Sunday, October 26, 2014

Төрийн хар хүн (statesman)

Миний сууж байсан курсэд Бутаны оюутан байв. Бутан бол Төвд ба Энэтхэгтэй хил залгаа жижигхэн улс гэдгийг мэдэх байх.

Анх тэр хүнээс Үндэстэний Аз Жаргал (Gross National Happiness) хэмээх албан ёсны хэмжүүрийн тухай сонсож билээ. Энэ улс ҮАЗ индексээр дэлхийд тэргүүлдэг гэж ярьж байв. Мэдээж өндөр уулсаар хүрээлэгдэж, орчлон ертөнцөөс хөгжлөөрөө хол тасарсан, техник технологи мэдэхгүй, харанхуй хаант засагтай Бутан улс эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийд тэргүүлэхэд хол байна.

Гол нь Бутан улс ҮАЗ индексээр тэргүүлсэн учир эдийн засгийн хөгжил дэвшил огт хэрэггүй гэх мэтээр ярьсан нь миний эгдүүцлийг төрүүлж бид хоёр бяцхан маргалдаж билээ.

Бутан улс Хятад улстай хилийн маргаантай. Саявтархан Хятадын цэрэг Бутаны газар нутагт бааз байгуулсан гэх мэдээ сонсогдож билээ. Өмнө нь ч гэсэн Хятад улс Бутаны статусд халдаж байсан тохиолдлууд хэд хэд гарч байж.

Энэ хэрэг явдлаас гадна нэг залуутай хийсэн саяханы яриа санагдана. "Бид Америк улсыг хөгжлийн жишиг болгох шаардлагагүй, тэртэй тэргүй өндөр хөгжилтэй орнууд эргээд хотоос-байгал, хөгжлөөс-харилцан зохицолдлогоруу шилжиж байна. Монголчууд мал маллахаа больж болохгүй, хотод амьдрах хэрэггүй. Угаасаа дэлхий эргээд өмнөх түүхрүүгээ буцаж байна."

Үнэн бол гоё л доо. Бутан шиг бас Монгол шиг хоцрогдсон улсуудын хувьд хичнээн завшаантай.

Өөрийгөө либерал, либертариан үзэлтэй гэж нэрлэсэн зарим хүмүүс бас асуудлыг дутуу хараад байх шиг. Төр огт зах зээлд оролцож болохгүй юм гэнэ. Уг нь энэ нео А.Смит төвтэй үзэл 2008 онд цохигдчихсон юм л даа. Ер нь төр нь оролцолгүйгээр хөгжсөн улс энэ дэлхийд байдаг юм болов уу. Төр гэж юмны үүрэг нь юу юм бэ? Хөгжил дэвшил биш гэж үү.

Либерал, либертариан үзэлтэй гэж өөрийгөө нэрлэхийн тулд юуны өмнө улс төрийн философийг нэвт судласан байх ёстой. Төрт ёсны түүхийг мэддэг байх ёстой юм шиг санагдана.

Бутан улсын эдийн засгийг хааны хамаатан саднууд хувааж эзэмшдэг гэж ярьж байсныг тэнд очсон хүнээс нь сонсож байсан юм байна. Ийм байхад Бутанчууд дэлхийн хамгийн аз жаргалтай хүмүүсээр тодорчээ.

Аз жаргал гэж юу юм бэ? Аз жаргал бол нэг талаас философийн, нөгөө талаас психологийн ухааны асуудал мөн.

Аливаа хүнийг оролцуулахгүйгээр нийт хүн төрлөхтөний хувьд АЗ ЖАРГАЛыг тодорхойлох нь философийн асуудал болно. Харин тухайн хүний хувьд АЗ ЖАРГАЛ яаж тодорхойлогдож байгааг судлах нь психологийн ухааны асуудал болно.

Психологич Д.Гилберт "Аз жаргал хүн бүрийн хувьд өөрөөр, тухайн нөхцөл байдалтай уялдан тодорхойлогддог." гэж бичсэн байдаг.

Эдийн засагч С.Левитт "Америкчуудыг судлаж үзэхэд жилийн 70,000 доллар буюу дунджаас ялимгүй дээш төвшний орлого хүртэл, мөнгө аз жаргалд тодорхой нөлөөтэй байдаг боловч түүнээс дээш аз жаргал нь мөнгөнд мэдрэмжгүй юм." гэж бас мөнгө ба аз жаргалын хамаарлыг тогтоосон байдаг. Өөрөөр хэлбэл аз жаргал бидний боддог шиг мөнгөнөөс их хамаардаггүй байх нь.

Мөн Political Philosophies in Moral Conflict номонд "Харвардын оюутнуудыг судлагаанд хамруулж - а. Таны цалин жилийн 45,000 доллар, гэхдээ энэ нь бусад хүмүүсийн дундаж цалинтай ижил. б. Таны цалин жилийн 25,000 доллар, гэхдээ бусад хүмүүсийн дундаж цалин 19,000 доллар. та алийг нь сонгох вэ?" гэсэн судлагаа явуулахад оюутнууд .б. хувилбарыг сонгосон байдаг. Өөрөөр хэлбэл аз жаргал харьцангуй байдлаар хэмжигддэг байх нь. Хажуу айлын Дорж шинэ машин аваад уначихвал би аз жаргалгүй болно. Би Доржоос илүү сайн машин унавал би аз жаргалтай гэх мэт.

Хувь хүмүүсийн хувьд аз жаргал гэж ийм юм байж. Тэгвэл үндэсний аз жаргал юу вэ.

Хэрэв Бутанчуудыг бүгдийг нь дайчилж Хятадаас хамгаалсан том бэхлэлт баривал яах вэ. Бутанчууд аз жаргалгүй болох уу? Эсрэгээр Монгол улс хүнсний хувьд хараат бус байхын тулд бүх оюутнуудыг газар тариалангийн ажилд дайчилбал яах вэ? Монголчуудын аз жаргал буурах уу?

Либерал ба либертариан үзлээр бол энэ хориотой.

Гэтэл аз жаргалыг зөвхөн тухайн моментод, ялангуяа үндэсний хувьд тодорхойлох нь зөв үү.

Үндэстэн оршин тогтнох эсэх нь эгзэгтэй болоод байгаа үед (магадгүй Бутаны одоогийн жишээг хэтрүүлж бодлоо гэж үзье) аз жаргалыг яаж хэмжих вэ.

Энэ нь сэтгэлийн их зовлонтой хүн хар тамхи эсвэл архи хэрэглэж түр тайтгарахтай адил аз жаргал биш гэж үү?

Монгол улс хөгжилтэй орнуудаас хол хоцорсон байхад, Монголчууд бид аз жаргалтай ард түмэн гэж өөрсдийгөө томъёолж болох уу. Хүчтэй нь хүчгүйгээ дээрэлхэж, дээрэмдэж ирсэн нь дэлхийн түүх биш үү. Энэ түүхийг бид дунд сургуульдаа үзээгүй гэж үү. Энэ түүхийн хичээлдээ муу сурч байсан нөхдүүд өнөөдөр өнгөрсөн, одоо, ирээдүйг дэнсэлж чадахгүй Монгол улсыг чөлөөт зах зээл нь Адам Смитийн далд гарын тусламжтайгаар хөгжүүлнэ гэж дэлхийн түүхэнд тохиолдож байгаагүй зүйлийг яриад явж байгаа юм биш биз.

Төрийг барьдаг, төрийг удирддаг, улсыг хөгжүүлдэг хүн тэгвэл үндэстний аз жаргалыг яаж тодорхойлох ёстой вэ. Өөрөө бүх бизнесийг нь булаагаад авчихсан хаан хүн магадгүй хэзээ ч Хятадад дээрэлхүүлж магадгүй, хоцрогдсон, бүдүүлэг ард түмнийхээ тархийг "та нар аз жаргалтай" гэж угаадаг байж болох юм. Монголд харин юу вэ?

"Монгол улс 200 жилийн төлөвлөгөө гаргаад дэлхийд манлайлая" гэж намайг ярихад лидер гэгдэх хүмүүс солиотой хүн харж байгаа мэт хардаг. Энэ хоосон амбиц уу. Бүтэшгүй мөрөөдөл үү. Зүгээр л нэг залуугийн цээжинд орсон үг үү.

Үнэн хэрэгтээ бид дэлхийд манлайлах технологи, хөгжлийг эзэмшихгүй бол манай улсын, бидний үндэстний оршин тогтнолд аюул заналхийлэл учрахгүй гэж үү. Энэ бол хоосон амбиц, тэнэг мөрөөдөл биш - бодит шаардлага гэж би харах юм.

Бодит шаардлага бидний өмнө байна. Барьж аваад шаардлагыг биелүүлэх нь л төрийн хар хүний үүрэг юм. Гэтэл бодит шаардлага энэ байна шүү - гэж заасан хүнээ тэнэг хүн мэт харж эхэлбэл, энэ юу болох вэ.

Айх аюулгүй, сөргөлдөх дайсангүй, дээрэлхэгч хүнгүй байх нь үндэстэний АЗ ЖАРГАЛ юм бус уу.

Хүчтэй хүнийг хэн ч дээрэлхэхгүй. Хүчгүй хүнийг бүгд дээрэлхэнэ. Одоо яг ямар дүр зураг явагдаж байна дээ тэгээд.

Дэлхийн Эдийн Засгийн Форумаас мөнгө төгрөг гаргаж Монгол улсын хөгжлийн сценарийг гаргалаа. Сүр дуулиан болж манай төрийн ордонд, Эдийн засгийн форум дээр танилцуулав. Хачирхалтай нь Монгол улсын ирээдүй нь А ба Б хувилбартай. А - Хятад улс хөгжвөл, Б - Хятад улс хөгжихгүй бол гэсэн утгатай таамаг дэвшүүлсэн байх юм.

Бид чинь толгой тархигүй болтлоо дорд орсон ард түмэн үү. Хэзээнээс эхлээд Хятад хөгжих, эсэхээс бидний талх хамаардаг болсон бэ. Хэзээнээс эхлээд Монголын төр ийм утгагүй тэнэглэлийг төрийн ордондоо залж авчраад сонсдог болсон бэ.

Хэзээнээс эхлээд бид нар өөрсдөө таамгаа гаргаж. А. Бид нанотехнологид өрсөлдвөл, Б. Бид биотехнологид өрсөлдвөл гэх маягаар төсөөлж эхлэх вэ. Төрийн харчуудаа?

Sunday, October 12, 2014

Хүлээлт (expectation)

Би өнөөдөр ХҮЛЭЭЛТ хэмээх онц ноцтой сэтгэл зүйн үзэгдлийн талаар бичье. Хүлээлт таны карьерийг баллаж, амьдралыг чинь сүйтгэж чадах учир анхаарлаа хандуулна уу.

Бид байнга л бие биенээсээ хүлээж байдаг. Бас бие биенийхээ талаар хүлээж байдаг. Facebook дээрээ дэгжин зурагтай залуутай анх удаа болзсон бүсгүйн хүлээлт шалан дээр унана. Яг үнэндээ зураг залуу хоёр зөрөөд байгаа юм биш, бүсгүйн хүлээлт бодит байдал хоёр зөрсөн нь тэр.

Бид аливаа зүйлсийн талаар өндөр хүлээлт тавиад түүнд минь хүрэхгүй бол сэтгэлээр унацгаадаг. Бидний л буруу.

Дээхнэ надтай цуг бизнес хийж байсан түнш маань намайг бүх ажлыг хийнэ гээд хүлээчихсэн байсан гээд бод. Гэтэл хоёр морь зүтгэх тэргэнд нэг нь зүтгээд нөгөө нь хойш суувал юу болохов.

Энэ мөнгөтэй аав нь бүх амьдралыг нь шийдэж өгнө гэж буруу хүлээгээд Америкт хар тамхи татаж яваа хүүд ч хамаатай.

Эсвэл хуримын ордонд гоёл чимэглэлээ зүүгээд, хажууд зогсох залуу нь ирээдүйн хүүхдүүдээ 50/50 харна гэж бодож зогсоо бүсгүйд ч хамаатай. Яг үнэндээ тэр бүсгүйн аав тэгдэг байсан нь залууд огт хамаагүй бөгөөд эр хүний ген нь ан хийх болохоос биш хүүхэд харахад биш гэдгийг тэр бүсгүй гадарлах ч үгүй.

ХҮЛЭЭЛТ өндөр байх тусам хүчтэй унана. Би нэг тааруухан залууг авч 2 жил овоо сургасан юм. Гэтэл гэнэт нэг өдөр өрсөлдөгч компанид захирлаар явна гэнэ. Дахиад 2 жил ажиллаж бүрэн бэлэн болчихоод явахад асуудал үгүй, одоо арай л боловсорч амжаагүй байгааг нь учирлаад ойлгоогүй. Мэдээж цаг нь болоогүй байсан учир баларсан. Гэтэл чадваргүй байж өндрөө авч захирал болсон хүнд эргээд буух газар байдаггүй. Хэр баргийн хүн тэр сэтгэл зүйн доромжлолыг тэсч эргээд ажилтан нэр зүүж явж амжихгүй. Тэгээд нэг залуу хөөрхий болж байгаа нь тэр.

Би ч гэсэн 22 настайдаа л захирал болохын донтой амьтан явсан. Бяр чадал амтагдаад л. Захирал ч болсон. Том унасан.

Одоо бид УЯН ХАТАН хүлээлтийн тухай яръя. Хүлээлт бол хүний сэтгэл зүйн үндсэн үзэгдэл. Тэгэхээр аливаа зүйлсийн талаар огт хүлээлтгүй байж чадахгүй. Харин үүний оронд уян хатан хүлээлттэй байх ёстой. Үгүй бол амьдралд таныг маш олон сөрөг сюрприз хүлээж байна.

Буруу хүлээлтээсээ сал. Бусад хүмүүс өмнөөс чинь амьдралыг тань босгоод ирнэ, өмнөөс чинь ажил хийнэ гэж хүлээдгээ боль.

Захирал бол. Захирал болох амбицтай бай. Гэхдээ чадахгүй бол эргээд бууж чадахаар уян хатан байх нь чухал.

Тэгэхээр дунд сургуулийн боловсролын системд хүлээлт гэж юу болохыг ойлгуулдаг, хүлээлтээ зөв удирдаж чаддаг, уян хатан байх чадвар олгодог тийм хичээлийн програм оруулна. Логарифмийн амьдралдаа хэрэглэхгүй байх магадлал нь 99.99 томъёог цээжлүүлж сууснаас мундаг дээр.


Tuesday, September 30, 2014

Философич


"Ээжээ би хаанаас гарсан юм бэ?" гэсэн асуултыг асууснаар 2 настай хүүхэд философич гэдгээ нотлодог. Хүн бүр философич байхаар төрдөг. Харин ихэнх нь замдаа бүдэрдэг. Юунд?

Дунд сургуулийн боловсролын системд философийг түлхүү оруулах талаар бичихэд надтай хэсэг хүмүүс ширүүхэн маргалдсан. "Арай хүндэднэ" гэнээ. 2 настай хүүхэд "Ээжээ би хаанаас гарсан юм бэ?" гэж асуухад нь "Цөг гэм, ийм юм ярьж болохгүй." гэж хүүхдийнхээ агуу философич болох замыг нь үүрд хаасан эцэг эхчүүд бол тэд юм.

Хүн 2 настайдаа л философийн замналаа эхэлдэг. Харин эцэг эхчүүд бид хаадаг. Бүүр 17 настай залууд философи ахадна гэнээ. Хөгийн бодол шүү.

Хүн бүр философич байх хувь заяатай. Хүн бүр философич байх (сэтгэцийн гажигтай хүмүүсийг хүн гэж тооцохгүй бол) дизайнтай. Хүн бүр асуултаа асуудаг. Хариултаа хайдаг.

Маш олон хүмүүс философич байх замдаа бүдэрдэг. Эхний бүдрэлтийн шалтгаан нь эцэг эх байдаг талаар би дээр бичлээ. Дараагийн шалтгаан нь ...

Философич гэж хэн юм бэ? Философийн доктор уу? Үгүй ээ.

Философич хүн гэж үнэнийг хайгч энгийн хүн юм. Тийм ч учраас бүх эрдэмтэд философичид байдаг юм. Бид Эдийн засагч А.Смит гэж мэднэ, гэтэл үнэндээ А.Смит бол философич хүн байв. Нээлт хийсэн бүх эрдэмтэд философич байв. Тэд үнэнийг хайж, философиор хичээллэсэн учир физик, хими, эдийн засаг, маш олон салбарт нээлт хийв.

Ийм учраас хүн бүр философич байх хувь заяатай бөгөөд, түүнийхээ дагуу замнах ёстой.

Ихэнх хүний ертөнцийн талаарх үзэл бодол нь өмнө олж авсан мэдээлэл, туршлага дээр үндэслэсэн байдаг. Философич хүн бол энэ мэдээлэл, туршлагыг туйлын үнэн гэж үзэхгүй. Цаашид эрэлхийлнэ. Үнэнийг хайна. Харин философич биш хүн бол, бэрхшээж байрандаа зогсоно. Өнөөдрийг хүртэл цуглуулсан мэдээлэлээ үнэн гэж үзэн, бүхнийг тайлбарлах гэж оролдоно.

Монголын боловсролын систем болохгүй байгааг бүгд мэднэ. Шинэ системийн загвар гаргах амархан. Харин тэр загвараа барьж очоод насаараа багш хийсэн хүмүүст заагаад, нэвтрүүлэх гээд үз. Амжилт олохгүй л болов уу.

УБДС-с эхлээд бүх л насаараа үнэн гэж бодож явсан системийг нь шүүмжлээд үз. Хэн ч хүлээн зөвшөөрөхгүй. Энэ бол философич биш, ялзарсан хандлага мөн. Улс орны хөгжлийг сэтгэлгээний ийм хандлага зогсоодог.

Философич хүний туйлын хүсэл нь үнэнийг олоход байдаг болохоос биш. Олж авсан мэдээллээ үнэн гэж үзэн догма болгох явдал биш болой.

Их сургууль төгссөнөөсөө хойш ганц ч ном уншаагүй. Тэгсэн хэрнээ "зөв" ба "буруу",  "худал" ба "үнэн" ий талаар баахан дүгнэлттэй - тэрийгээ үхэн хатан хамгаалдаг хүмүүс олон таардаг. Эдгээр хүмүүст өөрсдийн дүгнэлтүүд нь итгэл үнэмшил мэт санагддаг.

Шүүхээс философилог яриа өрнүүлэхийг хориглоход нь Сократ шавь нартаа хандаж "үнэнийг хайж олох замаа боолгосноос хор ууж үхсэн минь дээр" гэж цаазын ялыг хүлээн авсан байдаг.

Философич хүний итгэл үнэмшил нь энэ дизайн дээр суурилна. Ө.х. философич хүн сүүлчийн мөчид ч хамаагүй үнэнийг л олж авбал хангалуун нүд анина. Философич хүн үнэнийг тасралтгүй хайж түүний төлөө тэмцэж байгаа гэдэгтээ итгэх итгэл үнэмшилтэй байдаг.

Философич биш хүнд чиний дүгнэлт буруу байжээ гэж хэлэхэд хүлээж авахгүй. Хэрэв буруу гэдгийг нь нотлож өгвөл чамайг үзэн ядна. Харин философич хүн баярлаж хүлээн авна. Философич биш хүн арга барилаа өөрчилж чадахгүй. Хүүхэд сургах арга барил нь буруу гэдэг нь нотлогдсоор байв ч өөрчлөх зориг хүч нь хүрэхгүй. Харин философич хүн арга барил бол үнэнд хүрэх маш олон замын нэг гэж үзэх тул дуртайяа солино.

Философийн онолуудын харьцуулалт, түүх, философичдийн намтарыг судлаад хүн Философийн ухаанаар докторын зэрэг хамгаалж болно. Гэтэл энэ нь хүн философич гэсэн үг биш юм.

Би эдийн засгийн ухаан судлаж, бизнесийн мөр хөөв. Ихэнх хүн энэ хоёрын аль нэгээр нь дагнадаг бол надад хоёуланг нь оролдох завшаан тохиосон нь азтай. Энэ явцад надад хамгийн чухал асуудал нь БҮТЭЭМЖийг нэмэгдүүлэх явдал байв.

Эцсийн бүлэгт БҮТЭЭМЖ хамгийн өндөр төвшинд байх нөхцөл нь технологиос урлагт шилжихэд үүсдэг гэдгийг харсан юм. Тийм ч учраас философийн үндсэн судлагдахууны нэг нь УРЛАГ байж. (би өмнө нь гайхдаг байв)

Урлагийн бүтээл гэдэг зүйл нь зөвхөн философичоос төрнө. Хүн бүр философич. Тийм учраас хүн бүр өөрийн философич хувь тавилангаа нээх боломжийг нь олгох нь зөв.

Монголын боловсролын системийг бүхэлд нь ийм байдлаар реформ хийх юм. Бид хүүхдүүдийнхээ (миний амьдралын утга учир юу юм бэ) хамгийн чухал философийн асуултуудыг хааж боож орхиод оронд нь математикийн ангилал зүй (логрифм, тригонометр хэнд хэрэгтэй юм бэ) зааж тархийг нь ангилал зүйгээр хахааж болохгүй.

Ингэж хэлмэгц маш олон хүн эсэргүүцнэ. Гэтэл бодит байдал дээр Монголын боловсролын систем дампуурсан. Философич биш хүн бодит байдлыг хэзээ ч зөвшөөрч чадахгүй, хуучинтайгаа зууралдаж, хуучнаа хамгаалдаг. Ямар ч үнээр хамаагүй. Харин философич хүн бодит байдлыг харж, өмнө явж ирсэн систем байж болох олон системийн нэг л хувилбар байжээ гэдгийг зөвшөөрнө.

Меритокраси

Мерит гэж Англи хэлнээ маш чухал үг. Монгол хэлнээ Гавъяа гэж бууна.

Философич хүн маш сайн сонсогч байх ёстой. Гэхдээ үүнийг буруу ойлгож огт болохгүй. Хүн бүрийг сонсоод сууна гэсэн үг биш.

Тухайлбал би амьдралдаа нэг хүн ажилд авч, халж үзээгүй хүнээс Хүний нөөцийн менежментийн лекц сонсохгүй. Тэгж цагаа хайран үрэхгүй.

Цаг хугацаа гэдэг бол эдийн засгийн гол хэмжүүр. Минут бүрийг үр ашигтай өнгөрүүлэх нь Лидер хүний үүрэг. Хэрэггүй хүнээс хэрэггүй зүйл сонсож суух шиг цагийн дайсан байхгүй.

Эндээс их харамсалтай боловч, эдийн засгийн үнэн логик гарч ирдэг. "Гавъяагүй хүнээс санал сонсохгүй" гэж.

Сингапур улс өөрийн хөгжлийн нууцаа Меритокраси (Мерит - Гавъяа) буюу Гавъяанд суурилсан ардчилалтай холбон тайлбарладаг тал бий. Демокраси ( Демо - ард)-д хэн дуртай нь ангалздаг бол Меритокрасид ярих гавъяатай нь л ангалзана.

"Аавдаа авгай авахыг заах нь уу" гэх Монгол хэлц нь Меритокрасиг агуулж байгаа юм.

Би 10 жилийн өмнө Монголын анхны олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сертификатыг авсан дилер болсон. Тэрнээс хойш би өөрийн санхүү эдийн засгийн мэдлэгийг тасралтгүй хурцлав. Хурцлаад зогсохгүй мэдлэгээ ажил хэрэг болгов. Энэ улсын эдийн засаг санхүүгийн бодлого тодорхойлоход оролцож ирэв.

Гавъяа байгуулсан хүнийхээ үгийг хүлээж авч сонсох, гавъяагүй нь дуугүй суух соёл бол эдийн засгийн бодит үнэн болохоос биш хэн нэгний хүсэл сонирхол биш. Харин Монголд энэ их эсэргээрээ байдаг юм шиг. Эдийн засаг, санхүүгийн ямар ч гавъяагүй этгээдүүд надтай бодлого яриад, миний бодлогыг шүүмжлээд байхаар би сайн ойлгодоггүй юм. Үнэндээ.

Монголын тэтгэвэрийн даатгалын системийг либералчилах тухай ярихад - "Америкийн тэтгэвэрийн сангууд алдагдал хүлээгээд баларсан, наадах чинь ёстой болохгүй" гэж ирээд л эн тэнцүү үзэхээр нь гайхаад байдаг юм.

Блүүмбергээр тэтгэвэрийн сангууд алдагдал хүлээсэн тухай нэг нийтлэл уншсан л юм биз дээ. Энд чинь тэгвэл энэ шороон дунд чинь санхүүгээр амьсгалж 16 жил мөлхсөн, яагаад тэтгэвэрийн санг либералчилах ёстой тухай итгэл үнэмшил цусаар нь урсдаг хүн зогсоод байгаа юм биш үү.

Баруунд хүмүүс танилцмагц бие биенээсээ асуудаг, чи аль сургууль төгссөн бэ? чи хаана, хэдэн хүн удирдаж ажиллаж ямар гавъяа байгуулсан бэ? Энэ асуултуудын хариултуудаас гавъяаг нь тодорхойлно.

Цэр нь цээжинд, бөөр нь бөгсөнд байх болтугай.

Sunday, September 28, 2014

Боловсролын фундаментал шинэчлэл

2014 оны байдлаар Улаанбаатар дахь хамгийн үнэтэй дунд сургууль жилийн 40 сая төгрөгт хүрэв. Ердөө 5 жилийн өмнөх бид дунд сургуулийн боловсрол ийм үнэтэй болно гэж төсөөлсөнгүй. Хувийн дундаж сургууль л гэхэд 5 сая төгрөг болж, боломжийн хоолтой хувийн цэцэрлэг жилийн 3 сая төгрөг байна. 

Хэдий үнэ ийм ч чанар нь хангалтгүй. Америкт, хамгийн шилдэг багш нар заадаг, хамгийн баян хүмүүсийн хүүхдүүд сурдаг сургууль шиг үнэтэй хэрнээ, Америкийн дундаж сургуулийн төвшинд ч хүрэхгүй. 

Яагаад чанар муу ч үнэ ийм өндөр болов? 

Эрэлт асар их байгаа учраас. Улсын сургуулийн боловсролд эцэг эхчүүд огт итгэхээ байсан учраас тэр шүү дээ. 

Фундаментал сэтгэлгээ ёсоор. 

Улс орны хөгжил дэвшлийн асуудал нь эдийн засгийн чадвахын асуудал болж хувирдаг. Эдийн засгийн чадвахийн асуудал нь Боловсролын асуудал болж хувирдаг юм. 

Тэгвэл Боловсролын фундаментал асуудлын талаар бага сага ярилцая. 

Боловсрол гэж юу вэ? Мэдлэг үү, мэдээлэл үү, чадвар уу. Бүгд гэж ойлгоё. 

Тухайлбал сэтгэл хөдлөлөө хянах чадвар (замын осол гарах болгонд зодолдохгүй) нь Боловсрол гэж үзье. Бэрхшээлийг тал талаас нь шинжилж, дүгнэлт гаргах, зөв шийдвэр гаргах чадварыг бас Боловсрол гэж ойлгоё. Тригонометрийн функцүүдийн хэрэглээг огт ойлгохгүй ч цээжилсэн байдлыг (мэдээллийн цээжлэлт, мэдлэг биш) бас Боловсрол гэж хамруулъя. 

Энэ бүгдээс үзэхэд боловсролд Мэдлэг маш чухал болох нь харагдана. 

Фундаментал асуултаа тавина. Мэдлэг ямар хэл дээр байдаг юм бэ?

Фундаментал хариулт нь. Хүн төрлөхтөний ихэнх мэдлэг АНГЛИ хэл дээр байдаг. 

Дараагийн асуулт. Тэгвэл тэр бүх мэдлэгийг МОНГОЛ хэл дээр хөрвүүлье. 

Фундаментал нөхцөл. Мэдлэг тасралтгүй шинэчлэгдэж байхдаа л МЭДЛЭГ байдаг, шинэчлэгдэж чаддаггүй мэдлэг бол ТҮҮХ юм. Тийм учраас нэгэнт мэдлэг Монгол хэл дээр гардаггүй, шинэчлэгддэггүй тохиолдолд бид бүгдийг нь орчуулж амжихгүй. Учир нь Англи хэл дээр мэдлэг секунд тутам шинэчлэгдэн хөгжиж байдаг. 

Wikipedia-г санацгаая. Тэнд Англи хэл дээр 4.6 сая мэдээлэл байхад, Монгол хэл дээр 13 мянга байх жишээтэй. 

Одоо тэгвэл Эдийн засгийн асуулт тавигдана. Бүх Англи хэл дээрх мэдлэгийг Монгол болгох, эсвэл мэдлэг авч буй Монгол хүмүүст Англи хэл сургах хоёрын аль нь цаг хугацаа, зардал мөнгөний хувьд хямд вэ. 

Монгол улс 700 орчим ЕБСургуультай гэж үзвэл сургууль бүрийн 20 багшийг Англи хэлтэй болгох асуудал ярьж болно. Энэ тохиолдолд нэг багшийг бүрэн Англи хэлтэй болгоход 10 мянган доллар хэрэгтэй (хангалттай тавихад) гэж үзвэл 150 орчим сая долларын зардал гарна. 

Энэ зардлыг гаргасны эцэст Монгол улсад Стив Жобсын дайны бизнесмэн төрөх магадлал 10,000 дахин нэмэгдэнэ. Стив Жобсын Алим Компанийн жилийн орлого нь Монгол улсын жилийн орлогоос 10 дахин илүү гээд бодвол эдийн засгийн үр ашиг нь ямар харагдаж байна?

Бидэнд одоо зоримог алхам хэрэгтэй байна. Айж агшиж суух хооронд Хятадууд Ангараг гариг дээр бааз байгуулах нь. 

Wednesday, September 24, 2014

You can quit a job, but not yourself


Нартай сайхан өдөр, Цэрэндалай миний өрөөнд орж ирнэ. "Захирлаа, гадаадад сургуульд явахаар боллоо. Ажлаасаа яг өнөөдөр гаръя." гэнэ.

Гадаадад ямар ч сургуульд явах гээгүй. Ажлаасаа гарах тухайгаа хүмүүст хэлсэн нь жиг жуг сүүлийн 6 сар сонсогдож л байсан. Ажилдаа хандаж байгаа хандлагаас нь л аль дээр үед явчихсан нь илт байсан. "Энэ одоо намайг юу ч хардаггүй, сонсдоггүй гэж бодоод байгаа юм байх даа." гэсэн шүү дургүйцсэн бодол тархинд зурсхийнэ.

Үнэн хэрэгтээ Цэрэндалай сүүлийн 2 жил ажиллахдаа гараасаа юу ч гаргаагүй. Яавал бүтээмжээ сайжруулах зөвлөгөө зөндөө хэлсэн. Мэдээж сонсоогүй. Огт өөр, дэлхийд сүүлт од дөхөж ирсэн учраас яагаад анхаарал нь төвлөрч чадахгүй байгаа талаар шалтаг тоочоод өнгөрсөн. Ингээд сүүлийн 6 сар менежмент муу байгаа тухай, захирлууд яагаад ажилтнуудыг огт ойлгодоггүй тухай, огт дэмждэггүй тухай баахан яриа гаргаж, зүгээр байгаа хүмүүсийг уруу татсан. Ингээд эцэст нь болох юм болдогоороо болж ажлаасаа гарах гэж буй нь энэ.

Яг үнэндээ бол мань эр компаниас гараад байгаадаа биш, харин компаниас бүтэлгүй хүн нь шахагдан гарч буй хэрэг юм.

Компани бол урлан. Ганц ч уран зураг зурдаггүй зураач урланд багтах шингэх газар үгүй.

Цэрэндалайг гарсаны дараа түүний өмнөөс харамсан бодно. "You can quit as many companies as you please, but you can never quit yourself." - Хүн ажлаас зугатааж болно, гэтэл өөрөөсөө зугатааж чадахгүй шүү дээ.

Ажил хүнийг голдог болохоос хүн ажлыг голно гэж байхгүй. Гэтэл хүн өөрийгөө голж чадаж байна уу гэдэг нь сэтгэл зүйн маш том асуудал мөн.

Өөрийгөө голж чаддаггүй хүн бол нэгэн бодлын сэтгэцийн гажигтай хүн юм. Хэзээ хүн өөрийгөө голж чадахаа больдог вэ гэхээр - амьдралд зөвхөн өгсөний дараа л авах цаг ирдэг юм гэдгийг ойлгохгүй - зөвхөн авах дээрээ фокус хийх үед.

Өнөөдөр Монголд дүүрэн ийм хүмүүс байна. Тийм ч учраас Монгол улс ийм ядуу дорой байгаа юм. Түүнээс биш яг үнэндээ улс төрчдөөс болоод байгаадаа ч биш. Улс төрчид бидний гар хөлийг ирээд тушчихаагүй.

Хайр дурлалд ч тэр. "Би энэ хүнд юу өгөх вэ, түүнийхээ хариуд юу авна гэж найдах вэ" гэж бодож, тийм өнцгөөс асуудалд хандаж чадахгүй л бол тэгээд л будаа. Нэг хүүхэд өнчин хоцорч байгаа нь тэр.

Амьтны паразит хүртэл өөрийн эерэг үүрэгтэй байхад хүнэн паразитад авах эерэг юм үгүй.

Би юу өгөх вэ - хайртдаа, гэр бүлдээ, үр хүүхэддээ, найз нөхөддөө, хамт олондоо, компанидаа, улс орондоо - гэж бодож явдаг хүний маш чухал эрхтэн нь онгойно. Тэр бол чих юм.

Чих нь онгорхой хүн бүгдийг сонсоно. Хүмүүс өөрөөс нь юу хүсээд байгааг мэднэ. Тэгээд өгнө. Дүлий хүн харин нэмэргүй.

Дүлий хүний хувьд хүмүүс ирээд - "Цэрэндалай, амьдрал чинь авахад биш өгөхөд оршдог юм аа. Чи залуу хүн байна менежментийн ном унш. Битгий шантар. Юм хий, бүтээ." гэж хэлэх нь - огт сонсогдохгүй харин зүгээр л ам нь ангалзаад байгаа мэт харагдана. "Өдөр яагаад ангалзаад байсан бэ, маягийн юм оройн хоолны үеэр хальтхан бодоод л мартагдана."

Нэг муу компанид учраа олоод ажиллачихаж чадахгүй бол өөр юу чадах вэ дээ. Уншигч авгай бодно - "муухай ааштай даргатай байхад гарахгүй гээд яах юм бэ" - гэж. Бид хүний нийгэмд амьдарч байна. Ууртай, уургүй олон л хүн байдаг. Бид нэгэнт нийгмийн амьтан тул ууртайгийнх нь учрыг олох чадвартай л байх ёстой. Үгүй бол бид усанд сэлж чадахгүй байж далайд үсэрснээс ялгаагүй. Ганц муухай ааштай хүний учир олж чадахгүй бол хүн гэж байгаад ч яадаг юм.

Tuesday, September 16, 2014

Аваагүй юмаа алдана гэж байхгүй

Би ер нь их хойрго талдаа хүн л дээ. Хараад байхад монголчууд бид ерөнхийдөө тийм юм шиг.

Анх Худалдаа Хөгжлийн Банкинд орох ярилцлага өгөхөд "Дараа нь ирээрэй" гэв. Дотроо эелдэгээр "үгүй" гэж байна л гэж бодов. Тэр үед ХХБ-д над шиг сургууль төгссөн хүн, тэгээд дилерийн албанд орно гэж бараг л байж боломгүй зүйл байв. Ямар сайндаа л сүүлд орсон хойно манай сайн найзын ээж хэдэн төгрөгний хахууль өгсөн гэж асууж байхав дээ. Мөн ХХБ-д ажилладаг олон залуучууд намайг аль захирлыг арын хаалга юм бол гэж "илт" гайхдаг байв.

ХХБ-ны дилерийн албанд 11-р сургууль төгсөөд МУИС эсвэл СЭЗД-н банкны анги төгссөн, математик физикийн медальтай хүмүүс л ордог байв шүү. Над шиг тоо гадарлахгүй, 31 төгссөн, тэгээд ХҮДС-н нябо дипломтой хүн бол санахын гарз.

Тухайн үед нийгмийн хандлага ийм байхад би ч өөртөө итгэлгүй байх нь тодорхой.

Ингээд дараа нь ирээрэй гэсэн хугацаа болоход би бараг л очихооргүй байв. Өөрийгөө орж чадахгүй гээд итгэчихсэн байсан хэрэг. Тэгээд найз Азааруугаа залгав. Учир байдлаа хэллээ. Гэтэл мань хүн намайг зоригжуулж "айх юу байсан юм, уулзаад үзэхэд унах юм байхгүй" гэлээ. Би ч очиж, дилер болох замналаа эхлэсэн түүхтэй.

Сүүлд томоохон харилцагчийг "урвуулж" авах ажил дээр гадны санхүүгийн түнштэй хамтран ажиллаж байв. Харилцагчийг авч чадах эсэхдээ эргэлзэж байгаагаа хэлэхэд, тэр түнш маань "Ганзо! аваагүй юмаа алдахаас битгий ай. Чадах зүйлээ тултал нь хийхэд л болоо." гэв. Мундаг том захирал байгаад ийм анхан шатны хичээл, ийм агуу үг хэллэгтэйгээр хүлээж авсандаа болоод тархиндаа лантуудуулах шиг л болж билээ. Хүн гэж үнэхээр тэнэг амьтан ажээ.

АВААГҮЙ ЗҮЙЛЭЭ АЛДАХААС ХЭЗЭЭ Ч БИТГИЙ АЙ!

Бид үр хүүхдээ дандаа л "тэгэж болохгүй, ингэж болохгүй" гэж няцааж мохоодог. Бидний үр хүүхэддээ хэлдэг 10 үгний 8 нь болохгүй, чадахгүй, бүтэхгүй. Ийм байхад бид яаж үр хүүхдээ өөртөө итгэлтэй, зоригтой, алдахаас айдаггүй хүмүүс болгож хүмүүжүүлэх вэ дээ.

Монгол улсын хөгжлийн тухай ярихаар нэг л зүйл миний гэдэнг хөдөлгөөд байдаг юм. Монголыг дэлхийд тэргүүлэгч гүрэн болгох боломжтой гэж ярихад гадны хүмүүс солиотой хүн харж байгаа юм шиг харах нь ч дүүрч. Харин Монголчууд маань тэгэж харах нь хачирхалтай бөгөөд эмгэнэлтэй.

Бид тэртэй тэргүй хөгжлөөрөө 200 орноос 140-д жагсдаг. Бидэнд өөр алдаад байх юм алга. Яадаг юм номер 1 болъё гээд үзье, чадахгүй бол тэр л биз дээ, бидэнд алдах зүйл алга.      

Амжилт Алдаа хоёр ямар ч ялгаагүй. Амжилт бол олон тооны алдаан дундаас төрсөн нэг алдаа юм. Тийм ч учраас алдаа гаргахаас айдаг хүн хэзээ ч амжилт олохгүй.