэвшүүлж байгаа "цоо шинэ" (урьд нь хэдэн мянган жил хэрэглэгдсэн) арга болох "фундаментал сэтгэлгээний арга"-ыг ашиглах нь зохистой санагдана.

Фундаментал сэтгэлгээ бол харагдах байдал, сонсогдох чимээ, мэдрэгдэх мэдрэмж зэрэг хуурамч байж болзошгүй (ихэнхдээ) зүйлст үл тулгуурлан зөвхөн мөн чанарыг бясалган олох замаар мэдлэгийг бий болгодог философийн хэрэгслүүр юм.

Ер нь бол онол гэж ярихаасаа илүү арга зам гэж ярих нь илүү тохиромжтой санагддаг. Учир нь онол улирч одсон ажиглалт дээр (ирээдүйд яах тал дээр өнгөрсөн үе баталгаа гаргадаггүй)суурилдаг тул ирээдүйг хэлэхдээ тааруухан байдаг.

Үгүйсэн бол бид яагаад байн байн эдийн засгийн хямралд ороод байгаа билээ?

Бид харин ирээдүйг байгуулах арга замуудыг одоо бий болгох ёстой юм. Тийм ч учраас би онолуудыг ихэнхдээ огт ойшоож үздэггүй. Надад философийн арга замууд илүү сонирхолтой.

Нууц товчоог уншаад Монгол улсыг 21-р зуунд хэрхэн хөгжүүлэх талаар арга зам зохиох боломжгүй.

Харин фундаментал сэтгэлгээг ашиглан арга замуудыг зохиож болно.

Туйлын нэг л арга зам бий.

Гэхдээ тэрнийг бодож олох хүртэл миний өмнө хэлснээр хэдэн зуун жил өнгөрч магадгүй. Магад бид маргааш олж ч мэднэ. (магадлал маш багатай)

Тэгэхээр бид олон хувилбарт арга замуудыг боловсруулах - олон хувилбараас нэгийг нь сонгох - ингэхдээ аргумент хийх зарчимд тулгуурлах. Хувийн эрх ашгийг огт огоорч үзэхгүй байх. (Үнэхээр арга зам зохиосон хүн хувийн эрх ашиг ярьдаггүй харин хуулж буудсан хүн л өөрийнхөө арга замыг буруу гэдэг нь батлагдаад байхад зүтгүүлээд байдаг)

УИХ бол философич мэтгэлцээний танхим бөгөөд арга замуудыг боловсруулах, харьцуулан мэтгэлцэж сонголт хийх талбар билээ.

Туйлын чин зориг ард түмний төлөө байхад хэзээ ч хэрүүл гарахгүй юм. Ердөө мэтгэлцэгч хоёр тал өөрийн арга зам зөв гэдгийг хангалттай аргументаар батлах, няцаахад болно. Нэгэнт арга зам гаргасан хүн няцаалт, баталгааг ойлгоход хангалттай бөгөөд хүрэлцээтэй ухамсартай бие хүн байна.

Онолыг масс ойлгох шаардлага үгүй мэт одоо харагддаг. Гэтэл би дотроо суурь онол буюу философи, бүүр вижн гэж ч нэрлэж болох зүйлийг бүх хүн ойлгох нь хүн төрлөхтөний эцсийн хөгжлийн шат гэж бодно. Түүнээс цааш хүний ухамсарын төвшинд гарах хөгжил үгүй.

Нэгэнт суурь нэгдсэн онол гарсан хойно түүнийг бүх хүнд ойлгуулах ажлыг шинээр (Еврей нар, Будда нэг удаа, Есүс бас, Мухамед бас нийтдээ хэд хэдэн удаа хийжээ)гэхдээ өмнөх аргуудаас маш боловсронгуй төвшинд хийх хэрэгтэй болох байх.

Tuesday, May 11, 2010

У-баатар

Социализмийн өнгө нь улаан. Тийм учраас нийслэл хотыг Улаан-баатар хэмээн нэрийдсэн гэх маягтайгаар нийслэлийн нэрийг тайлбарладаг байв.

Одоо бол харин манай өвөг дээдэс ихээхэн алсын хараатай энэ нэрийг өгчээ гээд зохиоход үнэмшилтэй сонсогдмоор.

Өвөлдөө буюу Утаанбаатар болоод байх үедээ Агаар дах нүүрсхүчлийн хий нь өвлийн илч багатай нарны туяанд солонгорон цацарч улайран харагддаг тул яалт ч үгүй Улаан нэр нь оносон мэт. Одоо үхэж байгаа болон ирээдүйд уушигны хорт хавдраар үхэх хэдэн арван мянган иргэнээ баатар цолоор шагначихвал "баатар" нэр нь онож байгаа мэт.

Жилийн 12 сарын 7 сарыг нь Утаанбаатар маягтайгаар өнгөрөөх авч бас дуусалгүй Шороонбаатар хэмээх шинэ хувилбарт шингэмой. Талбайн зүүнтээ баригдсан өндөр шилэн цамхагаас доош тольдухай Хотын төв Сүх-Баатарын талбай дээр шороон циклон эрчилж явахыг үзэх нь гадны жуулчдад зугаатай.

Шороон гэдэг үг бол мэдээж хотын 70 орчим хувийг бүрхэх g-хороолол ба түүнээс гадна хотын төвд оршин байх "шороон зурвас"-уудаас улбаатай. Харин уг шорооны тусламжтайгаар хүний амьсгалын замын салст бүрхүүл, голлох эрхтэнүүдэд дайгдан очих элдэв химийн бодисноос улбаатай харшлаас болж Харшилбаатар сезонд зовогсодод бүгдэд нь Баатар цол олгоход буруутахгүй тул Шороонбаатар нэртэй болсон нь ийм болой.

Шороонбаатар хэвээр даруй 3 сар үргэлжилсэний эцэст Харшилбаатарт шилжих шилжилтийн үе явагдана. Үүнийг Хөвөнбаатар гэж нэрлэнэ. Энэ нь тарих модныхоо хүйсийг андуурч тарьснаас улбаатай хэмээн сүүлийн 10 жил яригдаж буй. Гагцхүү зарим этгээдүүд хөвөнгийн донтой тул эх үүсгүүрийг таслан зогсоохгүй байлгасаар байгаа юм. Хөвөн нь өөрөө харшилыг даамжруулагч онцгой нөлөөтэй тул эм импортлогч олигархууд хөвөнг цацагч модуудыг тайруулахгүй гэж хамгаалдаг маягтай юм уу даа.

Модоо битгий тайраач гэж модны толгой тутамд, шороогоо битгий багасгаач гэж шороон зурвасын метр квадрат тутамд мөнгө төлдөг байвал би гайхахгүй.

Ногоон байгууламж хотод байх үндсэн хоёр үүрэг байх юм.

1нь. Фотосинтезийн урвал явагдаж хүчилтөрөгч ялгаруулах, ингэснээр хорт утааны агаар дахь агууламжийг багасгах.
2нь. Өнгө үзэмж хийгээд үнэр танар

Монголын хувьд 1нь өөрөө бяцхан хүндрэлтэй, яагаад гэвэл аливаа мод жилийн ердөө 3 сар л фотосинтез явуулах боломжтой. Харин үлдсэн 9 сард нь шороон зурвас маягтай байж хүн амьтаны гутлыг хуучруулж, автомашины будгыг нимгэрүүлж, харшлыг хөдөлгөж, хорыг тарааж, уурыг хүргэж ... гэх мэтчилэн нийгмийг хар сүүдэрт даруулна.

Тэгэхээр шороон зурвасуудыг устгаж хаяад Модоо вар-нд тариулж битүү хүлэмжинд байлгаад зун болмогц гаргаж ирээд зохих газруудад 3 сарын хугацаатай тавих нэг боломж байгаа юм.

Аан бас Монгол шиг замаа бүхэлд нь хааж засдаг улс Африкт л байдаг байх.

Гэхдээ би дандаа бид тэднээс дээр гэж боддог. Сүүлийн үед батлахад улам л хүндрэлтэй болоод байна даа.

Бурханлаг өрсөлдөгч

Намайг дайвалзтал цохиод зөрүүлээд нам цохиулдаг өрсөлдөгч байдаггүй сэн бол би өөрийнхөө "лаг"-ийг хэрхэн мэдрэх билээ?

Шудрага өрсөлдөгч бол ёс суртахуунтай өрсөлдөгч юм. Шудрага өрсөлдөгч байгаа цагт амьдрал хөгжилтэй, бас сонирхолтой байх нь дамжиггүй.

Өрсөлдөгч байгууллагыг, хүнийг урамшуулж, сэдэл өгч, урагш нь түлхэдэг.

Араас хутгалагч бол өрсөлдөгч биш харин луйварчин юм.

Өрсөлдөгчтэй vision, стратеги хоёроор л өрсөлддөг. Өрсөлдөгч бол найзаас дээр. Найз бол алжаал тайлахад онцгой ач холбогдолтой нийгмийн өгөгдөхүүн. Өрсөлдөгч бол харин амьдралыг утга учиртай болгодог онцгой чухал этгээд. Тийм учраас шудрага өрсөлдөгчийг хайрлах хэрэгтэй.

Ихэнх тохиолдолд өрсөлдөгч хоёр тал мөр зэрэгцэн олон зүйлсийг хамтдаа хийж бүтээдэг. Зарчимтай өрсөлдөгч байгууллагууд хамтдаа зах зээлийг бойжуулж, өсгөж дэвжүүлдэг. Ийм тохиолдол хаа сайгүй байна, харин масст атаатан дайснууд мэт ихэнхдээ харагдах юм.

Эцэг эх, улс орноо, бүхнээ Чингисийн цэрэгт алдсан Хорезмийн хааны хүү хожмоо их хааныг бие барсныг сонсоод "Одоо надтай хэн өрсөлдөх билээ" гэж гашуудан халагласан тухай түүхэнд гардаг.

Бид хувь хүн ч тэр, байгууллага ч тэр алхам тутамдаа сайхан өрсөлдөгчдийг хайж тэдэнтэй хүчээ сорьж явах нь зүйтэй.

Өрсөлдөгчийг бэлдэж ч болно. Өрсөлдөх чадвар сул байгаа эсрэг байгууллагаа дэмжиж өрсөлдөхүйц болгож байгаад "үзвэл" их л сонирхолтой байхсан.

Saturday, May 8, 2010

Хүн шиг хүн

Муухан хүнээс дээр нохой байдаг. Байдаг уу гэж асуувал байдаг гэж та хэлэх байх.

Морь унаж үзээгүй, нохой тэжээж үзээгүй хүн бол мэдэхгүй л дээ.

Аливаа амьтан баярладаг, гунигладаг, боддог гэдгийг бид мэддэг.

Амьтан боддоггүй бол чулуунаас юугаараа ялгаатай билээ.

Тэгвэл хүн амьтанаас юугаар ялгаатай юм бэ гэдэг фундаментал асуулт гарч ирнэ.

Энэ асуултыг хариулах нь зарим ач холбогдолтой.

Ер нь бол хүний амьтанаас ялгарах ганц зүйл нь "ёс суртахуун" л бололтой юм.

Хүн шиг хүн бол ёс суртахуунтай л хүн юм байна.

Saturday, May 1, 2010

Antikythera mechanism

Грекийн Антикитерагийн механик компьютер 2100 орчим жилийн өмнө бүтээгдэж, 1901 онд олджээ.

Энэ өнгөрсөн хугацаанд далайн ёроолд хэвтэж байж.

Харин хүмүүс ердөө саяхныг хүртэл үүнийг энгийн л нэг механизм гэж бодож байв. Эрдэмтэд туяан оношлогооны хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглан уг компьютерийн нарийн бүтэц, үүргийг илрүүлсэнээ хамгийн сүүлчийн Scientific American болон Nature сэтгүүлүүдэд хэвлүүлжээ.







Энэхүү эртний механизм нь механик календарь байсан бөгөөд он сар өдөр ба нар сарны байршил, бүүр дараагийн "олимп" (олимп эртний Грект үүссэн) болох өдрийг заадаг байжээ.
Антикитерагийн төвшний ийм механизм ердөө 1800-аад оны дундаас л хийгдэж эхэлсэн байгаа нь их сонирхолтой юм. Тэгэхээр энэхүү эртний компьютер хэр нарийн төвөгтэй болох нь ойлгогдож байгаа байх. Ийм төвшний нарийвчлалтайгаар араат механизм хийхийн тулд үйлдвэрлэлийн технологийн хувьд мэдэгдэхүйц өндөр төвшинд хөгжсөн байх хэрэгтэй болно.

Яагаад ч юм эртний хүмүүс бидэнтэй яг адилхан ухамсарын төвшинтэй (мэдлэгийн биш) байсан байх ёстой гэж өмнө нь боддог байсан боловч батлах батлагаа олдоггүй байсан юм. Утга нь философичидтой холбоотой юм л даа. Философи нь өөрөө технологийн талаарх мэдлэгээр хязгаарлагддаггүй учраас тэр. Харин энэ Антикетерагийн компьютер сайхан батлагаа болж өгч байна.

5000 жилийн өмнө амьдарч байсан философичийг цаг хугацаагаар аялуулан өнөөдөр авчирлаа гэхэд мань хүн философийн хувьд огтхон ч цочирдохгүй юм л даа.

Өнөөдрийг хүртлэх бүх том эрдэмтэд ямар шинжлэх ухааны чиглэлээсээ үл хамааран философич байдгийг та бид мэднэ. Адам Смит, Ньютоноос авахуулаад хөврүүлж болно л доо. Тэгэхээр мэдлэг биш философи анхдагч болох нь ээ. Философи байгаа цагт мэдлэгийг философичид үйлдвэрлэдэг маягтай юм уу даа.