Monday, October 8, 2018

ANTI-LEADER: FOLLOWERSHIP


Анх 21 настай ажилд ороод би ЛИДЕРЭЭ хайж байлаа. Үлгэр жишээ авчихаар, намайг дагуулчих, туршлагатай хүнийг хайж байв.

Дараа нь дилерийн мэргэжлээ боломжийн эзэмших үедээ мөн л лидерээ хайсаар л байв. 25 настай банкны дэд захирал болчихоод лидерээ үргэлжлүүлэн хайсаар л байлаа.

Намайг чиглүүлчих лидерийн багт нь орж, сайн багийн гишүүн байхаар зорьж байв. Би сайн ДАГАЛДАГЧ/FOLLOWER байхаар өөрийгөө бэлтгэж байв.

Улс орныг ухаантай хүмүүс удирддаг гэж боддог байлаа. Монголбанкны ерөнхийлөгч бол хүршгүй холын зүйл байв. Хэзээ ч банкны гүйцэтгэх захирал болно гэж бодоогүй. Банкны гүйцэтгэх захирал гэдэг чинь, бурхан минь, тэнгэрийн амьтан тэрүүгээр үүлэн дээр хөвж яваа харагддаг байлаа шүү дээ.

Харамсалтай нь тэр лидертэйгээ би хэзээ ч учраагүй юм. Ингээд өөрөө сэтгэл дотроо дүрсэлж, амь цөлөн дагана даа гэж ургуулан бодсоор ирсэн дүрээ өөртөө шингээж, лидер болохоор шийдсэн юм.

Гэтэл дагагч байдаггүй ээ. Дагагч болно гэхээр лидер нь байхгүй, Лидер болно гэхээр дагагч нь байхгүй. Амар эд биш бололтой.

Орчин үеийн, дэлхийн боловсролын систем хүүхэд бүрийг лидер бол гэж хүмүүжүүлж байна. Харвард тэргүүтэнд баахан л лидерийн хичээл байна. Гэтэл дагагчийн хичээл байдаггүй ээ.

Ер нь 100 хүн тутамд 1 л лидер байна биз дээ. Тэгээд тэр ганцхан хүнд зориулсан боловсролын систем байгаа юм уу хаашаа юм. Нөгөө 99 нь яахав. Лидерээ олоод харчих ухамсар дутуу, лидер нь өмнө нь гарч ирчихээд байхад эргүү ухна шиг мөргөөд байдаг бол яахав.

Яаж дагах вэ гэдэг чинь яаж удирдах вэ гэдгээс дутахгүй нарийн ухаан бололтой шүү.

Нууц Товчоог 15 удаа уншлаа. Хэрэв тэр өдөр Боорчи Тэмүүжинг дагаагүй бол Монголын эзэнт гүрэн байгуулагдахгүй байв. Хэрэв Сүбээдэй Тэмүүжинг дагаагүй бол тэрээр дэлхийн хамгийн алдартай цэргийн жанжин биш зүгээр л цаа буга маллагчаараа үлдэх байв. Сүбээдэйн хөшөө Хятад, Европт босч байсныг сануулах юун.

Нууц Товчоог Тэмүүжингийн түүх гэж бүгд андуурдаг. Гэтэл Нууц товчоо тэр чигтээ хэрхэн ВИЖНтэй лидерээ хүлээн зөвшөөрч дагасан түүх байдаг билээ. Мэдээж тэр дундуур Жамуха, Алтан, Хучар, Хөхүчү бөө, Тоорил хан гээд хүмүүс-лидерүүд гарч ирж, Тэмүүжинд амаргүй л байсан.

Гэхдээ Тэмүүжинд дагагч нар байсан учраас л тэрээр Монголын тал нутгийг нэгтгэж, өмнө нь бас дараа нь өөр ямар ч удирдагчийн хүрч чадаагүй амжилтыг үзүүлсэн билээ. Үр дүнд нь Монгол гэдэг нэр ертөнцөд цуурайтсан түүхтэй.

Стив Жобсыг Аппл компанийн ажилтнууд дагаж, фантаазыг нь бодит байдал болгохын тулд яг л монголын жанжид шиг сэтгэл цөлөн зүтгэснээр өнөөдөр 20хон жилийн дотор 1 их наяд долларын үнэлгээтэй компани болжээ. Хэрэв манайхан шиг "энэ ч дээ, за бие амар, албан тушаалдаа тогтож үлдэхээ л бодъё" гээд сууж байсан бол Аппл яг манайхан шиг л байх байсан болов уу.

Дагагчгүй лидер, Лидергүй дагагч гэдэг бол...

Мундаг лидер гэж харагддаг залуучууд байдаг. Тэд мэдээж бүгдийн л адил улс орноо хөгжүүлнэ, болохгүй байна бүтэхгүй байна, бачимдаж байна гэж ярина. Би хэд хэдэн ийм залууст "Чи үнэхээр Тэмүүжин мөн бол би Мухулай чинь болъё. Юу гэмээр байна?" гэж асуусан. Харамсалтай нь хариулт авч чадаагүй л байна одоо болтол. Дагуулж чадахгүй бол том ам гарч юу хийнэ.

Хэрэв үнэхээр Тэмүүжин мөн юм бол Мухулайгаа олох шиг сайхан зүйл байхгүй биз ээ гэж төсөөлөх юм.

Хүний нийгэм тэр чигээрээ багийн ажиллагаа. Багт лидер, дагалдагч гэсэн хоёрхон дүр л байдаг.

Яг л банкны захирал болохын тулд эхлээд заавал теллер болох ёстой шиг. Лидер болохын тулд дагалдагчаас л эхлэх ёстой. Нууц товчоон дээр түүнийг дурайтал бичсэн бий.

Уншигч та лидерээ хайж буй дагалдагч уу, дагалдагчаа хайж буй лидер үү. Эсвэл дөнгөж сая би юу уншчихав аа гэж гайхаж байгаа нэгэн үү. Таны энэ сэтгэгдэл таныг хэн бэ, нийгэмд ямар байр суурь эзэлдэг вэ гэдгийг маш тодорхой харуулах юм даа.

Монгол хүн гэж хэн бэ. Нүүдэлчин юм уу, хэн юм. Орчин үе юм уу, өнгөрсөн үе юм уу гэх маргаан, бодролууд их л явж байгаа харагддаг. Би харин хэлмээр байна. Монгол хүмүүсийн ухамсараас лидер хэмээх ойлголт алга болоод олон зуун жил болжээ.

Лидер хүн гэж хэн байдаг билээ, ямар дүр төрхтэй байх билээ гэдэг нь бидний ой санамжаас арилаад 800 жил өнгөрчээ. Одоо хараад ч танихааргүй болсон байна.

Энэ ямар хэнхэгтэй амьтан бэ, солиотой юм уу, онгироо цус вэ, би гэх өвчнөөр өвдсөн хөөрхий байна гэх мэтээр л онош тавих болов уу даа --- хэрэв жинхэнэ лидер өмнө нь гарч ирээд юм ярьж эхэлвэл.