Tuesday, November 15, 2011

Төв банкны орлого үр дүнд ханшийн тэгшитгэл суух ёстой юу

Төв банкны нөөц ба ханшийн тэгшитгэл
Саяхан сонин дээрх өгүүлбэрүүд анхаарал татав. Утгачлан сийрүүлбэл “...Монголбанк 2010 онд 145 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Ингэхдээ төгрөгийн ханшийн өөрчлөлтөөс 183 тэрбум төгрөгний алдагдал хүлээж. Үүнийг 2011 онд олсон ашгаараа нөхсөн ч 145 тэрбум төгрөгийн алдагдал хуримтлагдан үлдсэн байна... Эдийн засгийн байнгын хорооны хуралдааны явцад УИХ-н гишүүд алдагдалтай ажилласан төв банкинд хариуцлага хүлээлгэх ёстой, хэрэв арилжааны банк байсан бол Монголбанк аль хэдийнэ дампуурлаа зарлах болсон байна гэцгээж, Төв банкны тухай хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв... “

Төв банкны нөөц – доллар ба бусад валют график
Ханшийн тэгшитгэл
Монгол улсын компани санхүүгийн тайлангаа төгрөгөөр илэрхийлж гаргадаг. Хэрэв энэ компанийн кассанд 1,000 доллар байгаа, мөн бусдад доллараар төлөх өр төлбөр үгүй бол үүнийг “долларын урт позицтой” гэж нэрлэдэг. Олон улсын нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу энэхүү 1,000 долларыг санхүүгийн тайланд тусгахдаа өдөр бүр mark-to-market буюу ханшийн тэгшитгэл хийж төгрөгөөр илэрхийлэгдэх дүнгээр нь бүртгэж явах ёстой.
Төв банкны нөөц
Гэхдээ би Төв банкны гадаад валютын нөөцөнд ханшийн тэгшитгэл хийх учиргүй гэж эртнээс үзсээр ирсэн. Өөрөөр хэлбэл орлого үр дүнгийн тайландаа нөөцийн дахин үнэлгээний өөрчлөлтийг тусгах учиргүй. Дэлхийн олон том банкууд баланс дээрээ ханшийн тэгшитгэл хийдэггүй. Мэдээж балансаас гадуурх ханшийн тэгшитгэлийг өдөр тутам хийх нь зөв. Хэдийгээр Төвбанк ханшийн тэгшитгэл хийх нь зүйтэй гэж үздэг зарим томоохон эдийн засагч нар байдаг ч, тэдний гаргаж ирдэг аргумент нь надад хангалттай санагддаггүй.
Төв банк бол ашгийн төлөө бус, мөнгө хэвлэх эрхтэй, зах зээл дээрх мөнгөний эрэлт нийлүүлэлтийг зохицуулах үүрэгтэй, ард түмэн, хүн ардын сайн сайхны төлөөх эрхэмсэг оршихуй бүхий онцгой статустай байгууллага. УИХ буюу ямар ч статустай байгууллага энэ байгууллагын үйл ажиллагааны зардал талыг хэлэлцэхээс биш орлого талыг, тэр тусмаа гадаад валютын нөөцөн дэх ханшийн тэгшитгэлийн ашиг, алдагдлыг хэлэлцэх ёсгүй. Бүр түүгээр нь дарамт шахалт үзүүлж ч болохгүй.
Учир нь бид ардчилсан дэглэмтэй, чөлөөт зах зээлт орон. Ийм зах зээлд валютын ханш нь эрэлт нийлүүлэлт болон макро эдийн засгийн суурь хүчин зүйлийн зарчмаар тогтоогдох ёстой. Төв банк нь ханшийн огцом савлагааг бууруулах, макро хүчин зүйлсийн тогтвортой байдлыг хангах л байдлаар оролцохоос биш зах зээлийн хандлагыг тогтоохгүй юм. Хэрэв төгрөгийн ханш макро шалтгааны улмаас чангарах ёстой бол чангарах л учиртай. Эсрэг тохиолдолд мөн үнэн.
Хэрэв та анзаарсан бол төгрөгийн ханш бусад гадаад валютын эсрэг чангарах тусам Монголбанк ханшийн тэгшитгэлийн маш их алдагдал хүлээхээр харагдаж байна. Яагаад гэвэл Монголбанкны нөөцөд байгаа нөгөө 1,000 доллар чинь өмнө нь орлого үр дүнгийн тайлангаас харахад 1,300 төгрөгтэй тэнцэж байснаа харин одоо 1,200 төгрөг болоод ирж байна. 100 төгрөгийн алдагдал хүлээж байна. Эсрэгээр төгрөгийн ханш суларсанаар Монголбанкны орлого үр дүнгийн тайлан ашигтай гарна. Гэтэл Монголбанк суурь зарчмаараа ашгийн төлөө бус байгууллага, эдийн засгийн онцгой субъект байдаг. Хэрэв Монголбанк ашгийн хойноос хөөцөлдөж, жил бүрийн эцэст төгрөгийн ханшийг зохиомлоор сулруулах сэдэлтэй болвол энэ нь макро эдийн засаг, бизнес, цаашлаад ард иргэдэд маш хортой зүйл болох болно. Энэ бол зарчмын асуудал. Энэ бол сонирхлын зөрчлийн тухай асуудал.

No comments: