Tuesday, November 22, 2016

Хиймэл Оюун Ухааны - Философийн зарим асуудлууд

Фундаментал Сэтгэлгээний өнцгөөс Хиймэл Оюун ухааныг авч үзье.

Юуны өмнө орчин үеийн философи болон технологийн салбарт хиймэл оюун ухааны талаар ширүүн маргаан өрнөж байгааг та бид мэднэ.

Хиймэл Оюун Хүний Оюунаас давж гарч чадах уу. Хиймэл Оюунд эмоци, сэтгэл байж болох уу. Хүний оюун гэж яг юугаараа гоц гойд юм бэ гэх мэт.

Энд философичдийн маргааныг хөндөх гэсэнгүй. Харин фундаментал сургуулийн үүднээс 2 оригнал өнцөг гаргаж тавих гэсэн юм.

Зарим философичид Хиймэл Оюун буюу Компьютер ба Хүний Оюун буюу Тархины бүтэц яг адилхан (адилхан л атом, электроноос бүтдэг) учраас Хүний Оюун ухааны хуулбарлаж хийх боломжтой гэж маргадаг. Маш боломжийн аргумент.

Бид Хиймэл Оюун гэхээр бие даасан робот, түүний толгойн дотор байрлах компьютер гэж ойлгодог. Гэтэл компьютер бол өөртөө программыг агуулна. Өөрөө суралцаж хөгждөгч бай, ямар ч бай ийм робот хүнтэй өрсөлдөнө гэхэд үнэмшилгүй сонсогддог.

Харин орчин үед бид Хиймэл оюун гэхээр шууд Интернет (world wide web) гэж ойлговол зохино. Эсвэл интернет дээр суурилсан ухаалаг систем гэж бас ойлгож болно. Интернет дээр юу байдаг билээ? Асар их хэмжээний мэдлэг агуулагддаг. Үүнээс гадна интернет дээр маш чухал зүйл болох --- ЭМОЦИ байдаг. Тэр олон фэйсбүүк, твиттер, коммент, инстаграм, захидал, мессежүүд тэр чигтээ эмоци. Энэ бүх мэдлэг болон 3 тэрбум хүний эмоцид нэг зэрэг холбогдсон өөрөө суралцагч ухаалаг систем байна гэж төсөөлөөд үз.

Дэлхийн 7 тэрбум хүнээс - яг хайр гэж юу юм бэ? - гэж асуувал хэд нь итгэлтэй хариулж чадах вэ. Харин интернетэд холбогдсон хиймэл оюун ухаан тун тодорхой хариулт өгч магадгүй шүү.

Дараагийн нэг философийн оригнал өнцөг бол. Хүний сэтгэлгээ тэр чигтээ өөрийн гэсэн сэтгэл зүйн хязгаартай - тэр бол ҮХЛЭЭС АЙХ АЙДАС юм. Үхлээс айдаггүй хүн бол сэтгэцийн өвчтэй л хүн байж таардаг. Тэгэхээр бидний бүх сэтгэлгээ, эмоци, бодол, үйлдэл ҮХЛЭЭС АЙХ АЙДАСТ захирагдаж байдаг гэж философи болон психологийн үүднээс томъёолж болно.Бид үхлээс айдаг учраас л биеэ "зөв" авч явж, эрээ цээргүй байдлаа татдаг.

Гэтэл 3 тэрбум хүний сэтгэл хөдлөл, хүн төрлөхтөний бүх мэдлэгт холбогдсон +++ дээрээс нь үхлээс айна гэдгийг мэдэхгүй --- ухаалаг өөрөө суралцагч систем байна гэж төсөөлөөд үз. Ингэснээрээ Хиймэл Оюун Ухаан хүнээс давж гарах философийн нөхцөл бүрдэж байх эрсдэлтэй.

Бид түүний хор уршиг юу байж болох талаар төсөөлж ч чадахгүй байна.

Философичид та бүгд үргэлжлүүлэн бодолхийлнэ үү.

Tuesday, October 25, 2016

ТогТолцоо

Фундаментал Сэтгэлгээний аргачлалыг мэдэхгүйгээс том боссуудаасаа эхлээд соён гэгээрүүлэгч нар нь хүртэл төөрөлдөж эхлэв.

Өмнө нь би Цогцрол (Complexity)-ын тухай бичсэн билээ. Орчин үеийн нийгэм эдийн засгийн Тогтолцоо нь цогцрол учраас хараад ойлгох нь битгий хэл, тэр сэдвээр нь докторын зэрэг хамгаалаад ч ойлгоход хэцүү болж.

Зээлийн хүүг банк тогтоодог, үгүйгээ хүртэл мэдэхгүй болтлоо, энэ улсын элит давхарга нь төөрч будилсан байхад улс төрч нарыг буруутгаад ч яахав.

Зээлийн хүү ч яахав. Санхүүгийн тогтолцоо сайтар хөгжөөгүй байгаагийн нэг л илрэл. Гэтэл жилд хэдэн мянган хүний амь насыг авч одож буй УТААГ яахав. Энэ талаар ямар соён гэгээрүүлэгч, ямар босс ярив? Эрчим хүчний тогтолцоо нь болохгүй байгаа учраас л УТАА үүсээд байгааг хэн харж, хэн ярив.

Угтаа бол элит хүн гэж улс орны өмнө тулгамдсан асуудлыг олж харан, ТОГТОЛЦООГ засах, өөрчлөх замаар ард иргэдээ жаргаадаг л хүн шүү дээ. Гэтэл манай лүмпэн элитүүд тогтолцоогоо ойлгох нь битгий хэл, нийгэм эдийн засаг тэр чигээрээ тогтолцооноос бүрддэг гэдгийг ч мэдэхгүй явж байгаа нь илт.

Угтаа улс төрчид нь шунахай луйварчин, хувийн эрх ашгаас бусдыг огоорсон бэртэгчингүүд болсон нь БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО бүхэлдээ дампуурсны үр дүн гэдгийг бид ойлгохгүй. Улс төрчдийг бид хичнээн буруутгаад ч энэ нөхцөл байдал өөрчлөгдөхгүй нь гэдгийг Монголын иргэд 25 жилийн туршид ойлговол ойлгохоор л боллоо.

Тогтолцоог ойлгоход хэцүү. Тогтолцоон дотор нь олон жил ажилласан хүн бүүр ч ойлгохгүй талруугаа орж эхэлдэг. Нэгэн хэвийн мэт санагдаж. Тогтолцоогоо хамгаалж эхэлнэ.

Тийм ч учраас ФУНДАМЕНТАЛ СЭТГЭЛГЭЭНИЙ СУРГУУЛЬ үүссэн.

Гадаадад магистр, доктор хийгээд, худалдаа наймаа хийж мөнгөтэй болчихоор, эсвэл 50 насыг зооглочихоор тогтолцоог ойлгочихдоггүй юм байна гэдгийг бид одоо сошиал медиад ороод бэлхнээ харж болно.

"Боловсролын Тогтолцоо болохгүй болчихлоо, Реформ хийх цаг нь болжээ." гэж хэлэхэд өөдөөс "Монголын 30 мянган багш нарыг доромжилдог чи хэн бэ" гэх утгатай юм ярьж суугаа Боловсролын яамны түшмэлтэй улс яаж хөгжих билээ?

Эрүүл Мэндийн Тогтолцоо болохоо байсан учраас, коммунист-чөлөөт зах зээлийн хооронд таг гацаж, аль ч үгүй болсон учраас өнөөдөр иргэд эмч нартаа итгэхээ больж, эмч нараа шоронд хийдэг харгис хууль гаргаад сууж байгаа бус уу. Тогтолцоонд реформ хийх талаар хэн гэж сайд, хэзээ ярив?

700 мянгын цалинтай сумын төвийн бичээч хүүхэн жилд 1.6 сая төгрөгийг улсад тэтгэвэр, эрүүл мэндийн даатгалд төлж байна. Гэтэл түүнээс 20 километрийн цаана амьдрах баян мянгат малчин жилд ердөө 80 мянган төгрөг төлөөд л бичээч хүүхэнтэй ижил хэмжээтэй тэтгэвэр, эрүүл мэндийн үйлчилгээ авна. Малчин учраас тэр. Малчид татвар огт төлдөггүй, дээрээс нь малчдын тэтгэвэр нийгмийн даатгалыг нь сумын төвийн мань бичээч хүүхэн даагаад байдаг. Үүнийгээ нийгмийн даатгалын тухай хуулийндаа "Эв санааны нэгдэл" гэж нэрлэжээ.

Өөрөөр хэлбэл сумын төвийн бичээч хүүхнийг луйвардаж байгаагаа эв санааны нэгдэл гэж халхавчилсан гэсэн үг. Энэ бол Буруу Тогтолцоо. Гэтэл Монгол улсад ажил хийж сар бүр цалингийнхаа 20 хувийг Нийгмийн даатгалын Буруу тогтолцоонд эргэж олж авахгүйгээр төлж байдаг 600,000 хүний хэд нь юунд, яагаад 20 хувиа төлж байгаагаа мэддэг бол? Сонирхдог болов уу.

Фундаментал Сэтгэлгээний Сургуулийн үнэнч дагагч маш сониуч байх учиртай. Бүх тогтолцоо, бүх системийг сонирхож, сөхөж үзэх зоригтой байх хэрэгтэй.

Би мал хариулж өссөн хүн. Мал хариулж өссөн учраас малчдыг өмөөрөх юм биш. Шудрага, Хүмүүнлэг, Иргэний ардчилсан нийгмийн эсрэг байгаа бүх тогтолцоог сөрөх болно.

Тиймээ, хүн бүр л ямар нэг буруу тогтолцооны золиос болох боловч хэн ч тэр талаар сонирхдоггүй, судладаггүй. Учир нь Тогтолцоо том, цогц, нарийн, олон бүтэцтэй, харахад эхлээд нэг гариг, тэгээд нарны систем, тэгээд оддын бөөгнөрөл, цаашлаад галактик шиг маш олон, өөр хоорондоо холбоотой хэсгүүдээс бүрэлддэг. Тийм ч учраас хүн ойлгоход хэцүү.

Фундаментал Сэтгэлгээний аргачлалаар ямар ч тогтолцоог хялбархан ойлгож болно.

Авилгал бол тогтолцоо. Энэ тогтолцоог нурааж болно. Авилгалын эсрэг хууль, газрыг энэ тогтолцоог нураах гэж бий болгосон. Ажлаа хийж чадаж байна уу?

Боловсрол бол тогтолцоо. Хувийн сургууль нь математикийн олимпиадад түрүүлдэг 3-хан хүүхдээ анхаараад бусад төлбөрөө төлсөн 997 хүүхдийг нь ор тас хаядаг. Тухайн сургуулийн 1 сурагч математикийн олимпиадад түрүүлснийг мэдээгээр хараад - эцэг эхчүүд хүүхдээ өгөх гэж хуйларцгаадаг. Юутай эмгэнэлтэй, юутай тэнэг. Улсын сургууль нь 1980 оны агуулгаар хичээл заадаг бол тэр буруу тогтолцоо. Тэндээс өөртөө итгэлгүй, чадваргүй, аймхай, бусдыг буруутгадаг нэгэн л үйлдвэрлэгдэн гарна. Энэ Тогтолцоог өөрчилж болно. Реформ хийхэд амархан.

Гэхдээ тогтолцоо буруу байхад авилгал хэмээх өөр тогтолцоо наалдан орж ирж, хөгжиж эхэлдэг. Тогтолцоог зөв болгох, реформ хийх хүсэл эрмэлзлийг үгүй хийдэг.

Даатгал бол тогтолцоо. Улс оронд даатгалын тогтолцоо хангалттай сайн нэвчээгүйгээс л болж хүний амьдрал эрсдэлд өртөмтгий болдог. 40-тэй залуу хорт хавдраар өвдөж, эхнэр нь яалт ч үгүй байраа заран байж гадагш явуулах боловч нэмэргүй өнгөрөхөд - байр ч үгүй, нөхөр ч үгүй өрх толгойлсон эмэгтэй үлдэж байгааг шийдэж болно. Тэр нь даатгал. Гэтэл даатгалын тогтолцоог хөгжүүлэх тал дээр ямар элит, ямар босс, хэзээ дуугарахыг сонсов? Харин оронд нь амтай болгон л "даатгал худлаа, даатгал луйварчин" гэж цуурцгаах. Даатгал байхгүй байгаа учраас л амьдрал эмгэнэлтэй байгааг хэн, хэзээ зааж өгөх юм бэ?

Хөмөрсөн тогоо мэт, харанхуй, бүдүүлэг мэдлэгийнхээ цар хүрээнд өөрийгөө элит гэж цээжээ дэлдэж одоо болсон юм шиг санагдах юм.

Тогтолцоог ойлгож, шинэчлэхэд нас гай л болдог юм байна. Туршлага бол бүүр хэрэггүй эд байдаг аж. Боловсролын диплом бол хоосон пээдийлгэхээс юм хийлгэдэггүй бололтой.

Тийм учраас фундаментал сэтгэлгээний сургуулийг дагагч нар улс орны өмнө тулгамдаад байгаа 10 гаруй тогтолцоог бүгдийг нь реформ хийх хариуцлагыг гардаж авах хэрэгтэй байна.

Sunday, September 4, 2016

Лидер хүний мөн чанар III: Агаарт хөвж яваа хариуцлага

Энэ нийтлэлийг уншихаас өмнө өмнөх Лидер хүний мөн чанар I ба II нийтлэлүүдийг унших хэрэгтэй.

Феодалын нийгэм яагаад унасан бэ? Чингис, Александр, Артур гэх мэт агуу лидерүүд гарч ирэх боловч, зохион байгуулалт нь тун удалгүй задран унадаг.

Энэ лидерүүд бараг л оргүй хоосон цэгээс нийгмийг бүхэлд нь дагуулж, толгойд багтамгүй том амжилт гаргаж чаддаг.

Лидер чанар цус дамждаггүй юм байна гэдгийг амархан харж болно. Хүн төрлөхтөн харсан юм. Лидерийн хөвгүүд залгамжлан төр барихаар л нурж эхэлдэгийг ойлготол 10 мянган жил өнгөрсөн байх.

Тийм учраас хүмүүс феодализмаас ардчилсан нийгэмд шилжсэн. Энэ бол маш оригнал өнцөг гэдгийг бодолцож үзээрэй. Феодализмд Лидер удам дамждаг бол Ардчилалд Лидер хаана ч төрж болно. Цэнхэр цус гэж юманд хүмүүс итгэхийг үнэхээр их хүсдэг. Гэхдээ харамсалтай нь тийм биш. Одоо ч гэсэн Америкт өмнөх ерөнхийлөгчийн эхнэр, Канадад ерөнхий сайд өвөөгийн ач гэх мэт явж л байна. Энэ зогсохгүй. Тэд нар хуйвалдаан зохиогоод байгаадаа биш. Ерөөсөө л ард түмэн цэнхэр цус гэж үлгэрт итгэх дизайнтай. Харамсалтай нь тийм биш гэдгийг хүн төрлөхтөн эцэст нь, ерөнхийдөө, ойлгосон.

Лидер төрөлхийн биш гэдгийг бид харлаа.

За тэгвэл төрөлхийн биш сурмал ямар чанар нь Лидерийн мөн чанар вэ. Хайж үзэцгээе.

Би бусдын л адил, анх сургууль төгсөөд улс орныг ухаантай, мундаг хүмүүс удирдаж байгаа учир мань мэт нь санаа зовох хэрэггүй гэж боддог байв.

Нийгэмтэй, зах зээлтэй хутгалдаж эхлэхээр хүн бүрт л эргэлзээ үүсч эхэлдэг. Мэдээж хүн бүр л хувийн эрх ашгаа хөөдөг байх. Гэхдээ "дээр" байгаа хүмүүс нийтээ бодохгүй бол хувааж идээд дуусна гэдгийг бид бага багаар ойлгож эхэлнэ. Ингэж л хүн улс төрийн амтьтан болж хувирдаг.

Бид дагагч нарын хувиар ямар лидерийг хүсч байдаг вэ. Хувьдаа хусдаг нөхрийг үү. Эсвэл цагаа барьдаг хүнийг үү. Уран илтгэдэг хүн мөрөөддөг юм болов уу. Эсвэл жигтэйхэн өндөр каризматай хүнийг хүсдэг үү.

Энэ орчин үеийн ном зохиолоор дүүрэн байгаа лидер хүний чанар гээд байгаа юмыг нь агуулсан хүнийг хайж олоод, өрсөлдөхүйц цалин хангамж төлөөд Монгол улсын лидер болгочихоё л доо тэгвэл. Тийм амархан юм бол. Цаг барьдаг, хүмүүсийн нэрийг цээжилдэг өөр юу юу гэлээ - тийм хүн олъё л доо. Лидер тийм хялбар юм уу?

Би Монгол улсын иргэний хувьд, компанийн ажилтны хувьд, багийн гишүүний хувьд ямар "ганцхан" чанар агуулсан хүнийг лидерээрээ хүлээн зөвшөөрч, хэлсэн үг бүрийг нь ямар ч эргэлзээгүй дагаж чадах вэ.

Тэр цорын ганц мөн чанар бол миний өмнө, миний ирээдүйн төлөө, миний хүүхдүүдийн өмнө ХАРИУЦЛАГА хүлээх чанар мөн. Би тийм л хүнд итгэнэ. Ганцхан удаа уулзчихаад миний нэрийг овогтой нь цээжилчихсэн байгаа хүнээс бол би болгоомжилно.

Сонсож суугаа хүмүүсийнхээ хэрэгцээ, эрэлтийг харж (вижн), лекцийн хугацаанд зүрх сэтгэлээ шингээж сонсогч нарт хэрэгтэй мессеж өгч чадаж байвал - тэр лекц төгс лекц юм. Энд ямар ч дууны өнгө чанга, гараа сайн хөдөлгөж ярьдаг, залан дундуур хөлхөж анхаарал татаж чаддаг гэх мэт хөгийн Шинж чанарууд яригдсангүй. ХАРИУЦЛАГА л яригдаад байна. Хүмүүсийн өмнө хариуцлага хүлээж, тэрийгээ биелүүлье гэж шийдсэн хүн төгс илтгэгч байж чадна.

ХАРИУЦЛАГА хүлээнэ гэдэг ухамсар шингээгүй хүн хичнээн Харвардын доктор хийгээд ч лидер болж чадахгүй. Яагаад гэвэл лидер хүн тасралтгүй бусад хүмүүсийн хувь заяаны төлөө шийдвэр гаргаж байдаг. Энэ шийдвэрийг мэдлэгээр, мэдээллээр, Харвардын дипломоор гаргадаггүй юм. Энэ шийдвэрийг цорын ганц мөн чанар болох ХАРИУЦЛАГА хүлээх ухамсараар л гаргадаг билээ.

АГААРТ ХӨВЖ ЯВАА ХАРИУЦЛАГА

Багийн гишүүдээ, ажилтнуудаа, улсын иргэдээ, хүн төрлөхтөнийг анхааралтай ажиглаж харвал тэдний толгой дээр асуултын тэмдэгүүд бүхий хариуцлагын үүл хөвж явахыг анзаарах болно.

Энэ агаарт хөвж яваа хариуцлагыг хүн бүр хардаг юм биш. Харахыг хүссэн хүнд л харагддаг элдэвтэй эд. Харсан хүн бүр нь аваад өөрийнхөө нуруун дээр авч тавьдаг ч юм биш.

Хүмүүсийн толгой дээр, агаарт хөвж яваа хариуцлагыг олж хараад, түүнийг өөрийнхөө нуруун дээрх ачаа болгож үүрч явдаг хүнийг л ЛИДЕР гэдэг юм.

Түрүүн би хэлсэн, арай залуу байхдаа улс орон "найдвартай гарт" байгаа гэж төсөөлж ирсэн гэж.

Нэгэнт хүмүүсийн хариуцлагыг аваад нуруун дээрээ үүрчихсэн хүнд хувийн эрх ашиг гэж байхгүй болох нь маш мэдээжийн. Харин хэний ч өмнө хариуцлага хүлээгээгүй улс төрч бол жүжигчин төдий л юм. Үзэгдэл болгон дээр гарч дүрдээ хувирна, нөхцөл байдалд тохируулан жүжиглэнэ.

Хайр, дурлал, гэр бүл, эрх чөлөө гэх мэтчилэн хүний нийгмийн үй түмэн ойлголт фундаментал тодорхойлолтоо хайсаар явна. Эдний нэг нь ЛИДЕР гэж философийн ойлголт юм.

Энэ тал дээр фундаментал сэтгэлгээний сургуулийн гишүүн философич та бүгд өөрсдөө дор бүр нэгийг бодож. Миний дээр гаргасан тодорхойлолтыг сайжруулах тал дээр ажиллаж, хувь нэмрээ оруулцгаана гэдэгт итгэж байна.

Бид хүүхдүүдээ логарифм хувиргадаг, минутанд олон нэр цээжилдэг, мэтгэлцэх урлагийн мастер, математикийн олимпиадын аварга биш харин бусад хүмүүсийн толгой дээр хөвж яваа хариуцлагыг олж харж чаддаг вижнтэй, тэр хариуцлагыг авч өөрийнхөө нуруун дээр үүрэх зүрх зоригтой хүмүүс болгож өсгөхийг хүсч байна. Тийм лидерүүд л миний улсыг Америктай өрсөлдүүлнэ.


Monday, August 29, 2016

Complexity - Цогцрол


Хэдэн км зайтай саахалт малчин айлууд. Хороолон суусан суурьшмал иргэд.

Нийгмийн энгийн харилцаа. Нийгмийн комплекс харилцаа.

Тариачин иргэдийг аваад дайнд мордож болохгүй. Дэлхийн түүхэнд Монголчуудаас өөр тийм асар уудам нутгийг хамарсан, олон арван жилийн дайн хийж өнгөрсөн нь үгүй. Боломж ч байсангүй.

Монгол генералууд, тариачдын генералтай харьцуулахад толгойн өвчин хамаагүй бага.

Монгол армийг удирдахад хамаагүй хялбар. Монгол цэрэг, морь хоёр бүтэн үхрийг үнхэлцгэнд нь багтааж, тогоо савгүйгээр тарвага боож, хэдэн өдрийн өл даах ааруул өвөртлөөд шогшчихно. Тариачин цэрэг бол 1 хонолгүй л өлбөрнө.

Гэхдээ Монгол нийгэмд тариачин-суурьшмал иргэдийн нийгэм шиг нарийн мэргэшлүүд байхгүй. Эмч, багш, математикч, философич, уран дархан байхгүй.

1300 онд Медичийн гэр бүл анхны банкны холдинг компани байгуулж, тив эзэлсэн санхүүгийн систем бий болгож байхад Монголчууд аль 1000 он шигээ л байж байв. Таруу учир хөдөлмөрийн хуваарь, түүнийг дагасан бүтээмж үүсдэггүй ажээ. Бараг л төгсөрчихсөн нүүдлийн хэв маяг яг л нэг хэвэндээ.

Хаа нэгтээ дарьт буу үйлдвэрлэж, хөлөг онгоц угсарч, засгийн газрын бонд гаргаж байхад Монгол залуус малаа дагасаар. Нүүдэлчин амьдралд философидох, зохион бүтээх зав үгүй. Дэлхийн агуу нээлт хийсэн бүх эрдэмтэд философичид байдаг нь гайхах зүйл биш. Гагцхүү хотод амьдарч, хөдөлмөрийн хуваарь үүссэний дараа философичид бий болдог нь бас ойлгомжтой.

1604 онд анхны тив дамнасан глобал корпораци хувьцаагаа Амстердамын хөрөнгийн бирж дээр арилжаалж байхад Монголчууд мөнөөх л баруун зүүн гар гээд үзэж л байв.

Буу зэвсэг гарч, тариачин арми мэргэжлийн болох үед морь, сэлэм, нум сум, ааруул, боодог байраа тавьж өгсөн юм даа. Энэ бол манай түүх.

Хороолон амьдардаг суурьшмал иргэд хажуу айл гал авалцахад, гудамаараа гарч ирж ус цацан унтраана. Бие биендээ хайртайдаа огт биш. Харин ч бие биенээ үзэхгүй. Нийгмийн хариуцлага гэж тэдний ухамсарт гүн гүнзгий суусан нь тэр аж. Хэрэв гарч унтраалцахгүй бол дараа нь танайхыг шатахад хэн ч унтраахгүй.

1400 оны итали худалдаачны эхнэртээ бичсэн захидлаас, хөлөг онгоц нь далайд сүйрч болзошгүй гэж үзэж даатгуулсан тухай мэдэж болно. Мөн даатгалын компани нь Жиованнид даатгалын сертификат гардуулсан нь ч үлджээ.

Нүүдэлчин айлууд өөрсдийгөө болгоод явдаг тул, нүүдэлчин төр мундаг арга ухаан гаргах гэхээсээ - байгал дэлхийд зуд, ган битгий болоосой гэж бодсон нь илүү үр дүнтэй.

Хотын иргэд харин өөр. Хотын төр цэвэр бохир ус, цагдаа, шүүх, эмнэлэг, даатгал, санхүү, халамж, дэд бүтэц бүгдийг нь шийдэхгүй бол баларна. Олон айлуудаас гэнэт нэг нь шатчихна. Харсаар байтал гадаа хонуулалтай биш хотын сан хөмрөгөөс байшинтай болгох уу, бүгдийг нь албан журмаар дундын даатгалтай болгох уу гээд бодлого бодож эхлэнэ. Нүүдэлчин айл хиарчихсан байхад төрд сураг, чимээ төдий л юм сонсогдоно.

Албан журмын даатгал гэснээс. Хүмүүс энэ даатгалыг их муулах юм аа. Харахад миний таньдаг, мэддэг гадаад дотоодод өндөр боловсрол эзэмшсэн хүмүүс харагдах юм. Бүүр энэ улсын хөгжихгүй байгаа шалтгааны нэг нь даатгал хөгжөөгүйгээс болсон гэдгийг нийгмийн статус болон ТВ, радиогоор гардгаараа бол мэдэхийн цаагуур мэдээд, үхэн хатан дэмжиж байх ёстой хүн нь хүртэл эсрэг юм ярьж байх гэж. Угтаа бол энэ жолоочийн албан журмын даатгал нь манай улсын санхүүгийн түүхэнд тодоор тэмдэглэгдэх том үсрэлт байлаа гэж.

Дээхнэ даатгалын салбарт ажилладаг байхад ийм явдал их тохиолдоно. 30 хувиа төлөөд, зээлээр авсан сайхан машиныг нь нэг согтуу төлбөрийн чадваргүй жолооч ирээд дэлбэ мөргөчихнө. Дараа нь ч яахав шүүх цагдаа болоод нөгөө согтууг шоронд хийчихдэг юм. 1 сайхан залуу машинаараа хохирч, нөгөө нэг нь амьдралаараа хохирч байгаа юм. Заавал энэ үйл явдал өөрт нь, эсвэл найзад нь тохиолдох. Эсвэл өөрөө даатгалын компанид ажиллаж эрсдэл хэнийг ч дайрдаг юм байна, тэгээд бодсоноос ч олон тохиолддог юм байна гэдгийг мэдэж байж ойлгох албагүй л байлтай.

Юу ч заадаггүй, хүнд амьдралын наад захын үнэнийг ойлгуулж чаддаггүй боловсролын системийн харгай л даа. Мөн боловсрол нимгэн эцэг эхтэй ч хариуцлага ярих ёстой. Хүн гэж амьтаны хамгийн эхний боловсрол нь ЭРСДЭЛ байх учиртай.

Нийгэм төвөгтэй. Нийгмийн эрсдэл байгалийн эрсдлээс хамаагүй илүү комплекс. Тэрийг ойлгодоггүй хүмүүс тэр популистуудаасаа нэг их ялгарахгүй.

Банкууд зээлийн хүүг тогтоодоггүй гэдгийг мэдэхгүй улс төрч, баруунд боловсрол эзэмшсэн том компанийн захирал байгаад яахав дээ. Гурилийн үнэ түүний эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр дээр тогтдог гэдэг шиг. Мөнгөний үнэ болох зээлийн хүү ч мөн адил мөнгөний эрэлт нийлүүлэлтийн тэнцвэр дээр л тогтдог. Хүмүүст гурил авах хэрэгцээ маш их болвол гурилын үнэ өснө. Эсрэгээр зах зээл дээр гурил их хэмжээгээр орж ирвэл үнэ нь буурна.

Банк бол мөнгө урсан өнгөрч байдаг хоолой төдий болохоос биш хоолойруугаа архи гудрах уу, цай уух уу гэдгийг шийддэг тархи биш. Тэр тархи нь ТӨР юм. Төрийн бодлого л тогтворгүй, тэнэг маягтай олон жил явж ирснээр зээлийн хүү өндөр байгаа. УИХ-д тойргоосоо сонгогдож байгаа гишүүнээс зээлийн хүүг яаж бууруулах вэ гээд асуучихаж чадахгүй гадаадад магистр хийсэн эдийн засагчаар ч одоо юугаа хийх вэ дээ.

Тэгсэн том эдийн засгийн доктор - ипотекийн 8 хувийг зогсоохгүй бол банкууд дампуурлаа шүү гэж хэвлэлээр хэлжээ. Банкны хаалгаар ч алхаж үзээгүй шахам байж яаж тэгэж мэдсэн юм бол. Хэрэв ипотекийн 8 хувийг зогсоовол одоо зах зээл дээр ашиглалтанд орж байгаа 16000 байр зарагдахгүй. Барилгын салбар тэр чигтээ дампуурна. Харин банкууд зээлийнхээ 10 гаруй хувийг нь барилгад өгсөн байдаг учир дагаад хүндрэнэ. Ямар юмаараа доктор хамгаалсан байдаг юм бол.

Дээхнэ манай бас нэг том доктор Хөрөнгийн захыг Монголд хөгжүүлж болохгүй, баахан хүмүүс мөнгөө алдана гэж айлдаж билээ. Мань эр амьхандаа хөрөнгийн зах бол хадгаламж зээлийн хоршооны понзи схемтэй яг ижил юм гэж төсөөлж л дээ.

Бурхангүй газрын бумба галзуурнаа гэж.

Би бүгдийг нэвтэрхий мэддэг хүн биш. Санхүүгийн захаа бол харин гадарлана. Банк, Даатгал, Хөрөнгийн зах бол нийгмийн 3 тулгуур багана юм.

Бид зам, цахилгаан, дулаан гээд нүдэнд харагдах дэд бүтцийг мэддэг. Тэгвэл банк, даатгал, хөрөнгийн зах бол нүдэнд үл үзэгдэгч, хамаагүй ахисан төвшний дэд бүтцүүд юм. Энэ дэд бүтцүүдээ хөгжүүлэх тал дээр манай төр анхаарч ирсэнгүй. 1000 хүнтэй сумруу зам татах тухай л их ярьсан болохоос.

Арга ч үгүй дээ. Баруунд эдийн засаг, санхүүгээр магистр доктор хамгаалчихаад ойлгохгүй хүмүүс байхад улс төрч нарт ямар буруу байхав дээ.

20 жил нябо хийчихээд нягтлан бодох бүртгэлийн суурь философио ойлгоогүй хүмүүс зөндөө л байдаг.

Гол нь энэ санхүүгийн зах зээл өөрөө маш комплекс учраас захаас нь хөөгөөд гүйцэгдэж ойлгогдохгүй.

Тийм л учраас ийм комплекс ойлголтыг ФУНДАМЕНТАЛ СЭТГЭЛГЭЭНИЙ аргаар л ойлгох нь зүйтэй.

Saturday, July 23, 2016

Лидер хүний мөн чанар II: Шинж чанарын төөрөлдөөн

Бид өмнөх нийтлэлээр Лидер хүний мөн чанарын талаар авч үзсэн. Одоо түүнийгээ цааш нь үргэлжлүүлье.

---------------------------------------------------------------------------------

2 хоногийн өмнө Дэлхийн Эдийн Засгийн Форумын вэб сайт дээр нийтлэл гарчээ. Гарчиг нь "Эдгээр 4 шинж чанартай байхад та Гүйцэтгэх захирал болж чадна."

Энэ нь дэлхийд топд жагсах Чикагогийн Их Сургуулийн, бизнесийн сургуулийн профессор Стивэн Каплан нарын судлагаа, дүгнэлт аж.

Аливаа хүн ирээдүйд гүйцэтгэх захирал болох уу, үгүй юу гэдийг таамаглах суурь 4 шинж чанар байна гэж үзжээ. Эдгээр нь: - Ерөнхий чадвар, -Гүйцэтгэх чадвар, -Каризма, -Стратегийн чадвахи нар юм.

Топ захирлуудтай 2600 гаруй ярилцлага хийж, 30 гаруй чанар, чадвараар нь шүүж үзээд эдгээр 4 гол чанарыг гаргаж ирсэн юм байх.

Ерөнхий чадвар гэдэг нь бүх үзүүлэлт дээр өндөр оноо авсан байдал бол, Гүйцэтгэх чадвар гэдэг нь аливаа ажлыг хийж дуусгах чадвар юм. Харин Каризма гэдэг нь бусдыг үнэмшүүлэх, урам зоригтой байх байдал бол Стратегийн чадвахи нь том зургийг харах, бүтээлч байдал гэнэ.

Тэгэхээр эдгээр эрдэмтэд дахиад л Лидер буюу Гүйцэтгэх захирлын философийн фундаментал мөн чанарыг хайхын оронд шинж чанарууд дунд төөрөлдөөд явчихсан нь илт байна.

Ямар хүн аливаа ажлыг дуусгадаг юм? Ямар хүн том зураг хардаг юм? Хүн яахаараа бүтээлч болдог юм? гэх мэтчилэн Фундаментал сэтгэлгээний модоор (өмнөх нийтлэл) төлөөлүүлж үзвэл энэ хэд навчис хавьцаа л бүдэрчээ.

"Том зураг харна" гэдэг ойлголтыг жишээ нь авч үзье л дээ. Энэ нь профессор С.Капланы хувьд яг юуг хэлээд байгаа юм бол? Дэлхийн бүх улс орны нэрийг, эдийн засгийн үзүүлэлттэй нь цээжилчихсэн хүн гэсэн үг үү. Эсвэл 7 хоног бүр Экономист сэтгүүлийг алгасалгүй авч уншдаг хүн гэсэн үг үү. Эсвэл улс төрийн талаар орой найзуудтайгаа ам хамхилгүй маргалддаг элитэнцэр үү.

Та энэ ойлголтыг юу гэж бодож байна?

Энэ ойлголтыг лидер хүний мөн чанартай (хариуцлага) холбож үзэхгүйгээр хэн ч ойлгож чадахгүй. Ойлгуулж ч чадахгүй.

Энэ судлагаа нь анхнаасаа л алдаатай, философилог биш болжээ. Лидер - манлайлах гэдэг бол өөрөө философийн сэдэв. Хайр, дурлал, ээж, аав, үхэл, амьдрал гэдэгтэй адилхан философийн үндсэн ойлголтуудын нэг. Хүн, амьтан, араатан сүрэглэж, лидертэй байж, түүнийгээ дагаж амьд үлдэж ирсэн учраас бидний мөн чанарын нэг хэсэг юм.

Ийм гүнзгий ойлголтыг ийм гүехэн тодорхойлох гэж оролдсон нь - энэ эрдэмтэдийн судлагааг авч уншиж байгаа хүнд ямар ч гэрэлтүүлэг өгч чадахгүй байгаагаас тодхон харагдана. Ихэнх уншигч "би л тэнэг учраас ойлгож чадсангүй" гэж боддог. Харин А.Эйнштэйн нэгэнтээ "хэрэв чи эмээдээ Цөмийн физикийг ойлгуулж чадахгүй байгаа бол чи цөмийн физикийн талаар огт мэддэггүй юм байна" гэж хэлсэн гэдэг.

Мэдээж эмээ бас өөрөө цөмийн физикийг ойлгохыг чин сэтгэлээсээ хүсэх хэрэгтэй л дээ.







Зүйрлэвээс Лидер хүн нь зураг дээрх хөлөг онгоц лугаа адил юм. Зогсоол дээрээс хариугүй хөдлөх гэж буй энэ онгоцны дарвуул далбаа бүрэн, далайчид чадварлаг, зэвсэглэл сайн боловч; хэрэв зорилго, чиглэл үгүй бол хаа холдох билээ.

Эрдэмтэн Каплан чухам өөрийн нүдэнд харагдсан дарвуул, далбаа, их биеийн чансаа тэргүүтнийг л баахан тоочоод зогсчээ. Олон л онгоц байдаг. Харин хэд нь яг гайхамшигт аялал хийдэг юм бол. Тэр сүнс сүлдийг нь л олж харах учиртай юм.

Философийн Фундаментал Сэтгэлгээний Сургууль чухам үүний тулд л оршдог билээ.


Дараагийн нийтлэлээр Лидер хүний мөн чанар болох Хариуцлагыг тодорхойлох болно.


https://www.weforum.org/agenda/2016/04/4-characteristics-that-can-predict-whether-youll-become-a-ceo/?utm_content=buffer07138&utm_medium=social&utm_source=twitter.com&utm_campaign=buffer

Tuesday, July 12, 2016

Лидер хүний мөн чанар I: Фундаментал сэтгэлгээний мод

Саяхан тавьсан лекцээсээ сэдэвлэн, Лидер хүний мөн чанарын талаар бичиж байна. Хэрэв бидний эргэн тойронд байгаа олон шинж чанаруудыг түр орхиж, фундаментал сэтгэлгээний линзээр лидер хүнийг харвал юу олж харах вэ.

Юуны өмнө лидер хүний чанаруудын талаар интернетээс хайж үзвэл алдарт Forbes сэтгүүлийн "Лидер хүний 10 чанар" нэртэй нийтлэл гарч ирнэ. 10 шинж чанар гэсэн үг л дээ. Цаашид гүнзгийрүүлж үзвэл Амжилттай хүний 7 чанар, удирдагч хүний 5 баримтлал гэх мэтээр ном зохиолууд үй олноороо хөвөрч өгнө.

Эд бүгд л лидер хүний шинж чанаруудын талаар бичсэн болохоос, мөн чанарын талаар хөндсөнгүй.

Тухайлбал "том зураг хардаг, алсыг хардаг" чанар байна. Энэ мөн чанар уу, эсвэл мөн чанарын тусгал шинж чанар уу. Бид үүнийг шалгахын тулд ямар хүн том зураг харж чаддаг, алсыг хардаг вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй.

Мөн "цаг баримталдаг, цагийн өндөр мэдрэмжтэй" гэж чанар байна. Ямар хүн цаг баримталж чаддаг, цагийн өндөр мэдрэмжтэй байж чадах вэ. Эсвэл ямар хүн "агуу уран илтгэгч" болдог вэ.

Бид энэ бүх чанаруудыг Фундаментал сэтгэлгээний модон дээр тавьж үзэх хэрэгтэй. Юмс үзэгдлийн танд харагдаж байгаа чанар нь модны хаахна байна. Навчис хавьцаа юу, мөчир үү. Эсвэл үндэс нь үү. Лидер хүн өөрөө юмс үзэгдэл болохын хувьд таньд харагдаад байгаа тэр цаг баримтлаж байгаа байдал нь навч төдий юу, үндэс үү.




Хаа сайгүй сонсогддог "Харилцааны өндөр чадвартай" гэсэн шинж чанарыг авч үзье. Энэ ямар чанараас урган гардаг вэ.




Бусдыг "сайн сонсдог" хүн л "харилцааны өндөр чадвартай" байдаг. Харилцааны чадвар гэдэг нь угтаа учиргүй их яриад, эсвэл утгагүй их инээгээд байхын нэр биш. Нөгөө талын хэлсэн үг бүрийг хүлээн зөвшөөрнө гэсэн үг ч биш. Харин бусдыг сайтар ойлгоод, түүндээ тааруулж уян хатан харилцдаг хүнийг хэлэх юм. Тэгэхээр бусдыг сайн сонсдог хүн л бусдыг ойлгож таарна.

Тэгэхээр цаашид бид харилцааны өндөр чадвар хайх биш харин бусдыг сайн сонсдог хүнийг хайгаад эхлэхэд болох юм.

Цаашлаад "сайн сонсоно" гэдэг өөрөө бас л өөр нэг чанараас урган гарсан шинж чанар байна. Бусад хүмүүсийг хүсэл эрмэлзлийг сонирхож, тэдний санаа бодлыг тоож үздэггүй хүн сайн сонсогч байж хэзээ ч чадахгүй. Тэгэхээр бусад хүмүүсийг "чин сэтгэлээсээ сонирхдог" хүн л сонсогч байж чадна.

Лидер хүний энэ олон шинж чанаруудыг нөхцөлдүүлдэг цорын ганц мөн чанар юу вэ.

Тэр бол ХАРИУЦЛАГА юм. Энэ талаар дараагийн нийтлэлдээ дэлгэрэнгүй бичье.

Жич: Бид ийм байдлаар бүх юмс үзэгдлийг шалгаж, шинж чанараас өөрсдийн ухаан бодлыг цэвэрлэж, мөн чанарыг таньж болно.

Шинж чанар байнга хувьсан өөрчлөгдөнө. Мөн чанар харин өөрчлөгдөхгүй. Нэг мөн чанарт үй түмэн шинж чанар байж болно.

Монголын боловсролын систем бол шинж чанарт суурилсан систем. Бид тэр системийн бүтээгдэхүүнүүд. Тийм ч учраас бидний толгойд аливаа юмс үзэгдлийн талаар цогц ойлголт байдаггүй. Бүх юмыг мэддэг ч юм шиг хэрнээ, яг үнэндээ юуг ч мэддэггүй.


Saturday, June 4, 2016

Split - философи ба бизнес

2016 оны 6-р сарын 3-ны өдрөөс эхлэн би энэ блогоо хоёр хувааж байна.

ganzo.mn блог дээрээ бизнес, стратеги, менежмент, эдийн засаг, санхүүгийн нийтлэлүүдээ 10 хоног тутам шинэчилж байршуулж явах юм. Мөн энд карьерийн зөвлөгөөнүүд ч оруулах болно. Одоогийн байдлаар ganzo.mn блог дээр үнэгүй татаж авах 2 ном, мөн тогтмол хүлээж авах 2 анализ оруулсан байгаа. Та бүгд зочилж үзээрэй.

Ингэж блогоо хоёр хувааснаар эсрэг тэсрэг чиглэлийн нийтлэлүүд нэг хуудсанд чихцэлдэхийг болиулж, мөн уншигч нар өөрийн сонирхсон чиглэлээр дагнан унших боломжыг бүрдүүлж байна.

ganzorigulziibayar.blogspot.com дээрээ философи, психологийн сэдвүүдээ дагнан байршуулах юм.

Энэ блогоо өнөөдрөөс Философийн Фундаментал Сэтгэлгээний Сургууль гэж нэрлэж байна. Монголчууд бид өндөр хөгжилд хүрч, аз жаргалтай амьдрахад хамгийн чухал зүйл нь ИТГЭЛ ҮНЭМШИЛ. Гэтэл өнөөдөр бид юунд итгэх вэ? 2000, 2500 жилийн өмнө үүссэн шашнууд өнөөдөр үеэ өнгөрөөжээ. Бидэнд Шинжлэх ухаанч, Философич Итгэл Үнэмшлийг бий болгох шаардлага тулгарч байна.

Шашнууд үнэт зүйлийг номлодог. Гэтэл үнэт зүйлийг тайлбарласан нь, нотлосон нь сүүлийн 200 жилд, шинжлэх ухаанд цохигдлоо. Үүнийг тэмцэлдээн, ухралт гэж харах биш харин хөгжил дэвшил гэж харвал зохино. Шашнууд хүн төрлөхтөний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэлээ. Одоо технологижсон, сансарт ниссэн хүмүүст Философийн шинэ Итгэл үнэмшил хэрэгтэй болов.

Хүн төрлөхтөний үнэт зүйлс нийтлэг юм. Үүнийг аль нэг шашин эсвэл философийн урсгал зохиочихсонгүй. Хүмүүс хоорондоо дохио зангаагаар харилцдаг байх үеэс тогтож, хэвшсэн тийм гүн гүнзгий үнэт зүйлсийн тухай би ярьж байна. Бурхан байсан ч, үгүй ч бид хоорондын харилцаандаа хэрэглэх, бие биенээ хэмлээд идчихгүй байх тэр ёс зүйн хэм хэмжээсүүдийн тухай ярьж байна.

Яг л хүн төрлөхтөн Коммунист, Чөлөөт эдийн засгийн хоёр өөр хэлбэрийг туршиж үзээд Чөлөөт эдийн засаг илүү давуутай болохыг нотлосонтой ижил. Энэ нь Коммунизм нуран унаж, коммунист улс орнууд шившигт хутгалдсан хэрэг огт биш. Харин ч коммунизмийг өөрсөд дээрээ туршиж, болохгүй гэдгийг нь нотлосон хүмүүстээ хүн төрлөхтөн баяр хүргэх учиртай. Энэ бол хүн төрлөхтөний хамтын ялалт, ололт байсан юм.

Хүн төрлөхтөн бие, биенээ үгүйсгэх, нотлогдоогүй зүйлийг нөгөө талдаа хүчээр тулгах бус, харин ч нийтийн сайн сайхны тулд хөгжлийн төрөл бүрийн гарцыг туршиж үзсээр ирэв. Бурхан байгаа юу, үгүй юу гэдгийг догматаж, цамнаж дайрах биш харин байгаа гэдэгт итгэдэг нь ч, итгэдэггүй нь ч тэр хоёулаа батлах, нотлох, эрүүл саруул ухаанаар хандахыг л ХӨГЖИЛ ДЭВШИЛ гэнэ.

Дэлхий ертөнцийн төв гэж "итгээд" 50 нас хүртлээ явчихсан учраас бантсандаа Галлилейг шатаана гэж сүрдүүлэх биш, харин түүний шинэ нээлтийг эрүүл саруул нүдээр харж чадаж байгаа тэр хүн л хүн юм. Үүнтэй л адил бид ч гэсэн буддын шашны нэг ч философийг нь судлаж үзээгүй байж, хэнэг ч үгүй "би буддын шашинтай" гэж яриад явж байдаг.

Философийн Фундаментал Сэтгэлгээний Сургууль өөр шашны, философийн аливаа нэг сургуультай үзэлцэхгүй. Үгүйсгэхгүй. Харин үнэнийг, цор ганц үнэнийг л хайхад чиглэгдэнэ. Энэ явцдаа шинжлэх ухаанч, философич, жишиг Итгэл Үнэмшлийг бий болгохыг зорих болно.

Философич гэдэг бол философичдийн түүхийг судлаж зэрэг хамгаалсан хүн биш юм. Философич гэдэг бол "Би хэн бэ?", "Үнэн гэж юу вэ?", "Зөв бурууг яаж ялгах вэ?", "Бодит байдал хаана байна?" гэсэн асуултуудыг өөртөө тавьж, хариултыг нь эрүүл саруул ухаанаар хайж буй тэр л хүн юм.

Энэ асуултуудын хариултыг хайх аргачлалыг, энэ асуултуудын хариултыг олох зүтгэлийг л бид Философийн Фундаментал Сэтгэлгээний Сургууль гэж нэрлэж буй билээ.

Өнөөдөр Монголын томоохон их сургуулийн дэргэд Күнзийн Төв гэж байгуулагдсан байна. Күнз бол алдарт философич билээ. Үүнтэй ижил дэлхий даяараа Грекийн, Англо саксоны, Жүүдийн философи, мөн Хиндийн философи (Буддизм орно)йн сургуулиудыг дагаж байна.

Тэгвэл яагаад Монголчууд анх удаа өөрсдийн гэсэн философийн сургууль, урсгалтай болж болохгүй гэж?

Өмнө гарч өнгөрсөн, дээр дурьдсан сургуулиудаас илүү давуу, илүү эрүүл, илүү үнэн сургуулийг бий болгоё гэж бодвол - таныг нэгдэхийг урьж байна.

Чадах, чадахгүй нь бидний зорилго огт биш. Харин чадахын төлөө явах нь бидний зорилго билээ.