Showing posts with label Management. Show all posts
Showing posts with label Management. Show all posts

Sunday, December 25, 2011

Эрхэмсэг оршихуй IV

Компани, ер нь байгууллага гэж юм анх яах гэж үүссэн, түүний мөн чанарын талаар өмнө нь бичсэн.

Эрхэм зорилго (буруу орчуулсан -mission statement), Алсын хараа (vision), Зорилго, Стратеги гэх мэт ойлголтууд аливаа байгууллагын суурь ойлголт болон гарч ирдэг.

Гэхдээ эдгээр ойлголтуудыг бүрэн төгс ухамсарладаг хүн бий билүү.

Эдгээрийг хэн нэгэн "ухаантан" анх томъёолоод цаашид мартаж орхидог. Түүнээс хойш Жилийн тайлангийнхаа нүүрэн дээр тавих төдийд хэлбэрддэг. Тэнд ажиллаж байгаа гүйцэтгэх захирал, дэд захирал, компанийн эзэн, албан тушаалтан, шинээр ажилд орж буй шинэков - хэн нь ч ойлгодоггүй. Ерөнхийдөө энэ дүр зургийг хугацааны хувьд нь шахаж үзвэл согтуу хүн ямар хурдтай, ямар машин, хаана жолоодоод, хаашаа явж байгаагаа мэдэхгүйтэй яг ижил харагдах юм.

Mission statement бол Эрхэм зорилго биш. Яагаад гэвэл зорилго чиглэлийг заадаг. Ирээдүйд хүрэх гээд байгаа зүйлийг агуулдаг. Өнөөдөр байхгүй байгааг илэрхийлдэг. Бүх байгууллага өөрчлөгдөж байдаг боловч өнгөрсөн, одоо, ирээдүйд тэр байгууллагыг тодорхойлох нь чухал юм.

Mission statement-г тийм учраас Эрхэм зорилго гэж орчуулах нь логикгүй юм.

Нэг бие хүн төрөөд, амьдраад, бушуухан үхээд дуусдаг учир эрхэмсэг оршихуйгаа ойлгохгуй байлаа гээд хүн төрлөхтөнд төдийлэн "харуусалтай" биш байж болно. Тэр хүнийхээ өнцгөөс. Гэтэл байгууллагын оршин тогтнох хугацаа нь хамаагүй урт (жишээ нь цагдаагийн алба 10 гаруй мянган жил оршоод байна, одоогоор) учир түүний мөн чанар өнгөрсөн, одоо, ирээдүйд бат орших учиртай. Шинж чанар байнга л өөрчлөгдөнө, хөгжинө, устана, шинээр бий болно. Мөн чанар өөрчлөгдөхгүй.

За, ийм төвшинд эрхэмсэг оршихуйгаа (mission statement) тодорхойлсон байгууллага дэлхий дээр хэд байна? Ричард Раммелтийн бичсэнээс ургуулж үзэхэд бол гарын 5 хуруунд багтах бололтой юм.

Хамгийн бүдүүлгээр хэлвэл эрхэмсэг оршихуй нь яагаад бид оршин байна вэ гэдгийн хариулт байх юм.

Байгууллага, компани ч байлаа гэсэн нийгмийн хамгийн чухал философийн байгуулалт. Байгууллага үгүйгээр нийгэм оршин тогтнохгүй. Асуудлыг ийм фундаментал төвшинд авч үздэг, заадаг газар дэлхийд байхгүй. Авч үзэх өдөр тутмын шаардлага үгүй.

Гэхдээ дугуйны философийн мөн чанарыг ойлгохын тулд дахин дахин зохиох хэрэгтэй. Би ч гэсэн "дугуйг дахиж зохиох хэрэг юунсан билээ, хэхэ" гэж цэцэрхдэг байсан. Үгүй, дахин дахин зохиож байж л мөн чанар, эрхэмсэг оршихуйг нь ойлгоно.

Байгууллагын Эрхэмсэг оршихуйг ийнхүү өнгөрсөн, одоо, ирээдүйд төгс үнэн байхуйцаар тодорхойлсоны дараа түүний "алсын хараа" - урт хугацаанд ямар хүрээнд ажиллах гэж байна, "зорилго" - алсын харааг гүйцэлдүүлэхийн тулд дунд хугацаанд ямар тодорхой үр дүн хүрэх, "стратеги" - зорилгодоо хүрэхийн тулд ямар алхамуудыг авч хэрэгжүүлэх гэх зэргийг тодорхой болгоно.

Ухаан нь, эрхэмсэг оршихуй хөдлөшгүй орших юм гэдгийг амархан харуулж болно. "Хүн төрлөхтөний сайн сайхны төлөө, ундаа үйлдвэрлэнэ" гэдэг эрхэмсэг оршихуйтай байгууллаг байсан гэж үзвэл -

1. Жижигхэн ундааны цех, зохицуулах үйлчилгээтэй хүнсний зүйлээр ундаа хийж ойр хавийн хэдэн дүүргийг хангадаг.

2. Генетик, биохими, биотехнологийн лабораторид олон арван эрдэмтэд ажиллаж хүн төрлөхтөний эрүүл мэндэд тустай технологи, найрлага гарган авч түүгээрээ ундаа хийдэг үндэстэн дамнасан корпораци.

Энэ хоёр хоёулаа эрхэмсэг оршиж байна. Гагцхүү эрхэмсэг орших цар хүрээ нь харилцан адилгүй байгаа нь харагдаж байна.

Тийм л учраас Монгол улсад 3 мод тарьчихаад эх орныхоо төлөө юм хийлээ, эсвэл эх орныхоо төлөө 1 шуудай хог түүх гэх мэтийн сармагчин шиг бодолтой залуус нэг их хэрэг болж гавихгүй. 3 мод тарьж байгаа нь сайн хэрэг, гэхдээ тэр нь эх орны хөгжлийн асуудалтай яаж холбогдоод байгааг бодож үзэх хэрэгтэй.

Энэхүү цар хүрээг харин алсын хараа, зорилго, стратегиуд харуулж өгдөг билээ.

Тэгэхээр цар хүрээ томхон шиг сэтгэж байгаа хүн алсын хараа, зорилгуудаа өндөрхөн шиг тавьж өгөөд - жишээлбэл 3 мод тарих төвшинд биш, харин дэлхийн хамгийн шилдэг нанофизикч болох гэх мэтчилэн төвшинд - тэрэндээ хүрэх хэний ч ухаан орохгүй стратегийг боловсруулж гаргах хэрэгтэй.

Алдарт генерал Сун Цы-ээс (Art of War ~500BC) авахуулаад, Ричард Раммелт (Good Strategy, Bad Strategy 2011) хүртэл Стратегийг Deception буюу өрсөлдөгчөө хэрхэн сул талд нь нам цохих вэ гэх байдлаар "том ташаарч" ойлгоцгоосон байгаа юм. Богино хугацаанд тийм байж болно. Нэг л дайнд ялах гэж байгаа бол өрсөлдөгчөө яаж ч хууран мэхлээд, ямар ч байдлаар ялалт байгуулж болно.

Гэхдээ тэгэж Эрхэмсэг оршдоггүй юм. Эрхэмсэг оршихуйн - тэр "эрхэмсэг" гэдэг үг нь өөрөө нарийн учир шалтгаантай. Эрхэмсэг оршин буй этгээдийн хувьд өрсөлдөгч гэдэг үг нь дайсан гэдэг үг лугаа адил утгатай буудаггүй юм.

Тэгэхээр стратеги гэдэг ойлголтыг дахиад шинээр тодорхойлох хэрэгтэй. Гэхдээ тухайн тодорхойлолт "ойлгодог" этгээдийн тархинд нь "ухамсарладаг" этгээдийн тархинд буухтай адил буухгүй учраас үр дүнгүй юм.

Эцсийн бүлэгт дээр бичсэн төвшинд аливаа байгууллагын эрхэмсэг оршихуйг ухамсарлуулах боломж бий эсэх дээр асуудал яригддаг. Харамсалтай нь онолын хувьд боломжтой боловч практикт 0.0001 хувь хүрэхгүй хувийн магадлалтай юм.

Яагаад гэдгийг нь ярихын тулд нийгмийн байгуулалтыг цэцэрлэгийн боловсрол яаж явагдах ёстой вэ гэдгээс нь эхлээд ярих болох тул ингээд зогсооё...

Monday, December 19, 2011

Good Strategy/ Bad Strategy - Richard Rumelt

Над дээр орчин үеийн стратегийн ухааны амьд эцэг Richard Rumelt -н Good Strategy/Bad Strategy хэмээх цоо шинэ ном нь ирэв.

Жижигхэн цайны газраас эхлээд Америкийн батлан хамгаалах стратеги хүртэл, Нью Йоркийн банкнаас Италийн үйлдвэр хүртэл бүх л төрлийн төсөл дээр стратегийн ажил хийсэн профессор байна. Үнэхээр мундаг туршлагатай хүн юм.

300 хуудсанд багтаан стратегийг олонлог (complex) талаас нь хөөж бүлэглэн тодорхойлж. Ингэхдээ Ромчуудыг будаа болгож байсан генерал Ханнибалаас (Phoenician) эхлээд CISCO системс хүртэл бүх л стратегийн түүхийг алдаатай, оноотой нь дэнсэлж.

Над мэтийн аливаа зүйлийг бүлэглэх, хуваах - олонлог талаас нь хөөж ойлгохын эсрэг байдаг - фундаментал байдлаар сэтгэхийг хичээдэг хүмүүст бол уншихад хэцүү л ном юм.

Гэхдээ бодууштай зүйлс ихийг бичжээ.

- Хүн төрлөхтөний сайн сайхны төлөө гэх мэтийн уриа лоозон бол зүгээр л худлаа. Форд Моторзт тухайн үед ажиллаж байсан бүх хар ажилчид "нээх" Америк хүн бүрийг машинтай болгочих гээд ажиллаад байсан гэвэл тэрэн шиг худлаа юм байхгүй. Зүгээр л стратегич нар гэж өөрийгөө хөөрөгдсөн этгээдүүд тэгэж буруу оношилсон юм. Харин ноён Форд яг үнэндээ асар их мөнгө олох зөв стратегийг л хийж чадсан. Хар ажилчин бол цагийн хөлснийхөө л төлөө ажилласан.

- гээд биччихсэн байх юм даа. Мэдээж эрхэмсэг оршихуйн хүрээнд зорилтуудыг дэвшүүлж, түүнд хүрэх цогц аргачлал буюу стратегийг хэрхэн задлаж, ойлгомжтой гаргах тал дээр мань хүн шиг ойлгомжтой бичсэн ном ховор байх. (хэдийгээр би тэр төрлийн олон номыг уншиж үзээгүй боловч)

Гэхдээ суурь философийн хүрээнд манай зохиолч зоригтой дүгнэлтийг нөгөө талруу хуудас болгон дээрээ хийжээ. Түүний бодол нь миний яг 180 градус эсрэг юм.

Дээхнэ нэг манай монголын философич "хүн зөвхөн өөрийн тусын тулд л ажиллаж, амьдардаг - энэ өөрийн тусын тулд бусдад тодорхой хэмжээнд тус үзүүлэх учиртай байдаг" гэсэн гайхалтай материаллаг дүгнэлттэй их л адилхан сонсогдоод байгаа юм.

Байгууллагынхаа эрхэмсэг оршихуйг ажилтан нэг болгондоо ойлгуулж чадна гэж боддог үе надад байсан. Үнэндээ бол Critical mass нь ухамсарлахад хангалттай бөгөөд хүрэлцээтэй. Байгууллага бол цэцэрлэг биш. Байгууллага бол цэцэрлэг бас мөн. Байгууллагын эрхэмсэг оршихуй нь түүний хүн төрлөхтөнд үзүүлж буй эерэг нөлөөллийн цар хүрээгээр хэмжигддэг.

Facebook-н Zuckerberg тэрнийхээ эрхэмсэг оршихуйг "Facebook's mission is to give people the power to share and make the world more open and connected." гэж тодорхойлсон байна. Гэхдээ анх тэр үүнийг хийж байхдаа ийм зүйл бодоогүй. Нэлээн амжилттай явж байхад нь ч бодоогүй. Харин нэлээн томорсон хойно нь оноосон байгаа юм. Анх бол зүгээр л нэг бацаан байдаг л нэг динамик вэб хуудас хийсэн, юун хүн төрлөхтөнийг хооронд нь холбож гийгүүлэх. Facebook мэтийн хуудас аль 90-ээд онд ч байж л байсан.

Энэ нь үнэхээр Facebook-н бодитой эрхэмсэг оршихуй мөн юм уу эсвэл Rummelt-н хэлсэнээр зүгээр л хий хоосон хөөс юм уу. Түүнийг мэдэхэд их амархан. Facebook дэлхийн дундаж хүнд эерэг нөлөө илүү үзүүлдэг үү эсвэл сөрөг нөлөө үзүүлдэг үү гэсэн асуултанд хариулчихвал болох юм.

Юу ярьж байгаагаа мэдэхгүй байж "юм болгон л хоёр талтай байдаг ш дээ" гэх мэтчилэн худлаа цэцэрхэх хэрэггүй. Ганцхан талтай юм гэж бас байдаг юм. Тэр бол эрхэмсэг оршихуй.

Зөвхөн ойрын 2 жилд өрсөлдөгчөө нам дарж, ахиухан шиг мөнгө хийх гэж байгаа хүнд бол Rumelt-н энэ ном нь ховор олз юм шиг байна. Харин бодит, мөн чанарын тухайд бол их л холуур зөрөв бололтой.

Дараагийн бичлэг дээрээ байгууллагын эрхэмсэг оршихуй, алсын хараа, зорилго, зорилт, стратегийг ойлгомжтой хэлбэрээр тодорхойлж тавина.

Tuesday, December 13, 2011

"Do you want to sell sugar water for the rest of your life, or do you want to come with me and change the world?"

"Do you want to sell sugar water for the rest of your life, or do you want to come with me and change the world?" said Steve Jobs to Pepsi's then CEO, in order to get him away with him.

Wednesday, October 26, 2011

Бизнесийн мөн чанар

Компани бол нэг буюу түүнээс дээш тооны гишүүдтэй, ашгийн төлөө байгууллага мөн.

Гэсэн тодорхойлолт орчин үед бий.

Эндээс харахад ганц ойлгомжгүй хувьсагч нь "ашиг" юм. Ашиг гэж үг нь бидний ухамсарт ямар ойлголтыг төрүүлж байна вэ. Хувь хүн өөртөө ашиг олох асуудлыг яриад байна уу. Мөнгөн ашгийг яриад байна уу. Эсвэл өөр ашгийг бас илэрхийлж байна уу.

Мөнгөн ашиг олохын тулд бид бүтээл гаргадаг. Түүнийгээ харилцагч нарт борлуулснаар борлуулалтын орлого, бүтээгдэхүүнийг хийхэд гаргасан зардал хоёрын зөрүүгээр ашиг бий болгоно.

Би өмнө нь хэлсэн 50 долларын төлөө зурсан зураг 50 долларын л үнэ хүрнэ. Харин хүмүүний төлөө зурсан зураг хэмжээлшгүй "үнэ" хүрнэ гэж.

Тэгэхээр өрсөлдөөн, урт хугацааны оршин тогтнолын өнцгөөс авч үзвэл компани мөнгөн ашгийн төлөө ажиллах нь ирээдүйд гарцаагүй сүйрлийг дуудаж байна. Өөрөөр хэлбэл компани мөнгөн ашгийн төлөө ажиллах нь өөрөө компани гарцаагүй мөхлийн төлөө ажилладаг гэдэг гаргалгааг гаргах юм.

Бизнес бол урлаг гэж би томъёолж байсан бол одоо дахиад нэг шат ахиулж байна.

Бизнес бол урлаг биш, харин урлагийн нөхцөлдөх нэгэн хэлбэр нь бизнес юм. Хүмүүнд зориулж хийсэн хүмүүний бүтээл нь урлагийн бүтээл юм бол - бизнес нь хүмүүнд зориулан хүмүүс хамтран бүтээл хийх үйл явц юмаа.

Би өмнө нь хүн гагцаар бүтээл хийх нь олон хүмүүс хамтран бүтээл хийхээс хамаагүй амархан гэсэн санаа цухалзуулдаг байсан. Уран зургийг ганц зураач зурах, 10 зураач хамтран нэг уран зураг зурах жишээгээр төсөөлбөл болно. Гэхдээ уран зургийг ганц урлаач хийчих юм. Харин бизнесийн гаргадаг бүтээлийг ганц сод ухаантан хийж чадахгүй юм.

Корпораци бол урлаачдын урлан. Бизнесээр дамжуулан бүтээлээ гаргаж хүмүүст хүргэнэ. Корпорацийн гаргасан бүтээл "уламжлалт" урлагийн бүтээлээс хүмүүн төрлөхтөнд асар илүү эерэг нөлөөг үзүүлж чадна, чадсаар ирсэн, чадаж байна, цаашид ч чадна. Бид корпорациуд байсан болохоор өнөөдөр агуйд биш харин оффист IPAD бариад сууж байгаа болохоос биш хэдэн мянган уран зураг зурсан учраас энд ирээгүй юм.

Conventional wisdom ёсоор бол мэдээж корпораци бол ашгийн төлөө аймшигт мангас. Яг л уран зураач гэж өөрийгөө худлаа цоллон зургийн халтархай гаргаж, эд мэдэхгүй хүнд зарж мөнгө олдог үзэгдэл түм түмээрээ байдаг шиг корпораци нэрийг газар дор ортол нь гутаагчид хэдэн түмээрээ буй. Миний бодлоор дэлхийд буй нийт корпорациудын 99 хувь нь зүгээр л оромддог.

Харин үлдсэн 1 хувь бүх дэлхийг нуруун дээрээ үүрч явдаг. Хэн компьютер зохиов, хэн салхин сэнс гаргав, хэн шинэ эмчилгээний арга гаргаж байна, хэн хиймэл зүрх хийв, хэн хэдэн зуун давхар шилэн байшин барив, хэн ард түмнийг боловсруулж байна - корпорациуд л хийсээр ирлээ.

Төр бол 99 хувийг хяналтандаа байлгаж, ард түмнийг шунахай этгээдүүдээс хамгаалж 1 хувьд нь нийгмийн сайн сайхны төлөөх ажлаа амар тайван хийх боломжоор хангах үүрэгтэй. Төр энэ үүргээ гүйцэтгэхгүй бол 99 хувь нь эхлээд 1 хувиа барьж идчихээд, дараа нь улсыг залгина. Үүний тулд хүн төрлөхтөн төрийг бодож олсон бололтой юм.

Энэ 1 хувийгаа элитүүд гэж нэрлээд байгаа юм.

Хамгийн хачирхалтай нь дэлхийн хамгийн агуу уран бүтээлч болоход авъяас, мөнгө, гарал үүсэл, байршил 1 хувийн үүрэг ч гүйцэтгэхгүй. Зөвхөн хүмүүн төрлөхтөн, хамаг амьтны тусын тулд бүтээл бүтээх дийлдэшгүй хүсэл зориг байхад л болно.

Wednesday, May 11, 2011

Менежментийн урлаг

Менежмент урлаг юм уу технологи юм уу гэдэг асуудлыг нэг мөр шийдвэрлэе.

Угтаа урлаг гээд тусдаа, технологи гээд тусдаа юм байдаг юм биш. Нэг бүхэл зүйл гэж ойлговол зохино. Харин гагцхүү аль нь нөгөөхөө нөхцөлдүүлдэг вэ гэдгийг анхаарч үзвэл болно. Уран зураг бол урлагийн бүтээл. Гэхдээ тэр тусгай технологийн дагуу нөхцөлдөж байна. Аль ч уран зургийг бүтээхдээ тусгай зурах технологи ашиглаж байна.

Гэхдээ тэр технологийг суралцсан шавь яг адилхан урлагийн бүтээл төрүүлээд байна уу. Технологи сурах нь урлагийн бүтээл бүтээх хангалттай ба хүрэлцээтэй нөхцөл мөн үү.

Урлаг гэдэг нь бүтээлийг яриад байгаа юм биш. Дотроо харин бүтээл, түүнийг бүтээсэн технологи, бүтээлийн агуулга, эерэг нөлөөлөл, оригинал байдал, урлаачийн сэдэл зэргийг бүхэлд нь урлаг гэж хэлэх юм. Тийм ч учраас "урлаг"-ийн "бүтээл" гэдэг санаандгүй оносон орчуулга юм шиг байна. Технологи урлагийн бүтээлийг гаргаад байгаа юм уу. Эсвэл урлаг өөртөө тохируулж тухай бүрт нь шинэ технологийг бий болгоод байна уу гэдэг дээр асуудлыг чиглүүлвэл их л тодорхой болох мэт.

Тэгэхээр менежмент бол өөртөө олон хувилбарт технологиудыг агуулсан урлаг байх ёстой ажээ.

Урлаг гэдэг процесс нь бүхэлдээ хүнд ойлгогдох, харахад их л төвөгтэй учир хүмүүс технологийг нь анхаарч үздэг бололтой юм. Гэхдээ миний анзаарсан бас нэг зүйл бол технологийг сурсан хүн урлагийг бүтээхэд технологио огт мэдэхгүй хүнээс нэг алхамын урд байна.

Гагцхүү технологийг сураад л боллоо гэж бодох юм бол харин аймшигтай том алдаа болох болно. Асуудлыг тэгж явцууруулж ойлгосон хүнээс юу ч мэдэхгүй хүн надад хавьгүй дээр.

Corporate Structure

Бараг 10 жилийн өмнө, азаар, ХХБ-ны бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх ажлын хэсэгт би орж билээ. ING банкнаас томилогдсон менежментийн баг Монголд анх удаа банкны front office ба back office-д бүрэн суурилсан бүтцийг нэвтрүүлсэн нь тэр. Энэ үеэс corporate restructuring, turn-around management-г ихэд сонирхох болсон юм.

Тэр үеэс хойш нэлээд хэдэн корпорацийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэх ажилд оролцож.

Аливаа байгууллагын стратегийг гаргаж чиглүүлэгч ерөнхий урлаачин бол CEO (chief executive officer) буюу Гүйцэтгэх захирал болно. Гүйцэтгэх захирлыг компанийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс томилж ажлыг нь хянадаг.

Монгол хэлнээ байдаг Ерөнхий захирал, General Director, Executive director зэрэг нь Орос ба Монголд голдуу хэрэглэгддэг, ХЭАА-н эзэн өөрөө захирлаа хийсэн тохиолдолд Ерөнхий захирал гэх мэтчилэн хэрэглэж байна.

President буюу компанийн ерөнхийлөгч нь ихэвчилэн ажлаа өгсөн Гүйцэтгэх захирал эсвэл туршлага өндөртэй, урилгаар ирж ажиллаж буй, өөр компаниудын гүйцэтгэх захирал хийж байсан эсвэл төрийн байгууллагад ажиллаж байсан, одоо гүйцэтгэх захирлаар ажиллах боломжгүй эсвэл сонирхолгүй тийм хүмүүсийн очдог албан тушаал. Ерөнхийлөгч нь компанийн стратегийг боловсруулахад өөрийн үнэтэй туршлагаас нэмэрлэх, компанийг төлөөлөх (бизнесийн нэр хүнд бүхий хүн учир), компанийн зарим хөнгөвтөр функцүүдийг удирдах зэрэг ажлыг хийдэг.

Ер нь аливаа бизнесийн байгууллага нь дотроо үндсэндээ back office, front office гэсэн хоёр шатлалд хуваагддаг. Front office-д голдуу борлуулалт, харилцагчийн үйлчилгээ, маркетинг зэрэг харилцагчидтай шууд тулж ажилладаг хэсэг ордог бол back office-д дээр дурьдсан нөхдүүдийн үйл ажиллагааг дэмждэг, байгууллага хэвийн үйл ажиллагаа явуулах нөхцлийг хангадаг албад багтана.

Сүүлийн жилүүдэд COO (Chief operations officer) буюу үйл ажиллагаа эрхэлсэн захирал хэмээх чухал албан тушаал газар аваад буй. Хэрэв CEO стратеги боловсруулж, борлуулалтанд илүү анхаардаг юм бол COO стратеги биелэх нөхцлийг бүрдүүлэх, үйл ажиллагааны дэмжлэгийн албадад илүү анхаардаг.
COO өдөр тутмын хэвийн үйл ажиллагааг хангаж байдаг гэж хэлж болно.

Түүнээс гадна байгууллагын ижил ач холбогдол бүхий бас нэг албан тушаалтан бол CFO (Chief Financial Officer) буюу Санхүү эрхэлсэн захирал (СЭЗ) юм. Энэ хүн байгууллагын санхүүгийн стратегийг бүхэлд нь барьж ажилладаг. Энэ хүн бол ерөнхий нягтлан бодогч биш. Манайд компаниуд ерөнхий нябогоо санхүү хариуцсан захирал гэж нэрлээд байдаг тал бий. Энэ хүн ерөнхий Нябог удирдаж ажиллаж болно эсвэл зарим байгууллагад тусдаа байх тохиолдол бас бий. Байгууллагын санхүү нь үндсэндээ бүртгэл, удирдлага, хяналт гэсэн гурван хэсгээс бүрддэг бол СЭЗ удирдлага хэсгийг нь бүрэн хариуцаж ажилладаг гэж хэлж болно. Бүх төлөвлөлт, зардал, төсөв, татварын удирдлага, мөн эрсдлийн удирдлага мань эрийн мутраар дамждаг тул ихээхэн чухал этгээд байж таарна.

Ихэнх тохиолдолд СЭЗ нь ГЗ-ийн дараах албан тушаалтан байдаг бол заримдаа СЭЗ нь COO-н дор ажиллах тохиолдол бас байдаг.

Friday, April 1, 2011

People 4 People

Байгууллагын эрхэмсэг оршихуйг тухайн байгууллагын хувьд цоо шинээр тодорхойлох боломж анх 2008 онд тохиосон юм.

Би өмнөхөн бичсэн билээ. ...'its not about getting to the top of the mountain but climbing it.'... Уулын оройд гарснаараа хүний, байгууллагын, улс орны амьдрал утга учиртай болдог юм биш. Харин ууланд мацах явдал тэдний утга учир болой.

Байгууллагын үндсэн философи нь 4 чухал зүйлээс бүрддэг.

1. Mission statement - why do you exist? what is your reason?
2. Vision - after your impact, how would it be? or simply where you want to be?
3. Values - what is your belief?
4. Strategy - how you are going to achieve it?

Монголд бол эдгээр дөрөв нь 1. Эрхэмсэг оршихуй (манайхан эрхэм зорилго гэж ташаарсан), 2. Алсын хараа, 3. Үнэт зүйлс, 4. Стратеги нар болно.

Ер нь бол эдгээр зүйлсийг удирдлагын зүгээс юу ч гээд тодорхойлчихож болно. Гол нь түүнийг компанид ажиллаж байгаа бүх хүн ойлгох нь чухал. Дэлхий даяар 300 мянган хүнтэй Ситибанк үүнийг яаж бүх хүндээ яг нэг хүн ойлгосон мэт ойлгуулах вэ.

Миний хувьд дээрх асуудалд л санаа зовж байсан тул компанийн бүх хүн өөрсдөө ЭО-оо тодорхойлоход гар бие оролцох нь чухал гэж үзсэн юм. Ингээд бүх ажилтнууддаа үүрэг өгсөн. Хүн бүр хамгийн багадаа 3 хувилбараар компанийн эрхэмсэг оршихуйг 3 сарын турш тодорхойлж ир гэв. Хугацааны эцэст бид хүн бүрийн ЭО-г том самбар дээр бичээд хэдэн цаг хэлэлцсэний эцэст ЭО-гоо тодорхойлсон юм.

"Бид даатгалын зах зээл дээрх стандартыг тогтоож, хүн төрлөхтөний сайн сайхны төлөөх үйлчилгээг үзүүлнэ"

Үүний үг бүр нь гүнзгий утга учиртай.
Энэ бол бидний хүрэх гэж буй зорилго биш. Энэ бол бидний оршин буй мөн чанар, яагаад тухайн хүн тэр компанид нэгдэн орсон шалтгаан юм. Бид хөгжиж, томрох тусам дээр дурьдсан эрхэмсэг оршихуйн цар хүрээг байнга тэлж явах учиртай.

Өрсөлдөгч компанийн захирал маань намайг ажлаа хүлээлгэн өгөх болсоныг дуулаад "...Танай компани даатгалын зах зээл дээр олон сайхан үлгэр жишээ үзүүллээ..." гэж хэлж билээ. Нэгэн телевизийн захирлын өрөөнд ортол ширээн дээр нь манай жилийн тайлан (Annual report) хэвтэж байна. Мань эр "ийм өндөр чанартай зүйлсээс л санаа авч байна шүү дээ..." гэсэн юм. Энэ бол манай хамт олны зах зээл дээрх стандартыг тогтоож ирсэн бахархал байлаа.

Хамгийн том нь хамгийн мундаг нь биш. Харин хамгийн их эерэг нөлөөлөл, зөв үлгэр дуурайл үзүүлж чаддаг нь хамгийн мундаг нь.

Бид эцэст нь үүнийг People working 4 People концепц болгон хөгжүүлж байна.

Friday, March 4, 2011

Маркетинг

Олон улсын санхүүгийн зах дээр үнэ ханш байнга л хэлбэлзэж байдаг. Секунд тутамд хөдөлж байдаг. Хөдөлгөөн бүрийн араас тайлбар явдаг. Харин ихэнх тайлбар нь зүгээр энгийн ажиглалт дээр үндэслэж, бодит мөн чанарыг олж хараагүй байдаг.

Маркетинг бол дайн тулаан, маркетингийн менежер бол тусгай салааны ахлагч, дайснуудаа төөрөгдүүлж сул талд нь цохилт өгнө гэх мэт инээдтэй зүйлс энд тэндэхийн маркетингийн номонцорууд дээр бичсэн байх юм. Сайн судлаж байгаад нам цохино гэх мэт.

Хангалттай мэдлэг хийгээд сэтгэн бодох чадваргүй хүн дан ганц өөрийн тухайн үеийн ажиглалт дээр үндэслэн дүгнэлт гаргах нь ийм л хортой үр дагавартай. "Дэлийг нар тойрон эргэдэг", "Маркетинг бол дайн", "Гадаадад явбал англи хэл сурна, явахгүй бол үгүй", "Мундаг сургуульд сурвал мундаг болно" гээд хөвөрнө биз.

Маркетингт өрсөлдөгчийн талаар ямар нэг асуудал байдаггүй. Маркетингт зөвхөн харилцагчийн тухай л асуудал байдаг. Ер нь дайн буюу хүн хүнээ алах нь өөрөө философийн логикгүй, шунахай сэдэлтэй, араасаа самуурал, сүйрэл дагуулдаг тул тиймэрхүү зүйлтэй зүйрлэж маркетингийг ойлгох нь өөрөө сүйрлийг л авчирна. Цааш нь үргэлжлүүлээд харвал баахан өрсөлдөгч ба харилцагчаа залилах, төөрөгдүүлэх тухай бичсэн байх юм. Инээдтэй юм. Мэдлэггүй чамд хоёр компанийн маркетингийг ажиглахад бие биенээ залилаад байгаа юм шиг харагдаад байж л дээ. Аргагүй, чамд угаасаа философийн суурь, мэдлэгийн төвшин, маркетинг хийж үзсэн туршлага байхгүй дээрээс нь чиний өөрийн чинь үйл хэрэг дандаа залилан, хүмүүстэй тэмцэх тэмцэл дээр суурилсан учраас тэгэж дүгнэх нь аргагүй.

Анх сургуулиа төгсөхөд надад багшаар үлдэх санал тавьсан юм. Cool санагдаж байсан боловч би татгалзсан. Би амьдралын талаар, дэлхийн ертөнцийн талаар юу ч мэдэхгүйгээ мэдэж байсан, би тэрнийг мэдэхийг хязгааргүй хүсч байсан учраас тэр. Би өөрийнхөө мэдэхгүй, хараагүй зүйлийг номноос уншаад бусад хүмүүст яаж зааж болохыг төсөөлөхгүй байлаа. Ном бол нэг л этгээдийн нэг өнцгөөс харсан бодол. Тэр бодлуудын том хувь нь зөвхөн бүдүүлэг ажиглалт дээр суурилсан худлаа зүйл байх магадлалтай.

Маркетинг бол байгууллагийн үндсэн функцүүдийн нэг. Энэ бүх функц "Эрхэмсэг оршихуй" (vision) дээр суурилан гардаг. Эрхэмсэг оршихуй бол эрхэмсэг л оршихуй. Timeless, flawless, dimensionless and divine. Эрхэмсэг оршихуйд өрсөлдөгчийг авч үздэггүй.

Өрсөлдөгч тэгвэл хаана багтах юм бэ гэж үү.

Өрсөлдөгч бол ердөө л гадаад ертөнц, хүрээлэн буй нийгмийн нэг хэсэг, нэг субъект. Эрхэмсэг оршихийн тулд хүрээлэн буй ертөнцийг бүгдийг нь судлаж, бүгдэд нь зохицуулж, бүгдэд нь "эерэгээр" нөлөөлж ажилладаг.

Өрсөлдөгч бол харилцан хүндэтгэл, харилцан суралцахуй, харилцан хурцлахуй. Тэрний сул талд нь цохиж болохгүй шүү дээ. Тэгвэл эрхэмсэг оршиж чадахаа болино. Ар нуруунд нь хутга зоовол чи өөрийгөө алдах болно.

Маркетинг бол урлаг. Дайнд deceipt (мэхлэлт) л гэж байдаг болохоос урлаг гэж байдаггүй юм. Дайтах урлагийн тухай дурын ном аваад үз тэнд зөвхөн мэхлэх гэж байгааг харах болно. Мэхлэх урлаг гэж байж болох юм уу.

Маркетинг бол урлаг.

Sunday, January 2, 2011

strategy direction

Ахисан төвшинд бизнес бүр адилхан. Зарчим нь ижил болохоор тэр. Кола савалдаг бизнес байна уу, банк байна уу, програм хийдэг компани уу - бүгд адилхан.

Хувьцаанд хөрөнгө оруулагчийн хувьд бол бүгд адилхан. Мэргэжлийн гүйцэтгэх захирлын хувьд бол бүгд адилхан.

Ямар сайндаа л ebay-н гүйцэтгэх захирлаар procter and gamble-г удирдаж байсан эмэгтэйг (Meg Whitman)томилчихов дээ.

Бизнес бүр нэг л зарчимтай. Хүмүүс хүмүүст зориулж бүтээл бүтээх. Бүтээгдэхүүний шинж чанар, бизнесээс хүмүүст үзүүлэх нөлөөллийн далайц зэргээс нь хамаарч ахисан төвшний, энгийн гэх мэтээр бизнесийг ангилж болох л юм. Гэхдээ энэ бол зарчимтай огт хамаагүй гэдгийг ойлгох ёстой. Жишээ нь санхүүгийн бизнес бол ундаа хийдэг бизнесээс арай илүү комплекс чанартай байна. Учир нь түүний бүтээгдэхүүн нь өртөг нэмэгдэх байдлаар, биет бус хэлбэрээр бүтээгддэг. Нийгэмд өргөн хүрээнд стандартыг тогтоох боломжтой зэрэг зарим онцлог шинж чанартай байх юм.

Ахисан төвшинд бизнесийн зорилго, стратеги, өрсөлдөөний тактик, бүтээгдэхүүний маркетинг зэргийг бодож олох нь хүүхдийн тоглоом, хөх инээд. Харамсалтай нь энэ бол ердөө цаасан дээр (тэр 80 хуудас цаасыг нь хэн ч уншихгүй, уншлаа ч ойлгохгүй гээд бод доо) хийгээд хэн нэгэн хүний толгой дотор оршино.

Бизнест ганцхан л толгойны өвчин байдаг. Тэр бол бусад хүмүүсийн боддог шиг зөв стратеги, зөв маркетинг биш. Тэр бол хүмүүс. Яаж хүмүүст нөгөө толгой дотор байгаа эсвэл 80 хуудас цаасан дээр буусад стратегиа ойлгуулах вэ...

Хаашаа явж байгааг нь яаж харуулах вэ, яаж тэд нарт хэрвээ жаахан хичээчих юм бол сайхан зүйл хамтдаа бүтээж чадна гэдгийг мэдрүүлэх вэ, яаж тэднийг energize хийх вэ...

Мөнгө гээд гайтай, гайхамшигтай зүйлийн хэрэг үүн дээр гарсан юм. Эртний их сэтгэгчид вижнг, философийг хүмүүст ойлгуулахад тун амаргүй болохоор мөнгийг бүтээсэн байж ч мэднэ. Ойлгуулах ч юу байхав ухамсарлуулах. Гэхдээ уг зарчим нь хүн бүр вижнг, философийг ойлгоход оршдог юм. Тийм учраас мөнгө бол түр зуурын хэрэгсэл байсан. Аягүй боломжийн ч хэрэгсэл. Гэхдээ л хөдөлмөрийн хуваарилалт ба урамшууллын системийг мөнгөнд хэт туйлшруулан шийдэх нь эцэстээ сүйрлийг дагуулах нь анхнаасаа л ойлгомжтой байсан.

Хүн бүр философич. Харин хэзээ хүн бүр сайн философич болох вэ гэдэг нь л сонин юм. Сүүлийн 1000, 500, 100 жилийн дотор хүмүүс хэрэглээний хувьд аймшигтай үсрэлт хийв. Сэтгэлгээний хувьд харин яасан юм бол. Их философичидийн хүн төрлөхтөний ухамсарт үсрэлт хийх тухай проблем ямар ч гэсэн шийдэгдээгүй. Дахиад хэдэн зуун жил болох юм болов уу. Эсвэл ойрын хэдэн арван жилд хэн нэгэн агуу философич гарч ирээд урьд хожид сонсогдоогүй artistic аргаар ухамсарт хувьсгал хийх юм болов уу.

Бизнесийг удирдахад ганцхан л асуудал яригддаг байх нь. Хүмүүс, хүмүүс, хүмүүс. Сайн хүмүүсийг сонгож авах, хүмүүсийг хөгжүүлэх, хүмүүсийг хөтлөх, хүмүүсийг хянах, хүмүүсийг урамшуулах, хүмүүсийг дэвшүүлэх, хүмүүсийг халах.

Хамгийн доод албан тушаалд ажиллаж байгаа хүн л гэхэд хийж байгаа ажилдаа эзэн болдог, маш чадварлаг, ухаалаг, боловсролтой байхад гүйцэтгэх захирлын санаа сая амардаг.

Макро төвшинд.

Шилдэг улс орон гэж байдаг гэж үзье. Тэр юу вэ. Хамгийн их цэрэгтэй нь үү. Хамгийн их алттай юу. Хамгийн олон хүнтэй нь юм уу. Аль ч тохиолдолд худлаа.

Миний бодлоор иргэн бүр нь ухамсарын төвшинд ахисан төвшинд хүрсэн улс орон - тэр улс орны иргэд бүр урлаач болсон байна, иргэд бүр урьд хожид сонсогдоогүй бүтээл бүтээх болно. Тэр улс бүх төвшинд дэлхийд стандартыг тогтооно. Оюуны, технологийн, ухамсарын, харилцааны стандарт бүгд тэндээс ундран гарах болно.

Мөнгө тэр улс оронд цаас байх болно.

Тэр улс орны иргэд нь лидерээ - таньж, тодруулж, өрсөлдүүлж, сонгож, сонсч, дагаж, хусч чаддаг чадвартай байх болно.

Вижнийг ойлгоогүй хүн лидерийнхээ үгэнд итгэж чаддаггүй. Үгийг нь дагаж чадахгүй.

Хичнээн сайн лидер байгаад ард түмэн нь, байгууллага нь үгэнд нь, үйлэндээ итгэж урагш алхахгүй бол сүйрэл.

Монгол орныг хөгжүүлэхийн тулд зам барих ёстой юм биш, их мөнгө олж ирэх ёстой ч юм биш. Ард иргэдийнхээ боловсролыг дээшлүүлэх, тэд өөрсдөө хувь заяаныхаа эзэн болох, талханд биш тавин жилийн дараах ирээдүйгээ харж сонголт хийдэг болох боломжийг нь бүрдүүлэх ёстой.

Сүүлийн хорин жил боловсролын системийг үндсэнд нь хаячихлаа. Компани хөгжихийн тулд хүмүүсээ боловсруулдаг, хүмүүсээ сургадаг, хүмүүсээ чадвахжүүлах хэрэгтэй гэдгийг захын гудамжны нохой хүртэл хуцаж тунхаглаж байна.

Гэтэл улсаа хөгжүүлэхийн тулд яагаад хүмүүстээ ямар ч хөрөнгө оруулалт хийхгүй байна вэ.

Өнөөдөр их сургууль төгсөөд мессежний хэлээр албан бичиг бичдэг хүүхдүүд ажилд орж ирж байна. Нийгмийн хариуцлага, хүний ярьсныг ойлгох чадвар, хүнд илтгэх, хүнд өөрийн бодлыг ойлгуулах чадвар огт байхгүй хүүхдүүд их сургууль төгсч байна шүү дээ.

Боловсролтой хүн гэж бакалавр зэрэгтэй гэдгийг бичсэн цаасны хэлтэрхийтэй хүн биш шүү дээ.

Боловсролтой хүн гэдэг чинь нийгмийн хариуцлага, эрх үүргээ ухамсарлдаг, нийгэмд биеэ зөв авч явах, харилцаа, ёс суртахууны зөв хэм хэмжүүртэй хүн шүү дээ. Адаглаад аливаа асуудлыг эргэцүүлэн бодоод, дүгнэлт гаргадаг, тэр дүгнэлтээ бусдад зөвөөр таниулан ойлгуулах чадвартай иргэд бидэн хэрэгтэй биш юм уу.

Цэцэрлэг, дунд сургуулийн боловсрол хаана явна вэ. Амьдралдаа хэзээ ч хэрэглэхгүй байж магадгүй логарифм бодож сурсан хүмүүс биш - бидэнд нийгэмд зөв амьдарч чадах дадал олж эзэмшсэн иргэд хэрэгтэй байна!

Wednesday, December 15, 2010

Даатгал

Хүн ер нь хийж байгаа зүйлээ бичээд байх сонирхолгүй байдаг юм шиг байна. Хүмүүс надаар миний санхүү, даатгалын үйл ажиллагааны талаар бичүүлэх сонирхолтой байдаг. Гэвч надад тэр сонирхол нь ховор юм даа. Үнэхээр сурах, мэдэх хүсэлтэй байгаа бол над дээр ирээд надтай хамтарч ажиллах бүх хаалга нээлттэй билээ. Юу ч гэсэн би харилцагч нартаа явуулсан мемог хэсэгчлэн тавихаар шийдлээ.


Эрхэм харилцагчидаа,

Даатгалын компани бол хамтын эрсдлийн сан билээ. Энэхүү сангийн хувь нийлүүлэгчид нь даатгуулагчид та бүгд юм. Харин бид даатгуулагч нарын мөнгөн хөрөнгийг зохистой удирдах, нөхөн төлбөр олгох, илүүдэл мөнгөн хөрөнгийг үр ашигтай байршуулахад анхаарлаа хандуулдаг.

Хамгийн чухал нь биднийг хүрээлэн буй олон янзын эрсдлүүдийг бууруулахад анхаарч ажиллах нь даатгалын байгууллагын түгээмэл зорилго мөн. Орчны эрсдэл өссөнөөр бизнест, хувь хүнд учирч болзошгүй аюул нэмэгддэг. Энэхүү эрсдэл нь хохирол болж ирэхэд даатгалын компанийн нөхөн төлбөрийн зардал нэмэгддэг. Магадгүй цөөн тооны ашгийн байгууллагууд, тэр дундаа даатгалын компаниудад л замын гэрлэн дохио ажиллаж байгаа эсэх, цас орсны дараа түүнийг цэвэрлэж байгаа эсэх, хотын удирдлага төлөвлөлтөө буруу хийснээс болж амьсгалах агаар бохирдож байгаа эсэх, малчин малаа харж хандаагүйгээс болж тэр нь зам дээгүүр бэлчин жолооч нарын амь насанд аюул дуудаж буй эсэх нь хамаатай, сонирхолтой байдаг биз. Эдгээр бүгдээс хариуцлагатай, аюулгүй нийгмийн тухай асуудал нэвт шувт ханхална. Яагаад гэвэл дэлхийн анхны даатгалын компанийг хариуцлагатай иргэд, даатгуулагч та бүгд байгуулсан билээ. Даатгалын компани амьдрах орчинд буй эрсдлийг бууруулах, тархаах зорилготой л байгуулагдсан юм. Харин орчин үед ихэнх даатгалын байгууллага энэхүү оригинал зорилгоосоо хэт хазайгаад явчихсан юм шиг байна.

Бид харин өрсөлдөгч нөхөддөө зөв үлгэр дуурайл үзүүлж, даатгалын бизнесийг зохистой хийх замаар хариуцлагатай, аюулгүй, тайван нийгмийг цогцлооход жинтэй хувь нэмэр оруулахаар зэхэж байна.

Би маш олон жишээ хэлж чадах боловч хамгийн энгийн нэг жишээг татъя. Жил бүр манай олон харилцагч хот хоорондын зам дээр мал мөргөж өөрийн эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирдог. Түүгээр ч зогсохгүй малчин эзэнд малыг нь төлж барагдуулах хариуцлагад унадаг.
Хэрэв гарцгүй газраар хүүхэд, том хүн ялгаагүй гарч яваад машинд мөргүүлвэл мөргүүлсэн хүн буруутдаг. Хэрэв машины эзэн хагарсан гэрэл, толио нэхэмжлэх юм бол мөргүүлсэн хүн төлбөр төлөх хариуцлагад унаж ч болно. Хэн нэгэн этгээддийн нохой хүн ноцсон тохиолдолд нохойны эзэн буруутдаг. Хүүхдээ хараа хяналтгүй орхисноос хүүхэд нь машин зам дээр мөргүүлсэн тохиолдолд эцэг эх нь буруутдаг эрх зүйн практик байдаг.
Тэгээд яахлаараа хүний өмч явах ёсгүй газраараа зугаалж яваад хүнд хохирол учруулсан тохиолдолд өөрийн өмчөө харж хандаагүй эзэн буруутах нь байтугай нөхөн төлөөс авах ёстой болдог юм бэ. Хот хооронд аялж яваа манай мянга мянган даатгуулагч нар яагаад байнга түгшүүртэй явах ёстой юм бэ.

Энэ мэтчилэн маш олон шийдвэрлэх асуудал, хийх ёстой ажил байна. Энэ бүгдийг бид өнгөрсөн хугацаанд бага багаар хийж ирлээ. Нийгэм, ажиллаж амьдарч буй орчин, бизнесийн эрсдлийг бууруулахад та бид бүгдийн хамтын оролцоо, идвэх санаачлага чухал.

Гүйцэтгэх захирлын хувьд би өөрийн байгууллагыг мэргэжлийн өндөр чадвар, ёс суртахууны чиг баримжаатай байлгахад онцгой анхаарч ажиллаж байна. Ингэснээр бидэнд өндөр итгэл хүлээлгэсэн даатгуулагч та бүгдийн эрсдэл найдвартай гарт байх боломж бүрдэх билээ.

Эрсдлийн удирдлага

Бид даатгалыг уламжлалт, баригдмал, зөвхөн хураамжийн орлого олоход чиглэгдсэн байдлаар биш харин эрсдлийн удирдлагын цогц ойлголтын хүрээнд томъёолж эхэлсэн. Бид харилцагч нараа анхаарч сонсон, тэдний бизнест өдөр тутам тохиолддог эрсдлүүдийг хэрхэн удирдах, хэрхэн бууруулах вэ гэдэг дээр санаа оноогоо уралдуулж эхэлсэн юм. Бид харилцагч нарынхаа эрсдлийг тодорхойлдог, хэмждэг, бууруулах аргачлалыг боловсруулдаг төвшинд хүртэл хөгжихөөр зорьж байна.
2010 онд зохион байгуулагдсан Эрсдлийн форумд 200 гаруй гадаад дотоодын зочид төлөөлөгч нар оролцлоо. Ирэх жилүүдэд зохиогдох форумуудад та бид хамтдаа бизнес, хувь хүн, айл гэрт тохиолддог бүхий л эрсдлүүдийг хэрхэн бууруулах талаар хэлэлцэн зөвлөлдөх болно. Бид валютын ханшийн эрсдэл, бизнест өдөр тутам тохиолддог эрсдлүүдээс авахуулаад байгал цаг уурын эрсдэл хүртлэх өргөн хүрээнд асуудлыг авч үзнэ. Үүнд та бүгдийн дуу хоолой, үнэтэй санаачлага чухал билээ.
Та бидний өмнө маш том сорилт байна. Бид хамтдаа эрсдлийн удирдлагыг амжилттай хийж чадсанаар илүү тогтвортой бизнесийн орчин, илүү тайван амьдрах орчин, илүү аятайхан, илүү таатай улс орон, нийгмийг цогцлоон босгож чадна. Бид үүнийг хамтдаа бүтээн байгуулж чадна.

Ө.Ганзориг

Friday, October 1, 2010

Засаглал

Корпорацийн засаглал гээд хэн ч ойлгодоггүй зүйлийг хүн бүр ярьдаг. Заримдаа ярьж байгаа хүмүүс нь өөрсдөө юу ярьж байгаагаа ч ойлгодоггүй юм шиг...

Нэгэнт ойрд бичээгүй тул саяхан Танхим дээр тавьсан илтгэлээсээ товчилж бичье гэж бодлоо.

ТӨР ЗАХ ЗЭЭЛИЙН ХАРИЛЦАА (оригинал гарчиг)

Ардчилал бол нийгмийн хамгийн шудрага байгуулалт юм.

Ардчилал хэрэгжих механизм нь харин чөлөөт зах зээлт эдийн засгийн байгуулалт болно.

Чөлөөт зах зээлийн хөрс зөв бүрдээгүй цагт ардчилал цэцэглэхгүй.

Харин хүний нийгмийн хөгжлийн үндэс нь инноваци билээ. Гэтэл инноваци хамгийн өндөр төвшин зөвхөн чөлөөт зах зээлт эдийн засагтай ардчилсан нийгэмд оршдог.

Зорилго бол харьцангуй хүрэх зүйлийг илэрхийлсэн ойлголт. Гэтэл оршин байхуйг тайлбарласан ойлголтыг гаргаж ирэх нь зайлшгүй. Энэ бол Эрхэмсэг оршихуй (vision) билээ.

Хамгийн анхны корпорацийн эрхэмсэг оршихуй мөнгө олоход байсангүй. Бүтээл бүтээхэд оршин байсан юм.

Тэгвэл төрийн эрхэмсэг оршихуй юу вэ? Шудрага нийгэм, аюулгүй нийгэм, чөлөөт нийгмээс гадна Инноваци хамгийн дээд төвшинд хүртэл хийгддэг нийгмийг сахих нь төрийн ЭО юм.

Корпорацийн эздийн хурал бол Хувь нийлүүлэгчдийн хурал. Харин улсын эздийн хурал бол Сонгууль.

Эдгээр хурлуудаас удирдлагыг хэрэгжүүлэх төлөөлөл буюу ТУЗ - УИХ -г сонгодог. Тавигдах шалгуур нь хувь нийлүүлэгч-иргэн - ий эрх ашиг, шудрага ёс, ёс суртахуун, ардчилсан зарчим, чөлөөт зах зээл, мэргэжлийн боловсрол зэрэг болно.

ТУЗ-УИХ нь компани-улсын төлөвлөгөө, төсөв, стратегийн бодлогуудыг батлаж Гүйцэтгэх захирлыг-Ерөнхий сайдыг томилдог.

Гүйцэтгэх захирал- Ерөнхий сайд бол компани-улсыг өдөр тутмын удирлагаар хангаж батлагдсан төсвийн хүрээнд төлөвлөгөөнд хүрэх үүрэгтэй этгээд юм.

Гүйцэтгэх захиралд олгогддог ultimatum эрх мэдэл бол Хүний нөөцийг бүхэлд нь шийдвэрлэх асуудал юм. ТУЗ зөвхөн гүйцэтгэх захиралтай гэрээ байгуулдаг бол Гүйцэтгэх захирал компанийн бусад бүх ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулдаг.

Зорилгод хүрэх арга замыг гаргаж ирдэг хүн бол Гүйцэтгэх захирал юм. Тэр замаар хэнтэй явах нь тохиромжтой вэ гэдгийг мань хүн өөрөө шийдэх л асуудал. Арга замыг тайлбарлаж өгөөд байхад ойлгоогүй, тухайн замаар явах ачааллыг дийлэхгүй этгээдүүдийг халахаас өөр замгүй.

Төр бол муу менежер. Төр хэзээ ч сайн менежер байж чадахгүй. Яагаад гэвэл төр эсвэл хэн нэгэн этгээд дангаараа инноваци хийж чадахгүй.

Аливаа амьд биес байгалийн шалгарлыг тавьж генийн хувьд боловсронгуй болсоор байдаг. Ингэхийн тулд маш олон хувилбараар хөгжиж үздэг. Хөгжиж олон салаа болсон хувилбараас зөвхөн амьдрах чадвартай нь цаашид үлдэж хөгждөг. Хүний нийгмийн харилцаанд үүнтэй яг ижил ганцхан харилцаа байдаг нь зах зээлт эдийн засгийн харилцаа юм. Саяны олон улсын эдийн засгийн хямрал үүний жишээ. Хямрал гарцаагүй байсан байна. Хямрал болсон учраас бид цаашид хөгжив.

Олон ургальч үзэл бүхий зах зээл л төрөл бүрийн инноваци хийж, тэдгээрээс шалгарлыг давсан нь үлдэнэ. Нэг этгээд олон ургальч байх тийм зүй тогтол философийн хувьд байхгүй. Тэгэхээр төр бол зах зээлийн хувьд зөвхөн сайн зохицуулагч байх үүрэгтэй. Зах зээлээс аль болох цөөхөн алхамаар хоцорч явахыг тэд хичээх болохоос биш зах зээлийг түрүүлж явах тийм зүй тогтол байх боломжгүй.

Манай орны төрийн байгуулалтын хувьд олон дутагдал бий. Гэвч эдгээр нь ердөө шинж чанар төдий юм. Бодит асуудал юунд оршиж байгаа вэ гэхээр - энэ нь засаглалын асуудал билээ.

Хэрэв томилогдсон гүйцэтгэх захирал ажлаа хийж чадахгүй байгаа өөрийн харъяа этгээдүүдийг халж, өөрчилж чадахгүй бол юу болох вэ? Үүнтэй адилаар өөрийн чадвараар (merit based) биш аль нэг аймаг, нам, мафийн харъяалал бүхий этгээдүүд төрд дүүрсэн бөгөөд Ерөнхий сайд нь тэдгээрийг халж, өөрчилж чаддаггүй бол төрийн ажил хэрхэн урагшлах вэ?

Хувийн буюу бүлэглэлийн эрх ашгийг хамгаалах зорилгоор улсаас цалин авч ажиллах ямар ёс зүй байна вэ.

Жич: Улсын төлөө улсаас цалин авчихаад улсын төлөө юу ч хийдэггүй улсаас олгосон эрх мэдлийг хувийн ашиг сонирхлын төлөө хэрэглэдэг этгээдүүд дүүрчээ.

Tuesday, June 8, 2010

Эрхэмсэг оршихуй

Өчигдөр намайг нэгэн банкныхан лекц уншаач гэж урьсаны дагуу очиж лекц уншлаа. Гол нь лекцэнд оролцогчид намайг leadership ба удирдахуйн талаар уншуулах хүсэлт гаргасан билээ. Би дандаа санхүү, санхүүгийн зах зээл, эрсдэл, хааяа менежментээр лекц тавьдаг болохоос биш өмнө нь дээрх сэдвээр уншиж үзээгүй юм.

Өмнө нь жаал жуул бодож байсан юмнуудаа нэгтгэж лекц болголоо. Харин лекцээ Vision-г тойруулан ярья гэж төлөвлөсөн тул үүнийг Монгол хэлнээ буулгах шаардлагатай боллоо. Учир нь би Эрхэм зорилго хэмээх монгол орчуулгыг нь хүлээн зөвшөөрдөггүй юм.

Эрхэм зорилго хэмээх холбоо үг нь "хараахан хүрч чадаагүй байгаа зүйлийг" илэрхийлдэг тул шаардлага хангахгүй байгаа юм.

Үүний оронд харин "Эрхэмсэг оршихуй" гэж ойлговол зохино гэж бодож байна. Аливаа байгууллага, багийн хувьд хамгийн чухал нь хүрэх гэж байгаа зүйл нь юм уу, эсвэл оршин тогтнох үндэс нь юм уу гэсэн асуудлыг тойруулж ярих нь зүйтэй юм шиг санагдана.

Тухайн байгууллагын хувьд биелдэг, хүрдэг зүйлс гэж байна. Гэтэл байгууллага хугацаагүй оршин тогтнодог билээ. Тэгэхээр түүний оршин тогтнолыг зорилго байдлаар тодорхойлох боломжгүй байна. Харин оршихуй байдлаар тодорхойлох нь зохилтой санагдана.

Tuesday, May 11, 2010

Бурханлаг өрсөлдөгч

Намайг дайвалзтал цохиод зөрүүлээд нам цохиулдаг өрсөлдөгч байдаггүй сэн бол би өөрийнхөө "лаг"-ийг хэрхэн мэдрэх билээ?

Шудрага өрсөлдөгч бол ёс суртахуунтай өрсөлдөгч юм. Шудрага өрсөлдөгч байгаа цагт амьдрал хөгжилтэй, бас сонирхолтой байх нь дамжиггүй.

Өрсөлдөгч байгууллагыг, хүнийг урамшуулж, сэдэл өгч, урагш нь түлхэдэг.

Араас хутгалагч бол өрсөлдөгч биш харин луйварчин юм.

Өрсөлдөгчтэй vision, стратеги хоёроор л өрсөлддөг. Өрсөлдөгч бол найзаас дээр. Найз бол алжаал тайлахад онцгой ач холбогдолтой нийгмийн өгөгдөхүүн. Өрсөлдөгч бол харин амьдралыг утга учиртай болгодог онцгой чухал этгээд. Тийм учраас шудрага өрсөлдөгчийг хайрлах хэрэгтэй.

Ихэнх тохиолдолд өрсөлдөгч хоёр тал мөр зэрэгцэн олон зүйлсийг хамтдаа хийж бүтээдэг. Зарчимтай өрсөлдөгч байгууллагууд хамтдаа зах зээлийг бойжуулж, өсгөж дэвжүүлдэг. Ийм тохиолдол хаа сайгүй байна, харин масст атаатан дайснууд мэт ихэнхдээ харагдах юм.

Эцэг эх, улс орноо, бүхнээ Чингисийн цэрэгт алдсан Хорезмийн хааны хүү хожмоо их хааныг бие барсныг сонсоод "Одоо надтай хэн өрсөлдөх билээ" гэж гашуудан халагласан тухай түүхэнд гардаг.

Бид хувь хүн ч тэр, байгууллага ч тэр алхам тутамдаа сайхан өрсөлдөгчдийг хайж тэдэнтэй хүчээ сорьж явах нь зүйтэй.

Өрсөлдөгчийг бэлдэж ч болно. Өрсөлдөх чадвар сул байгаа эсрэг байгууллагаа дэмжиж өрсөлдөхүйц болгож байгаад "үзвэл" их л сонирхолтой байхсан.

Tuesday, April 27, 2010

Company - accompany

Улс орны хөгжил дэвшилд иргэн бүр өөрийн гэсэн үүрэг оролцоотой. Харин иргэд байгууллага болж нэгдэхийн учир нь нийгэмд оруулах эерэг үнэ цэнийг ихэсгэх явдал мөн.

Хүн дунджаар нэг өдөрт 100 хадаас хийдэг бол 2 хүн тус тусдаа 200 хадаас хийнэ. Хачирхалтай нь 2 хүн нийлж тэрхүү ажлыг хийхэд 250 хадаас хийгддэг байна. Энэхүү хачин жигтэй үзэгдлийг баруунд “синержи” гэж тодорхойлжээ.

Дэлхий дээрх хамгийн анхны бөгөөд эртний компани (одоо болтол ажиллаж байгаа) 1200 онд байгуулагдахдаа синержиг ашиглан бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдсан юм. Энэ нь хүн төрлөхтөнд зориулан бүтээж байгаа бүтээлийн хэмжээг улам бүр нэмэгдүүлэх буюу нийгэмд үзүүлэх эерэг үнэ цэнийг максимум төвшинд хүргэх суурь зорилго билээ.

Фундаментал сэтгэлгээ ёсоор бол Өнөөдөр ч гэсэн компаниуд тэр л зорилгоор байгуулагдан ажилласаар буй.

Тэрнээс биш conventional wisdom дээр гардаг шиг компани гэж зүрх сэтгэлгүй, ардаа шунахай сэдэлтэй этгээдүүдээр хүрээлүүлсэн, робот мангас байгаад тэрэнд өрөвдөлтэй арчаагүй иргэд цалин авахаар ажилладаггүй юм.

Компанийн зорилго гэдэг бол ажилтны зорилго. Өөрөөр хэлбэл ижил зорилго бүхий хүмүүс синержи бий болгохоор нийлж компани бий болдог болохоос биш компани гээд өөрийн гэсэн зорилготой үлгэрийн амьтан байгаад түүнд нь хүмүүс нэгдэж ордоггүй билээ.

Компани буюу company гэдэг үг маань хүртэл өөрөө нэгдэх, нийлэх, түншлэх гэсэн утгатай үг юм. Мэдээж англичуудын болоод хөгжингүй ард түмнүүдийн хувьд шүү дээ. Монголчуудад бол ямар ч утгагүй. Тэгэхээр англичуудын ойлгодог утгаар нь ойлгож эхлэх чухалтай.

Хамгийн ухаантай нь гүйцэтгэх захирал, арай бага ухаантай нь дэд захирал гэх мэтчилэн хамгийн бага албан тушаалтан хамгийн тэнэг нь гэсэн арчаагүй conventional wisdom-оос дэлхий ертөнц салж эхэлж байна. Оронд нь хөдөлмөрийн хуваарь, өвөрмөц чадварыг ярих болсон.

Ер нь миний бодлоор Who am I? асуултын хариултандаа хамгийн ойртсон нь гүйцэтгэх захирал ...тэгээд дэд захирал гэх мэтчилэн хөвөрч байх шиг.

Зөндөө л улсын математик физикийн олимпиадын аваргууд (монголчууд ухааныг тэрүүгээр хэмждэг учраас жишээ татаж байна) архичин болчихсон, учраа олохгүй, ямар ч бүтээл гаргахгүй явж байгааг бид мэддэг.

Tuesday, April 6, 2010

Айдас бол мэдлэггүй хүний өвчин

Айдас бол мэдлэггүй хүний өвчин...

Орчин үед коммуникацийн чадвартай хүн компанид ямар чухал болох талаар өмнөх нийтлэлд үзүүлсэн.

Харин одоо бид жаахан үргэлжлүүлж үр бүтээлтэй хүмүүсийн бусад шинжүүдийг авч үзье гэж бодлоо.

a. Монгол хэлний өндөр чадвартай
b. Англи хэл ба логик сэтгэлгээний чадвартай
c. Мэдлэгийг түргэн хугацаанд интернетээс олж авах дадалтай
d. Бусдын аман болон бичгэн санаа бодлыг түргэн тусгаж авч чаддаг
e. Өөрийн санаа бодлыг аман ба бичгэн хэлбэрээр ойлгомжтой илэрхийлж чаддаг
f. Бие даан шийдвэр гаргагч
g. Гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээгч
h. Бэрхшээлийг сорилт болгон харж чаддаг, давж чаддаг
i. Амьдралаас ихийг хүсэгч
j. Хувь заяаныхаа эзэн
k. Хүмүүст хэрэгтэй зүйлс бүтээхийг зоригч
l. Бүтээлийг хамтын хүчээр бий болгох эрмэлзэлтэй

Saturday, April 3, 2010

Хүний нөөцийн асуудлууд

Хүн нэг цаг хагаст номны 10 - 20 хуудас уншиж чадна.

Хүн нэг цаг хагаст номноос 2-3 хуудас цээж бичлэг хийж чадна.

Нийгмийн амьдралын үндэс нь хүмүүн хоорондын харилцаа холбоо.

Харилцаа холбооны үндсэн хоёр функц нь дараах байдалтай байж болох юм.
а. Эсрэг талд ойлгомжтой байдлаар өөрийн мэдлэгийг яриагаар болон бичгээр шилжүүлэх
б. Эсрэг талын илэрхийллийг ойлгож түүнийг мэдлэг болгон хувиргах үйл явц

Нийгмийн амьдрал бол хамтын амьдрал. Бизнес бол хамтын бүтээл гаргах ахисан төвшний үйл явц.

Тэгэхээр бизнест хамгийн чухал зүйл нь харилцан илэрхийлэл юм.

Бизнесийн хамгийн чухал зүйл нь communication гэж байгаа юм.


Бизнесийн байгууллагад хүнд 1. өөрийн санал бодлыг зөвөөр хэлж илэрхийлдэг, 2. хүний санал бодлыг сонсоод/уншаад ойлгож чаддаг, 3. өөрийн мэдлэгийг бичгээр буулган мэдлэгийн өв үлдээж чаддаг хүмүүс хэрэгтэй.

Мэдлэг бол хүчгүй билээ.

Мэдлэгийг тархин дотроо бясалгаж бий болгож эс чадваас харах, сонсох, унших аргуудын алийг нь ч ашиглан олж авч болно.

70,000 жилийн өмнө хүн анх өөрийн мэдлэгийг агуйн хананд сийлэн үлдээснээс хойш, мэдлэгийг өвлүүлэх зорилгоор бичиг үсгийг зохиож ирсэнээс хойш мэдлэгийг хадгалах, дамжуулах тал дээр бид сүүлийн 30 жилийн дотор хүний физик чадварын оргилд хүрлээ. Хүний физик чадварыг нэмэлгүйгээр (2 ном зэрэг унших, ном уншаад интернетээс сонсох г.м.) цааш хөгжил үгүй.

Энэ бол электрон мэдээлийн технологи билээ.

Боловсролын системийн үндсэн зорилго нь мэдлэгтэй иргэдийг бэлдэхэд оршихгүй байна. Энэ бол зөвхөн түүний дэд зорилгуудын нэг.

Боловсролын систем нь үндсэн хоёр зорилготой.
1. Нийгмийн суурь үнэт зүйлс, ёс суртахууныг төлөвшүүлэх (maintain)
2. Нийгэмд харилцан илэрхийллийн зохих төвшний хөгжилтэй иргэдийг бэлтгэх.


1.-р зорилгын хүрээнд тухайн нийгмийн суурь зарчмыг иргэдэд хар багаас нь төлөвшүүлэх ёстой. Энэ нь иргэн хүн бүрийн эрхэмлэн дээдлэх зүйлс, тухайн нийгмийн "цавуу" юу юм бэ, нийгэм ямар зорилготой хийгээд тухайн хүн өөрийн байр суурийг хэрхэн олж авах зэрэг олон талт асуудлуудыг ухамсарт нь шингээсэн байх ёстой. (BIOS дээр нь бичих)

2.-р зорилгын хүрээнд хүнд өөрийн бодлыг зөвөөр хэлж ойлгуулж чаддаг, хүний илэрхийллийг түргэн ойлгох чадвартай, өөрийн мэдлэгийг бичгээр өв болгон үлдээх чадварыг иргэн бүрт төлөвшүүлэх явдал мөн.

Дээрх хоёр зүйлсийг эзэмшсэн хүнийг боловсролтой хүн гэж хэлнэ.

Хүн агуйд гагцаар 6 жил сууж бясалгаад дээрх зүйлсийг олж мэдэж болно.

Гэтэл дугуйг дахин зохиох хэрэг юусан билээ.

Боловсролын арга технологи бол дээрх хоёр зүйлсийг хүн бүрт сургах (зарим хүмүүс өөрсдөө сурчихдаг юм шиг байгаа юм)хамгийн дөт, үр бүтээлтэй аргачлал байна.

Гэтэл манай боловсролын системд эдгээр хоёр үндсэн зорилго хазайгаад огт өөр шаардлагагүй чадваруудыг төлөвшүүлж байгаа нь бизнесийн байгууллагууд үр өгөөжтэй ажиллахгүй байх үндсэн нөхцөл боллоо.

Ажилтнууд нь харилцагч бөгөөд удирдах албан тушаалтнуудын хэлсэн ярьсан зүйлсийг ойлгохгүй төвшинд хүртэл хямрал гүнзгийрч байгаа юм. Гэтэл тэдгээр нь өөрсдөө дээд боловсролтой хүмүүс байхад шүү дээ.

Манай боловсролын системд үндсэндээ дараах зүйлс ажиглагдаж байна.

- Цээж бичлэг
Багш хүн бол prototype насанд хүрэгч болохын тулд сурагч нарыг бэлдэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.
Монголчууд 14 жил цээж бичлэг хийсээр байгаад төгсөөд гарч ирэхдээ хүнтэй ярилцах чадваргүй, хүний хэлсэнийг ойлгохгүй, бодлоо хүнд хэлэх эрмэлзэлгүй хүмүүс болж байна.
Нийт хийсэн цээж бичлэгээ нийлүүлж үзвэл ердөө хэдхэн ном болно. Гэтэл тэгэж цээж бичлэг хийсэн цагтаа ном уншсан бол хичнээн их мэдлэг олж авах байсан бол.

- Цээжлэснээ шалгуулах
Баруунд яригддаг applied knowledge гэж байдаг. Энэ нь тухайн хүн мэдлэгээ хэрхэн ашиглах чадвартай байгааг илэрхийлдэг юм.
Монголд бол харин мэдлэгийг түүхий байдлаар оюутнуудад цээжлүүлээд эргүүлээд цээжилсэн эсэхийг нь шалгадаг.
3 хоногийн дараа мэдлэг будаа болоод хоолтой холигдоод идэгдчихдэг.

Зүй нь...

1. Их сургуулийн багш 1-р ангид хийлгэж байсан цээж бичлэгийг үргэлжүүлж хийлгэхгүй байх. Мэдлэг интернет дээр үнэгүй байна. Лекцийн явцад багш өөрийн практик мэдлэгийг ярьж ойлгуулах - үр дүнд нь шавь нар хүний нарийн шинжлэх ухааны мэдлэгийг яриа хэлбэрээр шилжүүлж байгааг хүлээн авч ойлгох - хариу ярилцаж зүгшрэх.
2. Шавьд хуулж бичих биш харин унших байдлаар мэдлэгийг олж аваад түүнийгээ шалгуулдаг тогтолцоог идэвхийлэн бий болгох.
2. Багш мэдлэгийг шавьд өгсөн бол түүнийг applied knowledge болгоход цор ганц анхаарлаа тавих. Үгүй бол багшлах хэрэг юусан билээ.
Шавь мэдлэгийг applied болгохын тулд ганц л зүйл хийх хэрэгтэй. Тэр нь тухайн шинээр олж авсан мэдлэгийг ашиглан бүтээл гаргах явц билээ. Тэгэхээр багш шавиар бүтээл гаргуулах ёстой.

Стандартын асуудал яригдана.
Багшын стандарт доогуур байгаад бүтээлийг ойлгохгүй эсвэл хэт хөгийн доогуур стандартын бүтээл шаардаад байвал тийм л төвшний шавь нар бэлтгэнэ.
Тэгэхээр багш нар өөрсдөө бодож мэдлэг бий болгож чадахгүй байгаа тохиолдолд өөртөө дүгнэлт хийгээд яаралтай маш ихээр "үзэж харах" нь чухал.

Энэ хорвоод бэрхшээл гэж үгүй билээ зөвхөн сорилт л гэж бий...

3. Англи хэл бол мэдлэг олж авах дэлхийн түгээмэл хэрэгслүүр гэдгийг нийт англи хэл суралцагсад ойлгох. Яагаад гэвэл Монгол хэл дээрх мэдлэгийн өв нь Англи хэл дээрх мэдлэгийн өвийн 1 хувьд нь ч хүрэхгүй. Тийм учраас Монгол хэл хичнээн баялаг байгаад ангил хэл дээрх маш олон ойлголтыг орчуулж, илэрхийлж дийлэхгүй болчихоод байна. Зүгээр л англи хэл дээр хэдэн ном, монгол хэл дээр хэдэн ном дэлхий дээр байдгийг бодоод үзэхэд ойлгомжтой болно.

Tuesday, March 9, 2010

Communication err

Chris Langan бол дэлхийн хамгийн ухаантай хүн (allegedly). IQ нь 200 дөхдөг бөгөөд Эйнштэйнээс илүү гэж байгаа.

6 сартайдаа ярьж, 4 настайдаа уншиж эхэлсэн мань эр 16 насандаа дээд математикийг өөртөө заасан гэж байгаа юм. Гэтэл 52 настайдаа "бар"-ны хамгаалагч хийж байв. Амьдралынхаа туршид элдэв хар бор ажил хийж өнгөрөөжээ. Барны хамгаалагч хийж байхдаа хүний генетикийн кодыг (энэ бол био software) бараг л тайлаад байтал гэнэт зодоон өрнөж түүнийг зохицуулаад иртэл тэмдэглэл нь алга болсон байсан гэж байгаа.

Бид шүдээ угаалгүй ердөө хэдхэн цаг болоход бидний шүдэн дээр бактерийн хот тосгодууд үүсч колониуд сүндэрлэдэг. Энэ колониуд нь өөр хоорондоо нарийн харилцаа холбооны системийг бий болгож амьдрах орчноо бүрдүүлдэг байх юм.

Зарим бактерийн харилцаа холбоо бүүр ахисан төвшнийх. Нэгэн төрлийн бактерийн колони руу хүний дархлааны систем (олон төрлийн дайчидаас бүрдсэн) довтолж эхлэх үед бие биендээ SOS сигнал өгч, ингэснээр довтолгоонд өртөж амжаагүй байгаа хэсгээс хүний дайчдыг устгах хор ялгаруулдаг байна. Бас нэг төрлийн бактери довтолгоонд өртсөн хүний эс дархлааны системдээ SOS дохио өгөх замд нь саад хийж харилцаа холбоог нь таслаж байгаад тухтай үздэг байх жишээтэй.

Бид боддог учраас биш харин харилцдаг учраас амьд байж магадгүй л юм.

Амьд ба амьгүй байгалд маш олон харилцааны хэрэгслүүр байна. Энэ нь био, радио, гэрэл, цахилгаан гэх мэт олон төрлүүдэд хуваагддаг.

Харин нийгэмд хэл яриа, бичиг, дуу дүрс гэх мэт харилцааны хэлбэрүүдийг бид ашиглан өөр хоорондоо санал бодлоо хуваалцдаг билээ.

Хүмүүс яах гэж өөр хоорондоо харилцдаг юм бэ? Хүмүүс яах гэж блог хөтөлдөг юм?

Нэг эст бактериас ялгаатай нь бид өөрсдөө partnership + communication-ий сод нэгдэл юм. (Бүтээл гэж хэлж чадсангүй)

Бидний биед байгаа 10 триллион хүний эс, 100 триллион бактери, бас бус вирус, мөөгөнцөр нийлээд ертөнц дээрх хамгийн том найрал дууг бүрдүүлж хослон дуулмой. Энэ бүгд нь эсрэг тэсрэгийн нэгдэл тэмцэл, үгүйсгэлийн үгүйсгэл, хамтрал нэгдэл гэх мэтийн олон төрлийн харилцаа холбоонд суурилах билээ.

Нэгэнт бид харилцаа холбооны бодит биелэл юм бол бид бүхлээрээ харилцаа холбоог төгс хэрэгжүүлэх ёстой бус уу. Харилцаа холбоог юуны тулд хэрэгжүүлэх ёстойг өмнө нь олон удаа улиглан давтсан тул дахин нурших шаардлагагүй бизээ.

Хүн ухаантай байх ёстой юм уу эсвэл харилцдаг байх ёстой юм уу? гэсэн асуулт тавьбал утгагүй зүйл болно. Гэхдээ энэ асуултыг дахин дахин анхаарч үзвэл орчин үеийн бизнесийн байгууллага ухаан нь (тархины физик чадвар) давамгай хөгжсөн хүнийг биш харин харилцаа холбооны чадвар давамгай хөгжсөн хүнийг сонгож байна!

Нэгэнт харилцаа холбооны чадвар хөгжсөн хүний тархины физик чадвар хангалттай бөгөөд хүрэлцээтэй байдаг.

Бизнес гэдэг бол communication + partnership.

Бизнесийн байгууллагад докторын ажил хийдэг хүмүүс хэрэггүй. Бизнесийн байгууллагад бусадтайгаа үр ашигтай харилцан бүтээл гаргадаг хүмүүс хэрэгтэй юм.

Тийм учраас өөрийн оюун ухаанд бүхнийг бодсон боловч түүнийгээ бусадтай хуваалцдаггүй хүн бол "өөдгүй" хүн юм.

Олон жишээ сонсогддог. А уул нь мундаг онц сурдаг хүүхэд байсан гэтэл Б муу сурдаг байсан мөртлөө маш амжилттай явж байна гэх мэтээр Б-г буруутгаж ярьдаг.

Christopher Langan бол А бүлгийнхэний маш тод томруун жишээ юм.

Түүний амьдралыг хөөж үзэхэд харилцаа холбоон дээр дандаа алдаа гаргаж төдийлэн амжилттай байгаагүй нь харагддаг.

Логикоор бол хамгийн ухаантайг нь сонгох ёстой юм шиг харагддаг. Гэвч үнэндээ энэ нь тийм биш болохыг амархан мэдэж болно. Үүнд хялбаршуулж бизнесийн байгууллагыг авч үзэхэд болно.

Бизнестийн байгууллагын туйлын зорилт бол бүтээл гаргах. Бүтээл нь урлагийн байвал мэдээж сайн. Чадвар урлагийн бүтээл гаргах хэмжээнд хамтарч ажиллах явдал юм шүү дээ. Зураачаас ялгаатай нь зураач ганцаараа суугаад зураг зурчихдаг бол бизнесийн байгууллагад хамтарч ажиллах хэрэгтэй болно. Тэгэхээр энд харилцаа холбоо дээд зэргийн байхаас өөр аргагүй.

Одоо таньд сонголт өгвөл маш ойлгомжтой болно доо. Маш ухаантай гэхдээ бусадтайгаа харилцаж чаддаггүй хүн үү эсвэл дунд зэргийн боловч хүмүүстэй хурдан хэл амаа ололцдог, хийгээд байгаа юмаа илэрхийлж чаддаг хүнийг үү?

Магадгүй энэ нь миний дээхнэ үед хөндөж байсан "Нөгөө улсын математикийн олимпиадын аваргууд хаана байна аа?" асуултанд зарим хариулт болох байх.

Тэгэхээр байгууллагууд мэдлэгийн гэхээсээ харилцаа холбооны чадварын тестүүдийг шинээр ажил горилогчоос авч занших нь зүйтэй.

Monday, January 11, 2010

Fashion and Art of Marketing

Маркетинг нь менежментийн ухаанууд дотроос хамгийн artistic гэдэгтэй санал нийлнэ бизээ.
Дээхнэ үед би нэг маркетертай маргалдаж "ялагдсан" юм. Яагаад ч юм би ялна гэж итгэлтэй байсан боловч тэр надаас "5C гэж юу вэ?" гэж асуугаад "унагаачихсан" билээ.
Би хувьдаа маркетингийн талаарх ном маркетингийн талаар зааж чадахгүй гэж боддог. Яагаад гэвэл маркетинг нь урлаг учраас; урлагийг заах боломжгүй учраас тэр шүү дээ. Урлагийн талаарх түүхийг; эсвэл урлагийн харьцуулсан судлагаа хийхэд бол мэдээж ном унших ёстой.
Миний үнэмшлээр урлагт 5С, 4Р гэж байх боломжгүй. Урлаг бол хязгааргүй сэтгэлгээ болохоос биш 4 хэмжүүрт баригдсан хөгийн Свот шинжилгээ биш. Та магадгүй анзаарсан бол Свот шинжилгээ хийх бүрт тэр нь утгагүй зүйл болж хувирдагийг мэдсэн байх.


Маркетингийн санаагаа хаанаас олдог вэ?
Энэ бол манай маркетеруудын түгээмэл асуулт. Үнэндээ маркетинг бол оригиналь санаа болохоос биш бусдаас хуулахын нэр биш. Бусдаас хуулагч, youtube-с буудагч бол маркетер ч гэж өөрийгөө нэрлэх эрхгүй юм.
Дээхнэ манайдаа тэргүүлэгч нэг рекламны агентлагаас яагаад санаагаа дутуу хийдэг талаар асуухад тэд "илт өөтэй реклам хийвэл харилцагч тэрийг нь гоочлоод, тэгээд зассан болоод асуудлыг амархан шийддэг, хүн заавал өөлөх гээд байдаг" гэж хэлж миний нүдийг орой дээр гаргаж байлаа.
Урлагийн бүтээлийг хэн ч өөлж чадахгүй. Харин буудмал, хуулбарыг бол хүн бүр өөлөх нь ойлгомжтой.

Оригинал санаа ба ноу хау
Санаагаа хаанаас олдог вэ? гээд л амны уншлага шиг ярьдаг. Санааг олдоггүй юмаа, санаа төрдөг юм. Миний өмнөх бичлэг дээр "In your opinion what's the difference between philosophical thoughts and "thoughts"?" гэж комментатор асуужээ. Бодол гэдэг хоёр магадгүй түүнээс олон хэлбэртэй. Энгийн бодол бол магадгүй 'гэрийн даалгавараа яаж хийнээ?' байж болох юм. Философийн бодол бол харин шинэ мэдлэгийг бий болгодог тэр бодол юм.
Ньютоны толгой дээр алим унаад л, Архимедийн ваннтай ус нь давж асгаад л, манайхан youtubeдээд л шинэ нээлт хийгдээд байдаг юм биш шүү дээ. Тасралтгүй бодон бодсоор өөрийн тархин дотор цоо шинэ мэдлэгийг бий болгож болно. Үүнийг маркетингт оригинал санаа гэж нэрлэж болох юм.
Манай монголд оригинал санаа гаргадаг маркетар байна уу гэвэл байхгүй юм шиг байна. Энд тэндээс харин сайн буудаж байгаа нь харагддаг. Нэгэнт оригинал биш учраас дэмий нүд, чих дүүргэж байгаа юм. Сүүлийн үед бүүр харин шинэ цэргийн аманд каш цутгаж байгаа юм шиг хөгийн рекламаа тасралтгүй явуулж 'бараг кино шиг' хүчээр хоногшуулах арга тактик хэрэглэж эхлэв. Ер нь бол маркетинг (би рекламыг яриад байна маркетинг бол өөрөө асар том хүрээтэй л дээ) гэдэг чинь амьдралдаа ганц үзээд насан туршид хоногшихийн нэр болохоос биш телевиз асаангуут байж байдаг улиг биш биз дээ.

Хөгийн хөгийн рекламуудыг тоочоод барахгүй л дээ. (улаан хацартай охин гарч ирээд 'чамтай хамт байхад пани (funny гэх гэсэн юм шиг байна лээ)', насанд хүрээгүй юм шиг царайтай бацаан цээж цадгай архи рекламдах, цээжээрээ дүүрэн том дөнгө шиг зангиагаа зангидчихсан (харваас хулхи) улаан хацартай non professional looking залуучууд инээж гудамжаар алхах гэх мэтчилэн хөвөрч өгнө )


4 хүн тутмын нэг нь өнгөний сохор
Байгалд дутуу, давуу өнгө гэж үгүй. Бүх өнгө төгс болох нь ойлгомжтой. Харин өнгийг хэрхэн илэрхийлж байгаа нь чухал.
Сүүлийн үед orange, royal purple, synthetic green өнгүүд эрэлттэй байгааг та анзаарсан байх.
Хараа бол хүний хүрэлцэхүйн нэг хэлбэр. Тэр хүрэлцэхүйг аз жаргалтай байлгахын тулд хүн өөрийгөө сайхан илэрхийлэл бүхий өнгүүдээр хүрээлүүлэх нь зүйн хэрэг. Тийм учраас өнгө нь баялаг байх ёстой юм. Тийм учраас хүн "өнгөлөг" хувцаслаж, "өнгөлөг" орчныг эргэн тойрондоо бүрдүүлэх ёстой.
Өнгөний хувьд миний олж анзаарсан зүйл бол түүний дэвсгэр. Бид загварын ертөнцөд үүнийг материал гэж хэлж болно. Байгалд хулхи өнгө гэж байхгүй. Загварт бол харин хулхи материал гэж байна. Тийм учраас тухайн өнгийг ямар материалд хэрэглэсэн нь загвар, хувцасны харагдах байдалд онцгой нөлөөтэй.
Ер нь үнэтэй харагдах гэж буй хүн бол гялалзаад хэрэггүй. Өнгө шингээдэг материал чанартай, үнэтэй харагддаг. Яагаад гэвэл өнгө шингээдэг материал нь зузаан мэт сэтгэгдэл төрүүлдэг.


Манайхан бол хужаа ба оросуудтай харьцуулахад мэдрэмж сайтай ард түмэн. Оросууд ямар ч хюго босс өмсөөд хөдөө царайтай харагддаг. Та бүгд оросын тэрбумтануудын зургийг интернетээс харахад ойлгомжтой болно.
Английн залуучууд ер нь европчууд хувцсаа их зөв тохируулж өмсдөг. Гоё хувцаслаж яваа хүн бол өөрийгөө болоод бусдыг хүндлэдэг хүн юм. Та нар оросууд ерөнхийдөө бүдүүлэгдүү бусдыг үл ойшоосон байдалтайг анзаарсан байх.

Ер нь хүнийг хувцаслалт, үсний засалтаас нь хараад маш хурдан тодорхойлж болно.

Friday, October 16, 2009

Бүтээмж

Хүнд тохируулж ажил биш, ажилд тохируулж хүн... Манай менежерүүдийн гаргадаг томоохон алдаануудын нэг.

Төлөвлөлт

Чадалдаа тохируулж төлөвлөх биш, харин төлөвлөж түүндээ тохируулж чадлаа нэмэхээр тэмүүлэх нь менежерийн зарим зарчим юм.