Friday, September 30, 2011

Global crisis

Олон улсын эдийн засгийн хямрал болж түүнээс гарч амжаагүй байтал дараагийн давалгаа цунами болон орж ирлээ.

Эртээд Монголбанкны Золжаргал ерөнхийлөгчтэй уулзаж байхад мань эр хэлсэн "Эдийн засагчид - хямрал хэзээ болох, болоод эхэлсэн хойно хэдий үргэлжлэх, дуусч байгаа үед нь үнэхээр дууссан эсэхийг - хэлж чадахгүй гэдгээ хүлээн зөвшөөрцгөөлөө" гэж.

Би 2008 онд хямрал нүүрлэж байхад Засгийн газрын ажлын хэсгийн гишүүн болж хэдэн удаа хуралд сууж байв. Монголын банк санхүүгийн системд ноцтой нөлөөлөл үзүүлэх болно гэж таньдаг мэддэг засаг барьж буй бүх хүмүүст хэлж анхааруулж байв. Мэдээж тэд ч гэсэн өөр өөрсдийн сувгаар мэдээлэлтэй байсан.

Хямрал бол үнэндээ "хямрал" өөрөө биш харин хямралд бэлтгэлгүй байдал мөн.

2008 онд бид зэсийн ханшийн уналтаас хамгаалах дериватив хэлцэл хийгээгүй байсан учраас улсын төсөв 300 гаруй тэрбум төгрөгний алдагдалд орсон болохоос биш олон улсад хямрал болоод бид тийм алдагдал хүлээсэн гэж би боддогүй. Энэ нь үнэндээ 100 ажилтантай барилгын компанийн захирал ажилчидаа каскгүй барилгын талбайд ажиллуулсантай адил. Тоосго унаад хүний толгой хагалсан нь байгалийн хүчин зүйлээс болсон биш харин каск өмсгөөгүй захирлын буруу гэсэн санаа. Ер нь бол тоосго унах нь хэвийн үзэгдэл. Касктай толгой дээр унагах нь менежментийн хариуцлага. Цаашлаад хагарсан толгойг эмчлүүлэх мөнгөгүй компани өөрийнх нь хохь гэж хэлж байгаатай адил. Зүй нь бол бүх ажилчид касктай, бас даатгалын компанид даатгуулсан байх учиртай. Ийм юмаа хийсэн хүний хувьд хямрал гэж бараг л боломжгүй зүйл болон хувирна даа.

Улс орны макро эдийн засгийн хувьд яг ижил.

Өнөөдөр зэсийн ханш 9000 доллараас унаад 7000 доллар болсон цохиж явна. Олон улсын хямрал double dip буюу хоёролсон уналт хэлбэрээр явагдаж байгаа ч юм болов уу энэ тэр гэсэн шиг юм эдийн засагчид ярьж байгаа. Зэсийн ханш 5000 доллар хүрэхэд энүүхэнд байна гэж би үзэж байна. 2008 онд каскгүй сууж байсан, одоо яав. Хандлага нь бол "үгүй эртээд толгой дээр тоосго унаад, толгой нэлээн өвдсөн, одоо бол нүд бүрэлзээд л байгаа гэхдээ дахиад нэг цохиулахад үхэхгүй биз, ер нь би хийморьтой монгол хүн юм чинь дахиад цохиулахгүй байлгүй дээ, эртээд барцад нь гарчихсан ш дээ" мэтийн сэтгэлгээ бололтой юм даг. УИХ гишүүд тийм л их хэл амтай юм бол Сангийн сайдыг яг иймэрхүү асуудлаар чихийг нь халууцуулж баймаар юм шиг ээ. Ямаанд мөнгө, гишүүн бүрт тэрбум өгөх болохоороо хэл ам нь дийлддэггүй гэж ойлгогдсон.

Global imbalance
Өмнө нь би олон газар ярьж бичсэн. Энэ хямрал бол ужгирсан хямрал болноо гэж. Тэр нь ч биелэлээ олж байх шиг байна. Учир нь бид (олон улс) хямралаас яаж анх хямралд орсон тэр аргаараа гарах гэж үзээд байна.

Байрны үнийн өсөлт энээ тэрээ бол зүгээр л нэг ханиалга. Гэтэл яг уушгинд ямар бактери орчихоод өвчлүүлээд байгааг нь бид өнгийж үзэх ёстой. Ханиалга дарах шингэн уугаад л яваад байж таарахгүй. Олон улсын эдийн засаг гээч юм бий болсон цагаасаа л ингэж явж ирлээ.

Хямралын шалтгаан - бактеритай тэмцэх дархлааны систем - бол ухамсарын асуудал. Хүн төрлөхтөний ухамсарлахуйг дээшлүүлж байж бид үүнээс гарна.

No comments: