Monday, December 19, 2011

Good Strategy/ Bad Strategy - Richard Rumelt

Над дээр орчин үеийн стратегийн ухааны амьд эцэг Richard Rumelt -н Good Strategy/Bad Strategy хэмээх цоо шинэ ном нь ирэв.

Жижигхэн цайны газраас эхлээд Америкийн батлан хамгаалах стратеги хүртэл, Нью Йоркийн банкнаас Италийн үйлдвэр хүртэл бүх л төрлийн төсөл дээр стратегийн ажил хийсэн профессор байна. Үнэхээр мундаг туршлагатай хүн юм.

300 хуудсанд багтаан стратегийг олонлог (complex) талаас нь хөөж бүлэглэн тодорхойлж. Ингэхдээ Ромчуудыг будаа болгож байсан генерал Ханнибалаас (Phoenician) эхлээд CISCO системс хүртэл бүх л стратегийн түүхийг алдаатай, оноотой нь дэнсэлж.

Над мэтийн аливаа зүйлийг бүлэглэх, хуваах - олонлог талаас нь хөөж ойлгохын эсрэг байдаг - фундаментал байдлаар сэтгэхийг хичээдэг хүмүүст бол уншихад хэцүү л ном юм.

Гэхдээ бодууштай зүйлс ихийг бичжээ.

- Хүн төрлөхтөний сайн сайхны төлөө гэх мэтийн уриа лоозон бол зүгээр л худлаа. Форд Моторзт тухайн үед ажиллаж байсан бүх хар ажилчид "нээх" Америк хүн бүрийг машинтай болгочих гээд ажиллаад байсан гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Зүгээр л стратегич нар гэж өөрийгөө хөөрөгдсөн этгээдүүд тэгэж буруу оношилсон юм. Харин ноён Форд яг үнэндээ асар их мөнгө олох зөв стратегийг л хийж чадсан. Хар ажилчин бол цагийн хөлснийхөө л төлөө ажилласан.

- гээд биччихсэн байх юм даа. Мэдээж эрхэмсэг оршихуйн хүрээнд зорилтуудыг дэвшүүлж, түүнд хүрэх цогц аргачлал буюу стратегийг хэрхэн задлаж, ойлгомжтой гаргах тал дээр мань хүн шиг ойлгомжтой бичсэн ном ховор байх. (хэдийгээр би тэр төрлийн олон номыг уншиж үзээгүй боловч)

Гэхдээ суурь философийн хүрээнд манай зохиолч зоригтой дүгнэлтийг нөгөө талруу хуудас болгон дээрээ хийжээ. Түүний бодол нь миний яг 180 градус эсрэг юм.

Дээхнэ нэг манай монголын философич "хүн зөвхөн өөрийн тусын тулд л ажиллаж, амьдардаг - энэ өөрийн тусын тулд бусдад тодорхой хэмжээнд тус үзүүлэх учиртай байдаг" гэсэн гайхалтай материаллаг дүгнэлттэй их л адилхан сонсогдоод байгаа юм.

Байгууллагынхаа эрхэмсэг оршихуйг ажилтан нэг болгондоо ойлгуулж чадна гэж боддог үе надад байсан. Үнэндээ бол Critical mass нь ухамсарлахад хангалттай бөгөөд хүрэлцээтэй. Байгууллага бол цэцэрлэг биш. Байгууллага бол цэцэрлэг бас мөн. Байгууллагын эрхэмсэг оршихуй нь түүний хүн төрлөхтөнд үзүүлж буй эерэг нөлөөллийн цар хүрээгээр хэмжигддэг.

Facebook-н Zuckerberg тэрнийхээ эрхэмсэг оршихуйг "Facebook's mission is to give people the power to share and make the world more open and connected." гэж тодорхойлсон байна. Гэхдээ анх тэр үүнийг хийж байхдаа ийм зүйл бодоогүй. Нэлээн амжилттай явж байхад нь ч бодоогүй. Харин нэлээн томорсон хойно нь оноосон байгаа юм. Анх бол зүгээр л нэг бацаан байдаг л нэг динамик вэб хуудас хийсэн, юун хүн төрлөхтөнийг хооронд нь холбож гийгүүлэх. Facebook мэтийн хуудас аль 90-ээд онд ч байж л байсан.

Энэ нь үнэхээр Facebook-н бодитой эрхэмсэг оршихуй мөн юм уу эсвэл Rummelt-н хэлсэнээр зүгээр л хий хоосон хөөс юм уу. Түүнийг мэдэхэд их амархан. Facebook дэлхийн дундаж хүнд эерэг нөлөө илүү үзүүлдэг үү эсвэл сөрөг нөлөө үзүүлдэг үү гэсэн асуултанд хариулчихвал болох юм.

Юу ярьж байгаагаа мэдэхгүй байж "юм болгон л хоёр талтай байдаг ш дээ" гэх мэтчилэн худлаа цэцэрхэх хэрэггүй. Ганцхан талтай юм гэж бас байдаг юм. Тэр бол эрхэмсэг оршихуй.

Зөвхөн ойрын 2 жилд өрсөлдөгчөө нам дарж, ахиухан шиг мөнгө хийх гэж байгаа хүнд бол Rumelt-н энэ ном нь ховор олз юм шиг байна. Харин бодит, мөн чанарын тухайд бол их л холуур зөрөв бололтой.

Дараагийн бичлэг дээрээ байгууллагын эрхэмсэг оршихуй, алсын хараа, зорилго, зорилт, стратегийг ойлгомжтой хэлбэрээр тодорхойлж тавина.

No comments: