Би юуны өмнө Еврей судлаач биш гэдгээ мэдэгдэе. Мөн би ямар ч хуйвалдааны онолд итгэдэггүй, тухайлбал Еврей нар нууцаар дэлхийг удирдаж байдаг гэдэгт бүүр ч итгэдэггүй. Үгүй гэдгийг нь нотлож ч чадна.
Би Еврей нарыг үзэн яддаггүй, бишрэн шүтдэг ч үгүй. Тэд бол миний хувьд зүгээр л сонирхлын нэг объект.
Өнөөдөр ярих сэдэв бол Еврей нарын хүч чадлын нууцыг анекдотал байдлаар шинжлэхэд оршино. Монголчууд бидэнд сурах юу байна?
Би өмнө нь "Аливаа агуу үндэстэн бүрийн ард ФИЛОСОФИ оршиж байв" гэж зарласан.
Улс оронгүй, очсон газар бүрээ хэдэн мянган жилийн турш гадуурхагдаж ирсэн энэ ард түмэн ердөө 1948 онд л улсаа байгуулсан. Хэлээ бүүр дахиад зохиосон гээд бод. Одоо 8-хан сая хүнтэй боловч Ойрхи дорнодын хамгийн хүчирхэг улсуудын нэг. Тэр хавьд Израйлтай байлдаж зүрхлэх улс цөөхөн болов уу. Нөгөө талаас одоо ч гэсэн дэлхийн тавцанд өөрсдийн нөлөөг Еврей нар хадгалж байна, захын жишээ гэхэд л Оросын хамаг тэрбумтнууд нь Еврей гээд бодохоор ойлгогдох байх.
Эд нарын нууц юу вэ. Гэнэн хүмүүсийн ярьдагчилан Авраамаас (манайхны Чингисийн ген гэдэг шиг) шилжиж ирсэн онцгой ген үү. Тусгай, цэнхэр өнгөтэй цус уу. Үгүй л болов уу.
Ер нь мэдлэггүй хүн л ид шидэнд итгэдэг шүү дээ. Асуултын хариултаа мэдлэг, оюун ухаанаас хайхын оронд бурхан, шашин, ид шид, далдын хүчнээс хайдаг биз дээ.
За нуршихаа болиод эд нарын нууцыг хайцгаая.
Миний 11 улс дамжиж тэрбум доллар удирддаг, хөрөнгө оруулалтын сангийн удирдагч найз бий. Түүнээс би асуусан юм. Яагаад Тайланд, Филиппин, Индонез зэрэг улсуудад Хятадууд эдийн засгийг нь атгаад байна вэ? гэж. Хариуд нь "Хятад хүн хэзээ ч тухайн орны улс төрд гарахгүй. Гэтэл хоёр сөргөлдөгч нам аль нэг нь банкны системийг атгаасай гэж хүсэх үү эсвэл хэзээ ч улс төрд орохгүй өөр үндэстэнд банкны системээ өгөх үү?". Тун боломжийн логик.
Еврей нарын хүч чадал анх Ломбарднаас эхэлсэн байдаг. Жишээ нь Рио Тинтог байгуулсан Ротшилдийн гэр бүл ломбарднаас эхлээд ид үедээ дэлхийн санхүүгийн системийг атгаж байсан. Яагаад ч юм бэ, мөнгө хүүлэх ажиллагааг эртний улсууд жигшиж, эрхэм хүндтэй хүний хийх бизнес биш гэж үздэг байж. Энэ орон зайд л Еврей нар орж ирж. Гэтэл улам бүр чөлөөт, ардчилагч болж байсан дэлхийд сэлэм биш харин мөнгө хамгийн том үүргийг гүйцэтгэж эхэлдэг байгаа.
Гэхдээ банкны бизнесийг Еврей нар олж харсан учраас л хүчирхэг болсон юм гэж үзвэл тэрэн шиг том эндүүрэл байхгүй болно. Италичууд, Испаничууд, Англичууд еврей нараас огт дутахгүй худалдаачин сэтгэхүйтэй хүмүүс. Өөр бас нэг юм байна.
Тэр бол итгэл үнэмшил нь юм. Еврей айл бүр гэр бүлийн хүмүүжил, шашны зан заншлаараа дамжуулаад итгэл үнэмшлийг багаас нь үр хүүхэддээ суулгаж өгдөг. Монгол айлд, монгол хүүхэд ямар итгэл үнэмшилтэй хүн болж торниж байна өнөөдөр? Гэтэл еврей хүүхдийг багаас нь "чи бол энэ дэлхийн лидер" гэсэн хүмүүжлээр өсгөдөг байх магадлалтай (еврей хүнээс дуулснаа л хэлж байна). Өнөөдөр манайд байгаа сэтгэл санааны сонин синдром байна - тэр нь Орос ах гэсэн үзэл, хуучцуулд. Угаасаа л дүү нар юм байна л даа хөөрхийс. Дандаа ахын багадсан хувцас өмсч, ахыг биширсэн маягтай хүмүүжсэн хүмүүс чинь юун Монгол улсыг хөгжүүлэх. Харин залуучууд нь бусад үндэстэнүүдтэй барьцаж ч мэдэхгүй байна. Гэтэл Еврей нарт элит, лидер үзлийг багаас нь төлөвшүүлдэг мэт. Чи бол хүн төрлөхтөний сор болсон Еврей хүн шүү дээ гэж багаас нь сургаж байна.
Үүнээс гадна харилцаа, ажил хэргээ хөтлөж явуулах кодыг суулгаж өгдөг. Хоёр Монгол хүн харийн оронд тааралдаад бие биенээсээ зугатаадаг бол Еврей нар инээж уулзаад, бие биенээ дэмжинэ. Энэ нь Еврей хүн Еврей хүнээ ямар кодтой болохыг нь мэдэж байгааг харуулж байна. Өчигдөр салсан багын найзууд шиг уулзаж байна гэсэн үг. Монгол хүн харин яаж байна? Кодгүй учир яаж ч мэднэ гэж бие биенээсээ болгоомжилж байна гэсэн үг. Еврей хүн нөгөөдөө "За" гэж хэлсэн бол заавал биелэгдэх зүйл юм байна л даа. Үүнийг гэр бүлийн хүмүүжлээр л суулгана. Гэтэл өнөөдөр Монгол хүн "За" гэвэл "Үгүй" гэж ойлгох дээрээ тулж байна.
Гуравдугаар хүчин зүйл нь илүү Дутагдлын шоктой холбогдож гарч ирнэ. Энэ нь "цөөнхийн синдром" юм. Дэлхий бүх хүн Еврей нарын эсрэг гэсэн бодолтой Еврей нөгөө Еврейгээ аль болох дэмжинэ, хамгаална, харин бусад хүмүүстэй маш болгоомжтой, бодолтой харилцана.
Монгол хүн тэгвэл яагаад цөөхүүлээ юм чинь ингэж чадахгүй гэж? Яагаад гэвэл Монгол хүний сэтгэл зүйд - тэр хүн ядуу орноос баян оронд гуйлгачны ёсоор очиж байгаа учраас. Хоноц маягаар бие биендээ хандаж байна. Еврей нар харин дэлхийн санхүү, бизнесийн ертөнцөд тэргүүлэх байр суурь эзэлж байгаа учир сэтгэлгээний хандлага нь зарчмын хувьд өөр байна гэсэн үг.
Монголчууд дээр ч гэсэн энэ синдром харагддаг. Тухайлбал "увс хүн" гэх мэт, эсвэл Буриадууд ч гэдэг юм уу.
Бие биенийхээ талаар сонирхдог ч үгүй 100 хүн дотор 2 хүн бие биенээ хайрлаад дэмжээд эхэлбэл юу болох вэ. Удалгүй энэ 2 хүн үлдсэн 98 хүнээ хонь хурга шиг л "хариулж" эхэлнэ.
Уг нь бол Монгол гэж нэг л үндэстэн байгаа юм. Тэрэн дотроо захын нутгаар байдгийг нь захчин, 4 хошуунаас бүрдсэнийг нь дөрвөд гэх мэтээр л нэрлэсэн болохоос биш, дэлхийд ЯСТАН гэж ойлголт байдаг ч юм уу үгүй ч юмуу. Сонсоогүй л юм байна. Үндэстэн л гэж байдаг, үндэстэний эв нэгдэл л гэж ярьдаг. Ястан хоорондын өрсөлдөөн гэж юу ч байдаг юм.
Нутаг ус харж ажилд авдаг, чи аль нутгийнх билээ, аа манай нутгийн хүү байна гэх мэт. Энэ бидний байдал нь бидний ямар арчаагүй, боловсрол мэдлэггүй байгааг л харуулж байна.
Уг нь бол олон мянган үндэстэнд хуваагдсан 7 тэрбум хүн дотор 5 хан сая хүнтэй Монгол гэж үндэстэн ганц л байгаа юм шүү дээ. Монгол үндэстэн оршин тогтнох уу, үгүй юу. Оршин тогтнох юм бол Эрхэмсэгээр оршин тогтнох юм уу гуйлгачны ёсоор оршин тогтнох юм уу. Ийм л асуудлыг яриад байгаа юм.
Монгол үндэстэн Еврей үндэстэн шиг дэлхийд ноёрхлоо яаж тогтоох, дэлхийн тавцанд яаж бие биенээ дэмжих тухай ярих байтал юуны чинь "Увс хүн".