Wednesday, October 23, 2013

Мартин Писториус

Ээж минь надруу дүүрэн нулистай хоёр нүдээрээ харж "Чи үхэх ёстой", "Чи үхэх ёстой" гэж алгуурхан хэлчихээд өрөөнөөс гараад явахад хорвоо дэлхий орвонгоороо эргэж үхэхээс өөр сонголт надад үлдээгүй юм...  гэж Мартин өгүүлнэ.

Мартин бусдын л адил эрүүл цовоо хүү байсан боловч гэнэт 12 настайд нь толгой нь маш ихээр өвджээ. Хэд хоноод л зүгээр болчих байх гэж бүгд бодож байсан боловч тэгсэнгүй. Тархинд нь үл мэдэгдэх халдвар орсоноор эд эсүүд нь үхжиж, ирэх саруудын турш тэрээр бага багаар ой ухаанаа, мэдрэлээ алдсаар байв. Хөдөлгөөн нь хумигдаж, олон цагаар унтаж, мартамхай болж байлаа. 1 жилийн дараа гэхэд эмч нар аргаа барж, тэрээр хариу үйлдэл үзүүлдэггүй амьд робот болон хувирсан байв.

Одоо бүгд түүнийг амьсгал хураахыг л хүлээж байлаа. Аав ээж хоёр нь түүнд эмч нарын хэлсэний дагуу өдөрт өгдөг багахан хүнсийг нь тасалж амийг нь таслахыг хүссэнгүй. Хоёр жилийн дараа түүнийг асрамжийн газарт өгчээ. Гэхдээ орой бүр түүнийг гэрт нь авчирдаг байв.




4 жилийн дараа буюу 16 настайд нь түүний ой ухаан бага багаар сэргэж эхэлсэн байна. 19 настайдаа тэрээр өөрт нь юу тохиолдсоныг, түүнээс амьдралыг нь бүхэлд нь булааж авсаныг бүрэн ухаарсан байна.

Мартин цоо эрүүл ухаантай боловч ямар ч үйлдэл үзүүлэх чадваргүй зомби болсоноо мэдсэн юм. Тэр толгойгоо хөдөлгөж, хүмүүст "би энд байна" гэж харуулах гэж байдаг чадлаараа хичээв ч хүн бүр түүнийг "амьд хүүр" гэж бодсон хэвээрээ. Өөрөөр хэлбэл тархи нь бүрэн үхсэн-мах. Мэдрэлээ бүрэн алдсан учраас тэрээр юугаа ч өчүүхэн ч төдий хөдөлгөж үл чадна.

Орой гэрийнхэн нь ирж авахгүй, замдаа осолд орсон байх вий гэсэн айдас. Үхэхээс өөр юуг ч хүсэхгүй, асрамжийн газрын утас дуугарах болгонд гэрийнхэнд нь муу юм тохиолдсон байх вий гэж үхтлээ айх. Яагаад гэвэлд түүнд сайнаар хандах өөр хэн ч байхгүй. Халуун цай уулгаж амыг нь түлхэд тэрээр хэлж чадахгүй тэсвэрлээд л сууж байхаас өөр аргагүй.

...Аав минь тэсвэр хатуужлын дээд цэгийг харуулж байлаа. Өдөр бүр тэрээр надад хоол өгч, усанд оруулахад гар нь дандаа эелдэг зөөлхөн байдаг байв. Би харин "Ааваа би байна, хүү чинь энд байна" гэж хичнээн хэлэхийг оролдов ч яаж ч чадахгүй. Би гараа хөдөлгөж дохио өгөхийг оролдовч аавд минь анзаарагдахгүй... Аав минь өдөр бүр намайг арчилж байх үед ээж минь харин надад ойртохгүй - түүний сэтгэл санаа хэтэрхий их унаснаас болж намайг харахыг ч хүсэхгүй байх шиг санагддаг байлаа. Тэр амиа хорлохоор эм уусан юм. Гэвч аав минь түүнийг аварч - түүнээс хойш ээж минь намайг асарч тойлох болсон доо...

Асрамжийн газар дадлагаар ажиллаж байсан массажист эмэгтэй Мартинд сайнаар хандаж, түүнтэй байнга ярилцдаг байв. Энэ үед Мартин толгойгоо үл ялиг хөдөлгөж чаддаг болсон байв. Энэ эмэгтэй Мартиний нүдэнд ухаан байна гэж итгэж байв. Ингээд нэгэн өдөр санаандгүй ТВ-р харилцааны бэрхшээлтэй хүмүүстэй харилцах шинэ аргачлалын талаар үзжээ. Мартиний аав ээжийг ятгаж, туршиж үзэхийг гуйсан байна.

25 настайд нь буюу 13 жилийн дараа хүмүүс анх удаа Мартинийг ой ухаантай, сав саруул ажилладаг болохыг нь ингэж мэджээ.



-----------------------------------------------------------------------------------

Би буруу бодож байж магадгүй юм. Гэхдээ хүнд тохиолдож болох хамгийн аймшигтай, үхлээс илүү аймшигтай зүйл бол бүрэн сэтгэдэг тархи, ямар ч үйлдэлгүй биен дотор оршин байх болов уу. Мартин 13 жилийн турш өдөр бүр, цаг минут тутамд тэмцэлдсээр өөрийгөө олж аван одоо вэб девелоперийн ажил хийж, сайхан эхнэртэйгээ  аз жаргалтай сайхан амьдарч байна.

Өмнө нь би төрөлхийн 4 мөчгүй, Ник Вужичийн тухай бичсэн. Мартиний амссан зүйл бол энэ дэлхийд төсөөлөхөд хэцүү, үгээр хэлж, үйлдлээр дүрсэлж боломгүй аймшигтай зүйл юм гэж бодогдож байна.

Үүнийг даваад хүн гараад ирдэг юм байна. Гэтэл бид цоо эрүүл байж ямар жижигхэн бэрхшээлийн өмнө шантарч, ямар хөгийн бодолтой, ямар бэртэгчин, аймхай, залхуу, арчаагүй байдаг билээ.

Дэлхийн хамгийн амархан Англи хэл сурах гэж л үйлээ үзэж, үгээ бардаг хүмүүс шүү дээ бид нар. Магадгүй Мартиний түүхийг залхуу дүү нартаа уншуулах хэрэгтэй байх. Гар хөл нь олигтой ажилладаггүй тэр өдөржин шөнөжин сууж веб девелоперийн мэргэжил эзэмшсэн - тэр ийм ажил хийж, тэгэж сурах нь түүний хувьд энэ дэлхий дээрх үгээр илэрхийлэхийн аргагүй хамгийн гайхалтай аз жаргал нь байсан юм. Гэтэл манай оюутнууд яаж залхуурцгаадаг билээ дээ.

Аз жаргал дэргэд чинь, ариун цагаан хөдөлмөрт, хайр сэтгэл, сайн сайхан бүхэнд оршин байна залуусаа.