Wednesday, February 13, 2013

Зээлийн зэрэглэл

Өнөөдөр эдийн засаг, санхүүгийн нэгэн энгийн мөртлөө чухал асуудлыг бичнэ.

Олон улсын санхүүгийн захад Зээлийн Зэрэглэл (Credit Rating) гэж юм байх.

Moody's, Fitch, Standard and Poors гэсэн үндсэн 3 компанийг Америкийн засгийн газар дефакто хүлээн зөвшөөрснөөс хойш эдгээр гурван байгууллага олон улсын санхүүгийн зах дээр зээлийн зэрэглэл тогтоож ноёрхож буй.

Санхүүгийн зах дээр хөрөнгө оруулалтын олон бүтээгдэхүүн бий. Тэдгээр бүтээгдэхүүнийг гаргагч байгууллагууд мөн хэдэн зуун мянгаар тоологдоно. Гэтэл энэ олон бүтээгдэхүүн аль нь найдвартай, аль нь эрсдэлтэй вэ гэдгийг нэг бүр ялгаж салгаж судлана гэдэг бол хөрөнгө оруулагч нарын хувьд хүсээд байх ажил биш нь ойлгомжтой.

Тухайн байгууллага/улс орон, эсвэл гаргаж буй бонд, өрийн бичигт нь зэрэглэл тогтоодог.

ААА, АА, А, ВВВ, ВВ, В, ССС, СС, С ба D гэсэн ерөнхий дараалалтай. ААА бол хамгийн сайн буюу ийм зэрэглэлтэй бондыг худалдаж авахад нэг жилийн дотор энэ бондыг гаргагч нь дампуурах магадлал бараг 0-тэй тэнцүү. Харин D үнэлгээ авагч нь үндсэндээ дампуурсан бөгөөд авсан зээлээ эргүүлж төлөхгүй гэж ойлгож болно.

ВВВ бол хөрөнгө оруулах зэрэглэл (investment grade) юм. Энэ зэрэглэл болон түүнээс дээшээ зэрэглэл бүхий хөрөнгө оруулалтын хэрэгслүүдэд мөнгөө хийхэд тохиромжтой гэж олон улсын зах үздэг байна.

Манай улсын хувьд 3 агентлагийн хоёр нь В, нэг нь ВВ гэсэн зэрэглэл өгсөн байгаа. Өөрөөр хэлбэл хөрөнгө оруулах зэрэглэл биш, харин эрсдэлтэй зэрэглэл гэсэн үг.




Зураг дээр Америкийн засгийн газрын бонд буюу ААА зэрэглэлтэй бондтой харьцуулахад манай орных шиг ВВ зэрэглэлтэй бондын хүү нь хэдэн пунктээр илүү байгааг 1986 оноос 2009 он хүртэл харуулсан байна.

Хэрэв чи ААА биш харин ВВ зэрэглэлтэй нөхөр бол олон улсын санхүүгийн захаас мөнгө босгохын тулд даруй 332 пункт буюу 3.32% хүү жилд нэмж төлөх ёстой гэсэн үг.

Хэрэв ААА-тай нөхөр 5% дээр мөнгө босгодог бол чи ВВ-тэй нөхөр багаар бодоход 8.32% дээр л мөнгө босгоно гэсэн үг. 

Манайх олон улсын захаас Засгийн газар 2 тэрбум доллар, Худалдаа Хөгжлийн Банк 300 сая доллар, за тэгээд бас бус босгосон мөнгө нь нийлээд хэдэн тэрбум доллар дөхнө. Үүний хүүгийн зөрүү буюу 3.32% маань жилд 100 орчим сая доллар болох нь байна. Овоо их мөнгө шүү.

Саяхан даа, манай нэг танил олон улсын Мөнгөний захын сангийн менежер (Money market fund) "хэрэв танайх хөрөнгө оруулах зэрэглэл буюу ВВВ болчихвол олон улсын зах дээр Мөнгөний захын сангуудад эргэлдэж байгаа хэдэн триллион доллараас орж ирэх боломжтой доо. Мөнгөний захын сангууд зөвхөн ВВВ зэрэглэл буюу түүнээс дээш үед л орж ирдэг гэдгийг чи мэдэх хойно." гэж хэлсэн юм. Үүний үр дүнд олон улсын санхүүгийн захаас их хэмжээний мөнгө орж ирнэ, зээлийн хүү нэг оронтой тоонд шилжинэ. Засаг гүйж очиж нэг оронтой тоонд зээл өгөх, хувийн секторын өмнүүр далдаганах хэрэг байхгүй.

Зээлийн зэрэглэл ойлгогдож эхэлж байгаа байх. Эдийн засгийн үр дагавар нь асар их эерэг болох нь ойлгомжтой байна.

Манайхаас ХХБ, Голомт, Хаан, Хас нарын 4 банк зээлийн зэрэглэл тогтоолгосон. Тэр зэрэглэл дээрээ үндэслэж олон улсын захаас мөнгө босгох оролдлого хийдэг. Гэтэл банк ямар ч сайн байгаад улсынхаа зэрэглэлээс хэтэрч гардаггүй номтой. Логик нь ойлгогдож буй байх. Тэгэхээр энэ 4 банк бүгдээрээ В зэрэглэлтэй буюу - эрсдэлтэй зэрэглэлтэй гэсэн үг. Хүүгийн зардал өснө, эргээд зээлийн хүү өндөр л байгаад байна.

За тэгээд зээлийн зэрэглэл тогтоодог нөхдүүдтэй мэр сэр ярилцаж асуув аа. Тэгсэн өөдөөс "танай улсын мэдээлэл нь олддоггүй, яам, агентлаг болгон нь өөдөөс өөр юм ярьдаг, тийм учраас бид зэрэглэл тогтооход бэрхшээлтэй байдаг" гэж байгаа юм.

Улс маань vision гэж юм байхгүй, зүгээр л ганц муу оюу толгой гээд орд дээр яаж ахиу хэдэн төгрөг хусах вэ гээд даруй 10-аад жил яриад, хааяа халамцахаараа "Чингис хааны үр сад" гэж хашгирчихаад сууж байхад яам тамгын хурган дарга нар бүгд өөр өөр юм ярьж ангайлгах нь энүүхэнд байлгүй.

Нэг талаас бидний байгаа байр суурийг бэлхэнээ илчилээд өгч байна. Нөгөө талаас бид зээлийн зэрэглэлээ дээшлүүлж, хүүгийн зардлаа бууруулж - асар их хөрөнгө оруулалт татах боломжыг хормойгоороо сул асгаад байгааг харуулж байгаа юм даа.

Зүй нь Гадаадын хөрөнгө оруулалтын газар маань Гадаадын компани бүртгэх газар маягаар ажиллахаа болиод харин Гадаадын хөрөнгө оруулалтыг татах, Гадаадын хөрөнгө оруулагч нарыг дэмжих газар гэж нэрээ өөрчлөөд ажиллавал зохино.

Дэлхийн бүх л улс орон "Манай гайхамшигт улсад ирж хөрөнгө оруулаарай, тогтвортой орчин, найрсаг ард түмэн таныг хүлээж байна" гэдэг - манайх л харин булаана, дээрэмдэнэ гэдэг болоо юу даа. Уг нь 2013 он болчихоод байгаа юмсан.

Тэр зээлийн зэрэглэл тогтоогч байгууллагуудын аналистууд Монголд жил бүр ирж байгаа. Ирэхэд нь урьдчилж сайхан бэлдээд - "цагаан халадаа өмсөөрэй, цагаан бүтээлгээ дэвсээрэй" гэдэггүй юмаа гэхэд ядаж үг хэл, ам хөлөө нийлүүлчихээд аятайхан шиг байж байгаад зэрэглэлээ дахиад нэг шат буюу ВВВ болгох - асар их мөнгөний үүд хаалгыг нээх боломж байж л байна.

Оюу толгой бол байдаг л олон толгойн нэг л. Оюунтай толгой бол харин их хол байна шүү. Мөнгө бол харин зүгээр хажуугаар горхи шиг урсаж байна. Ухамсар төрвөл утгаад аваад байж дээ.

Thursday, January 24, 2013

Modern Economics

http://www.youtube.com/watch?v=e41gSuLtrOc

Ерөнхий сайдад тавьсан илтгэлээ видео хичээл болгож хийв. Мөн манай залуус өөр зарим сонирхолтой санхүү, эдийн засгийн хичээлүүд хийснийг орж сонирхож үзээрэй.

Tuesday, December 25, 2012

Луис Вуттон

Сүүлийн үед бичлэгүүд маань негатив маягтай болоо юу даа. Юу ч гэсэн үүнийг бичье дээ.

Хужаа пийжүүнд айхтар хордсоноос хойш ходоод болохгүй явсаар оюутан байхад нэлээнд өвдсөн юм. Гүрийгээд яваад байсан чинь сүүлдээ бүүр нүднээс гарав. Дурандуулсан чинь бөөн шархтай, 1-р эмнэлэгт очоод мундаг эмчид нь үзүүлээдэхсэн чинь өө тэгээд яахав насаараа антибиотек уугаад л явна шүү дээ маягийн юм яриад явуулчихав аа.

Түүнээс хэдэн жилийн өмнөхөн нь муу аав минь гэнэт зүрх нь муудаад эмнэлэгт очсон юм. Ер нь хараад байхнээ хүн өөрөө л амьдрахгүй бол тэгэсхийгээд амруу нь амьсгалдаг гуурс хийгээд гараараа насосдож байгаад л үхүүлэх юм билээ л дээ. Тийм юм харчихсан байсан болохоор баахан сүжиг төрж өгдөггүй - тэгээд ч надад бараг л наадах чинь эмчлэгдэхгүй дээ хүү минь ухааны юм хэлчихсэн болохоор өөрөө баахан интернэтээс хайж үзсэн юм.

Харин азаар 1998 онд буянтай хоёр эмч Ходоодны шарх нь ерөөсөө сэтгэл санаа, энээ тэрээ биш харин Хэлико Бактери гэгч гайхалаас болдог юм байна гэдгийг нээж Нобелийн шагнал авчээ. Ходоод уг нь маш их хүчиллэг орчин тул хэр баргийн бактери, вирус тэнд устдаг. Харин хэлико нь ходоодны салстын өнгөн хэсгийн дор байрлах тул хүчлээс хамгаалагддаг юм байна. Ингээд тэндээ хорлон сүйтгэх ажиллагаагаа явуулна биз дээ.

За тэгээд хэлико бактерийг дардаг эм хайв. Монголд аптек нь байтугай эмч нь ч тийм юмны талаар мэдэхгүй байгаа юм чинь яаж байхав. Хэлико дарагдаж өгдөггүй золиг тул 2 төрлийн антибиотекийг хавсруулаад 7 эсвэл 14 хоног маш хүчтэй бөмбөгддөг юм. Ер нь эмэнд түүний үндсэн орц ба маркетингийн нэр гэж хоёр юм яваад байдаг. Би харин хэликог устгах аргыг нь харж байгаад орцоор нь хайж 2 төрлийн антибиотекоо олоод, нээсэн аргынх нь дагуу ууж ходоодоо гайгүй болгож билээ.

Саявтархан даа манай гадаадад сурдаг найз залгаж, -За чи л явалгүй болохгүй, аав минь болохоо байлаа - гэв. Гүйгээд очтол муу аав минь өнгөрдөг эмнэлэг байна. Хүйт даасан бохир орчин, яахаа мэдэхээ байсан ар гэрийнхэн, "энэ хүн өнгөрсөн" гэсэн харцтай эмч сувилагч нар наагуур цаагуур хөлхөлдөнө. Цус харвачихжээ. Миний бодоход цус харвасан хүний тархийг MRI эсвэл рентгенээр харах ёстой. Тэгээд цусны бөөгнөрөл үүссэн хэсэгрүү өрөмдөж, тархийг цэвэрлэх ёстой баймаар. Манайд бол нөгөө хардаг аппарат нь ч байхгүй, мэс засалч нь  ч байхгүй (тархины тэр, зүрхний энэ гээд бүхэл бүтэн улс сэдэв сэдэвээр ганц ганц эмчтэй юм уу хаашаа юм) - тэгээд л шууд амруу нь гуурс углаад л нэг сувилагч гараараа насосдоод л байж байна. Ухаандаа ар гэрийнхэнд нь эмнэлэг бүх чадах зүйлээ хийсэн шүү гэж харуулж байгаа юм байна, эсвэл залхааж байгаа юм байна гэж ойлгогдохоор.

Саявтархан "Цоорхой зүрхтний тэмдэглэл" гээд аятайхан нийтлэл сурвалжлага нэг сонин дээр гарсан байсан. Уул нь бол бид нар сар бүр цалингийнхаа 30 хувийг улсад татвар болгож өгдөг. (Орлогын татвар 10, НДШ 10, Ажил олгогчоос НДШ 10)Үүнээс 20 хувь нь бидний эмнэлэг, тэтгэвэрийн үйлчилгээнд явдаг ухаантай юм. Яг үнэндээ хамгийн том халтуур бол тэр гээд хэлчихмээр байна. Тэр сурвалжлага дээр их тодорхой бичсэн байна билээ. Манай ажилладаггүй Эрүүл мэндийн даатгалын системийн талаар.

http://mongolianeconomy.mn/mn/p/3274 - Энэ Сайханбилэг гээд хүүг зайлуул хичнээн ч удаа хагалсан юм бэ дээ. Эхлээд цөсийг нь авч хаяад, дараа нь дэлүүг нь аваад, өргөссөн судсуудыг нь боогоод гэхчилэн. Цөсний төрөлхийн битүүрэлтэй гэж оношилсон гэнэ - за үнэн байлаа гэхэд яахаараа элэг нь хатуурчихдаг байна. Миний санахад лав л миний таньдаг нэлээн олон хүмүүсийн авахааргүй цөсийг нь авч хаячихсан байдаг юм билээ. Дараа нь гадаадад үзүүлэхэд эмч нар нь толгой сэгсрээд ингэж хагалгаа хийх ч гэж дээ гэдэг юм гэсэн. Би эмч биш - гэхдээ шууд л эхний хагалгаагаараа хүүд халдвар оруулчихаж дээ гэж сэрдэж байна.

Би энд Монголынхоо эмч нарыг муулах гэсэнгүй. Ур чадварыг нь шүүмжлэх ч гэсэнгүй. Зүгээр л Монголд тархины эсвэл элэгний "тэрнийг" танихгүй бол үхнэ. Бодит байдал ийм л байгаа. Энэ бол эмч нарын ур чадварын асуудал биш. Мэдээж тодорхой хэмжээгээр бий бий - ходоод эмчилж байж Хэлико бактериа мэдэхгүй өчнөөн жил явж байна гэдэг бол үнэхээр ой гутам хариуцлагагүй явдал мөн. Гэхдээ энэ бүгдийн цаана хөрөнгө оруулалтын асуудал байгаа юм.

Энэ эмнэлэгийн үйлчилгээний салбарт хөрөнгө оруулахгүй бол болохоо байлаа. Эрүүл мэндийн салбарыг "төсөв-идэх" гэсэн байдлаар хараад, өөрсдөө гадагшаа явж эмчлүүлчихээд - энэ салбараас хусаад байвал энэ байдлаараа л үлдэнэ. Цэвэрлэгчээс бага цалинтай хүнээр эмчлүүлж байна гээд төсөөл л дөө. Цэвэрлэгчээс бага цалинтай хүн хүүхдэд чинь эрдэм ном зааж байна гээд төсөөл л дөө. Асуудлыг эдийн засгийн үүднээс нь шийдэхэд амархан байна аа. 5 жилийн дотор энэ улсыг орвонгоор нь эргүүлээд авилгач нарт ид шидийг үзүүлж ч болно. Гэхдээ авилга гэдэг систем нь эзэн биегүй маш том мангас билээ. Энэ мангасаас ангижрахын тулд ухамсарын хувьсгал хийх ёстой.

Гэтэл бидний ухамсар өдөр өдрөөр доройтсоор. Гал гаргадаг Өнөрөө, нисдэг таваг, дэлхийн сүйрэл, эзотерикийн балай үедээ буцаад очиж байх шиг байна.

Ер нь бүтээгдэхүүн үйлдвэрлэж үзээгүй, хүний хийсэн юмыг авчирч дамлаж зардаг наймаачид баахан мөнгө олчихоод өөрсдийгөө учиргүй шилдэг бизнесмэн энэ тэр гэж сэрүүн зүүдэлж эргүүтдэг юм шиг байна даа хараад байхад. Мөнгөтэй гэдэг чинь гэгээрсэн гэсэн үг огтхон ч биш, мөнгөтэй гэдэг чинь элит ч гэсэн үг, мөнгөтэй гэдэг чинь олон түмэнд амны зоргоор чалчих зиндаанд хүрсэн ч гэсэн үг биш, мөнгөтэй гэдэг чинь УИХ-д сууж ард түмнийг хувь зохиолыг бичнэ гэсэн үг ч биш.

Инжинаш 200 орчим жилийн өмнө бичсэн байна.
-Богд хүн тэнгэр газарт итгэмжилмүй
- Мэргэд Сайд өршөөл журамд итгэмжилмүй
- Үтэл ард эрх хүчинд итгэмжилмүй
- Өчүүхэн хүн эд ашигт итгэмжилмүй... гэжээ.

Энэ тэнгэр газар гэдэг нь бөө мөө огт биш юм шүү. Мөчид мэдлэгтэй хүн ахисан шатны юм уншихаараа шууд хэллэгээр нь ойлгоод цааш нь дэвэргээд буруу зөрүү юм их ярицгаах юм. Богд хүн гэж гэгээрсэн хүнээ хэлж байна. Хүн гэгээрэхийн наад алхам нь бусад хүмүүсийг нигүүлсэх, мөн ёс журмыг ягштал баримтлах байдал байдаг учраас тэр.
Хамгийн дорд буюу эд ашигт итгэмжилэгч гэдэг нь зөвхөн гадна харагдах байдал, өнгө мөнгөний боол бологсодыг хэлж буй юм. Ийм хүмүүс мөнгийг хурааж чадах боловч их үйлийг бүтээж хэзээ ч эс чадна. Тийм учраас манай ард түмэнд сонголт хийхдээ үүнийг нь харах ёстой юм даа.

Одоогийн байдлаар дэлхий дээрх хамгийн агуу маркетерууд бол Луи Вуитоны маркетингийнхан юм шиг байна.

Яаж тэд нар Монголын наймаачин баячууд өчүүхэнээр сэтгэж эд ашигт итгэмжилнэ гэдгийг мэдэж манайд дэлгүүрээ нээв ээ. Харилцагчийг бараг өөрөө өөрийгөө ойлгоогүй байхад нь танина гэж энэ дээ. Бүүр ахисан шатны маркетинг бол харилцагчийг манипуляц хийхэд оршдог. Жишээ нь эд ашигт итгэмжлэгч өчүүхэн хүмүүнд Луи Вуитоны логог дарвайтал нялсан резинэн цүнх мөрөндөө өлгөвөл эсвэл логотой бүсийг нь ташаандаа хэдэрвэл арай гэж хүн шиг харагдана гээд тархийг нь угаачихаж байгаа юм.

Монголд ер нь яг өөрөө бүтээлээ бүтээдэг хэдэн компани байдаг юм бол. Бэлэн байгалийг эсвэл хүний хийсэн юмыг л наймаалдаг нь олонх юм шиг.

Tuesday, December 11, 2012

Giving or Taking


Гадаадад магистр хийсэн, мундаг чадвартай боловч зөвхөн өнөөдрөөрөө сэтгэдэг хүмүүсийг зөндөө харсан. Өнөөдөр хүсэхгүй, чадахгүй, боломжгүй, эсвэл боломжтой санагдвал үйлдэл хийж л байдаг. Тэгээд тэр нь дандаа балардаг. Яагаад хүн өнөөдрөөр сэтгээд эхэлдэг вэ гэхээр зөвхөн өөрийгөө бодоод эхлэхээр тэр.

Саяхан олон улсын үндэстэн дамнасан, ашгийн бус бодлого тодорхойлогч байгууллагын глобал даатгалын захиралтай уулзав. Глобал захирал гэхээр бүгдийг нь баздаг нөхөр нь гэсэн үг. Монгол улсад эрсдэл ямархуу байгааг тандаж яваа нь тэр.

Монгол улсаас маш их эрсдэл Монголын даатгалын салбараар дамжилгүй шууд гадаадын даатгагч нарт явж байгаа, түүнээс зарим хэсгийг нь авч үлдээх хэрэгтэй байгаа талаар хэлэв. Мань хүн эрс эсэргүүцэж бид хоёр бяцхан маргасан юм.

Монгол хүн мөртлөө Монголын компаниуд дээр очиж манай дотоодын даатгалын компаниуд мяаа, шууд гадаадад даатгуулчих гээд явж байдаг хүн жишээ нь байж л байдаг.

Би маргааш тавих лекцээ бэлтгэх зуур манай залуусын бэлдсэн Монгол улсын эрсдлийн матрицыг харж суув. Ер нь бол хөгийн дүр зураг буудаг л даа. Товчхондоо бол Монгол улс ажиллахад, амьдрахад, бизнес хийхэд эрсдэлтэй газар л болчихож. Хүүхдээ гадаа тоглуулахдаа л араас нь айж суудаг ийм л газар болсон байна. Жишээ нь Улаанбаатар хотод газар хөдлөхөд газар хөдлөлтөөс болж бус харин бэлтгэлгүйгээс болж энд тэнд нурангид дарагдсан барьсан, галын аюулгүй систем байхгүйгээс болж шатсан түлэгдсэн хүмүүсийн үхлийн тоо хэдэн мянгаараа л тоологдоно. Эрсдэл гэж ийм л юм байдаг юм. Газар хөдлөсөнд нь бус харин түүнд бэлтгэлгүй байснаас болж хүмүүс үхдэг юм.

Яагаад ийм байгаа талаар олон шалтгаан бий. Гэхдээ энэн дундаас нэгэн том шалтгаан тодроно. Энэ бол дотоодын даатгалын компаниудын хөгжил сул байгаа асуудал билээ. Гэтэл эд хөгжихийн тулд санхүүгийн чадвар сайтай байх ёстой билээ. Чадвахиа сайжруулахын тулд гадагшаа гараад байгаа даатгалаасаа тодорхой хэсгийг нь авч үлдэх л учиртай.

Ухаандаа бол даатгал гэдэг нь туйлын өвөрмөц, зүгээр л даатгалын компани фундаментал мөн чанарынхаа хувьд яаж ажиллах ёстой - түүгээр нь ажиллуулахад л нийгмийн агуу хариуцлагыг хэрэгжүүлчихдэг - үндсэн бизнесийнхээ хажуугаар балай юм шиг очиж хог түүж - түүнийгээ нийгмийн хариуцлага гэж зарлах шаардлагагүй ийм л сонин бизнес.

Гэтэл Нью-Йоркт суудаг Герман энэ эрхэм бол - Дотоодын компаниуд угаасаа чадахгүй юм чинь даатгал авах хэрэггүй ш дээ гээд өөдөөс хэрэлдээд байгаа. Би харин өмнөөс нь 100 жилийн өмнө танай Ханновер Ре чинь ч гэсэн бяцхан компани байсан шүү. Яаж харин томорсон билээ - сануулаад өгөх үү гээд л сууж байгаа.

Аргагүй л дээ, аргагүй. Үхсэнээ ч хийж герман хүн Нью-Йоркт явж байдаг юм. Ямар ч эмпати, ард түмэндээ хүлээх хариуцлагагүй - зүгээр л нэг кариерист эр.

Монголын даатгалыг шууд Хонг-Конгод хэлцэл хийгээд авсан тэр гадаадын даатгалын компанийн захирал Монголд ирчихсээн монголын ард иргэдийн эрсдлийг бууруулах уу яахав гээд өдрийн бодол шөнийн зүүд болоод явдаггүй л байхгүй юу. Эсвэл Эрсдлийн Удирдлагын Форум хийж хүн амьтанд номын дуу сонсгоно гээд хүн амьтаныг гуйж гувшаад, нүүрээ улалзуулаад ч явахгүй л юм.

Монгол компаниуд нь олон улсын зах дээрээс очоод тэрбум тэрбумаар нь хийчихсэн юм шиг л аашилж - Хонг-Конг нисч даатгуулаад л.

Уул нь энэ муу хэдэн дотоодын даатгалын компаниуд нь том байвал гудамжинд хөөрхий гэмгүй оюутан залуу алхаж яваа секундын дотор төмөр турбанд цохиулж үхэхгүй л байсан юм. Өдөр болгон нэг хүн замын хөдөлгөөний ослоор нас барахгүй байсан юм. Байдал ийм л байгаа.

Нэг л их өөртөө юм унагах гэсэн, өөрөөсөө өөр хэнийг ч боддоггүй хүмүүс. Бодол нь хүртэл богино, ухаан хүртэл мөчид.

Дэлхийд эхний 4-т жагсдаг санхүүгийн үйлчилгээ явуулдаг компани -  Олон улсад үйл ажиллагаа явуулдаг компаниудын захирлуудаас эрсдлийн санал асуулга явуулахад хамгийн чухал эрсдлээр өрсөлдөөнийг нэрлэсэн байх жишээтэй. Өрсөлдөөн гэж эрсдэл байдаггүй юм ш дээ гэж намайг хэлэхэд тэр судлагаа авсан компанийн захирал англи эрхэм надруу ярьдаг сармагчин харж байгаа аятай харж байх шиг. Монгол болохоор тэр.

Гэтэл Монгол улсын эрсдлийн тайлан гээд баримт бичиг олж үзтэл - түүн дээр - Засгийн газар буруу шийдвэр гаргах эрсдэл гээд биччихсэн ч байх шиг. Монгол улсын хамгийн том эрсдэл нь тэр юм гэнэ дээ. Үүнийг жишээ нь тэр баруунд чинь доктор, магистрийг нь хийсэн хүн бичсэн байгаа юм.

Ер нь бол яг үнэндээ задгай сэтгэж чаддаггүй, улс төрийн хувьд зөв, академикийн хувьд зөв тийм хүмүүс өрсөлдөөнд ялагддаг хуультай.

Тийм болохоор залуусаа, боломж маш их байна. Маш олон тэнэг хүмүүс энэ дэлхийд том том албан тушаал хашиж байна. Мэдээж тэдний хажууд Стив Жобс мэтийн өөрөөсөө илүү гарч, хүмүүсийн төлөө хийж бүтээх хүсэл эрмэлзлээр дүүрэн хүмүүсийн мөрөөдлөөр жигүүрлэн дэлхий хөгжинө. Тэдний далбаан дор яахав хэдэн алиалагч нар байх л байлгүй.

Фундаментал асуудал бүүр дэндүү энгийн. Too simple to understand.

Амьдрал гэдэг чинь авахад биш харин өгөхөд оршдог юм. Амьдралаас яаж авах тухай л бодвол Харвард ч бай, дэлхийн хамгийн ухаантай хүн ч бай, аавын чинь мундаг тоо боддог ген ч бай юу ч чамд тус болохгүй. Чи бүтэлгүй амьтан болно эсвэл ялзарсан бэртэгчин болно.

Чи яаж харин амьдралд, хүмүүст өгөх тухай бодож эхлэвэл чи өөрийгөө олж авч, мөнгөтэй ч бай мөнгөгүй ч бай сэтгэл хангалуун болох болно.

Мэдээж энэ нь "Би ядууст тусалдаг төрийн бус байгууллага байгуулмаар байна" гэж хашгирахыг хэлэхгүй нь ойлгомжтой. Энэ бол найзуудтайгаа урьд шөнө Бриксдээд өглөө нь шартсан хэвтэж байхдаа бодож олдог мэргэн санаа ч биш. Энэ бол ИТГЭЛ ҮНЭМШИЛ, ЗОРИЛГО, ТЭМЦЭЛИЙН тухай асуудал билээ.

Хэдэн захирлуудтай ярихад нэг л зүйл дээр гомдоллоно. Ажилд орох гээд ярилцлаганд орж байгаа хүмүүс дотор би байгууллагадаа ийм зүйл өгнө гэж хэлсэн нэг хүн байна уу гэж бие биенээсээ асуух. Нээрэн бодоод үзсэн чинь - би тэдэн төгрөгийн цалин авмаар байна - би их юм сурч авмаар байна - зөвхөн л авах тухай нөгөө утгагүй яриа.

Тэгээд ажлаа хийж чадахгүй болохоороо дэлхий ертөнцөд байж болох бүх л зүйлст бурууг тохдог юм гэнэ дээ, цаана чинь.

Thursday, November 29, 2012

newspaper interview

newspaper interview



Санхүүгийн зах зээлийн холбооны ерөнхийлөгч, Мандал Даатгалын ерөнхийлөгч, Монголын хөрөнгийн биржийн ТУЗ-ийн гишүүн  Ө.Ганзоригтой цаг үеийн болоод эдийн засгийн асуудлын талаар ярилцлаа.

-Гадаадын хөрөнгө оруулалттай холбоотой янз бүрийн яриа их гарах боллоо, Монголчууд өнөөдрийн хүртэл гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж ирсэн, гэтэл саяханаас энэ байр суурь өөрлчгдөж байгаа мэт харагдах боллоо, та юу гэж бодож байна?

Улсын эдийн засаг гэдэг их энгийн юм гэж би санадаг юм. Яг л өрх айлтай ижил. Цалин авна, орлого орж ирнэ. Амьдралдаа зарцуулна.

Улсад бол орлого орж ирдэг хоёр л зам байгаа юм. Нэг нь экспортлосон байгалын баялагын маань орлого. Нөгөөх нь гадаадаас орж ирж байгаа хөрөнгө оруулалт. Аль аль тохиолдолд манай улсад мөнгө орж ирж байна, бид тэр мөнгөөр нь шинэ үйлдвэрүүд барьж ажлын байр бэлдээд, зам харгуйгаа засдаг.

Сүүлийн үед хийрхэлтэй гэмээр “монголчууд бүгдийг нь булаана, дээрэмдэнэ” гэсэн утгатай мессеж гадуур яваад байгаад би арван хэдэн жил эдийн засгаар дагнасан хүний хувьд их цочирдож хүлээж авдаг. Энэ бол наад захын эдийн засгийн мэдлэггүй хүний туйлын хариуцлаггүй яриа гэж би хэлнэ.

Өнөөдөр Монголын ард түмний сайн сайхан амьдралыг хангахын тулд бидэнд мөнгө хэрэгтэй. Энэ мөнгө хоёр л замаар орж ирдэг. Гадаадын хөрөнгө оруулалт ба Экспортын орлого. Энэ хоёр урсгалаа тасалчихалгүй дэмжиж байх учиртай.


-Гадаадын хөрөнгө оруулалтыг яг яаж авч үзэх ёстой юм бэ?

Монгол хүн Монгол улсдаа эзэн байх асуудлыг дэлхийд хэн ч сөрдөггүй тийм улс орноо байгуулаад амьдарч яваа хүмүүс шүү дээ бид чинь. Тэгэхээр хэн эзэн болох тухай өнөөдөр санаа зовоод байх шаардлагагүй гэж бодно.  

Дэлхий хоёр зуу гаруй улс оронтой. Гадаадын хөрөнгө оруулагчын хувьд заавал Монголд ирж зовж байж олсон хэдэн цаасаа үрэх алба ч байхгүй.

Тийм учраас бид харилцан ашигтай байх зарчмын үндсэн дээр ажиллах ёстой. Мөнгөө бариад ирж байгаа хүмүүст хүндэтгэлтэй, авах гээхийн ухаанаар хандах ёстой. Монголын компаниуд гадаадад очиж улс орноо рекламдаж, гуйж түүж байж арай гэж хөрөнгө оруулалт олж ирдэг. Олж ирсэн мөнгөөрөө үйлдвэр байгуулна, барилга барина, уул уурхайг эргэлтэнд оруулна. Ажлын байр бий болгоно, улсад татвар төлнө. Эцэст нь Хөрөнгө оруулагч оруулсан мөнгөө тодорхой хувиар өсгөөд гарах сонирхолтой. Хэн ч айж ичин байж хэдэн төгрөгөө алдах эрсдэлд оруулахыг хүсэхгүй нь ойлгомжтой.

Блүүмберг телевизийг асаагаад үзвэл Тайланд, Малайз, Индонез, Хонг Конг гээд бүх л улс орнууд “манайд хөрөнгө оруулаач, сайхан таатай хөрөнгө оруулалтын орчин байна” гээд засгийн газрууд нь бодлоготойгоор зар сурталчилгаа явуулж байна шүү дээ. Гэтэл бид хураана, булаана гээд сөрөг мессеж цацаад байж болохгүй.
Яг одоо маш олон зуун сая долларын хөрөнгө оруулалт энэ сөрөг мессежээс болоод хил дээр гацчихаад байгааг би баттай, хариуцлагатайгаар хэлж болж байна. Энэ бүрийн ард зөндөө олон Монгол компаниуд хөрөнгө оруулалт авч чадахгүй, ажлын байр шинээр бий болгож чадахгүй болчихоод сууж байна.     


Оюу толгойн гэрээний талаар сүүлийн хэдэн саруудад олон яриа гарч байна, та үүнийг юу гэж хүлээж авдаг вэ, саяхан мэтгэлцээн хүртэл болсон?

Би даатгалын компанид бас ажилладаг хүн. Хэрэв манай компани хүнээс мөнгийг нь авч даатгалын гэрээн дээр гарын үсэг зурчихсан хойноо хохирол болоод нөхөн төлбөр өгөх болоход “Өө, болилоо”, эсвэл би ажлаасаа гарсан хойно шинээр ирсэн захирал нь “Өмнөх хүний асуудлыг би мэдэхгүй, наад гэрээ чинь хүчингүй” гэж хэлвэл ямар байдал үүсэх вэ?

Ер нь хүн төрлөхтөн гэрээ гэдэг зүйлийг 6 мянган жилийн өмнө яах гэж бий болгосон юм бэ. Тогтвортой байдал гэж юу юм бэ. Яагаад хүн ирээдүй нь тогтвортой ойлгомжтой байхад дуртай байдаг юм бэ. Гээд наад захын, их сургуулийн нэгдүгээр курсын хүүхдүүдэд ч ойлгомжтой асуудлуудыг бид ер нь дахин дахин бодож үзмээр байгаа юм.

Хэрэв засгийн газар нь буруу гэрээ байгуулчихсан юм бол тэд нартайгаа хариуцлага тооцох ёстой. Энэ бол зарчмын асуудал. Хэрэв гэрээ хэт нэг талыг баригдаж хийгдсэн бол бид асуудлаа зөв зүйтэй байдлаар гаргаж тавих ёстой.

Тэрнээс биш дарамталж байгаа юм шиг, ойлгомжгүй байдлаар гэрээгээ өөрчилнө гээд айлгаад байж болохгүй. Ийм саналууд байна, харилцан зохицоод өөрчилөх талаас нь хараач гэдэг байдлаар хөрөнгө оруулагчид асуудлыг тавьж болно шүү дээ.  

-Оюу толгойн асуудлыг цаашид тэгээд яах нь зүйтэй гэж та үзэж байна?

Оюу толгой бол ганцхан орд, ганцхан компани. Ердөө хэдхэн мянган хүн л ажиллах юм шүү дээ. ХААН банкны ажилтануудын тоо гэхэд л Оюу толгойгоос давж гарна гээд бодохгүй юу.

Ийм жижигхэн асуудлыг ингэж том болгож, ард түмэнд утга учиргүй хүлээлт үүсгэж, шоудаж, бүүр сонгуулийн зорилт болтол нь дэвэргэж байгаад маш их эмзэглэж явдаг. Монгол улсын ирээдүй бол Оюу толгой биш. Монгол улсын ирээдүй бол Оюунтай толгой гэж улсын ерөнхийлөгч эртээд телевизээр хэлж байна билээ.

Ирэх 50 жилд Монгол улс үнэхээр хүчирхэг, баян, олон улсын тавцанд өрсөлдөж чадах улс байж чадна. Тийм болох эсэх тухай асуудалд Оюу толгой, түүний хэдэн хувийг нь авах асуудал бол огтхон ч хамаагүй юм шүү гэдгийг л хэлье дээ.


Санхүүгийн зах зээлийн байдлыг та юу гэж дүгнэж байна?

Улс орны хөгжлийн түлхүүр нь эдийн засгийн зөв бодлого.

Эдийн засгийн бодлого хэрэгжих дэд бүтэц нь санхүүгийн зах зээл. Манай холбоо байгуулагдаад 8 жил болж байна. Энэ хооронд ард иргэдийн санхүү, эдийн засгийн мэдлэгийг сайжруулах тал дээр олон ажил хийлээ. Ахиц дэвшил гарч л байна. Гэхдээ өнөөдрийг хүртэл манай санхүүгийн зах зээл дэд бүтэц болохынхоо хувьд энхэл доголтой сумын төвийн шороон зам шиг л байна. Энэ дэд бүтэц олигтой бүрдэж бий болж чадсангүй. Дэд бүтэц байхгүй байгаа учраас цаашид баялагийн ялгарал гамшгийн төвшинд хүртэл явагдана. Баян хоосны ялгаа маш их болно. Эдийн засгийн хөгжил бүрэн утгаараа явахгүй. Африкийн бүтэлгүйтсэн уул уурхайн орнуудтай төстэй болох эрсдэл бодитойгоор бий болж эхэлээ.

Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, манай банкууд, брокерууд, даатгалын компаниуд хэрэндээ л хичээж ажиллаж байна. Гэтэл УИХ дээр ганц жижигхэн Оюу толгой гээд компанийн хувьцааг 50 хувийг нь авах уу 51 хувийг нь авах уу гэж яриад арваад жил болчихлоо шүү дээ. Үнэт цаасын зах зээлийн тухай хууль, Банкны тухай хууль, Хувийн хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль бол ерөөсөө сонин биш харин гадаадын хөрөнгө оруулагч нараас илүү ихийг авах тухай хууль л сонирхолтой, хэлэлцэгддэг, яригддаг ийм л асуудал байна.

Бизнес хийж байхад хэрэв эсрэг тал чинь чамайг яаж ийж байгаад дөнгөнө гэдгийг мэдэж байгаа бол хэн бидэндтэй ирж наймаа хийх юм болж байна?

Tuesday, November 27, 2012

Хямрал

Хямралаар амьсгалж явтал нэг мэдсэн 4 жил өнгөрчээ. Эхлээд санхүүгийн зах, тэгээд олон улсын эдийн засаг - харин одоо өрийн хямрал болоод явж байгаа билээ.

Эртээд нэг нөхөр энэ хямрал чинь уламжлал ёс заншлаа дагаагүйгээс болж байгаа юм шүү дээ гээд л бүлтэрч байна аа. Сүүлийн үед тв-н тоо өсөхтэй зэрэгцээд гудамжны хүмүүс экран дээр их гарч ирдэг болж дээ.

Эхлээд өөрсдөө ард түмнээ харанхуй болгочихоод дараа нь тэд нартаа таалагдах гэж харанхуй юм ярих нь өрөвдөлтэй ч юм шиг.

Ардчилалаа сайтар ойлгоогүй ардчилагчид, коммунизм-ямар нэг юм?! хоёрын дунд гацсан экс коммунистууд, 40 мянгатад төрсөн нэртэй дүр үзүүлэхээс өөр элит үнэр үгүй болсон элитэнцэрүүд, гадаадаас буцаж ирээд сэтгэл нь хил дээр гацсан экспатууд, улс төрийн хувьд хэт зөв болсон хулчгарууд, шинжлэх ухааны хувьд хэт зөв болчихсон залхуучууд гээд янз янзын бүлгийн нэгдэл хийгээд тэмцэлийн дор амьдрал өрнөнө.

Сиймхийгээр нь харин хэдэн төгрөг олох гэсэн солиотнууд эртний күнзийн суртал, библийн үлгэрүүд, буддизмийн философи тал хийгээд эзотерик талыг халтар хултар ойлгосноо тв-р бурж ард түмний тархийг ахиад эргүүлнэ.

