Monday, May 25, 2015

IQ vs EQ: round one: Боловсролын реформ 7


Дастин Хофман болон Том Круз нарын Рэйнмэн киног бид мэднэ. Энд маш өндөр оюуны чадвартай (IQ) аутизмтай залуу, түүний ах хоёрын тухай гардаг. Аутизмтай залуу хүнтэй огт харилцах чадваргүй боловч маш өндөр оюуны чадвартай.



Маш хүнд бодлого өгөхөд л хариуг нь тэр дор гаргах. Эсвэл маш олон дараалал комбинацыг төвөггүй цээжлэх гэх мэт тархины чадвар нь IQ юм. Үүнийг оюуны чадвар гэж орчуулж болох юм.

Харин эрдэмтэд сүүлийн үед EQ (Emotional Intelligence) буюу Харилцааны чадварт ихээхэн анхаарлаа хандуулж буй. Энэ нь бас л нэг тархины чадвахи юм.



Харвардын эрдэмтэд Америкийн топ компаниудыг судлаж үзээд амжилтын 75-аас дээш хувийг EQ харин ердөө 25 хүрэхгүй хувийг IQ бүрдүүлж байгааг тогтоогоод буй.

Тухайлбал 1920 оны үед Америкийн сэтгэлзүйч нар тухайн үеийн математик, физикийн болон бусад олимпиадын аварга, тэргүүлэгч сурагчид, болон дундаж сурлагатай хүүхдүүдээс бүрдсэн ажиглалтын бүлэг бий болгожээ. Эдгээр сурагчдыг оюутан, ажилтан, нас тогтсон хүмүүс хүртэл нь дагаж судласан байна. Сонирхолтой нь нөгөө мундаг аваргууд болон дундаж хүүхдүүдийн хооронд амжилтын ямар ч ялгаа гарсангүй.

Бид ч гэсэн мундаг сурлагатай, мундаг олимпиадын аварга хүүхдүүдийг цаашид байнга л манлайлах мэт сэтгэдэг. Гэвч амьдрал дээр тийм биш байдаг билээ.

Мундаг сурлагатай, олимпиадын аварга байна гэдэг нь IQ өндөртэй байна гэсэн үг. Гэтэл энэ амжилтыг тайлбарлаж чадсангүй. Тийм ч учраас 1950 оноос Америкийн сэтгэл зүйч нар өөр факторыг хайж эхэлсэн байдаг. Тэгээд EQ-г нээжээ.

EQ гэдэгт хүний сэтгэл зүй болон харилцааны олон үзүүлэлт орно. Тухайлбал.
- Бусдыг таньж ойлгох
- Өөрийгөө мэдэж хянах
- Зорилго чиглэлтэй байх
- Сэтгэлийн хатуужилтай байх
- Аливаа зүйлд эерэг хандах
- Багийн сайн гишүүн байх
- Бусдад хэрэгтэй зүйлс хийж бүтээх эрмэлзэл гэх мэт бүтээмжийн олон үзүүлэлт багтдаг.

2008 онд Монгол улс олимпийн анхны алтан медал авахад би ТВ үзэж байв. Түвшинбаяр хэмээх тэр залуугийн сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг нь гайхаж байлаа. Өмнө нь ТВ-р дэлхийн чанартай тэмцээн үзэхэд манай тамирчдын царайнаас дандаа л нэг бол айж сандарсан, эсвэл яарсан, үгүй бол уурласан дүр харагддаг байсан бол Түвшинбаяр огт өөр хүн байв.

Монголд олимпийн аварга болох бие хаатай залуус олон бий. (IQ гэж үзье) Гэтэл хичнээн нь тэр заяагдмал нөөцөө эрч хүч, эерэг хандлага, тэсвэр хатуужил, зорилго чиглэлээр баяжуулж амжилтад хүрч чаддаг вэ.

Яг үүнтэй л адил тархины өндөр чадвартай (IQ) залуус зөндөө л байдаг. Гэтэл дундаж тархины чадвартай залуу гарч ирээд цахиур хагалдаг нь ердөө өндөр EQ-тэй нь холбоотой.

Улс орон хүчирхэг байхын тулд Эдийн засаг баялаг бүтээдэг байх ёстой.

Эдийн засаг баялаг бүтээдэг байхын тулд Компаниуд өндөр бүтээмжтэй ажилладаг байх ёстой.

Гэтэл өнөөдөр Монголын компани бүрийн захирлуудын толгойны өвчин нь Хүний нөөц болоод байна.

Бүтээмж муутай хүний нөөцөөр хол явахгүй. Тийм учраас л Монголд улсад гаргаад заръя нүүрснээс өөр юм алга. Нүүрсийг ямар бид хийсэн биш байгал эхийн хишиг.

Хүний нөөцийн үндсэн асуудал нь EQ л байдаг. Тархи толгой нь мундаг ажилладаг залуус монголд зөндөө л байдаг. Харин мундаг харилцдаг залуусыг хайгаад хайгаад олохгүй.

Үг хэлнэ, ойлгохгүй. Өөрийн бодсоноо илэрхийлж чадахгүй. Хүний нүдрүү эгц хараад зөв ойлголт өгч чадахгүй. Ийм л хүний нөөцийг манай боловсролын систем мянга мянгаар нь үйлдвэрлэн гаргаж байгаа.

Манай дунд сургуульд хэлж бичүүлж, тоо бодуулж, ангилал зүй цээжлүүлээд гаргаж байна. Өөрөөр хэлбэл IQ хөгжүүлэлт хийхээс биш EQ хөгжүүлэлт огт хийгддэггүй. Их дээд сургууль мөн адил.

Амжилтын ердөө 25 хувийн хүчин зүйл дээр суурилсан 1950 оны хоцрогдсон боловсролын системээр бид хол явахгүй ээ.

Харин бид цоо шинэ систем гаргаж амжилтын 75 хувь дээр суурилсан боловсролын системтэй болох ёстой. Сэтгэл зүйн хувьд Түвшинбаяр шиг хатуужилтай, Стив Жобс шиг эрч хүчтэй, Элбэгдорж шиг уран таниулдаг, Энхболд шиг сонсож чаддаг, Ганбаатар шиг шаргуу, Билл Гэйтс шиг тусч тийм хүмүүсийг бэлтгэе.

Логарифм яаж хувиргадагийг 5 минутанд Хан Академиас сурдаг тийм цаг үед бид амьдарч байна. Сэрцгээе нөхдөө.

Thursday, May 21, 2015

Магадлалын онол - Гранд сэтгэлгээ

Дээхнэ нэг уншигч Магадлалын онолын талаар бичээч гэсэн хүсэлт гаргаж билээ. Түүнээс хойш хэдэн жил өнгөрчээ.

Надад харин одоо бичих нэг оригинал өнцөг гарч ирлээ.

Дилер хүн огт арилжаа хийдэггүй бол тэр дилер биш. Алдсан ч, оносон ч зориглоод арилжаа хийж байж л дилер байж чадна.

Надад учир нь олддоггүй хэд хэдэн асуултууд бий. Тухайлбал 800 жилийн өмнөх хүн төрлөхтөний түүхэнд өмнө нь тохиож байгаагүй үсрэлт. Хэрхэн эргээд анх эхэлсэн цэгтээ очсон хийгээд одоо дэлхийд хөгжлөөрөө адагт байгаа асуудал.

Би сүүлийн хэдэн сар лекц унших бүртээ асууж байгаа. "50 жилийн дотор Монгол Америкийг хөгжлөөрөө гүйцэж чадах уу."

Хариулт нь бараг бүхэлдээ "Үгүй."

Магадлалын онолын философийн нэг өнцөг энд нуугдаж байгаа юм.

Хэрэв чи өөрийнхөө хүүхдийн Нобелийн шагналтан болох магадлалыг "Үгүй буюу Тэг" гэж хариулвал тэр магадлал үүрд 0 байх болно. Баяр хүргэе. Дөнгөж сая та өөрийнхөө хүүхдийн Нобелийн шагналтан болохгүй гэдгийг нь баталгаажуулчихлаа. Сэтгэлгээгээрээ. Магадлалын онолыг ойлгодоггүйгээсээ болоод.

Гайхалтай нь 0 магадлал гэдэг нь ердөө хүний сэтгэлд оршихоос биш ертөнцөд 0 магадлал гэж байдаггүй. Тухайлбал квант физикийн онолоор электроний байршил, өгөгдсөн мөчид ертөнцийн хаана ч байж болно. Төсөөлөөд үз дээ. Хаана ч байх магадлалтай.

Яг үүнтэй адилаар Монгол улс Америкийг 50 жилийн дотор цохих, таны хүүхэд Нобелийн шагналтан болох магадлал нь 0-ээс дандаа их байна. Таны төсөөлөлд 0 байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ бодит байдал дээр тийм биш.

Магадлал 0.1% (1000-д 1 гэсэн үг) буюу өчүүхэн байна гэж үзье. Үүний дараа магадлалын философийн өнцөг гарч ирж байгаа юм.

0.1 магадлалыг 1 болгох, цаашлаад 5, 10, 25 болгож өсгөх боломжтой юу. Боломжтой.

Хүүхдэдээ багаас нь ютюбээр хог нэгээрээ байгаа шинжлэх ухааны видео үзүүлье. Магадлал 0.1-ээс шууд 1 хувь болж өсч байна. Үүнтэй адилаар боловсролын сектортоо реформ хийе. Монгол улс Америкийг цохих магадлал 0.1-ээс шууд 5 болж өснө.

1206 онд Монгол улс боловсрол үгүй, цэрэг зэвсэг үгүй, гол нь технологигүй байв. Харин Хятад дэлхийн хамгийн том гүрэн байв. "Дайны урлаг" нэртэй бестселлэр ном гараад шуугиулж байсан цаг. Дарь гаргаад их буугаар байлдах шахуу байсан цаг л даа.

Тэмүүжин хүү үүнийг мэдэхгүй байв уу. Үгүй. Монголчууд энэ том ялгааг мэдэхийн дээдээр мэдэж байв. Гэхдээ Тэмүүжин болон Чингисийн Монголчууд одоогийн бядан шиг магадлалыг ТЭГЛЭЭГҮЙ юм.

Биднээс хамаагүй бага мэдлэгтэй боловч хавьгүй илүү боловсорсон байжээ.

Лалын шашинтай хүн гэрт нь орж ирсэн өстөн дайснаа дээд зэргээр хүндлээд, зочлоод гаргадаг. Чингис хаан шууд л Хятадаас философичид, төрчдийг урьж залан, хүндэтгэн сонсож байв. Мэдлэгийг тэгэж үнэлдэг байв. Тэрнээс биш Хятадуудыг үзэн ядах сэтгэл Чингисд байсангүй. Ийм л гранд сэтгэдэг, гранд боловсролтой хүн байж.

Шоогоо шидэхгүй бол юу ч тохиолдохгүй гэдгийг би чамд батлая. Харин шидээд үз ямар нэг зүйл тохиолдох л болно. Гайхалтай зүйл байж ч магадгүй.

Tuesday, May 19, 2015

Хэл, мал, оюуны террорист


Саяхандаа, Монгол хэлний тухай хууль баталцгаасан. Тэгээд тэр хуулинд нь ийм нэг заалт байдаг юм.

6.3.Төрөөс олгосон зөвшөөрлийн дагуу гадаад хэлээр сургалт явуулдаг болон гадаад хэл заах тусгай зөвшөөрөл бүхий ерөнхий боловсролын сургуулиас бусад ерөнхий боловсролын сургуульд гадаад хэлийг тавдугаар ангиас эхлэн зааж болно.

Ер нь бол 5-р ангиас өмнө гадаад хэл заахгүй шүү, тусгай зөвшөөрөлгүй бол, гэсэн логиктой заалт юм л даа. Энэ логикийн цаана нь эх хэлээ хадгалж үлдэх гэсэн мэдлэггүй, гэнэхэн санаа байгаа юм.

Харамсалтай нь эдийн засгийн болон өрсөлдөх чадвар, цаашлаад Монгол хүний потенциалыг олж харсангүй. Философийн хувьд ч тэр асар том алдаатай сэтгэжээ.

Алийн болгон ингэж мэдлэггүй хүмүүс, гэнэн, нэг сонсоход зөв ч юм шиг, нөгөө бодлын буруу ч юм шиг бодрол дээрээ үндэслэн энэ улсыг хөтлөхөв дээ.

Дэлхийн Эдийн Засгийн Форумын вэбсайт дээр саяхан дараах нийтлэл гарчээ.
"2 хэл сурах нь Тархины физик бүтцийг өөрчилж, сэтгэн бодох чадварыг дээшлүүлж, элдэв өвчлөлд өртөх магадлалыг бууруулж байгаа нь бидний судлагаагаар нотлогдлоо" Christos Pliatsikas is a Lecturer in Cognitive Psychology at University of Kent.

Мөн орчин үеийн шинжлэх ухаанд хүний тархи 20 нас хүрээд шинэ зүйл хүлээж авах чадвар нь айхтар саардаг тухай нотлож буй.

За шинжлэх ухаанд итгэдэггүй өөр зүйл шүтдэг хүмүүст энэ ч сонин байв л гэж.

Харин дээрх ухвар мөчид хуулийн заалт нь философийн хувьд ноцтой үр дагавартай. Тухайлбал 5-р анги хүртлээ Монгол хэлнээс өөр хэл сурч болохгүй гэдэг санаа нь цаанаа Монгол хүүхдийн оюун ухааны чадамж нь нэгээс илүү хэл сурах боломжгүй гэсэн логикийг агуулж байгаа юм.

Өөрөөр хэлбэл дэлхий даяараа 10 настайдаа 5, 6 хэлээр ярьж сурч болоод байгаа энэ эрин үед Монгол хүүхдийн оюуны чадамжийг ингэж өчүүхнээр гутаасан хэрэг. Үүнийгээ өөрсдийн хамаатан садны Америкт амьдардаг эсвэл Орос сургууль төгссөн Монгол хэл ч үгүй, Англи хэл ч үгүй болсон хүүхдүүдээр жишээ татаж зөвтгөдөг. Энэ зөв үү. Тэр хүүхдүүдэд Монгол хэлийг нь Англи хэлтэй нь зөв хослуулж заасан бол тийм болох байсан гэж үү. Нэг хойшоо суугаад бодооч. Бодит байдал чиний харж байгаа шиг гэж үү.

Бас нөгөө талаас дунд сургуулийн багш нар тэртэй тэргүй одоо 5-р анги хүртэл гадаад хэл заадаггүй ш дээ. Тийм байхад Ганзориг чи юундаа сүржигнэнэ вэ гэж хэлдэг. Үнэн, харин тийм учраас Монгол улс дэлхийд мэдлэг боловсролоороо 100-с хойгуур байранд жагсаж байгаа юм. Тэгэж гадаад хэл сурах явдлыг нь хойшлуулж ирсэн, одоо бүүр хуульчилаад өгчихөөр Монгол хүн үүрд дэлхийд хойгуур явахыг нь Монгол УИХ-н гишүүд бататгаж өгч байгаа юм.

Би харин энд өөр юм яриад байна. 5-р анги гэхдээ 2, 12 төгсөхдөө 3 хэлтэй хүмүүс төгсгөж байж бид дэлхийд өрсөлдөх тухай ярина. Монгол хүн дэлхийд өрсөлдөж чадна. 800 жилийн өмнө Монгол хүн дэлхийд өрсөлдөж чадсан. Харин одоо Монгол хэл дээр ямар ч мэдлэг алга байна. Тэр мэдлэгийг гадаад хэлээр олж авах асуудлын тухай би ярьж байна. Монгол үндэстэн мандан бадрахын учир шалтгаан нь Монгол хүний толгой доторх мэдлэг байх болохоос биш толгой доторх Монгол бичиг нь биш. Тэгээд ч тэр бичиг чинь өөрөө харийн гаралтай юм. Монгол бичигээр хичнээн мэдлэг, оюун ухаан дэлхийд байгааг бод.

Saturday, May 16, 2015

Макро, микро ертөнц


"The dinosaurs never saw that asteroid coming, what is our excuse?" Neil Tyson


Олон сая жилийн өмнө 5-10 орчим км диаметртэй солир дэлхийг мөргөснөөс динозаврын эрин үе дууссан. Өнөөдрийн дэлхий дээрх амьд ертөнцийг сүйрүүлэхэд ердөө 3-10 км диаметртэй солир байхад хангалттай гэж үздэг. Хангалттай урт хугацаанд аваад үзвэл ийм зүйл тохиолдож л таарна. (Anything can happen, will happen. Murphy's law)

Маш өндөр боловсролтой гэж хэлэхээр хүмүүс "хөгжил дэвшил хэрэггүй, Монголчуудын уламжлалт нүүдэлчин ахуй бол хамгийн байгал дэлхийд ээлтэй. Хүн төрлөхтөн ийм маягаар амьдрах нь зөв." гэх маягаар ярихыг, яагаад ч юм, сүүлийг үед хэд хэд сонсов.

Дэлхий агаар мандал дотор бол үнэхээр хүн төрлөхтөн байгал дэлхийг зэрэмдэглэж байна.

Дэлхийгээс гадагш макро ертөнц гэж үзвэл бидэнд түүний талаар бүрэн ойлголт алга л байна. Динозавруудаас бид үнэндээ ялгаагүй шахуу л байцгаана.

Бидэнд хоёр сонголт байна, динозавр шиг амьдраад хэзээ нэгэн цагт солирт цохиулж мөхөх. Эсвэл мэдлэгийн хязгаарыг нэвтэлж амьтанаас ялгаатай амьтан гэдгээ нотлох.

Өмнө нь бид жимс түүж, ан агнаж, ус бохирдуулж амьдарч ирсэн. Бид харин одоо цаашаа дахиад хэд хэд алхаж газар ухаж, утаа гаргаж агаар ус бохирдуулж, амьтадын орон зайг шахаж байгаа.

Нэг талаас Бид орон зай цаг хугацааг эзэмдэж амжилгүй дэлхийгээ сүйрүүлчихвэл бас л сүйрэх хувь тавилантай. Гэтэл нөгөө талаас бид хөгжиж дэвжихгүй бол гэнэт нэг өдөр л бас сүйрнэ.

Тэгэхээр асуудлын гол нь сонголт биш гэж би бодох юм. Хүн гэж амьтаны үндсэн дизайн нь мэдлэгийн хязгаарыг нэвтлэх хязгааргүй хүсэл тэмүүлэл нь байх. Түүний эсрэг ямар ч ухаантай юу ч гэж яриад нэмэргүй байх. Энэ нь хүн гэж амьтаны философийн шалтгаан нь.

Яг л Оюу Толгой, Таван Толгойн ордны эдийн засгийн шалтгааны эсрэг хэн ч юу ч гэж бураад энэ хоёр ордыг зогсоож чадахгүйтэй адил. Энэ хоёр орд явж л таарна. Дунд нь саад хийж болно л доо. Гэхдээ л явж л таарна. Учир нь эдийн засгийн учир шалтгаан бол хэн нэгэн хүнээс хүчтэй шүү дээ.

Тэгэхээр хүн гэж амьтаны хөгжих дэвжих хүсэл эрмэлзэлийн эсрэг хэн нэгэн номлогч юу ч яриад яагаад ч нэмэргүй байхаа.

Тэгэхээр асуудал үндсэндээ цэвэр эдийн засгийн нөөцийн асуудал болж хувирч байгаа юм.

Хүн сансрын уудмыг эзэмдэхүйц технологийн дэвшилд хүрч амжихаасаа өмнө, "дэлхий дээрх нөөцөө" барчих юм биш биз? Энэ яг л барилгын инженер 11 сард хүйтрэхээс өмнө цутгалтаа хийж амжих уу гэдэгтэй ижил төлөвлөлтийн асуудал юм.

Бид одоо дэлхийг энергийн төлөө сүйрүүлж байгаа. Гэрэл цахилгаан машин тэрэг гээд л. Гэтэл энэ энерги чинь сансраар дүүрэн огт үнэгүй байж л байна. Заавал нүүрс тос түлээд байх хэрэггүй.

Мал маллаж үзээгүй үндэстэн энэ дэлхийн түүхэнд бараг байхгүй дээ. За тэрэн дундаасаа бэлчээрийн мал аж ахуй хийж үзээгүй нь бүүр ч байхгүй. Гэтэл бид бэлчээрийн мал аж ахуйгаа өөрсдийн давуу тал гэж яриад байдаг нь ямар учиртай юм бол?

Tuesday, May 5, 2015

Фундаментал сэтгэлгээ: Мөн Чанар, Шинж Чанар


Хэд хоногийн өмнө нэг залуу надаас "Зориг гэж юу юм бэ" гэж асуув. Хариуд нь.

"Зориг гэж сэтгэл зүйн зан, төлөв байхгүй. Зориг бол харин Зорилгын илрэл юм. Зориг бол шинж чанар. Зорилготой хүн бүр зоригтой байдаг. Зорилготой хүн зоримог үйлдэл хийдэг, үүнийг нь хүмүүс хараад зоригтой хүн байна гэж дүгнэдэг юм." гэв.

Бид бусдад таалагдах 5 арга, уран илтгэх 4 зарчим, борлуулалтын 9 дүрэм гэх мэт ангилал зүйд толгойгоо эргүүлдэг. Энэ бол суурь нэг мөн чанарын 5, 4, 9 илрэл буюу шинж чанарууд юм. Яг л зориг бол зорилгын илрэл гэдэгтэй адил.

Шинж чанаруудад хууртаж, шинж чанараар хөөцөлдвөл бид мухардалд орно. Харин мөн чанарыг олж харж чадвал бид мухардлаас амархан гарна.

Би энд уран илтгэх тухай бичье гэж бодлоо.

Олон хүмүүсийн өмнө ярина гэдэг, бүүр ямар нэг ойлголт тайлбарлаж ойлгуулна гэдэг бол маш хэцүү. Ихэнх хүмүүсийн хувьд хэцүү. Бид уран илтгэх курст явж eye contact, project your voice, prepare points гэх мэт олон зүйлсийг сурч болно. Гэхдээ уран илтгэгч хүнээс анзаарагддаг эдгээр шинж чанарууд биднийг төгс илтгэгч болгохгүй.

Төгс илтгэл, төгс илтгэгч гэж хэн бэ.

Юуны өмнө авах өгөхийн талаар дурдах хэрэгтэй. Олон хүний өмнө ямар нэг зүйл өгөхөөр очиж байна уу, эсвэл авахаар (нэр алдар олох гм) очиж байна уу гэдгээс их зүйл шалтгаална.

Хүн хүмүүсээс ямар нэг зүйл хулгайлахаар очихдоо ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ярьж чадах уу. Эсвэл хүн хүмүүст ямар нэг зүйлийг өгөхөөр очихдоо ЧИН СЭТГЭЛЭЭСЭЭ ярьдаг уу.

Би маш олон презентаци хардаг. Эрээлжилсэн жижигхэн фонттой, утга агуулга муутай дүрс зурагтай ппт элбэг тохиолддог. Хүмүүст тод дүрс зурагтай, том фонттой презентаци тавихад хэлэх гэж буй санаа нь илүү ойлгомжтой бууна гэдгийг ойлгохын тулд уран илтгэлийн курст суух ёстой юу? Эсвэл ЧИН СЭТГЭЛ байхад хангалттай юу.

Хүмүүсээс авах гэж очиж буй хүн амархаан бууж өгнө. Хүмүүст өгөх гэж очиж байгаа хүн харин заавал өгч байж л сална. Өгөхийн тулд чанга дуугаар ярьж, презентацийн фонтоо тодруулж, танхимд буй бүх хүнтэй ай-контакт үүсгэж, чин сэтгэлээсээ байж чадна. Үүнийг ойлгохын тулд ямар ч курст уншиж ямар ч ном унших хэрэггүй.

Бид шинж чанарын дунд төөрөлдөж, хийж буй зүйлийнхээ мөн чанарыг мартах нь элбэг. Бид бусдын өмнө яриа, танилцуулга хийхдээ өгөх гэж очиж буйгаа мартдаг. Бид намайг юу гэж бодох бол, би яах бол, тэр яах бол гэж шал дэмий зүйл боддог. Чамайг юу гэж бодох чинь чамд хамаагүй, өдрийн эцэст чи сонсогч нарт ямар нэг мэдлэг, ямар нэг зөв ойлголт өгч чадсан уу үгүй юу гэдгээр л амьдрал чинь хэмжигдэнэ.
 
Чи өгөхөөр очиж байгаагаа ухамсарлаж чадвал ЧИН СЭТГЭЛ өөрөө урган гарч, чи шилдэг илтгэгч болно, чиний илтгэл шилдэг илтгэл байх болно.

Monday, May 4, 2015

Сэтгэл зүйн гаж дон


Сэтгэл зүйчид сүүлийн үед хүний автомат тархи ба ухаалаг тархи хоёрын талаар их ярих болсон. Энэ яриа уг нь тийм ч сүүлийн үеийн зүйл ч бас биш. Бүүр 2500 жилийн өмнөөс Грекчүүд хүний 4 темпраментийг (мэлийхойлог гм) гаргаж ирж байсан бол 100 жилийн өмнө Зигмунд далд ухамсарын тухай онолдсон.

1950-иад оноос эхлээд эдийн засгийн уламжлалт онолууд хүчтэй цохилтууд амсаж эхэлсэн. Бодит бараа таваарын, бодит логистикийг голдуу авч үзсэн болхидуу онолууд орчин үеийн глобал санхүүгийн зах зээлийн шинэ парадигмийг тайлбарлаж чадахгүй байсан хэрэг.

Ялангуяа эдийн засаг дахь хүний сэтгэл зүйн факторыг тооцож чадсангүй.

Хүнийг дандаа Рационал (Ухаалаг зөв шийдвэр гаргагч) гэж таамаглаж онолууд гарч байв. Харамсалтай нь АНУ-н төв банкийг 17 жил удирдсан алдар А.Грийнспан "Irrational Exuberance" хэмээн уулга алдаж хүнийг үнэн хэрэгтээ Иррационал (Ухаалаг бус) болохыг нь тунхагласан хэрэг.

Ямар сайндаа л Сэтгэл зүйч хүн Эдийн засгаар Нобелийн шагнал авч байхав.

Хэрэглээний сэтгэл зүй, Хэрэглээний санхүү (Behavioral Finance), Эдийн засгийн сэтгэл зүй   (Behavioral Economy) гэх мэт шинэ ухаанууд гэнэт хүчийг авав. Жишээ нь уламжлалт макро эдийн засгийн онолд Эрэлт Нийлүүлэлтийн хууль гэж байх бөгөөд үнэ өсвөл эрэлт буудаг, үнэ унавал эрэлт өсөх хуулийн тухай номлодог. Харамсалтай нь зарим бүтээгдэхүүний хувьд үнэ өсөхөд эрэлт өсөөд, үнэ буухад эрэлт буудаг зүй тогтол байна.

Гэх мэтчилэн хүний Рационал ба Иррационал талуудыг тайлбарлаж, бодит амьдралд маш олон туршилт хийж үзээд байна.

Бидний амьдралын 95 хувийг Автомат тархи буюу Иррационал тархи маань удирддаг гэсэн дүгнэлт хүртэл гаргаж амжив. Аймаар дүгнэлт шүү.

Автомат тархи бол уг нь эдийн засгийн шийдвэр гаргахад зориулагдаагүй. Амиа авархад буюу байгал эхтэй харилцахад зориулсан, асар богино хугацаанд хариу үйлдэл үзүүлэгч тархи юм.

Хэрхэн тэтгэвэрийн хөгшинд 5 саяын үнэтэй тоос сорогч шахаж чадаад байна вэ. Үүний хариулт бол борлуулалтыг Автомат тархинд хийж байгаатай холбогдоно. Рационал тархи бол хэзээ ч ийм шийдвэр гаргахгүй л дээ.

Рационал тархи бол эдийн засгийн шийдвэр гаргаж, бизнес удирдаж, хурал даргалж байвал зохилтой тархи билээ.

Гэвч бизнес уулзалтууд дээр бид хэчнээн удаа нэг нэгнийхээ илт дургүйцсэн царайг хардаг билээ. Энэ бол автомат тархи. Уг нь рационал тархи жаахан тэсвэртэй байж чадна л даа.

Өөр хаа нэгтээ хэн нэгэн илүү ойлгомжтой тодорхойлсон байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ надад дараах санаа байна.

Хүний автомат тархи бол рефлекс юм. Жишээ нь ойд явж байтал гэнэт Бар гарч ирлээ. Энэ хооронд рационал тархи бодож, тунгааж, дүгнэж байхыг нь хүлээгээд хүн зогсч байж таарахгүй. Огт юу ч бодохгүй, автоматаар л үйлдэл хийж таарна. Энэ бол бидэнд байгалаас заяасан бэлэг юм.

Харин нийгмийн харилцаанд ч гэсэн бидний автомат тархи ажилласаар л байна. Автомат тархи төрөлхийн зөн (амиа аврах)гөөс гадна бас зуршилийг өөртөө агуулдаг бололтой.

Зуршил бол хүнтэй цуг төрсөн байгалийн өгөгдөл биш харин олон удаа давтсаар суусан зүйл. Тамхи татах бол хүний физиологийн зуршил (сайн ухвал сэтгэл зүйн болж таарна л даа) гэж үзвэл хүнд ямар ямар сэтгэл зүйн зуршил байна вэ.

Хүмүүс өөрт нь таалагдахгүй зүйл ярих бүрт чангаар буруушаах зуршил байж болно. Эсвэл хурал дээр өөр хүний ярьж буй зүйлийг үл ойшоож буйгаа нүүрний хөдөлгөөнөөр илэрхийлдэг буруу зуршил байж болно. Бүүр үнэтэй л бол чанартай гэж бодох нь ч өөрөө зуршил л юм.

Рационал тархийг авч үзье. Надад таалагдахгүй зүйлийг хүн ярихад би буруушааж өөртөө дайсан бэлтгэх хэрэггүй. Хүний ярьж буй зүйлийг би анхааралтай сонсож байж (ядаж дүр эсгэж) тэр хүний хүндлэлийг авах болохоос биш өөдөөс нь нүүр амаа янз янз болгох хэрэггүй. Ер нь бол үнэ нь өртөгтэй нь маш ойрхон зүйл л чанартай шүү дээ.

Харж байна уу.

Хоёр тархи огт өөрөөр сэтгэж, өөрөөр авирлаж байна.

Зуршил суудаг. Буруу зуршил хортой. Буруу зуршлийг тамхиа хаяхтай адил хаяж чаддаг байх ёстой.

Зуршил дандаа үнэн дүр төрхийн эсрэг байдаг. Жишээ нь хүмүүст тус хүргэх сэдэлтэй, хүмүүсийг хайрладаг суурь бодолтой хүн байя. Гэтэл сэтгэл зүйн буруу зуршлаасаа болоод дандаа хүмүүсийг гомдоож явдаг байж болно.

Зохиолч Марк Твэйн "Хүн ядаж 7 хоногт 1 удаа боддог бол" гэж дуу алдсан гэдэг. Санаа нь рационал тархиа хүн хааяа ч гэсэн ажиллуулж бодит байдалд бодитой үнэлэлт дүгнэлт өгч байх хэрэгтэй юм.

Бид амьдралынхаа 95 хувийг сэтгэл зүйн буруу зуршлаараа удирдаад яваад байгаа юм биш биз?

Амьтанд байдаг, амиа аврахад зориулагдсан Автомат тархи маань хүний нийгмийн мэдлэг, бодолт шаардсан үйлдлүүдийг удирдахад хүрэлцэхгүй байгаа юм биш биз?

Зуршил буруу бас зөв байж болно.

Сэтгэл зүйн зөв зуршлийг автомат тархиндаа суулгаж болно. Ингэхийн тулд бид мэдлэгээ зузаалж, Рационал тархиараа Автомат тархиа удирдаж, түүндээ сэтгэл зүйн зөв зуршлуудыг суулгаж сурах хэрэгтэй юм.