Thursday, August 11, 2011

Model trading

Өнгөрсөн үеийн мэдээллийг ашиглан ирээдүйг таамаглана гэдэг бол бэрх ажил.

Энэ блогийн хаа нэгтээ яагаад тийм хэцүү байдаг талаар бичсэн шиг санагдаж байна.

Ирээдүй бол маш олон хувьсагчтай өнөөдрийн тэгшитгэл гэдэгтэй ямар ч математикч санал нийлэх биз. Тэгвэл тэр тэгшитгэлийг бодож болмоор юм шиг хэнд ч санагдана. Харамсалтай нь хувьсагчуудын тоо, нарийн төвөгтэй шинж чанарыг ярихаа болилоо гэхэд тэд секундыг хэд хуваасны дайнд хувьсан өөрчлөгдөж байх тул ерөөсөө л энэ тэгшитгэлийг бодох боломжгүй юм. Тэр нь өөрөө хувьсагчийн натур юм.

Гэхдээ л хүмүүсийг юу зогсоох билээ дээ.

Еврогийн ханш маргааш гэхэд хэд болох вэ гэдгийг өнөөдөр мэдчихвэл мөнгө хийж болох л юм.

Model trading буюу загварчлалын дагуу ханшийн хөдөлгөөнийг таамаглаж арилжаа хийдэг хөрөнгө оруулалтын сангууд сүүлийн 20 жилд эрчээ аваад буй. Эдгээрийг толгой эргэхгүйн үүднээс арилжааны сангууд гэж нэрлэе. Яагаад гэвэл эд урт хугацаанд хөрөнгө оруулалт хийдэггүй талтай.

Эхний сангууд зөвхөн авах зарах дохио өгдөг байсан бол одоо бүүр автомат дилерийн горимоор шууд биржүүд, банкуудын арилжааны платформуудтай холбогдон өөрөө шийдвэрээ гарган, өөрөө авч зарах үйлдлээ хийдэг болж ирж байгаа юм.

Эдгээр сангууд дотор нэлээн томорч хэдэн тэрбум доллар удирддаг сангууд ч бий. Гэхдээ эд нарын бодитой удирдаж буй мөнгөний хэмжээ төдийлэн чухал биш, найзууд өөрсдийгөө маш ихээр хөшүүрэгдэж чадах учраас ердөө хэдэн сая доллартай байхад л болно.

Санхүүгийн зах дээр арбитраж гэж юм байх. Энэ нь ерөнхийдөө бол нэг зах дээрээс 100-р авсан хувьцаа, бонд, валют, метал юу л байна, нөгөө зах дээр хэдэн секундын дотор эргүүлэн 101-р зарах асуудал. Бүх том сангууд, банкуудад арбитраж трэйдерүүд байдаг. Жаахан ухаж үзвэл арбитражын энэ технологийг өөр олон зүйлсд ашиглаж болохыг мэднэ.

Жишээ нь LTCM эрсдлийг удирдах сан (hedge fund) 1993 онд байгуулагдан - Нобелийн шагналт 2, эдийн засагч болон математикч - дээрээс нь Бондын арилжааны хаан агуу Жон Мериветер нарын 3 партнертай мөрөөдлийн баг гарган үзсэн. Ингэхдээ эд нар өр төлбөрийн макро арбитраж гэж нэрлэгдсэн (чи юу ч зохиогоод юу ч гэж нэрлэж болно - санхүүгийн зах дээр бүтээгдэхүүн, шинэ стратеги өдөр бүр гардаг - энүүгээрээ бүтээгдэхүүн гаргадаггүй хуульч нараас ялгаатай юм болов уу) стратегийн дагуу модел сан байдлаар ажилласан юм. Үндсэн зарчим нь макро төвшинд математик загварчлал ашиглан бодож үзэхэд хөгжиж буй орнуудын бондууд хөгжсөн орнуудын бондтой харьцуулахад үнэ нь харьцангуй маш бага байв.

Ингээд энэ сан нэг талд хөгжиж буй орны бондыг худалдан авахдаа нөгөө талд нь хөгжсөн орны бондыг зарж байв.

Философи сайн ойлгодоггүй математикч, эсвэл санхүү мэдэхгүй эдийн засагчийн хувьд энэ бол эрсдэлгүй арбитраж мөн. Төмс 100-аар аваад 105-аар зарах биш харин хямд Лууванг 100-аар аваад үнэтэй төмсийг 105-аар зарж болж байна. Өөр юм шиг боловч үнэндээ энэ хоёр адилхан л хүнсэнд хэрэглэгддэг учраас лууван 103 болж, харин төмс хэзээ нэгэн цагт 103 бас болж л таарна. Энэ бол арбитраж юм.

Ингээд 1997 оны Азийн хямрал болж, 1998 онд Орос бондын төлбөрөө цуцлахад LTCM манай улсын нэг жилийн ДНБ-тэй тэнцэх хэмжээний алдагдал хүлээн хаалгаа барьсан. Сонирхолтой нь тэр онд математич ба эдийн засагч партнерууд нь Нобелийн шагнал авсан байдаг юм.

Манай Санхүү эрхэлсэн захирлуудын клубын нэгэн гишүүн Герман улсад арилжааны модел зохиох багт орон хэдэн жил ажиллаж байгаад ирсэн хүн байдаг. Саяхан клубын ээлжит уулзалтын үеэр мань хүн өөрийн хийсэн таамаглалын моделоо бидэнд танилцуулж бид шөнө болтол мэтгэлцэж билээ. Түүний зохиолцсон модел сүүлдээ бүүр Америкийн төв банкны ерөнхийлөгчийн хэлэх үгнээс гарах нөлөөллийг хүртэл (Бас л нэг хувьсагч) оруулдаг болсон гэж байгаа.

Статистикаас харвал улаан машин хамгийн цөөхөн удаа осолд орсон байна. Тэгвэл улаан машин авч унах хэрэгтэй юу. Эсвэл 7 өнгийн машинаас аль нэг машин нь хамгийн цөөхөн осолдсон байж л таарна, энэ удаа тэр нь улаан байж таарав уу.

Математикийн ухаан ердөө сүүлийн хэдэн зуун жил хөгжсөн. Түүний зарим арга технологи нь маш боломжийн. Үр дүн гаргалаа гэхэд тэрийг зөв орчуулан ойлгох тал дээр харин хүмүүс хэр байдаг вэ. Хэрэглээний математик өнгөрсөн үеийг зөв дүгнэх, ирээдүйг таамаглах гэсэн үндсэн хоёр ажлыг хийдэг юм бол гарч байгаа үр дүнгүүдийг зөв унших тал дээр хүний хүчин мөхөсдөнө. Энэ тал дээр би Стефен Хоукингтой санал нийлэхгүй байгаа юм. Мань хүн философи физикийн ухааны өмнө сөхрөв гэсэн. Харин би Философи үгүйгээр үр дүнг зөв уншиж үл чадна гэж байна. Математик болон физик шинж чанарыг судладаг бол философи харин мөн чанарыг судладаг.


Микро төвшинд Ертөнцийн фундаментал хэсгүүдийг бүрэн таньж (яг юу вэ гэдгийг нь одоо болтол мэдэхгүй, биетэй зүйл эсвэл зүгээр л долгион аль нь болохыг мэдэхгүй), тэдний захирагддаг физикийн хуулийн талаар ямар ч ойлголтгүй байж түүнийг Макро төвшинд урьдчилан таана гэдэг нь жоохон боломжгүй талдаа. 2010 онд бичсэн номондоо нэрт физикч Стефен Хоукинг хуулиуд бидний өдөр тутмын амьдралд боломжийн хэрэгжиж байгаа бол түүн дээр үндэслээд цааш амьдрах хэрэгтэй гэсэн санаа хэлсэн. Нэг талаас зөв. Нөгөө талаас Ньютоны хуулиуд ба Эйнштэйний хүчээр аваачиж тэнцүүлсэн харьцангуй онол нь яг үнэндээ - Нар манддаг, нар жаргадаг тухай асуудал байх боломж хэр их вэ. Хүмүүс нарыг мандуулж жаргуулаад 100,000 орчим жил амьдарцгаагаад элдэв асуудалгүй сайхан л байсан биз дээ. Одоо хүртэл хөөрхий хүн төрлөхтөний хэл ярианд нь нар жаргаж, мандаад хэлний бэрхшээл үүсч, ямар сайндаа "бид хоорондоо ойлголцохоо болилоо" дээрээ тулахав дээ.

No comments: