Tuesday, April 27, 2010

Company - accompany

Улс орны хөгжил дэвшилд иргэн бүр өөрийн гэсэн үүрэг оролцоотой. Харин иргэд байгууллага болж нэгдэхийн учир нь нийгэмд оруулах эерэг үнэ цэнийг ихэсгэх явдал мөн.

Хүн дунджаар нэг өдөрт 100 хадаас хийдэг бол 2 хүн тус тусдаа 200 хадаас хийнэ. Хачирхалтай нь 2 хүн нийлж тэрхүү ажлыг хийхэд 250 хадаас хийгддэг байна. Энэхүү хачин жигтэй үзэгдлийг баруунд “синержи” гэж тодорхойлжээ.

Дэлхий дээрх хамгийн анхны бөгөөд эртний компани (одоо болтол ажиллаж байгаа) 1200 онд байгуулагдахдаа синержиг ашиглан бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор байгуулагдсан юм. Энэ нь хүн төрлөхтөнд зориулан бүтээж байгаа бүтээлийн хэмжээг улам бүр нэмэгдүүлэх буюу нийгэмд үзүүлэх эерэг үнэ цэнийг максимум төвшинд хүргэх суурь зорилго билээ.

Фундаментал сэтгэлгээ ёсоор бол Өнөөдөр ч гэсэн компаниуд тэр л зорилгоор байгуулагдан ажилласаар буй.

Тэрнээс биш conventional wisdom дээр гардаг шиг компани гэж зүрх сэтгэлгүй, ардаа шунахай сэдэлтэй этгээдүүдээр хүрээлүүлсэн, робот мангас байгаад тэрэнд өрөвдөлтэй арчаагүй иргэд цалин авахаар ажилладаггүй юм.

Компанийн зорилго гэдэг бол ажилтны зорилго. Өөрөөр хэлбэл ижил зорилго бүхий хүмүүс синержи бий болгохоор нийлж компани бий болдог болохоос биш компани гээд өөрийн гэсэн зорилготой үлгэрийн амьтан байгаад түүнд нь хүмүүс нэгдэж ордоггүй билээ.

Компани буюу company гэдэг үг маань хүртэл өөрөө нэгдэх, нийлэх, түншлэх гэсэн утгатай үг юм. Мэдээж англичуудын болоод хөгжингүй ард түмнүүдийн хувьд шүү дээ. Монголчуудад бол ямар ч утгагүй. Тэгэхээр англичуудын ойлгодог утгаар нь ойлгож эхлэх чухалтай.

Хамгийн ухаантай нь гүйцэтгэх захирал, арай бага ухаантай нь дэд захирал гэх мэтчилэн хамгийн бага албан тушаалтан хамгийн тэнэг нь гэсэн арчаагүй conventional wisdom-оос дэлхий ертөнц салж эхэлж байна. Оронд нь хөдөлмөрийн хуваарь, өвөрмөц чадварыг ярих болсон.

Ер нь миний бодлоор Who am I? асуултын хариултандаа хамгийн ойртсон нь гүйцэтгэх захирал ...тэгээд дэд захирал гэх мэтчилэн хөвөрч байх шиг.

Зөндөө л улсын математик физикийн олимпиадын аваргууд (монголчууд ухааныг тэрүүгээр хэмждэг учраас жишээ татаж байна) архичин болчихсон, учраа олохгүй, ямар ч бүтээл гаргахгүй явж байгааг бид мэддэг.

Tuesday, April 6, 2010

Айдас бол мэдлэггүй хүний өвчин

Айдас бол мэдлэггүй хүний өвчин...

Орчин үед коммуникацийн чадвартай хүн компанид ямар чухал болох талаар өмнөх нийтлэлд үзүүлсэн.

Харин одоо бид жаахан үргэлжлүүлж үр бүтээлтэй хүмүүсийн бусад шинжүүдийг авч үзье гэж бодлоо.

a. Монгол хэлний өндөр чадвартай
b. Англи хэл ба логик сэтгэлгээний чадвартай
c. Мэдлэгийг түргэн хугацаанд интернетээс олж авах дадалтай
d. Бусдын аман болон бичгэн санаа бодлыг түргэн тусгаж авч чаддаг
e. Өөрийн санаа бодлыг аман ба бичгэн хэлбэрээр ойлгомжтой илэрхийлж чаддаг
f. Бие даан шийдвэр гаргагч
g. Гаргасан шийдвэрийнхээ хариуцлагыг хүлээгч
h. Бэрхшээлийг сорилт болгон харж чаддаг, давж чаддаг
i. Амьдралаас ихийг хүсэгч
j. Хувь заяаныхаа эзэн
k. Хүмүүст хэрэгтэй зүйлс бүтээхийг зоригч
l. Бүтээлийг хамтын хүчээр бий болгох эрмэлзэлтэй

Saturday, April 3, 2010

Хүний нөөцийн асуудлууд

Хүн нэг цаг хагаст номны 10 - 20 хуудас уншиж чадна.

Хүн нэг цаг хагаст номноос 2-3 хуудас цээж бичлэг хийж чадна.

Нийгмийн амьдралын үндэс нь хүмүүн хоорондын харилцаа холбоо.

Харилцаа холбооны үндсэн хоёр функц нь дараах байдалтай байж болох юм.
а. Эсрэг талд ойлгомжтой байдлаар өөрийн мэдлэгийг яриагаар болон бичгээр шилжүүлэх
б. Эсрэг талын илэрхийллийг ойлгож түүнийг мэдлэг болгон хувиргах үйл явц

Нийгмийн амьдрал бол хамтын амьдрал. Бизнес бол хамтын бүтээл гаргах ахисан төвшний үйл явц.

Тэгэхээр бизнест хамгийн чухал зүйл нь харилцан илэрхийлэл юм.

Бизнесийн хамгийн чухал зүйл нь communication гэж байгаа юм.


Бизнесийн байгууллагад хүнд 1. өөрийн санал бодлыг зөвөөр хэлж илэрхийлдэг, 2. хүний санал бодлыг сонсоод/уншаад ойлгож чаддаг, 3. өөрийн мэдлэгийг бичгээр буулган мэдлэгийн өв үлдээж чаддаг хүмүүс хэрэгтэй.

Мэдлэг бол хүчгүй билээ.

Мэдлэгийг тархин дотроо бясалгаж бий болгож эс чадваас харах, сонсох, унших аргуудын алийг нь ч ашиглан олж авч болно.

70,000 жилийн өмнө хүн анх өөрийн мэдлэгийг агуйн хананд сийлэн үлдээснээс хойш, мэдлэгийг өвлүүлэх зорилгоор бичиг үсгийг зохиож ирсэнээс хойш мэдлэгийг хадгалах, дамжуулах тал дээр бид сүүлийн 30 жилийн дотор хүний физик чадварын оргилд хүрлээ. Хүний физик чадварыг нэмэлгүйгээр (2 ном зэрэг унших, ном уншаад интернетээс сонсох г.м.) цааш хөгжил үгүй.

Энэ бол электрон мэдээлийн технологи билээ.

Боловсролын системийн үндсэн зорилго нь мэдлэгтэй иргэдийг бэлдэхэд оршихгүй байна. Энэ бол зөвхөн түүний дэд зорилгуудын нэг.

Боловсролын систем нь үндсэн хоёр зорилготой.
1. Нийгмийн суурь үнэт зүйлс, ёс суртахууныг төлөвшүүлэх (maintain)
2. Нийгэмд харилцан илэрхийллийн зохих төвшний хөгжилтэй иргэдийг бэлтгэх.


1.-р зорилгын хүрээнд тухайн нийгмийн суурь зарчмыг иргэдэд хар багаас нь төлөвшүүлэх ёстой. Энэ нь иргэн хүн бүрийн эрхэмлэн дээдлэх зүйлс, тухайн нийгмийн "цавуу" юу юм бэ, нийгэм ямар зорилготой хийгээд тухайн хүн өөрийн байр суурийг хэрхэн олж авах зэрэг олон талт асуудлуудыг ухамсарт нь шингээсэн байх ёстой. (BIOS дээр нь бичих)

2.-р зорилгын хүрээнд хүнд өөрийн бодлыг зөвөөр хэлж ойлгуулж чаддаг, хүний илэрхийллийг түргэн ойлгох чадвартай, өөрийн мэдлэгийг бичгээр өв болгон үлдээх чадварыг иргэн бүрт төлөвшүүлэх явдал мөн.

Дээрх хоёр зүйлсийг эзэмшсэн хүнийг боловсролтой хүн гэж хэлнэ.

Хүн агуйд гагцаар 6 жил сууж бясалгаад дээрх зүйлсийг олж мэдэж болно.

Гэтэл дугуйг дахин зохиох хэрэг юусан билээ.

Боловсролын арга технологи бол дээрх хоёр зүйлсийг хүн бүрт сургах (зарим хүмүүс өөрсдөө сурчихдаг юм шиг байгаа юм)хамгийн дөт, үр бүтээлтэй аргачлал байна.

Гэтэл манай боловсролын системд эдгээр хоёр үндсэн зорилго хазайгаад огт өөр шаардлагагүй чадваруудыг төлөвшүүлж байгаа нь бизнесийн байгууллагууд үр өгөөжтэй ажиллахгүй байх үндсэн нөхцөл боллоо.

Ажилтнууд нь харилцагч бөгөөд удирдах албан тушаалтнуудын хэлсэн ярьсан зүйлсийг ойлгохгүй төвшинд хүртэл хямрал гүнзгийрч байгаа юм. Гэтэл тэдгээр нь өөрсдөө дээд боловсролтой хүмүүс байхад шүү дээ.

Манай боловсролын системд үндсэндээ дараах зүйлс ажиглагдаж байна.

- Цээж бичлэг
Багш хүн бол prototype насанд хүрэгч болохын тулд сурагч нарыг бэлдэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэнэ.
Монголчууд 14 жил цээж бичлэг хийсээр байгаад төгсөөд гарч ирэхдээ хүнтэй ярилцах чадваргүй, хүний хэлсэнийг ойлгохгүй, бодлоо хүнд хэлэх эрмэлзэлгүй хүмүүс болж байна.
Нийт хийсэн цээж бичлэгээ нийлүүлж үзвэл ердөө хэдхэн ном болно. Гэтэл тэгэж цээж бичлэг хийсэн цагтаа ном уншсан бол хичнээн их мэдлэг олж авах байсан бол.

- Цээжлэснээ шалгуулах
Баруунд яригддаг applied knowledge гэж байдаг. Энэ нь тухайн хүн мэдлэгээ хэрхэн ашиглах чадвартай байгааг илэрхийлдэг юм.
Монголд бол харин мэдлэгийг түүхий байдлаар оюутнуудад цээжлүүлээд эргүүлээд цээжилсэн эсэхийг нь шалгадаг.
3 хоногийн дараа мэдлэг будаа болоод хоолтой холигдоод идэгдчихдэг.

Зүй нь...

1. Их сургуулийн багш 1-р ангид хийлгэж байсан цээж бичлэгийг үргэлжүүлж хийлгэхгүй байх. Мэдлэг интернет дээр үнэгүй байна. Лекцийн явцад багш өөрийн практик мэдлэгийг ярьж ойлгуулах - үр дүнд нь шавь нар хүний нарийн шинжлэх ухааны мэдлэгийг яриа хэлбэрээр шилжүүлж байгааг хүлээн авч ойлгох - хариу ярилцаж зүгшрэх.
2. Шавьд хуулж бичих биш харин унших байдлаар мэдлэгийг олж аваад түүнийгээ шалгуулдаг тогтолцоог идэвхийлэн бий болгох.
2. Багш мэдлэгийг шавьд өгсөн бол түүнийг applied knowledge болгоход цор ганц анхаарлаа тавих. Үгүй бол багшлах хэрэг юусан билээ.
Шавь мэдлэгийг applied болгохын тулд ганц л зүйл хийх хэрэгтэй. Тэр нь тухайн шинээр олж авсан мэдлэгийг ашиглан бүтээл гаргах явц билээ. Тэгэхээр багш шавиар бүтээл гаргуулах ёстой.

Стандартын асуудал яригдана.
Багшын стандарт доогуур байгаад бүтээлийг ойлгохгүй эсвэл хэт хөгийн доогуур стандартын бүтээл шаардаад байвал тийм л төвшний шавь нар бэлтгэнэ.
Тэгэхээр багш нар өөрсдөө бодож мэдлэг бий болгож чадахгүй байгаа тохиолдолд өөртөө дүгнэлт хийгээд яаралтай маш ихээр "үзэж харах" нь чухал.

Энэ хорвоод бэрхшээл гэж үгүй билээ зөвхөн сорилт л гэж бий...

3. Англи хэл бол мэдлэг олж авах дэлхийн түгээмэл хэрэгслүүр гэдгийг нийт англи хэл суралцагсад ойлгох. Яагаад гэвэл Монгол хэл дээрх мэдлэгийн өв нь Англи хэл дээрх мэдлэгийн өвийн 1 хувьд нь ч хүрэхгүй. Тийм учраас Монгол хэл хичнээн баялаг байгаад ангил хэл дээрх маш олон ойлголтыг орчуулж, илэрхийлж дийлэхгүй болчихоод байна. Зүгээр л англи хэл дээр хэдэн ном, монгол хэл дээр хэдэн ном дэлхий дээр байдгийг бодоод үзэхэд ойлгомжтой болно.

Sunday, March 28, 2010

Харвард юу өгч чадахгүй вэ?

Харвард юу өгч чадахгүй вэ?

Социалист нийгэм бол иргэн бүтээлээсээ таашаал авч хуваалцаж амьдардаг ахисан төвшний нийгэм. Магадгүй хүн төрлөхтөний ухамсар одоогийн төвшнөөс нэлээд дээшлээд ирэх үест дахиад нэг туршиж үзэж болох юм.
Ардчилсан нийгэмд олон дутагдалтай тал бий
Эрх мэдлийг мөнгөөр төлөөлүүлсэн нь шудрага бус нөхцөл үүсэхэд хүргэдэг. Мөнгө бол хүмүүсийн зохиосон хамгийн гайхамшигтай бөгөөд хамгийн ярвигтай нийгмийн хэрэгслүүр. Сурах бичиг дээр байдаг мөнгөний төлбөр тооцооны хэрэгслүүрийн үүрэг нь түүний гүйцэтгэдэг маш олон үүргийн ердөө нэг л хэсэг нь билээ. Ардчилсан капиталист нийгэмд эрх мэдэл мөнгөнөөс болж (мэдээж мөнгөнөөс биш л дээ) шудрага бус хуваарилагдах гээд байдаг тал бий.
Угтаа бол Нью Йоркийн ядуу харуудын хороолол, Техасын цөл, Холливудын баячуудын дүүрэг, Монголын говь, Утаатай Улаанбаатарт төрөгсөд цөм ижил боломжоор хангагдсан байх учиртай юм.
Хэн ч луйвар хийхийг хүсдэггүй. Харин бүгдээрээ эрх мэдэлтэй сайхан амьдралыг мөрөөддөг. Ядуусын хороололд төрсөн боловч луйвар хийлгүйгээр сайхан амьдрах арга байна уу?

Хичээл зүтгэл, тэгш боломж

CFA (Chartered Financial Analyst) гэж олон улсын санхүүгийн мэргэжлийн зэрэг байх. Энэ зэргийг авахын тулд хүн 3-5 жил хэд хэдэн шалгалтуудыг дарааллан өгөх хэрэгтэй. Ерөнхийдөө энэ бол бие дааж суралцаад шалгалт өгч авдаг зэрэг юм гэж ойлгоход болно. Хамгийн гайхамшигтай нь хэдийгээр энэ зэргийг эзэмшигч хүн Дэлхийн тэргүүлэх сургуулийн Бизнесийн магистрийн зэрэгтэй хүнтэй мэргэжлийн хувьд тэнцүү үнэлэгдэх боловч гарах зардал нь ердөө 3-4 мянган доллар.
Гэтэл дэлхийн эхний 30-д багтах их сургуулийн бизнесийн магистрын дундаж төлбөр 80-100 мянган доллар, зарцуулах хугацаа нь 2 жил байна.
CFA-тэй ижил Мэргэшсэн нягтлан бодогч (CPA), мэргэжлийн дилер (ACI DD), мэргэшсэн актуарч (Chartered Actuary) гэх мэт олон мэргэжлийн зэргүүд бий. Эдгээр мэргэжлийн зэрэгтэй хүмүүс олон улсын хөрөнгө оруулалтын банкууд, эрсдлийг удирдах сангууд, хөрөнгө оруулалтын сангууд болон томоохон банкуудад ихээхэн эрэлттэй байдаг билээ.
Нэр дурьдагдсан байгууллагуудад орсон цагаасаа эхлээд сайн ажиллавал ойролцоогоор 5-7 жилийн дотор Дэд ерөнхийлөгч болох боломжтой. Дэд ерөнхийлөгч жилд дунджаар 200-400 мянган долларын цалин авч болно.
Би энд зөвхөн ойр мэддэг салбараа л дурьдлаа. Бүх мэргэжлийн салбарт дээрхтэй ижил боломж байдаг.

Ардчилсан нийгмийн шудрага боломж

Ардчилсан нийгэм хүн бүрт баян айлд төрөх боломж олгож чаддаггүй. Гэхдээ ардчилсан нийгмийн үнэт зүйл нь хүн бүрийг сэтгэл хангалуун нүд аних боломжоор хангахад оршдог юм. Хүний амьдралын зорилго нь мөнгө олоход бус харин сэтгэл хангалуун амьдрахад орших билээ.
Улс төрчдийн үүрэг нь хууль батлахад бус харин шудрага боломж олгодог нийгмийг цогцлоон байгуулахад оршдог. Долоон буудал, Дорнод, 220 мянгат, Зайсан ба хаана ч төрсөн Монгол иргэн сэтгэл хангалуун амьдрах нийгмийг бий болгох нь элитүүдийн үүрэг юм.

Баялагийн хараал

Баян айлын бацаан синдром нь аль ч ардчилсан нийгэмд байдаг түгээмэл дутагдлын шок юм.
Амьдралын зорилго нь мөнгө олоход оршмой хэмээн үздэг нийгмийн чинээлэг гэр бүлд төрсөн хүмүүс энэхүү дутагдлын шоктой байх нь элбэг. Үнэт зүйлийн баримжаа нь огт өөр тул бие дааж амьдрах чадваргүй, сул иргэн болж төлөвшдөг. Байнга эцэг эхээс хараат байж ирсэн тул бие дааж шийдвэр гаргах зөн муутай, өөртөө итгэлгүй байх хандлага бий.
Эд нар бол ер нь хүний төлөө хүний амьдралаар амьдарч байгаа хүмүүс гээд хэлчихэд болно.
Монголын нийгмийг харж байхад түгээмэл хэд хэдэн хувилбар харагдаж байна.
1. Онц сурлагатан: Сурлага сайтай тул эцэг эхийн заасан замаар замнаж боломжийн гадна дотрын сургуулиудыг дүүргэнэ. Төгсч ирээд дахиад эцэг эхийн онгойлгосон хаалгаар төрийн байгууллага, яам тамгийн газарт орно. Эдгээр хүмүүс нь цээжилж онц сурсан байх тул амьдралд шууд ашиглах мэдлэг муутай байх хандлага бий. Одоо хүртэл өөрийн хүсэл сонирхолоор яваагүй тул баахан бухимдалтай. 300 мянган төгрөгийн цалинтай 30 мянган долларын машинтай. Гаднаасаа бол гялалзсан дотроо бол бөөн дутагдлын шок хийгээд who am I? синдром.
2. Хулхидагч: Эцэг эх нь маш чанга барьдаг байсан хийгээд өөрөө жоохон сул тул гадаадад сургуульд явмагц уяанаас алдуурсан нохой мэт ийш тийш гүйж үзээгүй юмаа гүйцээх гэж улайрсаар сургуулиасаа хөөгдөнө. Эцэг эхдээ худал ярьж сургуулиа түмэн удаа солино. Цээж том учир машин барьж согтуу хурдалж яваад гадаад оронд автын осолд орно. Эцэст нь үнэн худал нь мэдэгдэхгүй сертификат барьсаар эх нутагтаа ирэх бөгөөд сурсан орныхоо хэлээр нэг өгүүлбэр ч зөв бичиж чаддаггүй. Өөртөө маш итгэлгүй.
3. Бизнесмэн:Бизнес хийдэг баатар болж баахан мөнгө төгрөг эцэг эхээсээ авч үрэн таран хийнэ. Дараа нь сургуульд орох гэж манаргана. Гэх мэтчилэн ...

Нийгмийн гологдол синдром

Ядуу гэр бүлд төрсөн тул байнга хувь заяандаа гутрана. Хувь заяа гэж байхгүй харин хувь заяаг хүн өөрөө бүтээдэг юм гэдгийг сайн ойлгодоггүй тул тархи нь элдэв хэрэгтэй хэрэггүй бодол, атаархал хорслоор дүүрнэ.
Байнга баячууд болон улс төрчдийг хараадаг ажилтай. Хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг аашилдаг.

Харвард таньд юу өгөхгүй вэ?

Харвардын их сургууль бол бизнесийн байгууллага. Бусад нь ч мөн адил. Бизнесийн байгууллага бүр өөр өөрийн гэсэн бизнесийн логиктой байдаг. Харин Харвардын логик их энгийн.
Баян айлын бацаан синдром ба нийгмийн гологдол синдромд нэрвэгдэгсэд бүгдээрээ Харвардад сурвал ухаантай, мундаг болно гэж сохроор гүн итгэдэг.
Харамсалтай нь Харвардын бизнесийн логик бол ухаантай, мундаг хүмүүсийг авчраад Харвардын диплом нуруун дээр нь наагаад гаргах явдал болохоос биш баахан учраа олохгүй байгаа амьтадтай зууралдах явдал биш юм.
Тийм учраас Харвардад элсэхийн тулд 5 ширхэг эссэ бичих хэрэгтэй болдог юм.
Тэр эссэ бүрийг тусгайлан бэлтгэгдсэн хүмүүс нарийвчилан унших бөгөөд ганцхан л асуултын хариуг хайдаг билээ. Тэр нь энэ хүн хувь заяаныхаа эзэн мөн үү? гэсэн энгийн асуулт юм.
Өөрийнхөө амьдралыг хэнд ч биш зөвхөн өөртөө найдаж, өөрийнхөөрөө амьдрахаар зориг шулуудсан, өөртөө бүрэн итгэл төгс иргэдийн тоо олонтой нийгэмд ардчилал жинхэнэ утгаараа хөгжих учиртай.
Хүний амьдралд хамгийн чухал энэ зүйлийг Харвард харин өгч чаддаггүй.

Харвард таньд юу өгөх вэ?
1. Харвард таньд бизнесийн сайхан санаа өгнө. Мэдээж таны юм хүлээж авах чадвар хангалттай бөгөөд хүрэлцээтэй тохиолдолд шүү дээ. Харвардад дэлхийн тэргүүлэх багш нар бий. Тэргүүлэх багш гэдэг нь олон улсын бизнес, санхүүгийн ертөнцтэй нягт холбоотой, байнгын мэдээлэлтэй, өөрөө үндэстэн дамнасан байгууллага удирдаж үзсэн туршлагатай, бусдыг мэдлэгт уриалан дуудаж өдөөх, бусдад өөрийн мэдсэн сурсанаа дамжуулах авъяас билэгтэй хүмүүс юм. Энэ хүмүүс байнга л шинэ санаа болгоод өлгөөд авчимаар юм хэлж ярьдаг.
2. Харвардаас та үлгэрлэн дуурайчих, жишиг авчих, өөртөө шууд хуулаад хэрэглэчихээр олон зүйлстэй учирна. Зөвхөн багш нар ч биш тэр сургуулийн дотоод соёл, сургуулийн урилгаар ирж лекц уншиж буй дэлхийн бизнесийн салбарын одууд, ангид тань мөр зэрэгцэн суралцаж буй орон орны хүмүүсээс кросс-калчарал буюу үндэстэн дамнасан туршлагыг хуваалцах боломжтой болно. Ер нь бол таны орчин энд тэндэхийн “тод гарууд”-аар дүүрэн байна гэсэн үг.
3. Харвард таньд хангалттай ашиглачих бизнесийн рефлекс-туршлага өгнө. Шилдэг бизнесийн удирдагч хүн өөрийн бизнесийн зөн билэг дээр үндэслэн голлох шийдвэрүүдээ гаргадаг гэнэ. Тэгвэл энэ зөн билэгийг Харвард өгч хараахан чадахгүй. Түүний оронд бизнесийг удирдан явуулах рефлекс харин өгч магадгүй юм. Бизнес нь өөрөө түмэн бэрхшээл, сорилтыг өөртөө агуулж байдаг. Тэгвэл бизнесийн удирдагч болсноор та үргэлж сонголт хийх, бэрхшээл тулгарсан үед түүнээс бизнесээ авч гарах шийдвэрүүдийг гаргах хэрэгтэй болно. Харвардын бизнесийн ангийн оюутнууд 3-5 хүртэл хүнтэй багуудад хуваагдан зохион байгуулагдах бөгөөд баг бүр амьдрал дээр бодит компани дээр тохиолдсон бэрхшээлүүдийг хамтын хүчээр шийдвэрлэх үүрэгтэй. Хэрхэн шийдвэрлэсэн тухайгаа бусад багийн өмнө илтгэж тэднээсээ бас зэмлэл хүртэх ёстой. Ингэснээр бизнест чухал байдаг /хамгийн гэж хэлээд яахав бизнест бүгд л хамгийн байдаг/ багаар ажиллах чадвар, бусдын өмнө үзэл бодлоо танилцуулж хамгаалах, итгүүлэх технологуудийг хөгжүүлэхээс гадна гол нь аливаа бэрхшээл сорилтыг давж туулах дадалыг бий болгоно. Харвардад суралцах хугацаандаа нийтдээ 3000 илүү ийм төрлийн case study нэртэй ажиллагаанд оролцох хэрэгтэй болно. Баяр хүргэе таны туршлага 3000 ажиглалтаар нэмэгдлээ. Гэхдээ уучлаарай та өмнө нь үзээгүй цоо шинэ сорилтой тулгарлаа гэхэд өөрийн төрлөх зөн билэгтээ л найдах хэрэгтэй дээ.
4. Харвард таньд диплом өгнө. Энэ дипломыг та хаана ч аваачиж хүмүүсийг бишрүүлж болно. Мэдээж иймэрхүү юмыг биширдэг хүмүүсийг нь шүү дээ.
5. Харвард мэдлэг өгөх боловч мэдлэгийг удирдах ухаан өгөхгүй. 21-р зуунд мэдлэг харьцангуй утгаараа үнэгүй болж буй цагт мэдлэг ба мэдлэгийг удирдахуй хоёрын аль нь чухал болох тал дээр маргалдах хүн цөөхөн болов уу. Мэдлэг бол хүч гэдэг ойлголт аль хэдийн үеэ өнгөрөөжээ. Харин оронд нь орчин үеийн бизнесийн удирдагч хүн мэдлэгийг олж эзэмших, ангилж ялгах, боловсруулах, тунгаан шүүх цогц чадвартай байх ёстой. Одоохондоо энэхүү чадварт төрөлхийн шинж чанар ихээхэн давамгайлсан буй мэт харагдаж буй тул заадаг газар үгүй. Магадгүй туршлагаар баяжуулж болдог байж мэдэх юм.
6. Харвард суудалд хүрэх диплом өгөх боловч суудалдаа үлдэх ухаан өгөхгүй. Харвардын дипломыг ашиглаад суудалд хүрч болно. Гэхдээ тэр суудалдаа хэрхэн тогтвортойхон шиг суух тал дээр Харвардаас юм сурна гэвэл том эндүүрэл болно.

Tuesday, March 9, 2010

Conventional wisdom revisited

2-3 жилийн өмнө сувгууд гүйлгээд сууж байтал нэгэн УИХ-н гишүүн ярилцлага өгч байгаа харагдав. Тогтоод харж байтал нэвтрүүлэгч нь аягүй огцом "Таны бодлоор Монгол улс яавал хөгжих вэ?" гэж тулгаж асуув, мань эр 1 секунд хэртэй гацсанаа "Жижиг дунд үйлдвэр, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлбэл л Монгол улс хөгжинө шүү дээ" гэж хариуллаа.

Үүнийг би 8 жилийн өмнө бичиж байснаа блогтоо сүүлд оруулсан байгаа.

Жижиг дунд үйлдвэр бол 1 тэрбум хүнтэй Энэтхэг, ядаж 50 сая хүнтэй Солонгост тохирох эд болохоос биш Монголд тохирох зүйл биш юм. Хүн ярьж байгаа зүйлдээ үндэслэлтэй, үнэмшилтэй ханддаг байх ёстой. Үүнийг асуудалд рационал хандах чадвар гэж нэрлээд байгаа. Тэрнээс биш Дашзэвэг ах сүүлийн 10 гаруй жилийн турш тасралтгүй ЖДҮ гэж ярьсан учраас ЖДҮ бол хөгжлийн хөдөлгүүр салбар юм гэж хэлж болохгүй юм л даа.

Би Дашзэвэг гуайг ерөөсөө буруутгаагүй шүү. Зүгээр л би энэ тал дээр мань хүнтэй санал нийлдэггүй хэрэг. Харин би мань хүнийг өөртөө тийм их итгэл үнэмшилтэй байгаад баярлаж байгаа юм. Мань УИХ-н гишүүн бол зүгээр л асуултанд хариулах гээд хамгийн түрүүнд орж ирсэн, тархинд хоногшсон зүйлээ л буудчихсан хэрэг байх л даа.

Яагаад сүүлийн 50 үеийн турш гутал оёсон, 25 дугаар өвөг эцэг нь Хувилай хааны гутлыг оёж байсан, одоо 50-р үеийн зээ нь Италын загварын гудамжийг гутлуудыг нь яг дуурайлгаж хийгээд сандаргаж байгаа Хятадуудтай өвөө, эмээ нь мал хариулж байсан Монголчууд өрсөлдөнө гэж? Шаардлага бий билүү?

Үг үсгийн алдаа их байна, онолын түүх мэдсэнгүй гэх мэтчилэн шүүмжлээд байдаг Эдийн засгийн онолчид үүн дээр коммент бичвэл их баярламаар байгаа. Гадаад худалдааны харьцангуй давуу талын онол гээд Монголоор орчуулсан нь хэнд ч ойлгогддоггүй нэг онол бий. Давид Рикардо, Адам Смит тэргүүтэй хүмүүс анх гаргасан гэсэн. (Жоохон түүх ярьж байна)
Миний ойлгосноор, бас бусад хүмүүс ч тэгж ойлгодог юм шиг байгаа юм, гадаад худалдаа гэдэг бол хэн бүтээгдэхүүнийг илүү чанартай, илүү хямдхан хийж байгаа - тэрнээс худалдаж авах нь зөв юм аа --- харин чи өөрөө тэрний хийж чадахгүй бүтээгдэхүүнийг тэрнээс хямд зардлаар хий --- гэсэн маягийн юм сургасан юм шиг байна лээ.

Би шуудхан юу гэж хэлэх гээд байгаа вэ гэхээр хэрэв хятадууд гутлыг бид нараас илүү, хямд хийж байгаа бол тэндээс худалдаж авъя. Харин бусад гүрнүүдийн хийж чаддаггүй зүйлийг бодож олоод өөрсдөө хийе. Тэр бол яадаг ч байсан ЖДҮ байхгүй юмаа л гэдгийг хэлэх гээд байгаа юм.

Би нэг зүйлд итгэлтэй байна. ЖДҮ бүх талаар дэмжих нь зөв юм. Энэ нь тэгш боломж олгодог, шинэ санаачлагын хөрс болдог учраас заавал дэмжих ёстой. Хөгжүүлэх ч ёстой. Зүгээр л энэ бол хөгжлийн хөдөлгүүр шүү гэсэн Conventional Wisdom-оосоо (CW) салах цаг болжээ гэж хэлэх гэсэн юм.

ЖДҮ Монголын хөгжлийн хөдөлгүүр гэдэг CW бол яг "Мал аж ахуй бол Монголын стратегийн хамгийн чухал салбар мөн" гэдэг утгагүй үзэл баримтлатай яг дүйцнэ.

Малын бизнес (би товчлоод ингэж нэрлэсэн шүү)-ийг бид сүүлийн овоо хэдэн мянган жил хийлээ. Миний олж мэдсэнээр 10 орчим мянган жил юм байна билээ.

Бизнес бүр өөрийн гэсэн цаг үетэй. Орох гарах үе гэж бий. Эдэн дунд нэг онцлог бизнес байдаг. Энэ нь хүнсний бизнес юм. Ашиг орлого маш ихээр олдоггүй боловч тасралтгүй маягтай бизнес. Хүмүүс гутал өмсөхөө больж болно, гэхдээ хүмүүс хүнс хэрэглэхээ болихгүй юм.

Менежментийн сурах бичигт олон зүйл нуршиж хүмүүсийн толгойг эргүүлж болно л доо. Гэхдээ аливаа бизнес эцсийн дүнд бүтээл л гаргахад чиглэгддэг тул түүнтэй холбоотой хэдхэн асуудлыг авч үзэхэд болох юм. Эдний нэг нь бүтээмж юм. Бүтээмж нь аль болох бага нөөцөөр их бүтээгдэхүүнийг богино хугацаанд бий болгох асуудал.

Нийгэм өөрчлөгдөхийн хэрээр шинэ технологи нэвтрүүлж бизнесүүд бүтээмжээ байнга нэмэх хэрэгтэй болдог. Эс тэгвээс илүү өндөр бүтээмжтэй өрсөлдөгч нар зах зээлд байнга нэвтэрч байдаг билээ.

Сүүлийн 10 гаруй мянган жилийн турш хүмүүс амьтан гаршуулж, тариа тарьж эхэлсэнээс хойш манай өрсөлдөгч нар бүтээмжийг сайжруулах тал дээр тасралтгүй шинэчлэл хийсээр ирлээ. Монголчууд бид харин юу хийв? Бидний МАА бүтээмжийг дээшлүүлэх стратегийн маш том оролдлогыг социализмын үед хийсэн. Гэхдээ тухайн байгуулалт унах үед хүрсэн өндөрлөгөөсөө хормын төдий бууж ирсэн билээ.

Яг 5000 жилийн өмнөхтэйгээ адилаар малаа дагаж яваад малчин нь хөлдөж үхсээр л байна. Гадныханы элэг доог болж байна шүү дээ. Наад захын ухамсарын асуудал хүртэл алга. Насанд хүрээгүй (өөрөө амьдрах эсэх сонголтоо хийх ухамсарт хүрээгүй) хүүхдээ шуурганаар малд явуулж хөлдөөж алж байна. Үүнийг олон улсын хүний эрхийн конвэнцид санаатай үйлдэл гэж нэрлэнэ.

Хэзээ махын үнэ буурав? Дэлгүүрт зарагдаж байгаа сүүний дийлэнх нь Хятадаас орж ирсэн меламинтай хуурай сүү, нөгөө ааруул хурууд нь тэр чигээрээ хужаа гурил хольсон жонхуу болчихоод байхад юун органик сүүн бүтээгдэхүүн, юун эрүүл махны асуудал яригдах вэ. Юун мал аж ахуйн орон бэ?

Бид малын бизнесээ эргэж харах цаг болжээ.

Магадгүй та бүгд анзаарсан байх, Монголд үйлдвэрлэв болчихоороо л аягүй үнэтэй болчихоод байдагийг. Гэтэл тээврийн зардал тэр үнэнд ороогүй байгаа шүү дээ? Энэ бол ерөөсөө л ноу хау - бүтээмж огт "О" байгаагийн хамгийн энгийн бөгөөд эцсийн нотолгоо нь юм.

Малын ноу хау-аа ч өөрчлөх цаг болж. Цаад гадны улс орнууд сүүлийн 100 жилд гэхэд л хэд хэд өөрчилчихөөд байна. Бид харин нэг өөрчлөх гэж үзээд дийлэлгүй яг Сүхбаатар жанжин хувьсгал хийж байсан үеийнх шиг л сууцгааж байна шүү дээ.

Малын бизнесийг бид үндсээр нь өөрчлөх бөгөөд чухал сектор хэвээр авч үлдэх нь чухал. Малчин ирээдүйд ямар чадвартай малчин байх тухай ч бодох ёстой. Гэхдээ бид одоо Уул уурхайн орон болсон. Харин ирээдүйд ямар орон болох вэ гэдгээ бодолхийлж үзэх цаг нь одоо.

Манайх бол МАА орон гээд маргалдаад байгаа нөхдүүдэд хэлэхэд Үндэсний статистикийн хорооны вэб хуудсанд орж үзэхийг зөвлөе. Тоонуудыг хараад үл ойлговол Эдийн засгийн ухааны үндэс ном олж унших хэрэгтэй гэж дахин хэлье. МАА орон гээд тархинд чинь шууд орж ирээд байвал энэ нь БНМАУ-ын түүх номыг цээжилснээс улбаатай байж магадгүй юм.

Миний хэлний бэрхшээл нийтлэлд зарим уншигчид цочирдох шиг болсон. Яагаад гэвэл бас гадуур Монгол хэл бол уран яруу, гайхамшигтай хэл гэсэн CW яваад байна. Үнэнийг хэлэхэд 800 жилийн өмнө ярьж байсан Чингисийн Монгол хэлнээс бидний одоо ярьж байгаа Монгол хэл овоо өөрчлөгдөөд байгаа шүү. Хүннүгийн ярьж байсан Монгол хэл бол бүүр нэлээн өөр гээд хэлчихэд буруудахгүй байх. Бүх гадаад нэр ойлголтыг холбоо үгээр орчуулдаг тогтолцоо маш зөв мэт байсан боловч нийгэмд маш их зардал авчирч байгааг бид санаж л байх хэрэгтэй. CW бол CW чигээрээ л үлдэнэ. Харин зөв өөрчлөлтийг хэн хийдэг билээ???

Communication err

Chris Langan бол дэлхийн хамгийн ухаантай хүн (allegedly). IQ нь 200 дөхдөг бөгөөд Эйнштэйнээс илүү гэж байгаа.

6 сартайдаа ярьж, 4 настайдаа уншиж эхэлсэн мань эр 16 насандаа дээд математикийг өөртөө заасан гэж байгаа юм. Гэтэл 52 настайдаа "бар"-ны хамгаалагч хийж байв. Амьдралынхаа туршид элдэв хар бор ажил хийж өнгөрөөжээ. Барны хамгаалагч хийж байхдаа хүний генетикийн кодыг (энэ бол био software) бараг л тайлаад байтал гэнэт зодоон өрнөж түүнийг зохицуулаад иртэл тэмдэглэл нь алга болсон байсан гэж байгаа.

Бид шүдээ угаалгүй ердөө хэдхэн цаг болоход бидний шүдэн дээр бактерийн хот тосгодууд үүсч колониуд сүндэрлэдэг. Энэ колониуд нь өөр хоорондоо нарийн харилцаа холбооны системийг бий болгож амьдрах орчноо бүрдүүлдэг байх юм.

Зарим бактерийн харилцаа холбоо бүүр ахисан төвшнийх. Нэгэн төрлийн бактерийн колони руу хүний дархлааны систем (олон төрлийн дайчидаас бүрдсэн) довтолж эхлэх үед бие биендээ SOS сигнал өгч, ингэснээр довтолгоонд өртөж амжаагүй байгаа хэсгээс хүний дайчдыг устгах хор ялгаруулдаг байна. Бас нэг төрлийн бактери довтолгоонд өртсөн хүний эс дархлааны системдээ SOS дохио өгөх замд нь саад хийж харилцаа холбоог нь таслаж байгаад тухтай үздэг байх жишээтэй.

Бид боддог учраас биш харин харилцдаг учраас амьд байж магадгүй л юм.

Амьд ба амьгүй байгалд маш олон харилцааны хэрэгслүүр байна. Энэ нь био, радио, гэрэл, цахилгаан гэх мэт олон төрлүүдэд хуваагддаг.

Харин нийгэмд хэл яриа, бичиг, дуу дүрс гэх мэт харилцааны хэлбэрүүдийг бид ашиглан өөр хоорондоо санал бодлоо хуваалцдаг билээ.

Хүмүүс яах гэж өөр хоорондоо харилцдаг юм бэ? Хүмүүс яах гэж блог хөтөлдөг юм?

Нэг эст бактериас ялгаатай нь бид өөрсдөө partnership + communication-ий сод нэгдэл юм. (Бүтээл гэж хэлж чадсангүй)

Бидний биед байгаа 10 триллион хүний эс, 100 триллион бактери, бас бус вирус, мөөгөнцөр нийлээд ертөнц дээрх хамгийн том найрал дууг бүрдүүлж хослон дуулмой. Энэ бүгд нь эсрэг тэсрэгийн нэгдэл тэмцэл, үгүйсгэлийн үгүйсгэл, хамтрал нэгдэл гэх мэтийн олон төрлийн харилцаа холбоонд суурилах билээ.

Нэгэнт бид харилцаа холбооны бодит биелэл юм бол бид бүхлээрээ харилцаа холбоог төгс хэрэгжүүлэх ёстой бус уу. Харилцаа холбоог юуны тулд хэрэгжүүлэх ёстойг өмнө нь олон удаа улиглан давтсан тул дахин нурших шаардлагагүй бизээ.

Хүн ухаантай байх ёстой юм уу эсвэл харилцдаг байх ёстой юм уу? гэсэн асуулт тавьбал утгагүй зүйл болно. Гэхдээ энэ асуултыг дахин дахин анхаарч үзвэл орчин үеийн бизнесийн байгууллага ухаан нь (тархины физик чадвар) давамгай хөгжсөн хүнийг биш харин харилцаа холбооны чадвар давамгай хөгжсөн хүнийг сонгож байна!

Нэгэнт харилцаа холбооны чадвар хөгжсөн хүний тархины физик чадвар хангалттай бөгөөд хүрэлцээтэй байдаг.

Бизнес гэдэг бол communication + partnership.

Бизнесийн байгууллагад докторын ажил хийдэг хүмүүс хэрэггүй. Бизнесийн байгууллагад бусадтайгаа үр ашигтай харилцан бүтээл гаргадаг хүмүүс хэрэгтэй юм.

Тийм учраас өөрийн оюун ухаанд бүхнийг бодсон боловч түүнийгээ бусадтай хуваалцдаггүй хүн бол "өөдгүй" хүн юм.

Олон жишээ сонсогддог. А уул нь мундаг онц сурдаг хүүхэд байсан гэтэл Б муу сурдаг байсан мөртлөө маш амжилттай явж байна гэх мэтээр Б-г буруутгаж ярьдаг.

Christopher Langan бол А бүлгийнхэний маш тод томруун жишээ юм.

Түүний амьдралыг хөөж үзэхэд харилцаа холбоон дээр дандаа алдаа гаргаж төдийлэн амжилттай байгаагүй нь харагддаг.

Логикоор бол хамгийн ухаантайг нь сонгох ёстой юм шиг харагддаг. Гэвч үнэндээ энэ нь тийм биш болохыг амархан мэдэж болно. Үүнд хялбаршуулж бизнесийн байгууллагыг авч үзэхэд болно.

Бизнестийн байгууллагын туйлын зорилт бол бүтээл гаргах. Бүтээл нь урлагийн байвал мэдээж сайн. Чадвар урлагийн бүтээл гаргах хэмжээнд хамтарч ажиллах явдал юм шүү дээ. Зураачаас ялгаатай нь зураач ганцаараа суугаад зураг зурчихдаг бол бизнесийн байгууллагад хамтарч ажиллах хэрэгтэй болно. Тэгэхээр энд харилцаа холбоо дээд зэргийн байхаас өөр аргагүй.

Одоо таньд сонголт өгвөл маш ойлгомжтой болно доо. Маш ухаантай гэхдээ бусадтайгаа харилцаж чаддаггүй хүн үү эсвэл дунд зэргийн боловч хүмүүстэй хурдан хэл амаа ололцдог, хийгээд байгаа юмаа илэрхийлж чаддаг хүнийг үү?

Магадгүй энэ нь миний дээхнэ үед хөндөж байсан "Нөгөө улсын математикийн олимпиадын аваргууд хаана байна аа?" асуултанд зарим хариулт болох байх.

Тэгэхээр байгууллагууд мэдлэгийн гэхээсээ харилцаа холбооны чадварын тестүүдийг шинээр ажил горилогчоос авч занших нь зүйтэй.

Monday, March 1, 2010

Risk Management Forum

Анхны Эрсдлийн Удирдлагын Форумын үзэл баримтлал

2007-2010 онуудын олон улсын санхүү эдийн засгийн хямралаас бид олон тооны сургамж авлаа. Эдгээрээс онцлох нэг асуудал нь эрсдлийн удирдлагын асуудал байсан билээ. Эрсдлийн удирдлагыг сайн ойлгодоггүй ТУЗ, эрсдлийн удирдлагыг сайтар хэрэгжүүлдэггүй гүйцэтгэх удирдлагаас болж урьд хожид хэзээ ч учирч байгаагүй санхүүгийн хохирол учирсан билээ.
Эрсдлийн удирдлага хувь хүн, айл өрх, бизнес ба байгууллага, улс үндэстэний хэмжээнээс давж олон улсын зах зээлийн төвшинд яригдах болжээ. Хэрхэн хүн төрлөхтөн, бизнес эрхлэгч, улс гүрэнд эрсдэлгүй, аюулгүй орчинг хамтдаа бий болгох вэ гэсэн асуудлыг анхаарч үзэж байна. Хүн бүр, институт бүр өөрсдийн хариуцлага, хийх ёстой ажлаа ухамсарлах ёстой болж байна.
Хүн төрлөхтөн анхны агуйн нийгмийг байгуулж амьдарч эхэлсэн суурь шаардлагуудын нэг нь хамтын хүчээр аюулыг сөрөхөд байсан буйзаа. Эхэндээ хүний бус хүчин зүйлсээс хамааралтай эрсдэлээс хамгаалах нь туйлын зорилт байсан бол яваандаа нийгмийн хөгжил улам гүнзгийрч түүний харилцаа холбоо төвөгтэй болохын хэрээр хүний буруутай, болгоомжгүй үйлдлээс шалтгаалсан эрсдлүүдийг авч үзэх хэрэгттэй болсон юм.
Эрсдлийн удирдлагын орчин үеийн технологиудыг нэвтрүүлэх, эрсдлийн тохиолдлын мэдээллийн баазыг бий болгох, актуар тооцооллыг өргөнөөр ашиглах, эрсдлийг байнга үнэлж бууруулах арга хэмжээ авах, даатгалын бизнесийн хөгжүүлэх, даатгалын зөв зохистой хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх зэрэг олон асуудлууд бидний өмнө тулгамдаж ирлээ.
Монголын компаниуд нэгдэж анхны эрсдлийн форумыг хийснээр дээр дурьдсан олон талт асуудлуудаар олон улсын төвшний мэргэжилтнүүдтэй санал хуваалцах, өөр хоорондоо мэдээлэл солилцох, нэгдсэн ойлголтыг бий болгох зэрэг ач холбогдолтой.
Эрсдэлгүй нийгэм, эрсдэлгүй бизнесийн орчинг бий болгохын төлөө Төрийн, Ашгийн бус мэргэжлийн болон бизнесийн байгууллагууд бүгдээрээ хамтын хүчин чармайлт гаргах түүхэн шаардлага бидний өмнө тулгарч ирлээ.