Wednesday, October 26, 2011

Бизнесийн мөн чанар

Компани бол нэг буюу түүнээс дээш тооны гишүүдтэй, ашгийн төлөө байгууллага мөн.

Гэсэн тодорхойлолт орчин үед бий.

Эндээс харахад ганц ойлгомжгүй хувьсагч нь "ашиг" юм. Ашиг гэж үг нь бидний ухамсарт ямар ойлголтыг төрүүлж байна вэ. Хувь хүн өөртөө ашиг олох асуудлыг яриад байна уу. Мөнгөн ашгийг яриад байна уу. Эсвэл өөр ашгийг бас илэрхийлж байна уу.

Мөнгөн ашиг олохын тулд бид бүтээл гаргадаг. Түүнийгээ харилцагч нарт борлуулснаар борлуулалтын орлого, бүтээгдэхүүнийг хийхэд гаргасан зардал хоёрын зөрүүгээр ашиг бий болгоно.

Би өмнө нь хэлсэн 50 долларын төлөө зурсан зураг 50 долларын л үнэ хүрнэ. Харин хүмүүний төлөө зурсан зураг хэмжээлшгүй "үнэ" хүрнэ гэж.

Тэгэхээр өрсөлдөөн, урт хугацааны оршин тогтнолын өнцгөөс авч үзвэл компани мөнгөн ашгийн төлөө ажиллах нь ирээдүйд гарцаагүй сүйрлийг дуудаж байна. Өөрөөр хэлбэл компани мөнгөн ашгийн төлөө ажиллах нь өөрөө компани гарцаагүй мөхлийн төлөө ажилладаг гэдэг гаргалгааг гаргах юм.

Бизнес бол урлаг гэж би томъёолж байсан бол одоо дахиад нэг шат ахиулж байна.

Бизнес бол урлаг биш, харин урлагийн нөхцөлдөх нэгэн хэлбэр нь бизнес юм. Хүмүүнд зориулж хийсэн хүмүүний бүтээл нь урлагийн бүтээл юм бол - бизнес нь хүмүүнд зориулан хүмүүс хамтран бүтээл хийх үйл явц юмаа.

Би өмнө нь хүн гагцаар бүтээл хийх нь олон хүмүүс хамтран бүтээл хийхээс хамаагүй амархан гэсэн санаа цухалзуулдаг байсан. Уран зургийг ганц зураач зурах, 10 зураач хамтран нэг уран зураг зурах жишээгээр төсөөлбөл болно. Гэхдээ уран зургийг ганц урлаач хийчих юм. Харин бизнесийн гаргадаг бүтээлийг ганц сод ухаантан хийж чадахгүй юм.

Корпораци бол урлаачдын урлан. Бизнесээр дамжуулан бүтээлээ гаргаж хүмүүст хүргэнэ. Корпорацийн гаргасан бүтээл "уламжлалт" урлагийн бүтээлээс хүмүүн төрлөхтөнд асар илүү эерэг нөлөөг үзүүлж чадна, чадсаар ирсэн, чадаж байна, цаашид ч чадна. Бид корпорациуд байсан болохоор өнөөдөр агуйд биш харин оффист IPAD бариад сууж байгаа болохоос биш хэдэн мянган уран зураг зурсан учраас энд ирээгүй юм.

Conventional wisdom ёсоор бол мэдээж корпораци бол ашгийн төлөө аймшигт мангас. Яг л уран зураач гэж өөрийгөө худлаа цоллон зургийн халтархай гаргаж, эд мэдэхгүй хүнд зарж мөнгө олдог үзэгдэл түм түмээрээ байдаг шиг корпораци нэрийг газар дор ортол нь гутаагчид хэдэн түмээрээ буй. Миний бодлоор дэлхийд буй нийт корпорациудын 99 хувь нь зүгээр л оромддог.

Харин үлдсэн 1 хувь бүх дэлхийг нуруун дээрээ үүрч явдаг. Хэн компьютер зохиов, хэн салхин сэнс гаргав, хэн шинэ эмчилгээний арга гаргаж байна, хэн хиймэл зүрх хийв, хэн хэдэн зуун давхар шилэн байшин барив, хэн ард түмнийг боловсруулж байна - корпорациуд л хийсээр ирлээ.

Төр бол 99 хувийг хяналтандаа байлгаж, ард түмнийг шунахай этгээдүүдээс хамгаалж 1 хувьд нь нийгмийн сайн сайхны төлөөх ажлаа амар тайван хийх боломжоор хангах үүрэгтэй. Төр энэ үүргээ гүйцэтгэхгүй бол 99 хувь нь эхлээд 1 хувиа барьж идчихээд, дараа нь улсыг залгина. Үүний тулд хүн төрлөхтөн төрийг бодож олсон бололтой юм.

Энэ 1 хувийгаа элитүүд гэж нэрлээд байгаа юм.

Хамгийн хачирхалтай нь дэлхийн хамгийн агуу уран бүтээлч болоход авъяас, мөнгө, гарал үүсэл, байршил 1 хувийн үүрэг ч гүйцэтгэхгүй. Зөвхөн хүмүүн төрлөхтөн, хамаг амьтны тусын тулд бүтээл бүтээх дийлдэшгүй хүсэл зориг байхад л болно.

No comments: