Monday, January 19, 2015

Хөшүүрэг


Хүний үйл хөдлөлийг удирддаг Эдийн засгийн ба Философийн хөшүүргүүдийг өнөөдөр авч үзье.

Нэг талдаа Хүн буруу зүйлд амархан уруу татагддаг, залхуу, амин хувиа хичээсэн, аймхай амьтан. Гэхдээ хүнийг эдгээр зан чанарууд нь нээлт хийлгэж, хөгжил дэвшилд хөтөлдөггүй нь ойлгомжтой.

Тийм учраас улс орны нийгмийн зохион байгуулалт, эдийн засгийн бодлого нь хүнийг зөв замд нь хөтлөх хөшүүргүүд дээр суурилдаг.

Би энгийн жишээ авъя. Тухайлбал тамхи.

Тамхинд ямар ч ач холбогдол байхгүй гэдгийг шинжлэх ухаан тогтоосон. Тамхи хорт хавдар үүсгэдэг. Бүгд мэднэ. Харин хэд нь ухамсарладаг вэ.

Философи ярьж эхлэхээр хүний ойлгоцын хоёр төвшинг авч үздэг. Нэг нь ойлгох - нөгөөх нь ухамсарлах. Тамхичин хүн бүр л тамхи муу гэдгийг ойлгодог. Харин хэд нь тамхинаас гарах хүртлээ тамхи муу гэдгийг ухамсарладаг вэ.

Яг Дунд сургуулийн сурагч бүр сайн сурвал алсдаа хэрэгтэй гэдгийг ойлгодог боловч хэд нь яг ухамсарлаж сайн сурдаг вэ. Үүнтэй адил.

Хэрэвээ хүнд зөв замыг ухамсарлуулж чадаж байгаа бол тэр нь философийн хөшүүрэг мөн юм.

Социализм нь хүнд зөв замыг философийн хөшүүргийг ашиглах замаар ойлгуулах гэж оролдоод бүтэлгүйтсэн.

Харин капитализм хүнийг эдийн засгийн хөшүүрэг ашиглан зөв замд түлхдэг. Өнөөдөр капиталист нийгэм ноёлж байгааг бодвол их л амжилттай яваа бололтой.

Тамхи татсан хүнийг торгоё. Тамхичин хүний эрүүл мэндийн даатгалыг үнэтэй болгоё.

Монголд хүн бүр л, сар бүр эрүүл мэндийн даатгал төлдөг. Бүгд ав адилхан төлдөг. Буруу систем учраас тэр. Зөв капиталист - эдийн засгийн хөшүүрэг ашиглан хүнийг зөв замд нь хөтлөдөг системээр бол - тамхичин хүн, тамхи татдаггүй хүнээс сар бүр илүү өндөр хураамж төлөх учиртай. Ингэснээр зөв хөшүүрэг бий болно.

Хүн тамхиний хор хөнөөлийг ухамсарлаж чадахгүй, ухамсарлах дайны ухаантай биш байж болно. Гэхдээ ямар ч хүн хажууд байгаагаасаа илүү төлбөрийг сар бүр төлөх хүсэлгүй байна.

Шашин бол үндсэн ганц үүрэгтэй. Хүнд зөв замыг философийн хөшүүрэг ашиглан ойлгуулах.

Дан эдийн засгийн хөшүүргээр зөв замд хөтлөнө гэж байхгүй. Философийн хөшүүрэг заавал зэрэгцэж явах учиртай. Тийм учраас шашин оршин байдаг.

Шашин бол философийн - зөв замын тухай номлол болохоос биш хийморын сан тавих тухай асуудал биш билээ. Шашин бол хүнийг зөв замд хөтөлдөг нийгмийн институц болохоос биш бие биендээ хараал ерөөл хийгээд болж бүтэх тухай муйхарлал биш юм.