Tuesday, March 17, 2015

Боловсролын философи 2


Боловсрол гэж бид их ярьдаг. Ойлгох, ойлгохгүй нь их. Хүүхдийн боловсрол, их сургуулийн боловсрол, ард иргэдийн боловсрол гээд л хөвөрнө.

Би арван жилдээ хичээлдээ сонирхолгүй хүүхэд байв. Тийм олон л хүүхэд байсан. Одоо бодоход тэрийг ч сурахгүй яав, энийг ч ойлгохгүй яав гэж бодогдох. 

Боловсролыг бид бүхэлд нь харахын тулд жаахан философийн асуудал хөндөх ёстой. 

Ухаандаа. Хүний суурь дизайн нь боловсрох явдал юм гээд философийн томъёолол хэлчихэж болж байна. 

Ерөөсөө хүн гэж амьтаны анхдагч өгөгдөл нь боловсрох байдаг учир өнөөдөр бид агуйгаас гараад ийм өндөр хөгжилд хүрээд явж байна. 

Би өмнө нь бичсэн. Аливаа юманд олон шалтаг байж болох хэдий ч 2 л шалтгаан байна гэж. Тэр нь 1рт философийн, 2рт эдийн засгийн шалтгаан юм. 

Зарим хүмүүс ярьдаг. Хөгжил дэвшил чинээндээ туллаа, одоо хүн төрлөхтөн мөхөх нь гэж. Харамсалтай нь тийм биш. Хүн гэж амьтаны боловсрох философийн шалтгаан нь мөнхийн учир ханаж зогсоно гэж байхгүй. 

Энэ нь боловсрох философийн учир шалтгаантай нь холбоотой. 

За тэгэхээр, хүүхэд бүр боловсрох философийн шалтгаантай юм байна. (боловсролтой хүн их мөнгө олдог гэвэл эдийн засгийн шалтгаан ч бас байна)

Тэгээд яагаад анги бүрт муу сурагч нар байдаг билээ. Их дээд сургуулиуд муу оюутнуудаар хахдаг билээ. Энэ сурагч нар, оюутнуудад буруу байхгүй л юм байна ш дээ. 

Миний бодлоор заах арга технологи, өгч байгаа боловсролын контентод их асуудал байна. Дэлхий даяар шүү. 

1 настай хүүхдүүдийг ажиглахад тэс ондоо характерууд харагддаг. Түүнтэй адил хүний боловсрох арга барил нь хандлагаасаа хамаарч өөр өөр байх нь тодорхой. Ийм байсаар байтал хэнд зориулж боловсруулсан нь мэдэгдэхгүй масс заах технологи, масс контент чихээд байхаар хүн яаж юм сурах. 

Тааруу сурлагатай байсан сурагч нар том корпораци байгуулаад, том дарга хийгээд явах тохиолдол зөндөө л байдаг. Эд нар тэгэхээр боловсролын системийн гадуур боловсрол олж авсан болж таарах гээд байна. Оюуны чадамж сул учраас тааруу сурлагатай байсан биш, ердөөсөө л систем таарахгүй байж.

Дэлхийд боловсролын систем ялангуяа нүсэр, ойлгомжгүй, хуучны, хөшүүн болсон гэдэгтэй хэн ч маргахгүй байх. 

Тэгвэл Монгол улсын хөгжил нь боловсролын системийг цоо шинээр реформ хийхээс эхэлнэ. Ингэж чадвал бид дэлхийд тэргүүлэгч гүрэн болж болно. 

Дэлхийн сурган хүмүүжүүлэх нөөцийг харъя. Хамгийн хөгшин их сургууль 1000 орчим жилийн настай гэж үзвэл төдийлэн эрт биш л байна. Хамгийн ахмад сурах бичиг болох Библи (хамгийн олон найруулга засварт орж, олон зуун жилийн шүүлтүүр орсон цорын ганц сурах бичиг юм) 1700 (тийм байхаа) орчим жилийн настай. (Буддын Библээс ч эртний олон судрууд бий боловч Библи шиг энгийн, ойлгомжтой, түгээмэл болж шалгараагүй гэж үзэв.)  

Бид үсэг, 4 аргын тоо заахаас эхэлдэг боловсролын системтэй (Орос ч юмуу Англи ч юмуу Франц ч юм уу суурьтай). Бидний гүйцэж очих гэж буй гүрнүүд бүгд энэ, үүнээс ч илүү аргаар заадаг. Бид яаж тэдний аргаар тэднийг гүйцэх. 

Миний санаа бол хүүхдийг бага гэж гололгүй фундаментал төвшнөөс нь боловсролыг олгож эхлэх нь зөв. Эхлээд 18 хүртэл, дараа нь 22 хүртэл нь хэнд, юунд хэрэгтэй, яаж хэрэглэх гээд байгаа нь ойлгогдохгүй "мэдээллээр" бөмбөгдчихөөд боловсрол олгосон гэж нэрлэж болохгүй байх. 

Бид "мэдлэг" олгодог боловсролын системтэй байх ёстой. 23X32= гэдэг бол мэдээлэл болохоос мэдлэг биш юм. "Мэдлэг" ухамсарлагдсан байдаг, түүнийг хүн өөрийн амьдралд бүрэн ашиглаж болохоор байдаг бол "Мэдээлэл" нь цээжлэгдсэн байгаад мартагддаг жамтай юм.

Шууд амьдралын утга учир, зорилго чиглэл, хайр, бүтээл, нөхөрлөл, өрсөлдөөн, урлаг, соёлын сэдэврүү орвол яахав. Амьдрал гэж юмны суурь утга учрыг нь заахгүйгээр логарифм заагаад яана. Түүнийг юунд хэрэглэх?

Барилга гэж зүйлийг бүтээл талаас нь, урлаг талаас нь, бахархал талаас нь заахгүй - Барилгын инженерээр төгсгөж болох уу?!

Тийм л учраас хазгай муруй ханатай, аюулгүй байдал хангаагүй, оршин суугчид гоё мэдрэмж өгөхгүй барилгууд дүүрэн Монголоор босоогүй юу. 

Энэ бүх л мэргэжилд хамаатай. 

Гиппократын тангарагынхаа философийг ойлгоогүй 10 жил сурсан эмчээр яг юу хийх вэ. Хэнийг, яаж эмчилнэ гэж найдаж суух вэ. Эд ,эсийн ангилал зүйн мэдээллийг тархиндаа хүчээр цээжлээд онц дүн авсан эмч шинэ эмчилгээний арга зохиож барах уу?

Гэтэл эмчлэхүйн философи, хүнийг энэрэхүй, өөрийгөө олны төлөө цөлхүй, бахархалыг бүтээх, бүтээх, урлах философийг заалгасан хүн тэр эд эсийн ангилалыг чинь нэг хараад цээжлэх бус ухамсарлах юм шиг санагдана. 

Дахиад хэлэхэд Боловсрол гэдэг бол хүний суурь өгөгдөл. Хүн бүр боловсрох дуусашгүй эрмэлзэлтэй. 

Би сая хөдөө явлаа. Нэг малчин залуу хонио туун зам гарна. Би бодов. Энэ залуу өглөө гараад орой гэртээ орж байгаа. Энэ хооронд ямар ч шинэ мэдлэг нэмэгдэхгүй. Хэрэв залуугийн боловсрох философийн өгөгдлийг нь ямар нэгэн байдлаар хангаж чадсан бол энэ залуу биотехнологийн лабораторид суугаад нээлт хийж суух ч билүү хэн мэдлээ. 

1-р ангид А үсэг заахад төвлөрөх биш харин "Боловсрох суурь дизайнтай - түүнийгээ хангах нь чухал юм" гэдгийг л хүүхдэд ухамсарлуулбал барна. 

Малчин залуу энэ суурь дизайнаа мэдэрсэн байсан бол яах вэ. Би үргэлжлүүлж бодсон юм. "Энэ залуу өдөрт 10, үгүй 30, ер нь өдөржин мал дагаж яваа юм чинь 50 англи үг өлхөн цээжлэх юм байна. Энэ маягаараа сард 1500, 1 жилийн дараа гэхэд толь бичгийг дуусгахнээ."

3-5 өдөрт 1 номыг цааш харуулна гэж бодвол жилд 50 гаруй номны ард гарна. Малчин залуу үнэхээр боловсрох дизайнаа мэдрээд, арга барилаа заалгачихсан байсан бол 2 жилийн дотор суут ухаантан болох нь. 

Мэдээж ярих амархан хийх хэцүү. Хэрэв миний хэлсэн шиг боловсролын системийг бүхэлд нь мэдээлэл өгөхөд биш харин мэдлэгийг өөрөө олж авах сэдлийг бий болгоход чиглүүлбэл юу болох вэ. Интернет дээр бүх мэдээлэл орчин цагт байхад - бид хүүхдүүдийг шийтгэж байгаа юм шиг модон сандал дээр өдөржин хадах эдийн засгийн утга учир байна уу ер нь. 

Боловсрох эрмэлзлээ нээчихсэн хүүхэд, арга барилаа эзэмшчихсэн хүүхэд тэр хэдэн сар үздэг логарифмийг чинь 5 минутанд л ютюбээс сурна ш дээ одоо. Дэлхийн газарзүйг 1 баримтат кино үзээд л 3-4 жил алдаг оног халтуурдсанаас давуулна ш дээ одоо. 

Мэдээж иймэрхүү санаа, ярианд хамгийн том хаалт хийх хүмүүс бол манай боловсролынхон өөрсдөө байх болно. 

Monday, March 2, 2015

Дийп Вэйн Тромбосис


Монголчуудын нас баралтын номер нэг шалтгаан бол Зүрх, судасны өвчин билээ. Хэн нэгэн танил, садан нь зүрх судсаар яваагүй - тийм уншигч байна уу.

Жилдээ 6000 орчим хүний амийг авч оддог, зүрх судасны өвчин нь гэнэтийн үхэлд хүргэдэгээрээ онцлогтой. Эмнэлэг юу ч хийж чаддаггүй гэж хэлж болно.

Зүрх судасны өвчлөл дотор зүрхний инфаркт/ишеми, тархины цус харвалт, уушигны инфаркт/судасны бөглөрөлт тэргүүн эгнээнд орно.

Төрөлхийн зүрхний ямар ч асуудалгүй, тархины судас хэвийн хүн гэнэт нас барж болохыг мэдэх үү?

Тэгвэл биеийн хаа нэгтээ цусны бүлэн үүсч, энэ бүхэллэг бүлэн нь гол судсаар дамжин зүрх, тархи, эсвэл уушигны гол судсыг бөглөснөөр хүн гэнэт нас бардаг байна.




Зүрх судасны нас баралт Монголд номер 1. Тэгвэл энэ дотроо энэхүү цусны бүлэн (тромбосис) нь номер 1 шалтгаан нь юм.

Бүлэн/Тромбосис ихэнх тохиолдолд хөлөнд үүсдэг. Хөдөлгөөнгүй удаан сууснаас болж хөлөнд буй цус эргэлтэнд орохоо больж, бүлэгнэдэг байна. (мөн механик гэмтэл гэх мэт шалтгаанууд бий)

Энэ өвчин гэнэтийн байдаг тул эмнэлэгт очоод ямар нэг тусламж авч чадалгүй (Монголд ш дээ) нас барцгаадаг.

Яг ийм оношоор, эмнэлэгт очсон боловч тусламж авч чадалгүй нас барсан хэд хэдэн тохиолдлыг би хувьдаа мэдэх юм. Харин миний Англи найзын ээжид өөр хувь заяа ногдсон байна.

Түүний ярьсан нь...

"Ээж маань Лондон дахь гэртээ эв эрүүл байж байгаад гэнэт ухаан алдаж унасан. Түргэн ирж аваад эмнэлэгт очих үед зүрх нь цохихоо больж амьсгал хурааж байв. Эмч нар шууд Зүрхний Тромбосис гэсэн онош тавиад, цусны бүлэнг задалдаг маш хүчтэй тариа тарьсан. Ингээд үхэж байна гэж бодож байсан ээж маань тариа судсаар нь гүйж эхэлмэгц би амьдрах юм байна гэж бодсон гэсэн."

Хүний цус бол амьд эрхтэн юм. Ноцтой асуудал, цочрол болоход цус алдахгүйн тулд шууд бүлэгнэдэг. Харин энэ бүлэгнэлийг задалдаг хэд хэдэн төрлийн фермент бий.

Ноцтой бус тохиолдолд цусны бүлэнг сулавтар задлах үйлчилгээтэй Гепарин, Варфарин гэх мэт тарилгууд Монголд бий. Харин дээр ярьсан шиг гэнэтийн тохиолдолд /6000 хүн жилдээ авч оддог/ хэрэглэх TPA буюу түгээмэл хэрэглэгддэг Alteplase нэртэй тарилга буй. Энэ нь маш хүчтэй үйлчлэл үзүүлж бүлэнг тарьсан дариуд задлаж эхэлдэг.

Монголд 2 сая орчим төгрөгний үнэтэй.

6000 хүнээс хэд нь насаараа Эрүүл мэндийн даатгал төлж байсан, 2 байтугай 20 саяын эрүүл мэндийн үйлчилгээ авах эрхтэй иргэд байдаг бол. Энэ хүмүүсийн төлсөн даатгалын хариуд төр эмнэлгүүддээ жил бүр 3000 - 4000 (ердөө 6-8 тэрбумхан төгрөг гээд боддоо) Alteplase аваад хадгалж байх ёстой бус уу?

Тархи, зүрх эсвэл уушигны гол судас бөглөрсөн бол Alteplase хийлгүйгээр өөр ямар ч арга хэмжээ нэмэргүй - мэдээж тэр дор нь цээжний хөндийг нь нээхгүй бол шүү дээ.

Хүчтэй цохилт авснаас болж цусны гол судас гэмтэж бүлэн үүсч болно. Тухайлбал машинд мөргүүлэх үед хөл, гуянд бүлэн үүсч болно. Энэ үед шүүх эмнэлгээс хөнгөн гэмтэл гээд прокурор хэргийг хэрэгсэхгүй болгоно. Харин сарын дараа гайхал бүлэн уушигны гол судсыг тагласнаар өвчтөн гэнэт бие барна. Машинд мөргүүлсэнээс улбаатай зүрхний дутагдлаар нэг хүн хорвоогоос халина. Шалтгааныг нь харин хэн ч мэдэхгүй.

Хэрэв бүлэн судсыг бүрэн таглаагүй бол шинж тэмдгүүд үзэгдэнэ. Үүнийг маш сайн оношлуулах шаардлагатай.

Тухайлбал уушигны гол судсыг бөглөсөн үед амьсгаадна, цустай ханиалгана. Харин өвчтөн хатгаа эсвэл ханиад тусчихаж гээд уушигаа баахан үзүүлнэ. Уушигны эм ууна. Гэнэт нэг өдөр зүрхний дутагдалд орно.

Ийм учраас Alteplase авах 2 саяаа бэлд (тэртэй тэргүй ЭМД-с төлөхгүй, эмнэлэгээс гаргаж өгөхгүй юм чинь), удаан битгий суу, хөл гараа сайн хөдөлгөж биеийн тамираар хичээллэж бай.

Зүрхний дутагдалд ороод хэзээ мөдгүй болсон мэт нөхцөл байдал үүсвэл олон юм бодолгүй энэ ферментийг тариул.

Эрүүл мэндийн хоббитой уншигчид миний өмнөх "Ходоод дурандуулах техниологи"-г бас сонирхож уншаарай.

Friday, February 27, 2015

Хэл, хил, мал гурав


ТҮҮХ 1

100 мянган жилийн өмнө агуйд эр эм хоёр амьдарна. Эд дохио зангаа, харцаараа ойлголцож ирэв. Гэвч тархины хөгжлөө дагаад эдний илэрхийлэх гэсэн санаа тун нарийн төвөгтэй тул дохио зангаа хангалтгүй, хоёул бачимдана.

Эр нь өдөр ан хийж явахдаа өмнө нь хараагүй сонин амьтан харсан тухайгаа ярих гэж, эм нь 5 сартай гэдсэн дэх үр нь тийчилсэн тухай баяртай мэдээ хэлэх гээд л дамжуулах мэдээлэл олон.

Ингэж л хэл үүссэн.

Ерөөсөө хэлний философи нь тэр. Мэдээ, Мэдээлэл дамжуулах гэж. Өөр ямар ч үүрэггүй.

Хүн-амьтаны сүргийг бусад амьтадтай л адил хамгийн хүчтэй нь толгойлж ирэв. Олон арван мянган жил ингэж явсан юм.

Харин хэл үүссэнээр сонирхолтой зүйл болж хамгийн хөгшин нь буюу залуухан эм сармагчиний гарын ая ч даахгүй хөгшин сүргийг толгойлох болсон юм. Ингээд хэлний гуравдах үүрэг буюу Мэдлэг дамжуулах үүрэг биелэлээ олсон бөлгөө.

Хүн амьтаны хувьд мэдлэг нь булчингийн хүчнээс илүү чухал статус кво байв. Хамгийн хөгшин нь хамгийн их мэдлэгтэй. Тэр мэдлэгээ Хэлийг ашиглан залуу үедээ дамжуулж эхлэв.

Хэл бол Мэдээ, Мэдээлэл, Мэдлэг дамжуулах үүрэгтэй.

100 мянган жилийн өмнөх хүмүүсийн хувьд хамгийн цөөхөн үгээр, хамгийн товчхон байдлаар хамгийн их мэдээ, мэдээллийг дамжуулах бодитой шаардлага байлаа. Ойлголт бүрт нэг л үг ногдоно.

Түүнээс хойш хэл баяжиж, өргөжиж, үгсийн сан олширч, дүрмийн тогтолцоо нарийсчээ.

Гэхдээ хэл ингэж хөгжихдөө Уран Яруу болох зорилго огтхон ч өвөрлөөгүй юм шүү.

Харин хүмүүсийн мэдлэг хөгшдөөс залууд, үеэс үед өвлөх тутмаа өргөсөн дэлгэрч, илүү ахиж байсан тул түүнийгээ дагаж хэл өргөсч байсан хэрэг.

Яг өнөөдөр, бидний хэрэглэж буй хэлэнд тавигдаж буй шаардлага (товч, тодорхой байх) 100 мянган жилийн өмнө тавигдаж байсан шаардлагаас огтхон ч ялгаагүй юм.

ТҮҮХ 2

Агуйн эр эм хоёр нэг өдөр гадаа сууж байтал гэнэт харь гаригийн хүмүүс нисч ирэв. Эр нь "Нисдэг таваг" хэмээн дуу алдана. Түүнд нисч буй таваг харагдсан хэрэг. Яагаад тэр таваг нисээд байгаа, ямар зарчмаар ажиллах тухай ойлголт байхгүй.

Харь гаригийн хүмүүст харин энэ нь үнэхээр их инээдтэй сонсогдоно. Тэд нисч ирсэн зүйлээ "Онгоц" хэмээн нэрлэх.

Яг үүнтэй адил Монголчууд бидэнд "Үнэт цаас" хэмээх ойлголт байх. Капитализмийг ердөө 1990 оноос хойш (Баруунд 1300 оноос эхэлж хөгжсөн) хөгжүүлсэн бид тэгэж нэрлэхээс ч өөр яахав. Харин гай болж Деривативийг "Үүсмэл үнэт цаас" гэж нэрлээд бүүр жонхууг нь хутгаж орхив.

Угтаа бол "Нисдэг таваг" гээд байгаа зүйл маань 15 өөр хэлбэр дүрстэй "Онгоц"-ны ердөө таваг хэлбэртэй нэг л загвар байсныг агуйн эр эм хоёр яаж мэдхэв дээ. Лонх хэлбэртэй онгоцыг хүртэл эцэг эх нь "Нисдэг таваг" гэж нэрлээд байхаар агуйн хүү их л гайхна.

ТҮҮХ 3

Үнэндээ бол бид нарын хэн нэг нь цаг хугацааны машинаар аялж Чингис хаантай очоод ярилцах гэж үзвэл бараг ойлголцохгүй шахуу болов уу. Хэл гэж ийм л эд.

Улам бүр хөгжиж, энгийн ойлгомжтой болж байдаг. Тэрнээс биш уран яруу, нарийн төвөгтэй болдоггүй юм.

Саяхан хэлний тухай шинэ хууль батлагдав. Бидний ярьдагаас огт өөр дуудлагаар давхар Монгол бичгээр бичих тухай дүрэмдэв.

Дэлхийд Англи соёлоороо, шинжлэх ухаанаараа, шинэ мэдлэгээрээ, цэрэг зэвсгээрээ ноёрхоод байсан учраас өнөөдөр хүн бүр Англи хэл сурдаг юм биш.

Франц, Герман, Орос - аль ч талаараа дутахгүй том гүрнүүд байв. Менделеевийн үелэх систем, Карл Маркс, Гегел, Кюри гээд л явж өгнө. Бараг мэдлэг Англид гэхээсээ эдгээр 3 оронд тус тус илүү үйлдвэрлэгдсэн байхыг үгүйсгэхгүй.

Гэтэл өнөөдөр дэлхийд Франц, Герман, Орос хэл сурах гээд явж байдаг "тэнэг" ховор байх. (хошин шогийн байдлаар ишлэл хийв)

Харин хүн бүр Англи хэл сурдаг юм. Интернетээр ачаар мэдлэг тэр чигээрээ Англи дээр хөрвөж сүлжээнд байршиж байна. Чи хэрэв Франц эрдэмтэн бол Англиар бүтээлээ давхар хийхгүй л бол хэн ч биш. Энэ бол үнэн.

Учир нь Англичууд овжин зальтайдаа биш. (тийм ч байж мэднэ) Харин Англи хэл энгийн, ойлгомжтой, товч, тодорхойдоо оршино.

Франц хэл бичсэнээсээ тэс өөрөөр дуудна. Герман, Орос хэлний утга учир нь олдохгүй олон хувиргалт, эр эм хүйс мэдлэгийг дамжуулахад дэндүү "болхидоно".


ТҮҮХ 4

Монголчууд бид элдэвийн зүйлийг нухацтай бодолгүйгээр Эх Хэлээ хадгалж үлдэх тухай ярьдаг. Гэтэл хэл гэдэг чинь өөрөө яг ямар философитой хийгээд, хэл нь өөрөө байнга хөгжиж өөрчлөгдөж байдаг тухай би дээр өгүүлсэн.

Харин ч бид өнөөдөр Эх Хэлээ хөгжүүлж дараагийн шатанд аваачих тухай ярьж эхлэх цаг ирсэн.

Яагаад Монгол хэлэнд одоо бараг бүх ойлголт шахуу Холбоо үгээр бичигдэх болов. "Төмөртэй мод" биш харин "Сүх" л гэж хэлдэг биз дээ.

1990-ээд онд бүүр компьютерийг Тооцоолон Бодох Электрон Машин (сүүлийн хоёр үгээ бас 2, 2 үгээр орчуулчихгүй яасан юм бол) гэж хэрэглэж явсан гээд бод.

Манай хэлэнд хүн төрлөхтөний мэдлэгийн маш олон ойлголт холбоо үгээр яваад байна. Хэл товч, тодорхой, ойлгомжтой, энгийн байх шаардлага дээр бид эргэж харах хэрэгтэй байна.

Эрх чөлөө, Зах зээл, Эрх зүй, Эрүүл мэнд, Гүн ухаан, Шудрага Ёс, Ёс зүй, Ёс суртахуун - гээд тоо томшгүй - нэг ойлголт нэг л үгээр илэрхийлэгдэх ёстой бус уу.

Wednesday, February 18, 2015

Таталцал (gravity) ба Вормхоул

Time, Space

Цаг хугацаа бол хэмжээс эсвэл суурь хууль биш харин үзэгдэл юм (суурь мөн чанарын илрэл гэсэн үг) гэж квант физикийн онолын зарим хандлагаар үзэж, 2013 онд туршилтаар батласан гэж байгаа.

Мөн орон зай бас ихээхэн эргэлзээтэй. 14 тэрбум жилийн өмнө Биг Банг болоход бид нэг цэгээс гэнэт тэлж (бидний мэддэг физикийн хуулинд байх боломжгүй хурдаар) орчлон ертөнц тэр чигтээ үүссэн гэж байгаа.

Орон зайг эргэлзээтэй болгох тал дээр би дээхнэ Quantum Entanglement хэмээх квант физикийн үзэгдлийн талаар бичиж байсан. Энэ нь бүүр Эйнштэйний үед анзаарагдаж удалгүй онол нь батлагдсан, сүүлд 80-аад онд туршилтаар батлагдчихсан зүйл юм.

Бүдүүлгээр тайлбарлахад:  Хоёр фотоныг (цөмийн доторх нэгжүүдэд) хооронд нь холбож (entangle), дараа нь нэгийг нь дэлхий дээр үлдээж, нөгөөг нь ертөнцийн нөгөө мухарт аваачаад - дэлхий дээрхийнх нь шинэ чанарыг өөрчлөхөд, яг тэр мөчид асар хол байгаа холбогдсон нөгөө фотоны шинж чанар шууд дагаж өөрчлөгдөнө. Энийг А.Эйнштэн "Spooky action at distance" гэж хэлсэн гэдэг.

Өөрөөр хэлбэл орон зай гэж байхгүй. Эсвэл хоёр фотон хоорондоо мэдээлэл солилцдог гэсэн үг.

Таталцал - Gravity (Black hole, Wormhole)

Бидний мэдэрдэг макро ертөнцийн физикийн онол маань Микро төвшин буюу квант физикийн онолтойгоо тохирч, хоорондоо нэгдэж чаддагүйг бид мэднэ. Өөрөөр хэлбэл хүн төрлөхтөний физикийн ухаан нь ийм төвшиндөө яваа.

Гол асуудал нь татах хүч буюу гравити. Татах хүч гэж яг юу вэ гэдгийг бид тайлбарлаж чаддаггүй.

Харин саяхан MIT эрдэмтэд Quantum Entanglement-г судлах явцдаа, хэрэв 2 хар нүхийг хооронд нь холбоод (QE) дараа нь ертөнийн хоёр захад байрлуулбал энэ хоёрын хооронд орон зайн тунел (wormhole) үүснэ гэж тогтоосон байна. Энэ нь бидний үзэх дуртай Startrek кинон дээр орон зайг зайг туулдаг тунелтэй ижил гэсэн үг.

Эндээсээ эрдэмтэд дараагийн дүгнэлтээ хийсэн нь Гравити бол өөрөө хүч биш (Одоогийн квант физикийн гол баримтлаж буй онол болох Стандарт Модел ёсоор гравити бол хүч юм) харин өөр илүү суурь хүчний илрэл юм гэжээ. Өөрөөр хэлбэл цаг хугацаа бол суурь хууль биш харин үзэгдэл-илрэл юм гэж хэлсэнтэй ижил.

Эрдэмтэд гравити нь Quantum entanglement-с үүсдэг байж магадгүй гэж бодож байгаа юм байна.

Кино

Сүүлд хийгдсэн Interstellar ба Lucy кинонуудад энэ санаа тодорхой гарсан байгаа.

Interstellar кинонд хар нүхний хажууд "үүсгэсэн" вормхоул - тунэлээр хүн төрлөхтөн амьдрахад тохиромжтой гариг хайж байгаа тухай.

Lucy киноны санаа нь, миний ойлгосноор, тархины хүчин чадвахи дээд цэгтээ хүрэх үед хөл гараа хөдөлгөх (бид одоо хийдэг), эсээ хөдөлгөх (бид мөрөөдөөд ч чадахгүй, гэхдээ бясалгалаар хийх гэж сүүлийн 3000 жил оролдож буй), эсийн доторх цөмийн квант эгэл хэсгүүдийг хөдөлгөж сурах/чадах тухай юм.

Хамгийн сүүлд өөрийн биеийг Квант Компьютер болгон хувиргаж, орчлон ертөнцийн моделийг боловсруулаад флэш дээр бичиж өгдөг.

Квант Компьютер

Мартснаас сайхан шинэлж байна уу гэдэг шиг. Квант физикийн үндсэн хуулийг нээж, гравити гэж юу болохыг томъёолж - макро ба микро физикийг нэгтгэснээр хүн төрлөхтөн байгал дэлхийг эзэмдэнэ. "Дэлхий ээж" гэдэг ойлголт утгаа алдана. Ертөнцөд багаар бодоход дэлхийтэй ив ижилхэн 10,000 гариг байгаа гэдэг. Мөн дэлхий шиг гаригийг хүссэнээрээ бий болгох боломжтой. Гэхдээ энэ бол холын мөрөөдөл.

Харин одоо эрдэмтэд Квант компьютер бүтээхээр ажиллаж байна. Хэрэв ийм компьютер бүтээж чадвал бид өмнө төсөөлж байгаагүй тооцооллуудаа хийх боломжтой болно.

Нөгөө талаас зарим зөгнөлт кинонд гардаг шиг компьютерүүдийнхээ боол болчихсон байхыг үгүйсгэхгүй.

Компьютерийн процессор, хүний тархи хоёр хоёулаа ав адилхан атомуудаас л бүрддэг юм шүү дээ.

Sunday, February 8, 2015

Эрхэм Зорилго


Хэдэн жилийн өмнө бид Мандал даатгалын ажилд авах шалгуур дээр нь Эссэ бичих даалгавар оруулсан юм. Энэ нь Харвардын MBA-д бичдэг эссэ - "Таны амьдралдаа гаргасан хамгийн том 3 амжилт" сэдэвтэй.

Хачирхалтай нь анкет бөглөгчдөөс маш том хувь нь "Сургуулиа төгсч, хүнтэй сууж, хүүхэдтэй болсон" нь тэдний хамгийн том 3 амжилт байсан тухай бичдэг.

Хүн гэж Амьтан "сургууль төгсч", хүнтэй сууж, хүүхэдтэй болох нь тодорхой. Харин Хүн гэж Хүн юу хийх ёстой вэ. Амьтанлаг шинжээсээ Хүнлэг шинжрүү шилжсэн байхын тулд бид юу хийж бүтээсэн байвал зохилтой вэ.

Монголын томоохон компаниудын Эрхэм Зорилгыг уншихад "Салбартаа тэргүүлж, ашиг бүтээмжтэй, нийгмийн хариуцлагтай ажиллана" гэсэн нь олонтаа.

Компани гэж институцын чинь дизайн нь угаасаа тэр юм биш үү. Ерөөсөө л компани ашигтай, бүтээмжтэй, хариуцлагатай ажиллаж байж компани гэж нэрлэгдэх бус уу.

Харин яг тухайн компанийн бусад хэдэн зуун сая компаниас ялгарах онцлог юу вэ. Оршин тогтноод байгаа үндэс юу вэ. Энэ асуултанд л Эрхэм Зорилго хариулах ёстой.

Эцэг эхчүүд үр хүүхдээ зүгээр л нэг хүнэн амьтан биш хүн шиг хүн болгохыг хүсдэг. Хүн гэж амьтан бүрийн хийдэг хүнтэй сууж, хүүхэдтэй болохыг нь харах гэж бид суугаагүй байх. Батаа, Дорж, Сэлэнгээг амьтан шинж чанараараа бол яг ижил бусад 7 тэрбум хүнээс ялгаж чухамхүү Батаа, Дорж, Сэлэнгэ болгож буй тэр факторыг харж, түүгээр бахархаж, оюуны өл залгуулах гэж бид үр хүүхдээ өсгөдөг байх гэж бодно.

Эргээд компаниудын тухай ярихад ер нь глобал төвшинд очиж цохилцох тухай Эрхэм Зорилго дээрээ бичсэн хэдэн Монгол компани байна? "Салбартаа тэргүүлнэ" л гэнэ. Тэр салбар чинь глобал салбартайгаа харьцуулахад ямаршуухан төвшинд явдаг юм бол доо.

Эрхэм Зорилго хувь хүний хувьд ч, компанийн хувьд ч оршин тогтнох, бусдаас ялгах фактор нь юм бол бид үүнд анхаарал хандуулахаас өөр аргагүй.

Friday, February 6, 2015

Шүүгчийн морал

Харих замдаа ВВС сонсож явтал "138 хүнд цаазлах ял, 200 хүнд бүх насаар нь хорих ял оноосон шүүгчийн дуулианы тухай" мэдээ байна.

Эндээс бодов.

Шүүгч шийдвэрээ ямар өнцгөөр гаргах ёстой вэ. Яллах, буруутгах өнцгөөс үү, цагаатгах, өршөөх өнцгөөс үү.

Шүүх цагдаагаар олон жил явахаар Хүн бүрийг буруутай, хуудуутай гэж харддаг болдог гэж зарим нь ярих. Энэ зөв үү.

Нобелийн шагналт психологич Д.Каннманын номыг уншиж байхад Германы шүүгч нар өглөөгүүр их өгөөмөр байгаад өдөр тийшээ цайны цаг дөхөх үед юу юугүй хатуу ял оноож эхэлсэн байгаа юм. (Миний нэг найз "өлсөхөөр уур хүрээд байдаг юм" гэж хэлдэг нь санаанд орно.)

Шүүгч бол шудрага үнэнийг хамгаалагч. Шудрага үнэн гэж юу вэ?

Шудрага үнэн хүн бүрийн хувьд өөрөөр тодорхойлогддог уу. Шүүгч хүний үзэмжээр, мэдлэгийн цар хүрээгээр шудрага үнэн тодорхойлогдох уу.

Шүүгч хүний мэдлэг бүх асуудлыг зөв өнцгөөс харахад хүрэлцэхгүй нь мэдээж. Мэдлэггүй хүн зөв бурууг ялгаж чадахгүй харин сайн мууг ялгах тухай ярьж эхэлдэг тухай би өмнөх нийтлэлдээ бичсээн.

Эдийн засаг, санхүү, татвар, бизнесийн нарийн төвөгтэй харилцааг шүүж чадах шүүгч нар Монголд хэр олон бий билээ. Хар тамхи, биеэ үнэлэх, эрхтэний наймаа гэх мэт "шинэлэг" нарийн төвөгтэй хэргүүдийн үнэн мөнийг тунгааж чадах туршлага бид нарт бий билүү.

Нэгэнт мэдлэг нь хүрэхгүй юм чинь сайн ба мууг ялгаж хүмүүсийг хэлмэгдүүлж эхэлбэл яах билээ.

Философийн ухаанд сайн ба муугийн тухай ойлголт байдаггүй. Харин зөв ба буруугийн тухай судладаг гэж би бичсэн.

Ардчилсан нийгэм үүссэнээс хойш 3000 орчим жил өнгөрлөө. Спартад бүх хүний оролцоотой ардчилал байх үеэс эхлээд л Ардчилсан нийгмийн зөв буруугийн тухай ФИЛОСОФИ үүсч хөгжиж эхэлсэн юм. Чөлөөт зах зээлийн харилцаа үүссэнээс хойш ЧӨЛӨӨТ Эдийн засгийн ФИЛОСОФИ үүсч хөгжсөн.

Ардчилан нийгэм дэх зөв ба буруу, Чөлөөт эдийн засгийн харилцааны зөв ба бурууг шүүхийн тулд ШҮҮГЧ хүн ФИЛОСОФИЧ байх ёстой. Философийн ухаанд нэвтэрхий байж л өөрийнх нь мэдлэгээс хэтэрсэн олон нарийн төвөгтэй харилцааны зөв бурууг олж чадна.

Ардчилсан төрийн философи, Чөлөөт эдийн засгийн философид нэвтэрсэн хүн хэдий чинээ тухайн харилцааны хувьд мэдлэггүй байх боловч ЗӨВ ба БУРУУГ ялгаж чадна.

Өөрт нь сайн юм шиг санагдсан талаа хэлтрүүлж, муу юм шиг санагдсан талаа шийтгээд яваад байж болохгүй ээ.

Манай шүүгч нар философи уншдаг болов уу, оролддог болов уу. Шүүгч болохын тулд философийн мэдлэгээ шалгуулдаг болов уу.

ШУДРАГА ЁС эмоци- сэтгэл хөдлөл дээр биш харин ХУВИРШГҮЙ ФИЛОСОФИЙН ИТГЭЛ ҮНЭМШИЛ ДЭЭР л тогтоно.

Tuesday, February 3, 2015

Зөв ба Буруу


Сайн хүн гэж хэн бэ. Муу хүн гэж хэн бэ.

"Баяраа ёстой сайн залуу. Даруухан, хүнд гэм хоргүй." гэж ярихыг бид сонсоно. Бидэнд сайн муугийн тухай ойлголт, хэмжүүр бий. Гэхдээ энэ нь үндэстэн бүрт өөрөөр тодорхойлогдож байх шиг.

Жишээ нь амбицтай хүн Монголд муу хүн бол, Америкт хүнийг амбицтай байхыг шаардаж байх.

Харин философид сайн, муугийн ойлголт байдаггүй. Философид зөвхөн зөв (virtue) ба буруугийн (vice) тухай авч үздэг.

Сайн боловч буруу хүн гэж байна. Муу харагддаг боловч зөв хүн гэж байна.

Бусдад тусархуу, эелдэг даруу, хорхойд хоргүй - сайн хүн байна. Гэтэл хүүхдийнх нь боловсрол ангалын ирмэг дээр ирчихээд байхад дув дуугүй суувал буруу хүн болно.

Бүүр дэлхий хавтгай гэж боддог сайн эмээ, үр ач нартаа дэлхий хавтгай гээд заагаад эхэлбэл буруу эмээ болж хувирна.

Зөв ба бурууг авч үздэг учраас философид МЭДЛЭГ маш чухал сэдэв.

Мэдлэггүй хүн сайн байгаад ямар ч нэмэргүй. Үйлдэл, үг, хөдлөл нь буруу болж хувирч байдаг. Буруу үр дагавар дагуулж байдаг.

Монголын улс төрч нар бүгдээрээ л хүний аав, хүний хань, хүний хүүхэд - монгол орноо гэсэн сэтгэлтэй хүмүүс гэж би итгэдэг.

Харамсалтай нь МЭДЛЭГ үгүй бол хичнээн сайн хүн байгаад үйлдэл нь дандаа л буруу үр дагавар авчирна.

Бид хүүхдүүдээ сайн биш, харин зөв хүмүүс болгохын тулд боловсролын системээ эрс шинэчлэхээс өөр аргаггүй. Мэдээ, мэдээлэл өгдөг боловсролын систем буруу хүмүүсийг л бэлдэж гаргана. Бидэнд МЭДЛЭГ өгдөг боловсролын систем хэрэгтэй.

Бид үр хүүхдээ АМБИЦТАЙ (эрээ цээргүй), ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ (онгироо), ЗОРИЛГОТОЙ (том цээжтэй), ХЭЛЭХ ҮГТЭЙ (цор цор хийсэн) хүмүүс болгож өсгөж өндийлгөх хэрэгтэй.