Tuesday, October 25, 2011

Timeless existense

Сүүлийн үед "хугацаа" бол 4-р хэмжээс биш харин ердөө л "өөрчлөлтийн дараалал" гэж хэлэх "босогч эрдэмтэд" гарч ирэх болсон.

Ертөнц хугацаагаар хэмжигдэхгүй.

Хүн бидний өчүүхэн амьдралын хувьд бол хугацаа зайлшгүй хэмжүүр мэт.

Харин ертөнцийн хувьд бол хугацаа хэмжүүр байх боломжгүй юм гэсэн бодол зурсхийх болов. Ертөнцийг бүхэлд нь авч үзэхэд хэд хэдэн асуултууд гарч ирдэг.

Хэзээ үүссэн, хийгээд хэзээ дуусах - мөн
Хил хязгаар нь хаана байгаа, түүнээс цааш юу байгаа гэх үндсэн асуудлууд юм.

Хил хязгаарын хувьд өмнө нь "усаар бүрхэгдсэн дэлхийд сэлж буй загасны" жишээгээр. тайлбарласан. Төсөөлөхөд төвөгтэй боловч ухаж үзвэл ойлгомжтой. Тухайлбал Эйнштэйний харьцангуй онолын дагуу орон зай өөрөө "татах хүчний" улмаас муруйдаг (curved space).


Татах хүч гэдэг нь яг үнэндээ өөрөө тусдаа хүч юм уу эсвэл ямар нэгэн өөр "том" зүйлийн илрэл юм уу гэдгийг бид одоо болтол сайн ойлгоогүй. Магадгүй татах хүч хар энергитэй хэрхэн холбогдож байгааг бид бүрэн тайлсан хойно ертөнцийн орон зай тэр чигтээ муруйж, түүнд тулах хана, хязгаар хэрэггүй болж таарах байх. Хэрэв макро муруй оршин байвал, - Мэдээж бид муруйн дотор байгаа өчүүхэн эгэл биес, өөрсдөө муруйн нэг хэсэг тул муруйлтыг өнөөдрийн хөгжлийн ийм доод төвшинд харж, хэмжиж мэдэх нь боломжгүй зүйл. Энэ тохиолдолд ертөнцөд хана, хязгаар байгаа эсэх тухай асуудал амархан шийдэгдэж, парадокс үүсэх хэрэггүй болно.

Харин хугацааны хувьд гэвэл одоогийн ажиглалтаар ертөнц анх их тэлэлтээр (big bang) нэг өчүүхэн цэгээс секундын дотор бараг өнөөгийн хэмжээндээ хүртэл томорсон гэж байгаа. Тэглээ гээд асуудал шийдэгдэхгүй. Тэр цэг хэр удаан оршин байсан, цэг байхаас өмнө юу байсан, цэг юунаас үүссэн гэх мэт цаг хугацаатай холбоотой хэдэн арван асуулт гарч ирнэ. Энэ тал дээр зарим эрдэмтэд зүгээр л тэр тухай бодохоо болисон нь дээр ухааны юм ярьдаг.

Харин ертөнцөд цаг хугацаа үгүй гэсэн үзэл баримтлалыг энд ашиглавал асуудал их амархан шийдэгдэнэ. Ертөнц хязгааргүй үүрд оршсон, ертөнц хязгааргүй үүрд оршино. Ертөнцөд тохиолдож буй аливаа өөрчлөлтүүдийн дэс дарааллыг цаг хугацаа гэнэ. Гээд томъёолчих юм бол их л хялбар харагдаж байна.

Фэйнманы гаргалгаа ёсоор ертөнц байж болох бүхий л түүхийн цогц. Сүүлийн үеийн судлагаануудыг үүнийг батлах чиглэлд буй. Сайтар бодож үзвэл аливаа систем - тэр нь компани ч бай, улс орон ч бай, хувь хүн ч бай - амжилттай байх үндэс нь байж болох бүх түүхийг туулах явдал мэтээр төсөөлөгдөх юм. Хэрэв Фэйнман зөв бол ертөнцөд төгсгөл гэж үгүй, эхлэл гэж үгүй. Ертөнц бол өөрчлөлт.

Үүний үр дүнд нэг тун утга учир багатай, төвөгтэй гаргалгаа гарна.

Ертөнцөд хууль гэж үгүй.

Ертөнц өөрөө бүхий л байж болох түүхийн цогц учраас түүнд хууль байх боломжгүй, харин тэр байж болох бүх л төрлийн хуулийг нэгэн зэрэг, заримдаа дарааллуулан туршиж ирдэг. Бид бол байж болох бүхий л хуулийн цогц үр дүн нь. Үргэлжлэл нь, ирээдүй нь. Эхлэл ба төгсгөл, хязгаар ба хэмжээ үгүй тул хууль үгүй. Ертөнцийн хууль нь хуульгүй байх явдал. Тэгэхээр ертөнц цаашид байж болох бүхий л хувилбаруудыг туршсаар үргэлжилнэ.

Ертөнцийн мөн чанар юу вэ.

No comments: