Friday, November 11, 2011

Малчны сонголт

Малчин сонголтоо хийчихсэн. Малчин 1921 онд Сонголтоо хийж баталгаажуулсан. Малчин 2011 онд ч сонголтоо хийсээр л байна. Малчид хөгжил дэвшлийг л сонгоод байгаа. Худлаа гэвэл Их дээд сургуульд сурч байгаа, хөдөө нутгаас ирж байгаа оюутны тоог хар.

Гэтэл үүнийг ойлголгүй, өөрөө орчин үеийн хувцас, хурдан унаа, гар утас барьж компьютерийн ард суучихаад "Уламжлалт мал аж ахуй, соёлоо байгаа тэр чигээр нь хадгалцгаая" гэх мэтийн 1204, 1500-аад онуудад бидний өвөг дээдсийн өөрөөр шийдчихсэн юмыг эргүүлж буцаагаад байх шаардлага үгүй. Худал гэвэл Мандухай Сэцэн хатан, Чингис хаан, Хувилай хаан, Монголын эзэнт гүрний түүхийг бүхэлд нь судлаж үзтүгэй. Өвөг дээдэс маань яаж хоцрогдсон мал аж ахуйгаа хөгжүүлэх, мануфактуринг эхлүүлэх талаар үеийн үед сэтгэлээ чилээж байсныг мэдтүгэй. Ам байдаг учраас ярих ёстой юм биш. Тархи байдаг учраас харин бодох ёстой юм.

Мал хариулж өссөн учраас би сонголтоо хийж байна. Би оюунлаг, орчин үеийн, дэлхийд өрсөлдөх боломжтой тэр Монголчуудыг мал хариулуулж уулын мухарт үрмээргүй байна. Монгол хүн бахархах, "омогших" дуртай. Хүн түүхээрээ омогшихгүй юм. Харин хүн ирээдүйд хийж бүтээх, түүний тулд өнөөдөр хийж буй ажлаараах гайхуулах ёстой юм.

Уламжлал өв соёлоо хадгалж үлдэнэ. Хадгалдаг арга нь байна. Хадгалахын тулд Монгол иргэнд сонголт хийх эрх өгөлгүйгээр Малчин хэвээр нь хадгалж хэрхэвч болохгүй. 500-600 мянган иргэнээ уламжлал хадгалах нэрийдлээр хамгийн бүдүүлэг амьдралын хэлбэрт цөлж болохгүй. Тийм л их уламжлалаа хадгалах гээд байгаа юм бол 10,000 жилийн өмнөх шигээ агуйд амьдарцгааж бас болно. Уламжлал хадгалах, хоцрогдсон хэлбэрээр амьдрах хоёрын хооронд хэдэн километрийн зай бий.

Би Монгол хүн 50 жилийн дараа мал хариулах биш харин Орчин үеийн лабораторид суугаад дэлхийд Монгол хүнээс өөр хүний хийж чаддаггүй өндөр технологийн бүтээгдэхүүнийг гаргадаг байхыг мөрөөддөг. Монгол хүн дэлхийн тавцанд сэлэм эргүүлж цахиур хагалахгүй ээ. Харин хийж бүтээж, босгож мандуулж шинэ Монголын шинэ бахархалыг төрүүлэх хэрэгтэй.

-----------------

Гадны этгээд Монгол хүнийг доош нь харах харцыг олон жил мэдэрч ирлээ. Харанхуй нэг нь мэдрэхгүй өнгөрнө. Харин юм ойлгодог хүн бүр тэр харцыг мэдэрдэг буй заа. Монгол хүнийг дэлхийд хүндэлдэг болгохын тулд өнөөдөр бид ажиллах хэрэгтэй.

Онгоцноос буугаад раллид оролцох гэж буй мэт эндүй сундуй замаар, эсрэг урсгалаар явж буй машинтай ердөө тохой хэрийн зайнд зөрсөөр хотын төвд хүрч ирсэн гадаад эрхэм монгол хүнийг хэзээ ч хүндэтгэж харахгүй. Ийм замтай улс, ийм замтай хүмүүс бол яг бизнесийн уулзалтанд жинс өмсч ирсэн хүнтэй адил үзэгдэнэ. Бид хорт хавдарын өвчлөлөөр дэлхийд тэргүүн байр эзэлж, олон улсын онгоцны буудлын зам нь Африкийн нэг ядруухан орноос долоон дор, хүний хөгжлийн үзүүлэлтүүдээр дэлхийд дандаа сүүл мушгиж, сонин телевизэрээр нь хагас солиотой, хийрхэлтэй мэт тархи угаалт тасралтгүй явж байгаа энэ үед Монгол омогшил, Монгол бахархалын тухай ярихгүй. Хэн мал аж ахуйгаа хадгалж үлдэе, хэн Монгол омогшил гээд цээжээ дэлдээд байна, тэр хүмүүс "но"-той. Бид бөөгийн сүсгийг аль 800 жилийн тэртээ халж орхисон. Яагаад бидний өвөг дээдэс 800 жилийн өмнө эхлүүлж 500 орчим жилийн өмнө бүрэн халж орхисон бөөгийн ёс өнөөдөр эргэж дэлгэрэв ээ. Шашин, мухар сүсэг хоёрын ялгааг ойлгохгүйд хүртлээ ухамсарын доройтолд орлоо гэж үү дээ. Хүн нийгэмшиж, иргэншиж амьдрахын тулд шашин байдаг, иргэншилд философи хэрэгтэй, харин мухар сүсэг хэзээ ч философитой байдаггүй юм.

50 жилийн дараа дэлхийд гайхуулах, Монгол бахархалыг бий болгохын тулд өнөөдөр бид өөрсөд дээрээ оногдсон хариуцлагыг ухамсарлан хэрэгжүүлж, дуудлагыг хүлээн авах ёстой билээ.

Улс төрийн хүүр, бизнесийн хүүр, нийгмийн хүүр, албан тушаалын бөглөөс хүүр, найз нөхөддөө садаа хүүр, ханилж яваа ханьдаа таглаа хүүр болцгоодгоо зогсоох ёстой.

Малчин порш унах эрхтэй. Харин түүнд сонголтыг нь өгсөн үү?

No comments: