Thursday, July 22, 2010

Онол онол онол

dexter гэж залуу "үнэ үнэхээр эрэлт нийлүүлэлт дээр тогтоогддог юм уу" гэж асуужээ.

Би дээр "онол худал болов" нэртэй нийтлэл бичээд хүн амьтан баахан мэтгэлцэв дээ.

Ер нь бол нийгмийн шинжлэх ухаанууд заримдаа суурь шинжлэх ухаанууд хүртэл тодорхойлолтуудаа эргэж харж байгаа цаг. Миний ойлгож байгаагаар оюуны хувьсгал маягийн юм явагдаад байна уу даа.

Үнэ эрэлт нийлүүлэлт дээр тогтож байгаа нь үнэн бас худал болж таарч байгаа юм. Эцсийн эцэст бол үнэ хэрэглэгч ба үйлдвэрлэгчийн ухамсар дээр тогтоогдож байгаа юм л даа. Эрэлт нийлүүлэлт гэдэг нь бол ухамсарласан ухамсарын илрэл болохоос биш эрэлт нийлүүлэлт гээд хоёр мангас гарч ирээд байлдаад байгаа биш юм.

Та бүгд одоо онолын номууд аваад харах юм бол Засгийн газар ба Төв банкны зүгээс улс орны эдийн засгийг сайжруулахын тулд авах арга хэмжээнүүд нь ухамсарт "ухамсарын шанаа" өгөх биш харин зүгээр л эрэлт нийлүүлэлтэд өөрт нь механик нөлөөлөл үзүүлэхэд чиглэгдсэн байгаа юм. Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлнэ, бууруулна ч гэх шиг. Тэгээд одоо эдийн засгийн нобелийн шагналтай нэртэй улсууд гарч ирээд "Мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх нь хүүг бууруулдаг уу, үгүй юу" ч гэх шиг хэд хэдэн школд хуваагдчаад хэдэн арван жилээр маргаад байна аа даа. Үнэндээ тэгэх хэрэггүй ээ л гэх гээд байгаа юм. Энэ нь яг Наполеон бүх цэргүүдийнхээ нэрийг цээжээр мэддэг байсан болохоор цэргүүдийнхээ хайрыг хүлээгээд, тэгээд шууд л бүх байлдаанд ялаад байдаг байсан гэж ярьдагтай адил. Фундаментал сэтгэлгээ ёсоор бол иймэрхүү тайлбар, ийм байдлаар асуудлыг ойлгох нь өөрөө хөх инээд хүрмээр юм л даа.

Фундаментал сэтгэлгээ гээд би дахин дахин бичээд байдаг. Хүмүүс ерөнхийдөө харагдах байдал, үзэгдэх дүрс, сонсогдох чимээ, амтлагдах амтанд дулдуйдан ертөнцийн мөн чанарыг хүлээн авч, харсан үзсэнээ мэдлэг хэмээн сэтгэж --- түүнээсээ болоод мөн чанар, мөн үнэнг буруу ойлгодог юм. Фундаментал сэтгэлгээг ашиглан сэтгэснээр бодит мөн үнэнийг, уг чанарыг ойлгох боломжтой гэж би үздэг.

Эдийн засгийн ухаан мөн адил - эрэлт нийлүүлэлт нь яг өөрөө бол эдийн засгийн оролцогчид болох хүмүүсийн ухамсарт явагдаж буй өөрчлөлтийн тусгал болохоос биш ухамсарыг бүрэн дүүрэн тайлбарлаж чадахгүй байх шиг байна. Эдийн засаг гэдэг бол мөнгө, хөдөлмөрийн харилцаа гээд бүдүүлгээр хэлчихвэл мөнгө ба хөдөлмөрийн харилцаа өөрөө яг юу юм бэ, уг чанар нь хаанаас ургаж байна гэдгийг бодох хэрэгтэй.

Та нар bloomberg дээр сувгаа тааруулаад 7 хоног орчим үзэх юм бол Дэлхий даяараа эдийн засгийг цаашид яах тал дээр юу хийхээ мэдэхээ байчихаад байгааг ойлгох болно. Бид сүүлийн 70000 жилийн турш гарах арга зам олсоор ирсэн, одоо ч гэсэн олох болно. Энэнд нэг их санаа зовоод байх юмгүй.

Tuesday, July 6, 2010

Төгрөгийн дилемма

Эдийн засгийн олон талт асуудлуудаас энэ удаад инфляци ба төгрөгийн ханшийг авч бичлээ.

2009 онд долларын эсрэг төгрөгийн ханш өмнө хүрч байгааагүй төвшинд хүрч суларсан. Цаашид төгрөгийн ханш эдийн засгийн суурь хүчин зүйлсийн улмаас долларын эсрэг тасралтгүй чангарах төлөвтэй байгаа. Гэтэл инфляцийн төвшин 2010 он гарсаар огцом өсч байгаа нь санаа зовоосон асуудал болоод байна.



Инфляцийг яаж бууруулах вэ?
Долларын эсрэг төгрөгийн ханш (USDMNT) өссөнөөр импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүний үнэ ард иргэдийн хувьд харьцангуй хямд болж ирдэг. Өөрөөр хэлбэл USDMNT=1370 байх үед 100 доллараар Хятадаас оруулж ирдэг гар утасны үнэ 137,000 төгрөг байна. Харин USDMNT=1300 болж буух буюу төгрөгийн ханш чангарч, долларын ханш сулрах үед нөгөө утас маань 130,000 төгрөг болж хямдарч байна.
Тухайлбал 2009 онд импортоор оруулж ирсэн хүнсний бүтээгдэхүүний үнийн дүн 292.7 сая доллар, нефтийн бүтээгдэхүүний үнийн дүн 523.6 сая доллар байна. Мэдээж эдгээр бүтээгдэхүүнүүд нь ард иргэдийн ба бизнесийн байгууллагуудын өдөр тутмын хэрэгцээнд хэрэглэгддэг бүтээгдэхүүнүүд билээ. Хэрэв долларын ханш 2009 онд төгрөгийн эсрэг дунджаар 250 төгрөгөөр өссөн гэж үзвэл Монголын 2.8 сая ард иргэд өмнө хэрэглэж байсантайгаа ижил хэмжээтэй бүтээгдэхүүн хэрэглэхийн тулд жилд нийтдээ 204 тэрбум төгрөг нэмж төлөх ёстой болно. Үүнийг нэг иргэнд ногдуулж үзвэл жилийн 72 мянган төгрөг болох юм.



*- Оны эхнээс 2010 оны 5-р сарын 31 хүртэл – Монголбанк, ОУВС

Инфляци оны эхнээс 13.1 хувь болж өсчээ. Оны эхэнд аливаа барааг дунджаар 100 төгрөгөөр худалдан авдаг байсан гэж үзвэл одоо 113.1 төгрөгөөр авахаар болоод байна. Өөрөөр хэлбэл хэтэвчинд байгаа төгрөгний худалдан авах чадвар суларсаныг харуулж байна. Энэ нь 2008 оны сүүлээр үүссэн нөхцөл байдал (Оны дундуур инфляци 30% гарсан) давтагдаж магадгүй эрсдлийг бий болгож байна. Инфляци ийнхүү өсөхөд төрөөс гэнэт тараасан мөнгө тодорхой хэмжээгээр нөлөөлсөн нь ойлгомжтой.

Төгрөгийн ханш өсөх нь экспортод муугаар нөлөөлөх үү?
Үндэсний валютын ханш өсөх нь экспортод муугаар нөлөөлнө гэж олон улсын эдийн засгийн номнуудад сургадаг. Гэхдээ үүнийг бид зөв өнцгөөр нь ойлгох хэрэгтэй. Экспортод, тэгэхдээ олон улсын зах зээлд орлуулах бараа ихтэй жижиг, дунд, хүнд үйлдвэрлэл хийгээд аялал жуулчлалд дулдуйдсан Европ, Япон мэтийн эдийн засгуудад үндэсний валютын ханш огцом өсөх нь хортой нөлөө үзүүлэх нь дамжиггүй. Олон улсын эдийн засгийн онолууд ч гэсэн иймэрхүү томоохон эдийн засгууд дээр суурилж гардаг. Харин Монгол улсын эдийн засгийн парадигм нь огт өөр тул бид арай өөр өнцгөөс асуудлыг авч үзэх ёстой.
Манай экспортын гол нэрийн бараа болох уул уурхайн бүтээгдэхүүнүүдийн үнэ төгрөгөөр тогтоогддоггүй. Бид дэлхийн нийлүүлэлтийн хэмжээнд мэдэгдэхүйц нөлөөлж чадахуйц том экспортлогч биш. Тэгээд ч төгрөгийн ханш долларын эсрэг чангарах нь манай талаас гадаад худалдан авагч талтай байгуулсан гэрээний дагуу экспортлох бүтээгдэхүүний хэмжээнд нөлөө үзүүлэхгүй.
Харин зөвхөн манай голлох уул уурхайн экспортлогч байгууллагуудын төгрөгөөр илэрхийлсэн ашигт сөрөг нөлөө үзүүлнэ. Тухайлбал манай Эрдэнэт үйлдвэр жилд цэвэршүүлсэн дүнгээр 120 мянган тонн цэвэр зэс экспортлож олон улсын зэсийн зах зээлийн дундаж үнээр нийлүүлдэг гэж үзье. Хэрэв олон улсын зах зээл дээрх зэсийн үнэ огт өөрчлөгдөхгүй тогтмол 6000 доллар/тонн байна гэвэл Эрдэнэтийн жилийн борлуулалтын орлого 720 сая доллар болно. Тэгтэл USDMNT 1370 – аас буурч 1300 болсон тохиолдолд Эрдэнэтийн төгрөгөөр илэрхийлэгдэх орлого 50,4 тэрбум төгрөгөөр буурах болно. Өөрөөр хэлбэл Улсын төсөвт хуваарилагдах байсан орлого мэдэгдэхүйц хэмжээгээр багасах нь байна.
Гэхдээ энэ нь экспортын тоо хэмжээнд муугаар нөлөөлөхгүй байгааг бид харж байна. Зөвхөн төгрөгөөр илэрхийлэгдэх орлогын дүнг бууруулсан харагдаж байна. Гэтэл манай голлох экспортын бүтээгдэхүүнүүд болох зэс, алт болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний олон улсын зах зээл дээрх үнэ байнга савлаж байдаг. Ханш өдөрт 5%-иар хөдлөх нь хэвийн л үзэгдэл. Уншигч авгай санаж байгаа бол 2008-2009 онд зэсийн үнэ 2,800 доллар хүртэл унах үед Эрдэнэт үйлдвэрийн орлогын бууралт төсөвт мэдэгдэхүйц цохилт үзүүлж байсан.
Эрдэнэтийн зэсийн үнэнд төгрөгийн ханш гэхээсээ илүүтэйгээр олон улсын зах зээл дээрх зэсийн үнэ ханш илүү их нөлөөлөл үзүүлдэг. Бид олон улсын зах зээл дээрх ханшийн эрсдлээс хамгаалах деривативуудыг өргөнөөр ашиглах хэрэгтэй. Зах зээл дээр зэсийн ханш 2,000 доллар хүртэл унаад байхад 6,000-7,000 доллараар зэсээ зарж болох тийм хувилбар байна. Үүнийг олон улсад түгээмэл ашиглаж байна.
Төгрөгийн ханш чангарахад сөрөг нөлөөлөл үзэж магадгүй өөр хэсэг секторууд бол аялал жуулчлал ба ноолуурын секторууд юм. Төгрөгийн ханш өссөнөөр Монгол ноолуурын доллараар илэрхийлэгдэх үнэ өсөхөөр харагдаж байна. Нөгөө талаас төгрөгийн ханш чангарах тутам гадаадаас ирж байгаа жуулчны хэтэвчинд байгаа долларын худалдан авах чадвар багасч байна. Гол нь эдгээр жуулчдын хэтэвчинд байгаа мөнгөний худалдан авах чадвар нь бидний сэтгэлийг зовоох асуудал биш юм. Харин төгрөгийн ханш ийнхүү чангарсанаар Монголд ирэх жуулчдын тоо цөөрөх үү гэдэг л асуултыг хариулах шаардлагатай. Миний бодлоор жуулчид Монголд худалдан авалт хийхээр биш (Европ, Америк шиг биш) харин үнэхээр Монгол улсыг үзэхээр зорьдог болов уу. Өөрөөр хэлбэл төгрөгийн ханшийн өөрчлөлт жуулчдын Монголд ирэх эсэх тухай шийдвэрт огтхон ч нөлөө үзүүлдэггүй. Тэгэхээр ирэх жуулчдын тоо хийгээд тэдний төлөх долларын хэмжээнд өөрчлөлт орохооргүй мэт байна.
Ноолуурын тухайд бол тэртэй тэргүй энэ бүтээгдэхүүн маань өөрөө олон улсад өрсөлдөгч цөөнтэй, тансаг ангилалын бүтээгдэхүүн тул үнийн мэдрэмж харьцангуй багатай. Үнэ гэхээсээ илүүтэйгээр загвар, имиж, сурталчилгаа зэрэг үзүүлэлтүүдэд үндэслэн зарагддаг тул төгрөгийн ханшийн өсөлт ноцтой сөрөг нөлөө үзүүлэхгүй л болов уу.
Монголбанкны нөөц ба Төгрөгийн нийлүүлэлт
Улс орны эдийн засгийг дэмжих, бизнес эрхлэгчдэд бизнес эрхлэх аятай таатай нөхцлийг бүрдүүлэхэд мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, өөрөөр хэлбэл төгрөгийн хүүг бууруулах нь онцгой ач холбогдолтой. Хүү бага байхад бизнес эрхлэгч дээр ирэх санхүүжилтын зардал багасах маш сайн талтай.
Төгрөгийн нийлүүлэлт ихэссэнээр инфляци өсөх эрсдэл үүсдэг. Инфляцийг өсгөлгүйгээр төгрөгийн нийлүүлэлтийг бага багаар тэлж эдийн засгийн өсөлтийг дэмжих нь Монголбанкны хөх толбо. Монголбанк энэ нарийн төвөгтэй ажлаа хийж ядаж байтал нь гэнэт Төрийн бусад байгуулалтын зүгээс мөнгөний нийлүүлэлтийг урьдчилан мэдэгдэлгүйгээр буюу төлөвлөх боломж олголгүйгээр нэмэх нь ард иргэдэд хортой. Ард иргэдэд 70,000 төгрөг өгөхдөө худалдан авах чадварыг нь 13 хувиар сулруулчихаж болохгүй.


Монголбанкны валютын нөөц

*- GIR – нийт валютын нөөц; NIR –цэвэр валютын нөөц

Төвбанкны валютын нөөц 2009 оны эхний улирлын сүүлчээр шавхагдаж 400 сая долларт шүргэсэн боловч эргээд өссөөр 1.4 тэрбум доллар давж рекорд өндөр төвшиндээ хүрээд байна. Монголбанк төгрөгийн ханшийг огцом сулрахаас сэргийлж чадахуйц хэмжээний валютын нөөцтэй байх ёстой. Одоогийн энэ 1.4 тэрбум доллар хангалттай бишээ. Гэхдээ нөөцийг ихэсгэх зорилгоор зах зээл дээр орж ирсэн долларыг бүгдийг нь худалдан авах нь эргээд төгрөгийн инфляцийг хөөрөгдөх маш хортой үр дагавартай. Нөөц бий болгох процессийг аажмаар туйлын болгоомжтой хийх ёстой. Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэхдээ төгрөгийн ханшийг аажмаар чангаруулж байхгүй бол саяны хэдэн сард тохиолдсонтой ижил огцом инфляци өсөх аюул ирээдүйд бий болно.

Нийлүүлэлтийн шок ба ложистик
2007-2008 онуудад инфляци 30 хувь давсан нь нийлүүлэлтийн шокоос ихээхэн хамааралтай. Эдийн засагт гэнэт их хэмжээтэй мөнгө гадаад (хөрөнгө оруулалт) ба дотоодын эх үүсвэрээс (Эрдэнэтийн зэсийн үнэ өссөн г.м) орж ирсэнээр бараа бүтээгдэхүүний эрэлт огцом нэмэгдсэн. Гэтэл урд хөршөөс төмөр замын хүчин чадал хүрэхгүй байснаас болж бараагаа цаг хугацаанд нь уян хатан татаж чадаагүй. Эрээнд 1 тонн цементийн үнэ 70-80 орчим мянган төгрөг байсаар байтал Замын үүдэд буюу ердөө хэдхэн километрийн зайд энэ үнэ 100 мянган төгрөг гарсан. Энэхүү асуудлыг бүхэлд нь ложистикийн асуудлууд гэж нэрлэе. Эдийн засгийн хууль ёсоор бол эрэлт ихэсхэд нийлүүлэлт дагаж өсч чадахгүй бол үнэ өсдөг зүй тогтолтой. Тэгэхээр эрэлт ихэсмэгц маш хурдан бараа бүтээгдэхүүнийг нийлүүлдэг олон улсын тээвэр, харилцаа холбооны системийг Монгол улсын ложистикийн бодлогын хүрээнд бий болгох нь эдийн засагт асар ач холбогдолтой. Тэгэхээр улс орны эдийн засгийн асуудал зөвхөн Сангийн Яам, Монголбанкинд хамааралтай биш болох нь харагдаж байна. Энэхүү ложистикийн асуудал дотор гаалийн уян хатан, шуурхай үйл ажиллагаа, тээвэр зуучийн компанийн мэргэжлийн чадвахын асуудлууд ч бас багтдаг. Хэрэв гаалийн үйл ажиллагаа удаашралтай байгаад бараа зах зээл дээр удаж нийлүүлэгдвэл энэ хооронд бараа бүтээгдэхүүний үнэ өсчихдөг. Нэгэнт үнэ өсчихсөн тохиолдолд эргэж өмнөх төвшиндээ хүртэл буудаггүй ерөнхий эдийн засгийн зүй тогтол байдаг.

Мөнгө тараах нь зөв үү
Ардчилалын зарчмын хувьд ерөнхийдөө буруу боловч Монголын өнөөгийн нөхцөл байдлын хувьд зөв юм. Хамгийн гол нь нийгмийн сэтгэлзүйд төрөөс өгч байгаа мөнгийг урт хугацаатай баялаг үйлдвэрлэх зүйлд зарцуулах сэдлийг давхар өгөх нь чухал. Ингэхийн тулд мөнгөн хэлбэрээр шууд биш харин мэргэжлийн сургалтын эрх, эрүүл мэндийн даатгал, байрны зээлийн урьдчилгаа, хамтын хөрөнгө оруулалтын сангийн хувьцаа зэрэг хэлбэрээр өгөх нь ашигтай. Мөнгө тараахдаа төрийн байгуулалтууд өөр өөрсдийн стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөөг уялдуулах чухалтай.

Бодлогын хүү ба банк хоорондын захын хөрвөх чадвар
Монголбанк бодлогын хүүгээ өсгөж 11 хувь болгоод буй. Банк хоорондын захын хөрвөх чадвар маш их байгааг ердөө төв банкны үнэт цаасанд байршаад байгаа мөнгөний хэмжээг (500 гаруй тэрбум төгрөг) өмнөх оны мөн үетэй харьцуулж харахад тодорхой болно. Ердөө нэг жилийн дотор үнэт цаасанд байршуулсан мөнгөний хэмжээ хэд дахин өссөн байх юм. Банк бол ашгийн төлөө ажилладаг байгууллага. Түүний ашиг нь татан төвлөрүүлсэн хөрөнгийн (харилцах, хадгаламж г.м) дундаж хүү ба олгосон зээлийн хүүгийн зөрүүгээр тодорхойлогддог. Монголын банкны секторын татан төвлөрүүлсэн хөрөнгийн дундаж хүүг 11 хувьтай тун дөхүү гэж үзвэл банкууд цаашид 11 хувь дээр ийм их хэмжээний мөнгө байршуулаад байж чадахгүй нь ойлгомжтой. Нэг бол төвбанк үнэт цаасны хүүгээ цаашид нэмэгдүүлэх, эсвэл банкууд зээл идвэхийлэн олгож эхлэхээс өөр зам үгүй. Ингэвэл мөнгөний нийлүүлэлт нэмэгдэж инфляцийн асуудал дахиад сөхөгдөнө. Гэхдээ банк өөрөө бодитой секторт, хяналттай хөрөнгө оруулалт хийдэг нийгмийн гайхамшигтай функцийнх нь хувьд хамаагүй хориг саад тавихаас аль болох зайлсхийх нь чухал. Төр хяналт султайгаар, менежмент муутайгаар мөнгийг тараадаг бол банк ирээдүйд бодит эдийн засаг болж хувирах үйлдвэрүүд, бизнесүүдэд хөрөнгө оруулалт хийдэг. Шаардлагаа тавьдаг, хяналтаа хийдэг.

Мал аж ахуйн стратегийн асуудал
Манай хэрэглээний үнийн сагсанд (инфляци) мах чухал байр суурь эзэлдэг. Гэтэл махны үнийн өсөлт нь “сансарын” хурдаар явагдаад байдаг. Энэ нь инфляцийн өсөлтөд зохих нөлөө үзүүлж байна. Монгол улсын нэг хүнд ногдох малын тоо тасралтгүй өссөөр буй боловч гайхалтай нь махны үнэ байнга өсч байгаа нь эдийн засгийн эрэлт нийлүүлэлтийн хуулийн эсрэг зүйл болдог. Зүй нь нийлүүлэлт ихсэхээр үнэ буурах ёстой байгаад байдаг. Энэ нь нэг бол Монголчууд урьд нь огт мах иддэггүй байж байгаа сүүлийн жилүүдээс буюу нэг кг махны үнэ 2,000 давах үеэс эхлэн огцом ихээр мах идэж эхэлсэн байж таарах гээд байна эсвэл өөр суурь учир шалтгаан байна.
Миний бодлоор эдийн засгийн суурь ойлголтуудын нэг болох “бүтээмж” ба “ашигт ажиллагаа” алдагдсаных бололтой. Манай мал аж ахуйн уламжлалт маллагааны арга нь цаг үедээ нийцэхгүй байгаагаас нийслэлчүүд Хятадаас сүү оруулж ирж хүнсэндээ хэрэглэж байна. Гэтэл нэг малд ногдох хүний тоогоор Хятад улс манайхыг хэд нугалж таараад байдаг.

Эцэст нь тэмдэглэхэд Монголбанк гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэхийн зэрэгцээ төгрөгийн ханшийг долларын эсрэг, цаашлаад юаны эсрэг аажим аажмаар сул тавих нь зүйтэй. Ингэснээр бид импортын барааны үнийн өсөлтийг хязгаарлах замаар инфляцийн өсөлтийн далайцыг хаах, иргэдийн зохистой хэрэглээг дэмжих, бизнесүүд импортын тоног төхөөрөмжийг хямд үнээр худалдан авах боломжийг бүрдүүлэх, үнэн хэрэгтээ доллараар үнэлэгддэг машин, байр зэрэг үнийн дүн ихтэй зүйлсийн үнийг бууруулах буюу ядахдаа л үнийг өсгөхгүй тогтоон барих, гадаадын хөрөнгө оруулагч нарын өмнө тогтвортой хүчтэй валюттай улс гэдгээ илэрхийлэх зэрэг маш олон давуу тал бий болно.