Friday, March 5, 2021

Монгол хүн гэж хэн бэ? Монгол хүн малчин биш харин стратегич болох нь: философийн эссэ

Монгол хүний таних тэмдэг (identity) гэж юу вэ, эсвэл Монгол хүн гэж хэн бэ гэх мэт эрэл хайгуул байнга явагдаж байдгийг та бүгд мэднэ.

Бүүр хүүхдийг Монгол хүн болгох зорилгоор 1-р ангийн сурах бичигт чөдөр, ногт гэх мэт үгсийг оруулж ирсэн. Одоо хотын хүүхдүүд амьдралдаа хэзээ ч хараагүй Чөдөр гэх үгэнд ордог Ч гэх мэтээр үсэглэлийн баяраа хийдэг болсон нь сурган хүмүүжүүлэх ухаан, онолын бол 100 хувь эсрэг зүйл билээ. 

Дээхнэ нэг эдийн засагч гэх хотын ганган залуу Монгол хүн гэдэг бол мал маллаж хөдөө жаргалтай байдаг хүн юм. Дэлхий даяараа одоо органик, натурал зүйлрүү тэмүүлж байна. Тийм учраас хөдөө жаргалтай байгаа малчдыг хотод оруулж ирж инженер болгох гэж ярих чинь утгагүй байна гэж надад хэлж байсан нь санаанд орж байна.

Энэ мэтчилэн бид Монгол хүнээрээ үлдэх гэж, Монгол хүн байх гэж олон янзаар үзэж байна. 

Эндээс монгол хүн гэдэг нь малчин хүн юм уу. Монгол хүн-Малтай заавал холбоотой ойлголт уу. Мал аж ахуй буюу хүний аж амьдрал - эдийн засгийн нэг хэлбэр нь  монгол хүнийг тодорхойлох уу гэдэг асуудлууд гарч ирдэг. 

Философийн үүднээс бид аливаа үндэстэн, аливаа хүнийг тодорхойлохдоо одоо амьдарч байгаа ахуй (эдийн засаг, аж амьдралын нөхцөл байдлаас аргагүй ахуйн зүйл байж болно), өнгөрсөн үед амьдарч байсан хэлбэр-түүхийг авч үзэхээс илүүтэйгээр. Тухайн хүн, тухайн үндэстний ХҮСЭЛ ЭРМЭЛЗЛИЙГ авч үзэх ёстой. Ингэж байж бид эрүүл философиор сэтгэж эхэлнэ. 

Монгол хүн мал аж ахуй, малчин байдалдаа тийм сэтгэл ханамжтай юм бол яагаад бүх малчид хүүхдээ дээд боловсролтой болгохыг гол зорилгоо болгодог вэ? Монголчууд БОЛОВСРОЛД яагаад ийм ихээр шунан дуралдаг вэ. Хэрэв байгаа байдал нь бүрэн хангалттай юм бол.

Хотод хурдан машин хөлөглөж, интернетэд холбогдсон эдийн засагч, сэтгэгчид Монгол хүн гэдэг үгтэй шууд холбоо үг нь МАЛ ба МАЛ АЖ АХУЙ юмаа гээд тунхаглаад суух нь хэр зохимжтой, хүнлэг асуудал вэ.

Монголчууд нүүдлийн ба мал аж ахуйдаа ханамжтай байсан бол яагаад түүхийн бүхий л үеүдэд хот балгад байгуулах оролдлого хийж, гадаад улсад байлдан дагуулалт явуулж МАЛЧИН биш харин ЖАНЖИД, ЦЭРГҮҮД, ХААД болон хувирахыг эрмэлзэж байсан юм бол?

Товчхон хэлбэл бидний нөгөө хөдөөнөө жаргалтай байх учиртай "малчид" яагаад дандаа БОЛОВСРОЛ, ХӨГЖИЛ ДЭВШИЛД тэмүүлж ирэв.  

Тэгэхээр эндээс хүний суурь хүсэл эрмэлзэл буюу психологи болон философийн мөн чанар (боловсрол, хөгжил дэвшилд тэмүүлдэг, нийгэмд тэмүүлдэг мөн чанар) болоод эдийн засаг ахуйн асуудлыг шавартай зуурч байгаад хольж хутгаж тархиндаа хийсэн хүмүүс бидний оюун санааг төөрөгдүүлж байгааг харж болно.

Мал аж ахуй гэдэг бол ердөө л ахуй. Нарийвчилж хэлбэл нэгэн антропологчийн бичсэнээр энэ дэлхийд хөгжлийнхээ аль нэг шатанд мал маллаж үзээгүй үндэстэн байхгүй гэдэг. Мал аж ахуй бол эдийн засгийн нэг хэлбэр, амь зуух нэг хэлбэр. Хүн аргагүй нөхцөл байдлаас болж амь зуухын тулд биеэ үнэлж болно. Гэтэл тэр хүн өндөр боловсролтой, өөр хүсэл тэмүүлэлтэй байж болно. Хүн гэдэг амьтны хувьд түүний ахуй буюу амьдрах арга хэлбэр - түүний хүсэл мөрөөдөл хоёр давхцах ямар ч албагүй. Энийг л эдийн засагч нэртэй нөхдүүд сайтар ойлгоогүй хэрэг. 

Хүн бол эдийн засгийн амьтнаас гадна бас философийн амьтан гэдгийг бүү март. 

15 жилийн өмнө би гудамжинд нэг америк эмэгтэй зүг чиг асууж байхтай таарч түүнд газарчилсан юм. 5 минутын хугацаанд би юу хийж байгааг нь асуухад - тэрбээр "Хөдөө аймгийг тэр чигээр нь хадгалах төсөлд оролцож байгаа, монголчууд та нар энэ малчин ахуйгаа хэвээр нь үлдээх хэрэгтэй" гэх утгатай зүйл ярив. Би хариуд нь "хүн хөгжил дэвшилд тэмүүлэх түүний философийн суурь мөн чанар нь хязгааргүй. Гэтэл та энэний эсрэг юм хийгээд цагаа үрж энд явах гэж. Тэр малчин залууг амьдаараа музей болох уу эсвэл Нью Йоркод очиж спорт машин унасан инженер болох уу гэсэн сонголт өмнө нь тавибал яах бол доо." гэж хэлэхэд минь түүний царай хувьсхийж салах ёс ч гүйцэтгэлгүй цаашаа хурдан хурдан алхан одож билээ.  

Чингис хаан малчин ахуйдаа ханамжтай байсан бол өөр ахуй бий болгох гэж байлдан дагуулалт хийх байсан гэж үү. 

Эндээс бид Монгол хүний таних тэмдэг дээр арай өөр, арай философилог тодорхойлолт гаргаж ирэх хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой болно.

Еврей хүн худалдаачин. Япон хүн уйгагүй. Герман хүн чамбай. Энд тариа тарьдаг, мал малладаг гэж ахуйн төвшинд яригдахгүй байгааг фундаментал сургуулийн сэтгэгч шавь харж байгаа биз ээ. Энд арай гүнзгий юм яриад байна.

Еврей хүүхэд багаасаа худалдаачин болж өсдөг учраас дэлхийн худалдаа, бизнес, шинжлэх ухаанд өндөр амжилт олдог. Худалдаачин гэдэг бол мал малладаг гэдгээс илүү суурь ойлголт. Худалдаачин гэдэг нь ахуйгаас гадна тухайн хүний ерөнцийг үзэх үзэл, ажил төрөл гүйцэтгэх хандлагыг нь ярьж байгаа хэрэг гэдгийг тодруулж хэлье.

Тэгвэл монгол хүн хэн болоод байна вэ? Хэлсэн үгэндээ хүрдэггүй, нухацтай боддоггүй, худлаа ярьдаг, багаар ажиллаж чаддаггүй, өрөвдөх сэтгэлгүй гэх мэтээр олон улсад танигдаж байх шиг.

800 жилийн өмнөх монгол хүн хэн байсан бэ?

Монголчуудын амжилтын нууцыг судалж, тагнахаар ирсэн П.Карпини бичжээ "Монголчууд үнэн хэрэгтээ бие жижиг, бяд муутай. Тэдний зэвсэг ч хурц биш. Гол нууц нь тэдний стратеги, зохион байгуулалт, сахилга бат юм" гэжээ. 

Өнгөц харахад ойлгомжгүй мэт боловч бодолхийж үзвэл энэнээс илүү тодорхой зүйл гэж үгүй.

Монгол хүн 800 жилийн өмнө СТРАТЕГИЧ байсан учраас дэлхийг байлдан дагуулжээ. Монгол хүний зэвсэг нь түүний гарт нь биш харин оюун ухаан, философид нь байж. Гэтэл түүхчид үүнийг нь ойлгохгүй морь нь тэсвэртэй, нум сум нь хурц гэх мэтээр эргүүтүүлж бодит материаллаг зүйлд бидний анхаарлыг хандуулаад байж.

ХУДАЛДААЧИН, УЙГАГҮЙ, ЧАМБАЙ үндэстнийг бид яаж дийлэх вэ. Мал аж ахуйгаар дийлэх үү. Эсвэл СТРАТЕГИЧ хандлагаар дийлэх үү. Яаж энэ ядарсан 3 сая иргэнээ дэлхийд өндөр хөгжилтэй баян цатгалан хүмүүс болгох вэ. 

ЯАЖ ЯАЖ ЯАЖ гэсэн асуулт асуугдаж байна. Яаж гэдэг асуултанд өгдөг хариултын менежментийн шинжлэх ухаанд СТРАТЕГИ гэж заадаг. 

Тэгэхээр Монгол хүүхдийг Стратегич болгож бэлтгэдэг Боловсролын Систем бидэнд хэрэгтэй. Тоо, хэл, уран зохиол бол зэвсэг. Малчин хүнд бол амьдралд хэрэглэгдэхгүй хоосон хог мэдээлэл. Стратегич хүнд бол дэлхийд өрсөлдөх компаниуд байгуулах, шинжлэх ухааны нээлт хийх ЗЭВСЭГ болой.