Tuesday, December 6, 2011

Keeping things cheap

Collateral damage гэж ойлголт байх. Хийсэн үйлдэлээс нь болж огт хаа хамаагүй хөндлөнгийн хохирол үүсэхийг хэлдэг. Тухайлбал автомашины онцгой татвар бол тэр юм.

5000 мотортой цоо шинэ машинд 7,000 доллар буюу 10 сая төгрөгний, өөрөөр хэлбэл нэг машины татвар төлөх нь. Одоо УИХ-н гишүүд хэрхэн өөрсдийн унадаг том мотортой машинуудаа бүгдийг нь сольж Эксель авч унахыг нь харах л үлдлээ. Яагаад гэвэл энэ татвар нь тэдэнд зориулсан шиг логикийн хувьд сонсогдоод байгаа.

Эсвэл дээхнэ нэг баян бацаан "бензиний үнэ хэдэн мянга болоосой, хотоор ганцаараа явахгүй юу" гэсэнтэй адил зүйл болох уу. Энэ бол collateral damage юм.

"Том мотортой машин илүү бензин иддэг, тэгээд жирийн иргэд том мотортой машин унаж "хэзээ" ч чадахгүй болчихвол агаарын бохирдол ихсэхгүй" гэж хэлвэл энэ хамгийн том монгол тэнэглэл болно. Ингэж хэлж байгаа хүнд хэлэх үг ч олдохгүй. Захын нэг албан тушаалтан зүгээр л ажлын байрны тодорхойлолтондоо заасан ажлуудын 60 хувийг хийхэд л Монголын бүх хүн ам 4500-аас дээш мотортой машин унах хэмжээний агаарын бохирдлыг хааж бууруулчихаар боломж хэдэн зуугаараа байна.

Саяхан нэг компани 20 сая төгрөгөөр нэгэн дүүрэгт мод тарьсан боловч олигтой ургаагүй гэнэ, бүүр АТГ-д очиж шорон орондоо тулсан юм байх. 20 сая төгрөгнөөс хэдэн ч төгрөгний авлига өгөх вэ. Гэтэл үнэн хэрэгтээ өвөл зам дээр цацсан давсаа бүгдийг нь хамж шүүрдээд ногоон зурвас дээрээ овоолчихоор тэнэг хүний ч ухамсарт нөгөө хэдэн мод нь үхнэ гэж буухгүй юу. Иймэрхүү ядарч ядаж яваа шудрага иргэддээ бол хаан заан. Гудамжаа ч яаж цэвэрлэх ухаанаа мэдэхгүй. Ногоон зурвас нь давсан зурвас болчихоод, хотын төвд нь шарилж ургаж байхад дэлхий дээрх хамгийн бага цалинтай ядарсан муу ард түмэндээ дандаа "үнэтэй" бэлэг барьж байх юм.

Тэр 4500СС мотор монголд хэрэггүй, харин тэрний салон нь мод, арьс, хөгжим нь Bose, суудал нь өвлийн хүйтэнд халдаг. Тэнэг сонсогдож байгаа байх. Гэхдээ би Монголчуудыгаа аятайхан юм хэрэглэж эдлэх эрхтэй гэж гүн бат итгэж байна.

Өнөөдөр дэлхийн үнэтэй хотуудын нэгэнд тооцогдох Бээжингийн хамгийн үнэтэй дүүрэгт, сайхан ресторанд, инээмэглэсэн үйлчилгээ аваад дүүрэн махтай, чанартай хоол аваад идэхэд 5-6 мянган төгрөг л болж байна. Дэлхийн хамгийн үнэтэй хот Нью Йоркод хувцас Монголоос хэд дахин хямдхан. Лондонгоос та хүссэн машинаа Монголоос дор хаяж 2 дахин хямдхан авна, энэ онцгой татварын дараа бол 3 дахин болж таарлаа.

Ер нь төр засгийн үүрэг юу юм бэ гэдэг нь дэлхийгээр тойроод идэж, уугаад, өмсч зүүгээд, байр сууцны үнийг нь сонирхоод явж байхад л их ойлгомжтой. Америк, Хятадад яагаад амьдрал боломжийн хямдхан байдаг юм бэ гэвэл тэнд тэгшитгэлийн нөгөө тал буюу нийлүүлэлт тал дээр нь ажилладаг юм. Манайх шиг нийлүүлэлт талынхаа үнийг нь байнга нэмээд, эрэлт тал дээр нь бүхэл бүтэн 4 жилийн турш ердөө 1 сая, 1.5 сая төгрөг өгмөр аядаж гийгүүлдэггүй юм. Эдийн засгийг ингэж удирддаггүй юм. Ядаж 10 жилийн хүүхдүүдэд заадаг анхан шатны 3 хуудастай тайлбар хэвлэмэл олж уншаасай.

Төр засаг ард түмэндээ хямдхан үнээр чанартай амьдрах боломж бололцоог хангаад өгчихөж байвал болох юм. Хэн ч төрөөс мөнгө гуйгаагүй. Багш нар цалингаа нэмүүлье гэж хэлээгүй - зүгээр л авдаг цалин амьдралд нь хүрдэг байя л гэж байгаа. Монголоос хувцас авна гэдэг бол амиа хорлохтой адил, байр сууцны үнэ удахгүй дэлхийд дээгүүр цохино, машин унах аргагүй болох нь, хоолны талаар ярилт ч үгүй. Монгол шиг нэг хүнд нь 20 гаруй толгой мал ногдчихоод махны үнэ нь олон улсын жишигт дөхөж очсон тийм утгагүй эдийн засагтай улс дэлхийн хаана байна.

Дандаа эерэг байхыг хичээж байна. Гэхдээ бодит байдлыг ойлгуулахын тулд негатив юм ярихаас өөр аргагүйд хүрч байна. Негатив байгаа энэ байдал нь өөрөө үнэндээ юу ч биш. Монгол шиг ийм эдийн засгийн парадигмтай улсыг хөгжүүлэхэд ямар амархан бэ. Гэтэл бодит байдал дээр албан тушаалтнууд, зарим хүмүүсийн ухамсар дорой, ийм хөгийн арчаагүй байдлыг харахаар ямар хэцүү вэ.

No comments: