Wednesday, September 28, 2011

Stepping up

Хүн сарын 500 мянган төгрөгний төлөө ажиллах юм бол 500 мянган төгрөгний үнэтэй "робот" болж хувирна. Үүрд 500-аа л авна.
Харин хүн хийсэн ажлынхаа төлөө өнөөдөр 500 мянгыг авч байгаа бол маргааш илүүг хийгээд 600 мянгыг авч болно.

Монгол залуу Харвардад суралгүйгээр мэрийж ажиллаад Goldman Sachs-ийн дэд ерөнхийлөгчийн төвшинд хүртэл чадвахжиж болно. Тийм аймшигтай хэцүү даваа биш. Дэд ерөнхийлөгч сард 15,000 доллар авдаг гэвэл тэрний төлөө жаахан хөлс гаргахад асуудал алга. Сард 500 мянга авдаг хүн жилд 5,000 доллар олно. Дэд ерөнхийлөгчийн сарын цалинг 3 жил ажиллаж олох нь байна.
Ийм зүйлийг хүсч байна уу гэвэл бүгдээрээ л толгой дохино. Яагаад хэдхэн нь л чаддаг вэ. Яагаад гэвэл ердөө хэдхэн нь л тийм болохоор үнэн сэтгэлээсээ "шийддэг" учраас. Бусад нь нөгөө дуусч барагддаггүй шалтагуудаа тоочоод сууна.

Гэхдээ ер нь Харвардын магистр, Америкийн хөрөнгө оруулалтын банкирын төвшинд очоод л сэтгэл ханачих юм уу. За нэг 100 мянган доллараар спорт машин аваад 2 долоо хоног давхих л юм биз дээ. Тэгээд л тоглоомноосоо уйдсан хүүхэд шиг шинэ юм хайна. Бас ийм материаллаг зүйлст сэтгэл ханахгүй байж ч болно. Ер нь хүн болж ганц удаа төрсөнийх хүний хэмжээ хязгаарыг нь хайж үзэж ч бас л болно.

Ажиглаад байхад хүний тархи толгой олон ном уншсанаараа эсвэл эрдэмтэн магистр цол авсанаараа задардаггүй бололтой.

Ухамсарын дээд шатанд яаж хүн гарах вэ. Их ном уншиж уу. Доктор профессор болж уу. Үгүй юм шиг ээ.

Ер нь хүмүүс дандаа зөвхөн өөрийнхөө л тухай боддог. Хүн өөрийнхөө л тухай бодоод байвал яаж тэр хүний ухамсар дээшлэхэв. Би өмнө нь хүн философич - "би хэн бэ" асуултанд хариулт хайсаар насыг бардаг гэсэн. Харин одоо бодоход тэрний ахисан шатны синдром нь арай өөр хувилбараар буюу "бид хэн бэ" гэсэн байдлаар илрэх юм шиг.

Хүн бусад хүмүүсийн төлөө бодож, сэтгэж байж л мөн чанараа олж авдаг юм шиг харагдах юм. Эх хүн дандаа үрийн төлөө боддог учраас тийм агуу байдаг ч юм болов уу. Магадгүй дахиад нэг шат ахиад "хамаг амьтны тусын тулд" бодоод үзвэл яадаг юм бол.

No comments: