Tuesday, September 4, 2012

Менежментийн үндэс

Ер нь улс орны хөгжил дэвшил гэдэг бол менежментийн л асуудал. Хотын зохион байгуулалт, эдийн засгийн өрсөлдөх чадвар зэрэг бүх асуултад менежмент хариулт өгч чадна. Тэгвэл менежмент гэж юу вэ гэдэг асуулт гарч ирнэ. Ялангуяа над шиг санах ой муутай хүнд (ихэнх хүмүүс ижил гэж найднам) менежментийн 7 функц, тэр нь цаашаа 10, 10 салаалаад, дээрээс нь баахан математикийн тэгшитгэл ороод ирвэл менежмент нь өөрөө суралцахад боломжгүй зүйл мэт болж хувирна. Хүн бол робот биш нь тодорхой учраас менежмент бол математик биш хийгээд томъёолол биш юм гэдгийг ойлгох хэрэгтэй. Математик ба ангилал нь ердөө л хэрэгсэлүүд бөгөөд бид хадаас хадахдаа алх авч ашигладагтай адил. Гэхдээ бид бас томоохон чулуу олоод хадчихаж болох ч бас талтай гэдгийг сануулах нь илүүц бизээ. За ингээд нуршихаа зогсоож - эдийн засаг, цаашлаад байгууллагын менежментийг би нэг л асуудлаар төлөөлүүлж хялбаршуулснаа энд бичье. Монголын томоохон хүнсний дэлгүүрт яваад ороход сонирхолтой дүр зураг ажиглагддаг. Дэлгүүр нь хоосон, харин касс нь бөөн очер. Саяхан хөгжлийн банк 500 сая доллараа хааш нь хийхээ мэдэхгүй, бэлэн болсон нэг ч ТЭЗҮ алга байнаа гэсэн мэдээ гарсан. Гэтэл нөгөө талд нь төрийн ажиллагсадын тоог нэмэх үү, яахав гээд гайхсан маягтай сууж байгаа (мэдээж төр ТЭЗҮ боловсруулах ёстой байсан). Бас нөгөө үзүүрт нь Оюу Толгой хятадаас цахилгаан аваад хэдэн зуун тэрбум төгрөг төлөөд сууж байх жишээтэй. Гэтэл бас нөгөө ширээн дээр дүүрэн хүрэн нүүрсний төсөл (хятад авахгүй учир цахилгаан станц бариад, цахилгааныг нь зарахаас өөр аргагүй) хэвтэж байх иймэрхүү л маягтай. За монголын захын нэг компанийн захирал дээр очоод асуувал, ажиллагсад цагаа барьдаггүй, өгсөн үүрэг даалгаварыг цагт нь хийдэггүй, мартаж санадаг, ажлын цагаар ажлын компьютер дээр фэйсбүүкдээд сууж байдаг тухай ярина даа. Энэ бүх асуудлыг нэгтгэвэл тэр нь "БҮТЭЭМЖ - Productivity" гэсэн асуудалд тулж очино. Монголын үе үеийн төрийн яам тамгын газрын, хэдэн зуун мянган ажилтан ажиллагсад яг өнөөдрийг хүртэл юу хийж байсан юм, ТЭЗҮ-нүүдээ боловсруулахгүй. Тэр дээгүүрээ нам, намаараа улс төрөө хийгээд солигдож л байна биз. Жишээ нь аль нэг яамны эрчим хүчний бодлого хариуцсан албан тушаалтанд тэр яг ямар хамаатай вэ. МАН гарвал шал өөр цахилгаан станц бариад, АН гарвал цахилгаан станц барихгүй жишээтэй байх уу. Ер нь сонгуульд өрсөлдөж байгаа хүмүүс хийх ажлаа олж ядаад, бүүр аргаа бараад тийшээ барааддаг биш үү. Гэтэл баруунд хүнсний захад яваад орвол дэлгүүр нь дүүрэн харин касс нь хоосон байх жишээтэй. Кассчиний ажлыг Монголд л дээд боловсролтой хүн хийдэг байх, харин баруунд зүгээр л арван жилийн хүүхдүүд хийж байгаа харагддаг. Монгол улсад юу болохгүй байна вэ, яагаад хөгжихгүй байна, манай компани яагаад өрсөлдөөнд ялагдаад байна, яахав гээд л асуултууд Монголын агаарт их явж байдаг. Тэгээд хэдэн гадны зөвлөхүүд авчрахаар нөгөөдүүл нь 80 хуудас юм бичээд өгчихнө. Тэрнийг нь хэн ч уншихгүй. Гэхдээ энэ бүх асуултын хариу нь ердөө л бүтээмжийн тухай л асуудал юм. Яагаад Монголд үйлдвэрлэсэн зүйлс хийц хэлбэр болхи мөртлөө гаднаас авчирсан ижил бүтээгдэхүүнээс илүү үнэтэй байдаг вэ. Нөгөө л бүтээмжийн асуудал. Хятадын сайд нэг цагт 3 төсөл уншаад шийдвэр гаргаад шидэж байхад манай сайд нэг цагт нэг лонх архи ууж, нэг шахаа хийгээд сууж байвал манайх хэзээ ч хөгжихгүй. Үргэлж адагт байна. Хэрэв Хятадын компанийн нэг хүн нэг цагт зуун хадаас хийж байхад манай нэг хүн фэйсбүүкдээд сууж байвал манай компаниуд хэзээ ч олон улсын зах зээлд хөл алхахгүй. Эцсийн эцэст манайхан шалтгаан биш, шалтаг гэдэг том мангас бодож олоод тэрэндээ бүх юмаа чихчихээд л сууж байдаг. Менежментийг БҮТЭЭМЖ дээр төвлөрүүлээд удирдаад явахад болохгүй бүтэхгүй зүйл байхгүй болно.

No comments: