Wednesday, January 1, 2014

Улс орны хөгжлийн стратеги


Монгол Кола гээд компани дундажаас доогуур орлоготой, кола нь чанар амт тааруу боловч үнэ өндөртэй, үүнээсээ болоод сүүлийн үед харилцагч нараа ихээр алдах болсон. Банкнаас 1.5 сая долларын зээл авч эргэлт хийх гэж үзсэн боловч яг үнэндээ энэ мөнгөө юунд зарцуулах талаараа төлөвлөгөө ч гаргаагүй байж, баахан хэл ам таталсан. Төв үйлдвэрээ дорвитойхон шиг шинэчлээд маркетинг хийх байтал баахан хөдөө орон нутагт подвал нэмж түрээсэлж, хужаа ундааны машин авах төдийгээр энэ мөнгөө зараад - түүнийгээ их тэлэлт гэх мэтээр заралсан.

Уг нь олон нийтийн компани боловч 2 нөхөр л ээлжлээд гүйцэтгэх удирдлагыг нь хийдэг. Хувь нийлүүлэгчид нь зүрх зориг муутай, гуравдагч хүнийг туршихаасаа үнхэлцгээ хагартал айна, тэгснээ нөгөө хоёр нөхөрөө газар дор ортол нь муулна.

Уг нь Кока Кола, Пепси кола гэх мэт компаниудыг жишиг болгоод өрсөлдөх гээд үзэж болох боловч, бүүр ч эсрэгээр орон нутгийн амт, онцлог чанараа хадгална гэх мэтээр захирлуудын зөвлөл дээр яригдах нь түгээмэл. Нөгөө л подвалд, хүн усанд орох зориулалттай баннанд угаадас шиг юм найруулдгаа уламжлал, соёл гэх мэтээр лоозогноод үүнийг нь эсэргүүцсэн хүмүүсийг компани дампуурлах гэлээ хэмээн элдэв нэр хоч зүүнэ.

Олон улсын Кола Нийгэмлэгээс Монгол Кола үйлдвэрийг энэ дэлхийн аваргуудтай өрсөлдөх тухай ятгах, өөгшүүлэх нь битгий хэл, 7 дугаар зэрэглэлийн ижил төстэй хогийн үйлдвэрүүдтэй нь нэг зэрэглэлд оруулаад - тэр зэрэглэл дотроо ахиж байна гэх мэтээр хошигоруулахдаа гарамгай. Ингээд нэг авах хэцүү, байх хэцүү жаахан хэдэн маркетингийн төгрөг тусламж болгон өгөхдөө, албаар том амбицтай хөдлөх санаархлыг нь хаах зорилгоор элдэв шаардлага шалгуур тавина. Ингэж ч болохгүй, тэгэж ч болохгүй - их зээл авбал дампуурна шүү гэх мэтээр нэг бодлын их зөв ч юм шиг - гэтэл үйлдвэрээ огцом эргүүлэхгүй бол тэртэй тэргүй дампуурах нь ойлгомжтой болсон газар их буруу ч юм шиг зөвлөгөөнүүдийг тасралтгүй өгч тархи угаана.

Компанийн гүйцэтгэх удирдлага уг нь том том зорилтууд, гоё сонсогддог зорилгууд тавьдаг боловч дунд шат нь тэр чигтээ корпорацын авилгалд идэгдсэн учир ямар ч ажил урагшаа явахаа больсон. Хамгийн гол нь гүйцэтгэх удирдлага сонгогдохдоо дунд шатны хүмүүсийнхээ барьцаанд орсон байдаг учир тэднийгээ халж зах зээл дээр байгаа өчнөөн олон чадалтай хүмүүсээр сольж чаддаггүй.

Авилгал буруу, буруу, буруу гээд байдаг яг юу нь болдоггүй юм бэ гэж асуух хүнтэй тэр бүр таарахгүй. Би хэлээд байгаа, авилгажсан дунд шатны дарга өмнөх ажлаа хийхээ л больчихдог юмаа гэж. Нэг хүн нэгэн зэрэг авилга ч аваад, ажлаа ч хийнэ гэж байдаггүй юм байна л даа. Жишээ нь Монгол Колагийн аж ахуйн хэлтсийн дарга гэж нэг авилгажсан нөхөр огт ажлаа хийдэггүйгээс болоод компани тэр чигтээ аж ахуйн асуудлууддаа дарагдаад өндийж чадахаа больсон байна. Ерөөсөө энэ нь алсдаа компанийг унагах ужиг шалтгаан болох юм л даа.

Авилга ийм л хортой байдаг байх нь.

Авилгал бол том асуудал биш. Энэ бол илрэл юм. Зүгээр л хий ханиалга. Компанид байгаа хамгийн том асуудал бол Гүйцэтгэх удирдлага лоозогносон зорилготой боловч түүндээ хүрэх стратеги байхгүй, алсын хараа байхгүй. Алсын хараандаа итгэх итгэл үнэмшил байхгүй юм. Та бодож байгаа байх "энэ чинь 1-р курст менежментийн үндэс хичээл дээр ордог хамгийн наад захын юмнууд байна ш дээ" гэж. Яг үнэн. Би бодоод байгаа юм энэ "наад захын" буюу хамгийн чухал зүйлсийг нь 4-р курст овоо дориун болсон хойно нь заамаар.

Энгийн л дээ. Хүндрүүлж бодоод байх хэрэггүй. "50 жилийн дараа бид Кока Колатай өрсөлдөнө" гэж алсын хараа дэвшүүлчихээд - хэрэв энэндээ гүйцэтгэх удирдлага өөрөө итгэхгүй бол яг хэн итгэх вэ? Кока кола л лав итгэхгүй дээ. Монгол кола компанийн ерөөсөө суурь асуудал нь энэ болоод байгаа юм.

Итгэл үнэмшил гэж юу вэ. Жаахан вижуалайз хийгээдхэе. Гүйцэтгэх захирал сар бүр Кока Колагийн тэнгэр баганадсан шилэн тауэрийн гадаа нь очиж зогсоод - тэрний хажууд ирээдүйд байх өөрийн шилэн тауэраа төсөөлөхөд - уулзалтын өрөөний хажуугаар алхаж өнгөрөх тэр мөчид үнэртэх үнэр, өрөөн дотор суугаа захирлуудын яриа бүдэг бадаг сонсогдох тийм нарийн детал хүртлээ буух ёстой.

Итгэл үнэмшил бол жишээ нь бааранд ганц грушик пиво уучихаад, Нууц товчоогоо ч уншаагүй байж "Би эзэн чингисийн үр сад байна" гэж цээжээ нүдэх биш. "Үгүй яг тэр үед үнэхээр л итгэл үнэмшил төрөөд байсан ш дээ" гэж та хэлэх гэж байгаа бол - би "За яг тэр төрсөн мэдрэмжээ 1000-р үржүүлчих - тэгээд тэр чинь жинхэнэ итгэл үнэмшил, харин одоог хүртэл итгэл үнэмшил гэж бодож явсан зүйл чинь ямар ч байсан итгэл үнэмшил биш байж, сорри" гэж хэлнэ. "Юу байсын тэгээд" гэвэл "Сэтгэл хөдлөл байсан юм байлгүй дээ" гэнэ дээ.

----------------------------------------------------------------------------------------------------------

Тэгээд чи өөрөө Монгол Колагийн стратегийг гаргахгүй яасан юм гэж асуудаг л даа. Стратегийг Гүйцэтгэх удирдлага дээр очиж байж л гаргадаг юм л даа уг нь. Дэлхийн ямар ч компани өөр хөндлөнгийн хүний гаргасан стратегиар үйл ажиллагаагаа явуулдаггүй. Мк Кинзи яасын тэгээд гэх гэж байна уу. Мк Кинзи, Бостон Консалтинг энэ тэр бол сайн сонсогч нар л байхгүй юу. Ирж сайн асууж бүх юм яриулж аваад, буцаагаад цаасан дээр бичээд өгчихдөг ийм л сервис. Хэрэгтэй сервис л дээ, корпорацын дүлий хүмүүс ихтэй газар бол.

Алсын хараа, Итгэл үнэмшил, Стратеги (АИС) гээд нэгэнт бичиж байгаа юм чинь нэг жишээ авъя.

Компани Улс хоёр адилгүй л дээ, гэхдээ АИС бол хаана ч адилхан юм. Монгол Кола компани стратегийг зөв томъёолоход хэрэгтэй байж магадгүй нэг жишээг Тайланд улсаар авъя.

Би Тайландад аялж яваа юм. Энд дэлхийн өнцөг бүрээс ирсэн жуулчдыг ёстой саах шиг л болж байна. Жилд тун удахгүй 50 тэрбум доллар олно гэж байна.

Бангкокт очсон хүмүүс мэднэ дээ - Сайам Парагон гээд молл байгаа. Энэ молл 2013 онд инстаграммын хамгийн их зочилсон газраар тодорсон байна. Өөрөөр хэлбэл намба ван молл болсон гэсэн үг.

Тайландад Америкаас, Европоос хүмүүс эмчлүүлэх гэж ирж байна. Дэлхийд номер 1 болсон байна. Эмчээ зарж байна, эмээ зарж байна, эмнэлгээс гараад ирэнгүүт нь хямдхан бараагаа шахаж байна - ерөөсөө бүтэн жил юм худалдаж авахааргүй болтол нь бялдаад явуулж байна. Нэг хүн ирээд жижигхэн процедур хийлгээд явахад л минимум 10 сая болохоор дизайнтай - гэхдээ хямдхан.

Эдний стратеги нь юу гээч. Инээмсэглэл + Хямд үнэ. Ингээд л гүйцээ. Дээгүүрээ улс төрчид нь алалцаад, цэргийн эргэлт байн байн гарах боловч - стратеги дунд, доод шатанд хэлбэрэлтгүй хэрэгжиж байна. Ерөөсөө сайн стратегийн гол шинж чанар бол энэ. Хүн бүр жуулчидтай байдаг чадлаараа эелдэг харилцана. Өөр хоорондоо нэг их тийм биш л юм шиг анзаарагдана.

Land of Smile гэж уриа гаргаад тэрийгээ хэлбэрэлтгүй мөрдөж байна.

Үүргэвч үүрсэн Америкууд ресторанд нь суугаад л "So stupid cheap" гээд уулга алдахыг хаа сайгүй сонсоно. Ер нь хүн гэж амьтаны ерөнхий психологи гэж байна. Ямар ч боловсролтой баян хүн аятайхан цүнх-ямар хямдхан худалдаж авсанаа гайхуулж ярьдаг болохоос ямар үнэтэй хэрэггүй зүйл авсанаа гайхуулахгүй (Оросуудыг онцгой тохиолдол гэж авч үзнэ - боловсрол доогуур байдал нь нөлөөлдөг байх). Голлландад сурч байхад Голланд хүн ямар бага мөнгө төлөөд ямар гоё харагдаж байгаагаа л бие биендээ гайхуулдаг гэж байна билээ. Тэрнээс яаж авилгадсан 4000 доллараараа Луй Вуттон цүнх авсанаа гайхуулах биш.

Москваруу хэн ч зүглэхгүй, яагаад гэвэл тэнд бүх юм маш өндөр үнэтэй. Үнээ нэмж мөнгө хийдэггүй юм байна. Үнээ хямд байлгаж байгаад хямд юм худалдаж авах гэсэн шуналтай жуулчдыг урхидаж мөнгө хийдэг юм байна. Аль аль тал нь л баяртай үлддэг байх. Тэгээд гайхуулж ярина - Тайланд яваачээ, жаргалын орон байна - Москваруу битгий зүглээрэй дэмий газар. гэх мэтээр.

Стратеги өөрөө энгийн, хүний мөн чанарлуу чиглэсэн (хүн хямдхан тэгээд чанартай зүйлд гар татдаггүй - гол нь нэгжийн үнэ биш - харин тоо хэмжээ) - гол нь бүх түвшинд хэрэгждэг л байх ёстой юм.

Эдийн засагч нар бол Монгол Кола компани зээл авах нь зөв үү, үгүй юу - балансын харьцаа нь хэд болов доо гээд л яриад байгаа юм. Учир утгагүй яриа.

Тэр балансын харьцаа хэд болох нь ямар ч хамаагүй. Үнэхээр кока колаг цохих Алсын хараа гаргаад тэрэндээ бүүр гүн орж итгээд, стратегиа тов тодорхой гаргаад компанийн үйлчлэгчээс эхлээд захирал хүртэл бүгд зүтгээд хэрэгжүүлж чадаж байхад тэр Орлого- Өрийн харьцаа 500 ч байсан яадаг юм.