Wednesday, May 15, 2013

Stop learning, Start thinking and creating

Jacob Barnett бол аутизмтай гэж оношлогдсон, 14 настай хүү. Тэрээр одоо Индианагийн их сургуульд Квант Физикээр мастерт суралцаж байна. Эйнштэйний харьцангуй онолыг (бүх тохиолдлыг хамарч ажиллаж чадахгүй байгаа) давж гарах цоо шинэ онол гаргахаар эрдэм шинжилгээний ахисан төвшний бүтээл гарган ажиллаж байгаа, архагуудад хүлээн зөвшөөрөгдсөн эрдэмтэн хүн.

Бод, тасралтгүй учир утгагүй суралцахаа боль, бод, тэгээд бүтээл хий гэж энэ хүү 12 настайдаа илтгэл тавихдаа хэлсэнийг линкээр орж үзнэ бизээ.

Бясалгалын талаар би юу ч мэдэхгүй юм. Гэхдээ би бясалгалыг өөртэйгээ ярилцаж цоо шинээр мэдлэг бий болгох үйл явц гэж өмнө тодорхойлсон. Буддын ухаанаар бясалгал гэдэг нь юуг төлөөлдөг болохыг би мэдэхгүй. Минийхээр бол бясалгал гэж хий хоосон бодох биш харин цоо шинэ мэдлэгийг бий болгох үйл ажиллагаа юм. Буддизмийн бясалгал хэмээх ойлголттой бараг давхцах байх гэж найдаж байна.

Орчлон ертөнцийн мөн чанар, туйлын үнэн, аливаа юмс үзэгдлийн талаар бясалгал хийснээр ном уншилгүйгээр цоо шинэ мэдлэгийг би болгох боломжтой гэж би үздэг.

http://www.youtube.com/watch?v=Uq-FOOQ1TpE

Jacob хүү нэг нас хүртлээ хэвийн бойжиж байсан боловч гэнэт үг дуу нь цөөрч хүнтэй харилцахаа больсоноос аутизмтай гэж оношлогджээ. Тэрээр ой зургаан сартайдаа нүүрнийхээ өмнө савх барин савчуулж хэдэн цагаар гөлөрч суудаг байв. 2 настайдаа өөртөө уншихыг заасан   тэр чухамдаа бодис үзэгдлийн мөн чанарыг бясалгаж байжээ.

Сүүдэр гэж юу болох, гэрлийн тусгалын мөн чанар, эзлэхүүн, орон зай, огторгуйн талаар нэг настайгаасаа бясалгасаар тэрээр цөмийн физикч болох замдаа 8 настайдаа орсон байна. 1-р ангид ороод математикийг заалгана гэж догдлон сургуульд орсон боловч нэмэх хасахаас хэтрээгүй учир өөртөө дунд сургуулийн математикийг бүхэлд нь 2 долоо хоногийн дотор заасан байгаа юм.

Би үүгээр гол нь бясалгал нь цоо шинэ мэдлэгийг бий болгох маш хүчтэй зэвсэг юм гэдгийг харуулах гэсэн юм. "Үүнийг хийхийн тулд сод ухаантан байх огт шаардлагагүй - гагцхүү сайтар бодоод, цоо шинэ зүйлийг хийж бүтээх хэрэгтэй" гэж тунхаглах энэ бяцхан хүү түүний баталгаа нь юм.

Ажлаасаа гармаар байнаа, манай байгууллага мяа, манай дарга мангар, энэ монгол улс огт болохоо болилоо, амьдрал болохгүй байна, найз залуу хаяад явчихлаа гэх мэт хэрэггүй шалтагууд нь хүний сэтгэн бодох орон зайг эзэлж, өөр зүйл сэтгэх бүтээх чадваргүй болгодогийг та бүгд эргэн тойрноо хармагц ойлгох болно.

Монгол улсын эрүүл мэндийн салбар огт болохгүй байна. Хэн харин энэ талаар боддог, бясалгадаг юм бол? Магадгүй та энэ талаар бодож бясалгаад, сайн сайхан зүйл бүтээж болох юм.

Сонгуульд яаж ялах вэ гээд тасралтгүй бодсоор арга технологи нь овоо мундаг болсон бололтой юм. Харин Монгол улсыг яаж Америкаас илүү хүчирхэг болгох вэ гэж хэн ч бодож бясалгадаггүй учраас Сонгуулийн маргаашаас эхлээд Монгол улс зорилгогүй, чиглэлгүй.

Jacob хүү ийм мундаг, тийм булиа - яагаад гэвэл тэр одоо 14 дэх жилдээ агуу зүйлийг хийж бүтээхийн тулд бодож бясалгаж байна. 30 нас хүртлээ юу ч олигтойхон бодоогүй хүнээс хамаагүй ухаантай сонсогдож байгаа нь лав гоц ухаантайгийнх биш.


Saturday, May 4, 2013

Timing


Ирээдүйд юу болохыг таамаглаж болно. Хүйтэн дайны жилүүдийн АНУ-н үндэсний аюулгүй байдлын зөвлөх Zbigniew brzezinski СССР 2020 онд задарч унана гэж таамаглаж байв. Ер нь аналистууд, дилерүүд ханшийн чиглэлийг таамаглаж чаддаг. 2009 онд зэсийн ханш 2700 шүргэхэд бүгд л эргээд өснө гэдгийг мэдэж байв. Доллар иен 70 хүрэхэд дэндүү доогуур байна гэдгийг бүх л дилерүүд мэдэж байсан. 

Гагцхүү аливаа таамаглалд чиглэлийг гаргах нь харьцангуй хялбар боловч ХЭЗЭЭ гэдэг асуултын хариултыг хэн ч мэддэггүй юм. 

Оюу толгойн гэрээ зөв болсон уу буруу болсон уу гэдэг асуулт магадгүй сонирхолтой. Уг нь бол эдийн засгийн үүднээсээ хэзээ хийгдсэн бэ гэдэг нь хамгийн чухал юм. Миний бодлоор 2006 онд хийгдчих л ёстой байсан гэрээ. 2010 онд олборлолтоо эхэлчихэж болохоор л байсан. 

Ер нь зарим новый Монголчуудад ажиглагддаг л даа. Дараад суучихдаг. Үнэгүй шахуу авсан нүүрсний лицензээ 100 сая доллар гээд дараад суучих жишээтэй. Дарж суусаар байгаад олон улсын зах зээл эвгүйтэх үед, нөгөө лицензийг нь хэн ч тоохгүй болж, эргүүлээд үнэгүй өгч байх жишээтэй. 

2011 онд нүүрс үнэхээр "халуухан" байсан. 2011 онд бид Таван толгойн IPO хийчихсэн байсан бол хэдэн тэрбум доллар босгочих л байлаа. Хөрөнгийг эдийн засгийн эргэлтэнд оруулж, ард түмний амьдралыг сайжруулах улс төрийн эрмэлзэл сул учраас өнөөдөртэй золгочихож байгаа юм. 2013 онд бол харин Таван толгойн хувьцаа борлогдохгүй л болов уу. 

Хамгийн бага ханшаар авч, хамгийн өндөр дээр нь зарж чаддаг тийм мундаг эдийн засагч энэ дэлхий дээр байдаггүй. Боломжийн бага үнээр аваад боломжийн өндөр үнээр зарах л асуудал яригддаг, эдийн засагт. 

Яг одоо олон улсад - 30 хувийн ашиг гаргаад өгч байгаа бол мундаг сайн наймаанд тооцогдоно.

ОТ, ТТ мэтийн эдийн засгийн хэлцэл хийхдээ, гэрээндээ нээлттэй заалтууд оруулж болно. Зах зээлийн нөхцөл байдал өөрчилөгдөх үед зарим нөхцлүүдээ өөрчилдөг байхаар бизнесүүд зааж өгдөг - улс ч гэсэн тэгэж болно.

Thursday, April 18, 2013

Ажлын цаг


Илүү цагийн мөнгө өгсөн, өгөөгүй гэсэн гомдол Монголын байгууллагуудад их гардаг даа.

Залуучууд бас сүүлийн үед ийм зүйл их ярьдаг болсон нь анзаарагдана. 90-ээд он, 2000-д онд бол юун илүү цаг, тэр үеийн залуучууд "нохой" шиг л зүтгэдэг байж. Харин сүүлийн үеийн залуучууд хүний эрх чөлөө их ярьдаг болжээ.

Би энэ тал дээр хэдэн санаа бодлоо хэлье.

Америкт дөнгөж банкинд орсон 23 настай банкир залуу 7 хоногт дунджаар 80-100 цаг ажилладаг. Хэрэв "илүү цагийн мөнгө" ярьж гоншигоновол шууд ажлаасаа халагдана. 80 цаг гэдэг нь ням гаригт бүтэн амарлаа гэж бодвол 6 өдөр, өдөрт 13 цаг ажиллана гэсэн үг.

Хүний тархи бол яг л биеийн булчин шөрмөстөй адил тасралтгүй хичээл сургуулилт шаарддаг. Хүн налайж амарч, хэвтээд олимпийн аварга болдоггүй. Өдөр бүр 10 цаг булчин шөрмөсөө зовоож байж тийм амжилтанд хүрдэг. Тархи ч яг адил. Тасралтгүй зовоож байж илүү хурдан ажилладаг болно, илүү "ухаантай" болно.

Ялангуяа оффисын ажил хийдэг залуус аливаа зүйлийг маш хурдан уншдаг, маш тодорхой дүгнэлт хийдэг, маш хурдан санаа боловсруулдаг, түүнийгээ маш хурдан бичиг болгон буулгаж чаддаг - ийм наад захын шаардлагуудыг хангах ёстой байдаг. Тийм учраас тархийг зовоож бүтээмжийг нь сайжруулах хэрэгтэй - залуу байхдаа. 20-н хэдтэй залуу байхдаа үүнийг хийж чадаагүй бол тархи дараа нь ачаалал авч чадахгүй залхуу болдог.

Тэгэхээр залуучууд бол илүү цагийн талаар яриад ч хэрэггүй байх нь. Яагаад гэвэл ажлаа цагт нь хурдан хийж чадахгүй байгаа учраас л илүү цагаар сууж байна гэсэн үг.

Tuesday, April 9, 2013

Учир начир

Юманд учир суманд начир байх. Энэ хорвоо дэлхий өөрийн гэсэн зүй тогтолтой. Санаатай болон санамсаргүй хэмжигдэхүүн дунд хөврөх.

Би захирлын хувьд олон хүн халж, олон хүн ажилд авсан. Олон ч залуусыг сургасан даа. Намайг анх ажиллуулж байсан боссын нэг хэлсэн үг байдаг юм. "Чи хүнд 1, бас 2 дугаар боломжыг олго - харин чи 3дах боломжыг олгож байгаа бол чи өөрөө тэнэг бөгөөд захирал хийх эрхгүй" гэж.

Хүн ажлыг биш харин ажил хүнийг голдог юм. Харин ажилд гологдсон хүмүүс дандаа л шалтаг хайна. Унасан бөхөд ямар шалтаг мундах биш. Мэдээж ихэнхдээ өөрийг нь бусдын эрх ашгийн төлөө халсан захиралд гомдоно.

Би нэг найзыгаа ажилд авсан юм. Хэсэг ажилласныхаа дараа мань эр "Ганзо, хэрэв чи намайг халвал би огт гомдохгүй бид найзаараа үлдэнэ шүү. Яагаад гэвэл чи компанийн эрхэм зорилго, хамт олны эрх ашгийн төлөө намайг огт эргэлзэхгүй халж чадах юм байна гэдгийг би ойлголоо." гэж хэлж билээ. Нэг бодлын маш хүндэтгэлтэй нөгөө бодлын аймшигтай хариуцлага.

Би ийм л захирал байхыг зорьдог, хичээдэг. Заримдаа онодог л байх. Заримдаа зөрдөг ч биз. Нас залуу байна. Сурах зүйл ч их байна.  Миний удирддаг компани, байгууллага, холбоо, клуб аль нь ч бай асрамжын газар болж хувирахыг би хүсдэггүй. Миний хүслээс дээр чөлөөт зах зээлт дэлхий дээрх ардчилсан бизнесийн зарчим гэж юм байна - ёс суртахуун гэж юм байна - тэд нар тэгэж шаарддаг юм.

Ганзориг гэж хувь хүн нэг байна. Харин Ганзориг гэж удирдагч нэг хүн байна. Энэ хоёрыг хольж хутгаж холион бантан болгохгүй байвал тэр чинь корпорацын зөв засаглал, бизнесийн зөв ёс суртахуун мөн.

Би хувь хүнийхээ хувьд таашаадаг хүнээ байгууллагынхаа буюу олны эрх ашгийн төлөө халж чаддаг байх ёстой. Ингэснээрээ би хэрцгий хүн болохгүй. Энийг шүүж дүгнэнэ гэдэг нь дэлхий ертөнцийн төв юм уу эсвэл од гаригсийн систем юм уу гэж өнөөдөр маргаж байгаатай яг агаар ижил.

Дотроо хатуу сахилга бат, эцэш цуцашгүй хөдөлмөр, дүрэлзсэн эрчилсэн хамт олон, зорилгын төлөөх нэгдэл, сул тоглогчид хайр найргүй байдал --- Харин гаднаа зөөлөн - харилцагч, ард түмэнд хэрэгтэй, сайшаалтай зүйлийг хийж бүтээсэн тийм л байгууллагуудыг байгуулах гэж би хичээдэг. Тэрнээс нөхөртөө хаягдагсадын уйлж, унжиж зовлонгоо ярьдаг бүлгэм байж болохгүй нь ойлгомжтой.

Би хэрэв Америкт гүйцэтгэх захирал эсвэл Японд байгууллага удирддаг байсан бол хамаагүй амар байхсан. Яагаад гэвэл тэнд ур чадвартай, дуулгавартай, мэдлэгтэй ажиллах хүчийг улс бэлдээд хөдөлмөрийн зах зээл дээр тавьчихсан байдаг юм. Монголд харин гүйцэтгэх захирлууд юугаа ч мэдэхгүй хүүхдүүд нэг талд юм заах гэж, нөгөө талд бүтээгдэхүүнээ сайжруулж, маркетингаа хийж, бас дээрээс нь харилцагч нараа боловсруулах гэж махаа иддэг юм. Нөгөө хүүхдүүд нь энийг ойлгохгүй бас байнга гомдож, захирал намайг ойлгодоггүй муу хүн гэж олон юм ярихыг нь яана. Тэр хүүхдүүдэд сургууль, цэцэрлэгт нь заагаад өгчих ёстой байсан юмыг нь Монгол захирлууд заагаад, дээрээс нь цалин төлөөд явдаг шүү дээ. Ямар ч Монгол захирал тэрийг хэлнэ дээ.

Тийм ч учраас би Монгол хүн болж төрсөндөө олзуурхдаг юм. Нью Йоркод, эцэг өвгөдийн нус нулимсаар 100, 200 жилийн өмнө бий болгосон боловсролын, эрүүл мэндийн, нийгмийн ёс суртахууны систем нь бүх юмыг нь бэлдээд өгчихсөн - тийм орчинд - ганц хоёрхон үйлдэл хийгээд л жилд хэдэн сая долларын цалин авдаг тэр эрхмүүдээс - бид нар илүү хэцүү, тааварлагдашгүй, заримдаа давагдашгүй ч юм шиг нөхцөлд хүмүүсийг удирдаж, сэдэлжүүлж, урам зориг өгч, сургаж, чиглүүлж, зохион байгуулах ажил хийдэгтээ бахархалтай явдаг юм.

Тэр дунд хэлээд, заагаад байхад ойлгохгүй, хамт олны дунд сөрөг уур амьсгал үүсгэж, дандаа болохгүй бүтэхгүй юм ярьж явдаг нөхдүүдийг бол нэг хэлээд, хоёр тайлбарлаад, гуравдах дээр нь халаад л явна шүү дээ. Энэ бол миний бодол биш, энэ бол бизнесийн зарчим юм.

Corporate responsibility

2012 оны сонгуулиас хойш гадаадын хөрөнгө оруулалт - уул уурхай ч бай өөр бусад 15 салбар ч бай - ерөнхийдөө зогсонги байдалд орсоныг бид мэднэ.

Бидний холбоо анх 2007 онд "Монголын Хөрөнгө Оруулалтын Банкны" конференцийг Ройтерстой хамтран зохион байгуулж Хонг Конгийн хөрөнгийн бирж, Стандарт Чартеред банк, Софт банк болон хөрөнгө оруулалтын сангуудыг Монголд анх урьж авчиран яаж хувьцаа, бонд гаргадаг, яаж гадаадын хөрөнгийн бирж дээр мөнгө босгодог талаар хурал хийсэн юм. Хуралд оролцсон хүмүүсээс мөнгө аваагүй.

Түүнээс хойш нэг хэсэг бүгд хөрөнгө оруулалтын банк байгуулж, бүгд Хонг Конгод хувьцаа гаргах юм болсон доо. Мэдээж би наанатай цаанатай ярьж байна. Түүх үнэнээрээ л сайхан.

Бид ашгийн бус холбоо гэхэд хэдэн сая төгрөгний зардал гаргаад л явж байв. Ройтерсийн захирлууд болох Кеннет, Фиделия, Урнаа нар гол үүрэг гүйцэтгэсэн үнэхээр буянтай хүмүүс билээ.

Түүнээс хойш олон хурал зохиожээ. Хэзээ ч оролцогчоос мөнгө авч байсангүй. Хурал дээр компанийн тухай танилцуулга презентац тавьж байсангүй. Харин хуралд оролцогсодод зориулж, ажил үйлсэд нь хэрэгтэй тийм л презентациуд миний оролцоотой байгууллагуудын зохиосон хурлууд дээр тавигдаж ирлээ.

Энэ бүх хурлууд мэдээж дан нэг талын санхүүжилтээр явах боломжгүй. Олон арван сая төгрөгний зардал гардаг. Гэтэл бид удахгүй болох ёстой Эрсдлийн Форумаа хийх гэж нэмэлт спонсорууд хайх явцдаа нэг тэнэг зүйлийг ойлгов.

Өнөөдрийг хүртэл бидний санаачилсан хурлуудыг Гадаадын тал эсвэл гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд дэмжиж, мөнгөн санхүүжилт хийж, захирлууд нь ирж маш сонирхолтой илтгэл тавьж ирсэн байх юм.

Нэгэнт гадаадын хөрөнгө оруулалт зогссонтой зэрэгцэн Эрсдлийн форумыг дэмжих спонсор илт цөөрсөн нь ийм хэтэрхий энгийн зүйлийг ойлгох боломжыг олгов. Гэтэл манайд Монголын аварга том корпорациуд ийм нийгмийн хариуцлагатай, компаниудад (хуралд энэ Монгол компаниуд л ирж үнэгүй суудаг шүү дээ) хэрэгтэй конференциудыг ивээн тэтгэдэггүй байх юм. Харин "өнөөх л нэг", "Монголд хөрөнгө оруулцгаая" конференцэд бол харин маркетингийн зорилгоор мөнгө гаргаж логогоо харуулдаг юм байна.

Яагаад нэг удаа нийгэмд, улсад, эдийн засагт хэрэгтэй конференц байгаад, тэрэнд нь хүмүүс ирж үнэгүй сууж чанартай мэдлэг аваад - компаниуд нь нийгэмдээ хэрэгтэй зүйл хийлээ гэж сэтгэл хөөрөөд явж болдоггүй билээ.

Бид одоо бас асуудлыг өөрөөр харах цаг болжээ. Нийгмийн хариуцлага гэхээр хэдэн мод тарьдаг, хог түүдэг - тэрийгээ жилийн тайлан дээрээ харуулах гэж дүр эсгэдэг байдлаа халах цаг болжээ. Бид олон мянган хүн ажиллуулдаг, олон тэрбумын ашиг олдог корпорациуд - арай илүү - нийгэмдээ оюуны хөрөнгө оруулалт хийдэг болох цаг иржээ.

Төр засгаа, ард түмнээ муулаад, муулаад л гэхдээ тэднийгээ боловсруулах, сайжруулах тал дээр болохоор юу ч хийдэггүй байж болохгүй ээ.

Sunday, March 31, 2013

Диод


Дизайн ба загвар нь өөртөө гоо зүйн ач холбогдол агуулсан байх хэрэгтэй билээ.

Тухайлбал машины дизайн дээр энэ нь нэлээд тодорхой илэрч гардаг. Өмнө нь ердөө уран барилга, уран зураг төдийхнээр дизайны гоо зүйн хэв шинж нь ойлгогддог байсан бол одоо харин машин, цүнх, хувцас бүүр тэр ч байтугай гар утсанд хүртэл агуулагддагийг бид Стив Жобсын номноос тодорхой мэдэж болно. Тухайлбал Iphone бол тэр чигтээ уран дизайны гайхамшиг байх жишээтэй.

Би хэдийгээр машины загвар зүйн талаар ямар ч ойлголтгүй хүн боловч өөрийн зарим ажиглалтаа энд бичье гэж бодлоо.

2006 онд Ауди Р8 машины дизайнд нэгэн шинэ элемент буюу диодон гэрлийг амжилттай оруулж эхэлснээс хойш машины загварууд хэрхэн өөртөө бас гэрлийг давхар багтаах болсоныг дараах зургуудаас харж болно.


 Аудигийн дизайнерууд Африкийн зураг дээрх омгийнхноос жишээ авч "нүдэн доогуурх цэгэн гэрлийг" оруулж өгсөн гэж байгаа. Транс хөгжмийн продюсерууд Төвдөд шинэ хөгжмийн санаа олох гэж явдагтай адилхан Волксвагенийн (Ауди бол эдний охин компани) дизайнерууд баахан африкаар хэсцгээсэн бололтой юм. Та бидний мэдэх Волксваген Таурег бол Хойд Африкийн овогийн нэр юм. Диодон гэрэл нь гол нь өдрийн цагаар байнга асч байдаг. Өөрөөр хэлбэл загварын нэг элемент болж байна гэсэн үг.

2006 онд франкфуртэд явж байхдаа Ауди Р8-г анх харж билээ. Өдрийн цагт их гэрлийн доогуур гэрэлтэх цэгэн диоднууд тухайн үед маш өвөрмөц, гоё харагдаж байсныг хэлэх нь зүйтэй.

Харин үүнээс санаа авч одоо автомашины загвар бүхэлдээ диодон гэрлийг өөртөө агуулах болжээ. Тухайлбал...