:::Фундаментал Сэтгэлгээ::: Шинж чанарыг үл тоож, Мөн чанарыг хайна. Туйлын үнэн байна гэдэгт итгэнэ. Үзэгдлийг хуйвалдаан, нэг бүлэг, нэг хүн, бурхан биш харин фундаментал зүй тогтол бий болгодог гэж үзнэ. Төгс бүтээл, төгс системд тэмүүлнэ.
Saturday, November 14, 2015
Боловсрол, мэдлэг, мэдээлэл
АГУУ ХАННО
Карфаген (Carthage BC814-BC146) бол эртний Ромын гол өрсөлдөгч байж ид үедээ Хойд Африк, Испани, Итали, Грекийн хэсгийг хамарсан том улс байв. Карфагений нийслэл одоогийн Тунис буюу Хойд Африкт байсан бөгөөд Ромтой дүйх өндөр хөгжсөн хот байжээ. Карфаген үндсэндээ эртний ардчилсан улс байсан гээд хэлчихэж болно.
Ром ба Карфагений өрсөлдөөн оргилдоо хүрч байх үеэр Карфагенд дэлхийд цуугаа мандуулсан генерал Ханнибал Барса мэндэлжээ.
Карфагений улс төрч Ханногийн (Hanno the Great) буруу шийдвэрээс болж Карфаген далайд Ромыг дийлэхгүй болсон байлаа. Энэ үед Ханнибал Испаниар дамжин, Альпийн нурууг давж Италируу хойноос нь орж Ромыг чиглэн давшжээ. Ханнибал 15 жилийн турш Италид Ромын өөрөөсөө том армиудыг бут цохин амьдарч байсан боловч Альпийн нурууг давах үедээ оньсон төхөөрөмжүүдээ алдсан, мөн энэ хугацаанд хойноос нь нэг ч тусламж ирээгүй учир Ромыг эзлэж чадаагүй юм.
Ханнибалын нэмэлт хүч хүссэн хүсэлтийг гайхал сенатын гишүүн Ханно тухай бүрт нь популизм хийж амжилттай няцааж байсан гэдэг. Ингээд Ханнибалын үл ялагдах арми 15 жилийн дараа нутаг буцсан. Үүний дараахан Хойд Африкт Карфаген Ромд ялагдахад өнөөх л гайхал Ханно энхийн хэлэлцээрийг гүйцэтгэж байжээ.
Харамсалтай нь энхийн хэлэлцээрийн дагуу 50 жилийн турш Карфаген Ромд дайны төлбөр төлж, нэр төртэйгээр барагдуулсан боловч Ромчууд амлалтаа зөрчиж Карфагенийг газрын хөрстэй нь тэгшлэн хядаж үлдсэн бүх хүнийг нь боол болгосон гэдэг. Хотын хөрсөн дээр давс цацаж дахиж өвс ногоо ургахгүй болгосон тухай домог байдаг.
Тухайн үеийн Ромын сенатын гишүүн Като (BC234 - BC146) хурал дээр үг хэлэх болгондоо "Карфаген сөнөх ёстой" гэж үгээ дуусгадаг байжээ. (Яг л Чингис хаан өглөө бүр... гэдэг шиг) Карфаген 2164 жилийн өмнө сөнөөгдсөн бөгөөд Като түүнээс хойш 3 жил амьдарч мөрөөдлөө амьддаа үзжээ.
Ардчилсан нийгэмд популист улс төрч, Ханно шиг ганцхан этгээд л улсын хөгжлийг гацааж. Улсын мөхлийг дуудаж авчирч чадна. Ханногийн Ханнибалд тусламж өгүүлэхгүй байх шалтгаан нь ердөө л эрх мэдлийн төлөөх амбиц байлаа. Хэрэв Ханнибал Ромыг эзэлбэл Ханногоос илүү нэр хүндтэй болчих гээд байв. Тэрнээс түүнд Карфагений эрх ашиг сонин байсангүй.
Хачирхалтай нь Ханно шиг хүмүүс, ардчилсан төрд цэцэглэж бараг л бүх насаараа сенатад суудаг. Хичнээн олон ард түмэн дүлий дүмбэ царайлж харж суусаар мөхсөн билээ.
Дээхнэ маркетингийн чиглэлээр ажилладаг нэг захирал, Монголын үзэгчдийн (ө.х. иргэд) санах ой ердөө 3 сар л байдаг гэж мэдэгдэж билээ.
КОМПАНИ БА УЛС
Улс оронтой адилхан Компани засаглалын ижил бүтэцтэй. Зорилго, чиглэл нь ч адил.
Компанийг харъя. Эзэд байна. Эзэд ТУЗ сонгоно. ТУЗ нь гүйцэтгэх захирал томилно.
Улсыг харъя. Иргэд буюу эзэд байна. Эзэд УИХ сонгоно. УИХ нь Ерөнхий сайдыг томилно.
Адилхан л сайн сайхан зүйл, ирээдүйг хийж бүтээх, төсөв төлөвлөгөө, бүтэцтэй.
Компанийг авч үзье. Компанидаа шахаа хийдэг ТУЗ, компани хөгжил дэвшлээрээ урагш олигтой ахиагүй. ТУЗ-н гишүүд нь ээлжилж гүйцэтгэх захирлаа хийдэг. Ашигтай ажиллаж байсан тохиолдол 25 жилийн түүхэнд нь байхгүй шахуу. Компанийн эзэд ийм байдлыг ингэж удаан тэвчих үү. Үгүй.
Компанийг 2 жил удирдаад л хөгжүүлж чадаагүй бол тэр гүйцэтгэх захирал, тэр ТУЗ-н карьер дуусдаг. Бизнесийн салбарт байдаг хүн бүр л энийг мэднэ. Юун цааш хугацаа сунгах, дахин томилогдох.
Улсад харин, хачирхалтай нь өөр юм байна. Хоёр гурван үндсэн шалтгаан байна.
1. Компани харьцангуй цөөхөн эзэдтэй байдаг. Тэд нь ч тэрийгээ мэддэг учир эзэн бүр компаниа анхааралтай ажиглаж байдаг.
Улс 3 сая эзэнтэй учир хэн нь ч тогтож сууж анхаардаггүй. Хувийн амьдралаа анхаараад явчихдаг.
2. Компанийн эзэн дайны хүн компанийн талаар сайн боловсролтой байдаг. Улсын эзэн хүн харин улсын талаар ямар ч боловсролгүй байна.
МЭДЭЭЛЭЛ, СЭТГЭГДЭЛ
Боловсрол гэхээр манайхан диплом боддог. Боловсрол гэхээр сурсан хугацаа боддог. Эсвэл гадаадад төгсөөд ирсэн боловсролтой залуу гэж ярьдаг. Буруу.
Энд мэдээлэл, сэтгэгдэл, мэдлэг, боловсрол гээд 4 ойлголтыг хольж солиод байгаа юм.
Хүн гэж амьтан үнэнийг хайж явдаг. Зөв ба бурууг ялгаж явдаг.
Зөв бурууг ялгаж салгаж чадахгүй хүмүүс Ханно шиг улс төрчдийн золиос болдог. Ханно шиг улс төрчдийн популизмд ордог.
Зөв ба бурууг мэдээлэл, сэтгэгдэл, мэдлэг, боловсролын чухам алинд нь үндэслэж ялгаж байгаагаас тухайн хүний төвшин хамаарна. Насаараа зөв гэж итгэж явсан зүйл чинь буруу байвал яахав.
Хайртай юм шиг санагдсан учраас (сэтгэгдэл төрсөн) суусан хосууд салж хүүхэд өнчрүүлж байна. Мэдээлэл, сэтгэгдэл, мэдлэг, боловсролын алин дээр нь суурилж шийдвэр гаргаж байна вэ.
Амьдрал нь тэр чигээрээ сэтгэгдэл, мэдээлэл дээр суурилж явагддаг хүмүүс ямар хөөрхийлэлтэй вэ.
Саяхан нэг иргэн өөрийгөө дэлгэцийн өмнө шатаав. Зөв үү, буруу юу.
Мэдээ хүргэж байгаа сэтгүүлч өөрийн хувийн сэтгэгдлийг шингээгээд хүргэхэд үзэгчид сэтгэгдэл үүсчихнэ. Зөв юм шиг, эсвэл буруу юм шиг санагдуулж болно.
Мэдлэггүй хүн, боловсролгүй хүний амьдрал "тийм шиг санагдлаа" гэсэн уриан дор өнгөрнө.
Хамгийн харамсалтай нь сэтгэгдэл дорхноо өөрчлөгдөнө. 3 сарын л настай. Халуун дурлалцаж байсан хосууд 3 сарын дараа гэнэт уйдлаа.
Үүнийг л Ханно мэтийн улс төрчид чадмаг ашиглаж улсыг мөхөөдөг юм. Үнэндээ Ханно ч гэсэн улсыг мөхөөх зорилгогүй зүгээр л нэг сэтгэгдэлдээ хөтлөгдсөн иргэн л дээ.
БОЛОВСРОЛ
Ханно хөгийн новш уу, үгүй юу гэдгийг боловсролтой иргэн нэг сонсоод л мэднэ.
Өөрийгөө шатаасан иргэний тухай мэдээнд сэтгүүлч хичнээн өөрийнхөө сэтгэгдлийг шингээсэн ч гэсэн, боловсролтой иргэн шууд зөв ба бурууг ялгаж чадна.
Боловсрол гэж энэ юм. Үнэн ба худал мэдээллийг ялгаж чадна. Зөв ба бурууг зөвөөр ялгаж чадна. Сэтгэгдлээ түр хойш тавьж чадна. Санагдсан учраас юм хийх биш, зайлшгүй учраас юм хийнэ.
Учир нь Зөв ба буруу бидний төсөөллөөс ангид бие даан оршино.
Философи бол зөв ба буруугийн ухаан юм.
Монголын төр байгуулагдахаас өмнө буюу 2400 жилийн тэртээ философич Сократ "Мэдэх тусам мэдэхгүйгээ мэдлээ" гэж хэлсэн байдаг.
Утга нь боловсролтой хүний анхны алхам нь "мэдэхгүйгээ мэдэх" явдал мөн. Харин боловсролгүй, амьдрал нь тэр чигээрээ 3 сарын настай сэтгэгдэл дээр суурилдаг хүний үндсэн шинж чанар нь "мэдэхгүйгээ мэдэхгүй" байхаар харагдана.
Мэдэхгүйгээ мэдэхгүй хүн сэтгэгдлээ үнэн гэж итгэнэ. Ердөө л санагдсан учраас зөв гэж бодно.
ГАРЦ
Бид социализмийн үед "шинжлэх ухаанч" иргэдийг бэлтгэж байв.
Манай нийгмийн даатгалын систем тэр чигтээ шудрага бус систем гэдгийг хүн бүр л мэднэ. Тэгвэл энэ нь ямар зарчим дээр үндэслэдэгийг харин та нар мэдэх үү. Нийгмийн даатгалын хуулинд зааснаар бол "Эв санааны зарчим" дээр суурилдаг юм. Эв санааны зарчим дээр суурилсан шудрага бус систем гэсэн үг. Байж болох уу.
Аливаа сүржин лоозонг сонсмогц анхаарч далд утгыг нь судлаж бай. Түүний ард шудрага бус, бусармаг явдал нуугдаж байдаг юм.
Яг л үүнтэй адил "Шинжлэх ухаанч иргэдийг бэлтгэх" гэдэг социализмийн үеийн санаа нь цаанаа агуулгатай. Харин орчин үед "Монгол хүүхдийг Монгол хүн болгож төлөвшүүлнэ" гэх маягаар үргэлжилнэ. Сонсоход туйлын зөв байгаа биз. Сонссондоо битгий итгэж бай.
Монгол хүүхэд шинжлэх ухаанч буюу логарифм хувиргаж бодож чаддаг боллоо гээд Ханно мэтийн улс төрчийг зөв удирдагчаас ялгаж чадахгүй нь өнгөрсөн 25 жилд гашуунаар нотлогдсон. 1990 он хүртэл бэлтгэгдсэн "шинжлэх ухаанч" иргэд сонголт хийсээр бид ямар үр дүнд хүрэв.
Философийн боловсролыг дунд сургуулийн хөтөлбөрт оруулна гэж би олон жил ярьж байна. Намайг хэн дэмжив. Гэтэл миний эргэн тойронд дүүрэн хүүхдийнхээ боловсролд санаа зовсон эцэг эхчүүд. Хадан хясаа мөргөж буцах далайн давалгаа мэт ердөө санаа зовоод өнгөрөх нь зөв үү. Эсвэл сэтлэж ард нь гарах ёстой юу.
"Шинжлэх ухаанч иргэдийг бэлтгэх", "Монгол хүүхдийг Монгол хүн болгож төлөвшүүлэх" гэх мэт олон зөв хөтөлбөрүүд сонсогдоно. Харин энэ нь зөв эсвэл буруу эсэхийг хэн тунгааж байна. Эсвэл сэтгэгдлээрээ л явж байна уу.
Эцсийн эцэст Монгол улсын иргэн бүр БОЛОВСРОЛТОЙ буюу зөв бурууг ялгаж чаддаг, үнэнийг мэддэг байх ёстой. Боловсролын системийн үндсэн үүрэг нь энэ болно.
Логарифм хувиргах ухаан бол мэдлэг. Дан мэдлэгтэй байгаад хангалтгүй. Боловсролтой байх учиртай. Логарифм хувиргадаг, улсын тооны олимпиадын аварга Зөв ба Бурууг ялгаж чадаж байна уу. Үгүй. Энэ хүнд нэмээд Боловсрол олгох хэрэгтэй.
Бид мэдээлэлээр хязгаарлагдсан, сэтгэгдэлд амьдралаа хөтлүүлсэн, бага сага мэдлэгтэй иргэдтэй байвал хэзээ ч хөгжихгүй. Ханногийн золиос болоод дуусна. Ханнибалаа танихгүй.
Монголын боловсролын систем боловсролтой иргэдийг бэлтгэж гаргадаг операци байх ёстой. Философи бол манай дунд сургуулийн үндсэн судлагдахуун байх учиртай. Философи гэж тусдаа хичээл орох биш харин бүх хичээлд нь философи шингэсэн байх тухай би ярьж байна.
Хүн төрлөхтөний мэдлэг тэр чигээрээ өнөөдөр Англи хэл дээр байна. Юун хуучин Монгол, бүүр Кирил Монгол дээр ч мэдлэг гэх юм алга. Гэтэл Монголын ирээдүйг модон банзан дээр суулгаад хэдэн жил хуучин Монгол бичиг заах тухай ярьж байна. 5-р анги хүртэл нь англи хэл зааж болохгүй тухай ярьж байна. Үүнийгээ Монгол хүүхдийг Монгол хүн болгож төлөвшүүлж байгаа явдал гэж халхавчилж байна. Энэ яг яадаг популизм бэ? Эцэг эхчүүдээ?
Монгол хүүхэд дэлхийн лидер болж төлөвших ёстой болохоос биш хэн ч хэрэглэдэггүй, номын сан ороод аваад уншъя ном байхгүй хуучин үсэг магистрийн төвшинд сурч, үнэтэй хүүхэд насаа үрэх нь Монгол хүн болж буй явдал уу.
Ромчууд болхи Ром тоогоо халж, өстөн дайсан Арабчуудын тоог авснаараа хөгжил дэвшил нь хурдассан гэж түүхэнд тэмдэглэгдэж үлджээ. Харин тэгснээрээ Ромчууд Ром байхаа больж Араб болчихоогүй юм байна.
Сэтгэгдэлээрээ биш Боловсролоороо тунгааж уншсанд баярлалаа.
Subscribe to:
Posts (Atom)