Оюу толгойн гэрээ зөв хийгээд буруу эсэх, Хэрхэн ямар ч үнээр хамаагүй 10 мянган жилийн турш огтхон ч өөрчлөгдөөгүй уламжлалт мал аж ахуйгаа хадгалан үлдэх, Хэрхэн эсгийн таавчиг үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэлийг босгох, Чингис хаан дахин төрж ард түмнийг аврах эсэх гэх мэтийн яг үнэндээ эдийн засгийн бөгөөд нийгмийн огтхон ч ач холбогдолгүй хийрхэлүүд нь агаарт дэгдэж Улаанбаатарын амьдрал - утаатай ба хөмөрсөн тогоо мэт 4 уулын дундаа шалдар булдар үргэлжилнэ.

Ийм буруу сэтгэхүй ноёлсон орчинд зөв хүн хүртэл буруу юм ярьж, буруу үйлдэл хийх нь инээдтэй ба эмгэнэлтэй.

Гэхдээ хүний дизайн нь өөрөө хөгжих. Квант төвшинд ухамсар ба материйн аль нь анхдагч тухай ярих нь утгагүй биз. Ухамсар нь өөрөө квантын үндсэн дизайны бүрдэл хэсэг байх.

Манай малчдаас бусад нь бүгд л байгалийн хүчийг сөрсөөр өнөө үед ирлээ. Бид ч гэсэн нэг л өдөр фермжсэн аж ахуйд шилжих л болно. Уг нь хийж л байсан юм. Тэрийг нь харин 90 онд хувьчлал нэрээр будаа болгочихсон болохоос.

Хэрэв наран дээр тооцоолоогүй том дэлбэрэлт болвол, эсвэл том солир ирж дэлхийг цохивол, эсвэл цаг уурын аажим өөрчлөлт нь дэлхийн гадаргыг амьдрахад бэрх орчин болгон хувиргавал - хүн төрлөхтөн амьд үлдэхийн тулд өнөөдөр хөгжиж байгаа, технологийг эзэмшиж байгаа болохоос биш байгал дэлхийдээ зохицож амьдарч байна гээд хөдөө агуйд амьдардаг ч юм биш. Энергийн урсгалын хувьд (аль вэ?) зөв дизайнтай гээд гэрт хөлдөж үхдэг ч юм биш.

Тийм л учраас хүн ухамсартай, ухаантай - материйн хамгийн ахисан төвшний нэгдэл юм. Хэрэв нохой шиг амьдарч, нохой шиг үхэх байсан юм бол ухамсараа бас давхар гээх ёстой болно.

Ямар ч байсан бид хүн гэдгээ л санах хэрэгтэй. Хүн дандаа өөдөө, хөгжил дэвшилд тэмүүлж, эерэг сэдэлтэй байх ёстой юм.

Эхлээд бид хүн, хүмүүс. Дараа нь харин бид Монголчууд. Бид дэлхийн бусад хүмүүсийн дунд Монголчууд байгаад мөхдөг юм биш, Монголчууд байгаад эзэлж хүн амьтан алж талж, соёл дурсгалыг нь устгадаг ч юм биш - харин Хүн төрлөхтөний ирээдүйн хөгжлийн загварыг тодорхойлогч нар байх ёстой.

Нэгэнт Америк маягийн демократ, чөлөөт зах зээлт системд маш их гажиг байгаа нь саяын хямралаар ойлгогдсон. Одоо тэгвэл бид шинэ гарцыг гаргах тухай яривал сайнсан. Ер нь хүн төрлөхтөн ирээдүйд яаж хөгжих вэ.

Квант физик өнөөдөр дөнгөж л хөгжиж эхэлж байна. Үүнийг хамгийн түрүүнд ойлгосон хүн нь  л хөгжлийг тодорхойлно.

Ухааны дээд нь хамгийн ойлгоход төвөгтэй зүйлийг хамгийн юм мэддэггүй хүнд ойлгуулах төвшинд хүрэх явдал.

Saturday, November 10, 2012

Correctness

Өмнө нь би Дутагдлын шокын талаар бичиж байсан.

Academically correct, politically correct гэсэн шинэ хам шинжийн талаар бичье гэж бодлоо.

Зөв хүн гэж байдаг.

Зөв, тэнэг хүн гэж бас байна. Хэзээ ч "буруу" юм хийдэггүй хүнийг хэлж байгаа юм. Хэзээ ч буруу юм хийхгүй гэдэг чинь нөгөө талаасаа бас хэзээ ч зөв юм хийхгүй гэсэн үг.

Ер нь анзаараад байхад дэлхий ертөнц тэр чигээрээ гажиг нормалаар дүүрсэн байна.

Тухайлбал, улс төрийг улс төрийн тулд хийдэг. Эдийн засгийн бодлогыг эдийн засгийн онолын тусын тулд гаргаж хийдэг тийм гажиг сэтгэхүй дүүрч. Буруутан нь манай орчин үеийн боловсролын систем. Бүүр тухайлж хэлбэл Харвард мэт.

Эхлээд үнэн худал нь мэдэгдэхгүй баахан онол гаргачихаад, тэрнийхээ тусын тулд баахан тархи угаалт хийж, хүн төрлөхтөний лидер хэсгийнх нь фундаментал маягаар сэтгэх чадварыг нь үгүй хийж байх жишээтэй.

Жишээ нь энэ дэлхий дээрх бүх бизнесийн амин сүнс нь борлуулалт (маркетинг биш шүү дээ). Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ зарж чадахгүй бол бусад менежментийн сэдэв утгаа алдана шүү дээ. Орлогогүй компанид хүний нөөцийн орчин үеийн шийдлийг нэвтрүүлээд ч яах юм.

Дэлхийн ямар ч топ MBA-д борлуулалтын хичээл заадаггүйг юу гэж ойлгохов. (ороод үз http://www.hbs.edu/mba/academic-experience/curriculum/Pages/required-curriculum.aspx)

Бизнесийн амин сүнс нь борлуулалт юм бол Борлуулалт мэдэхгүй бизнесийн маэстро байж яах юм болж байна.

Гэх мэтийн гажиг юмнууд их байна.

Эдийн засгийн фундаментал зорилго нь хүн ардын тусын тулд. Эдийн засгийн онол нь тэрхүү фундаментал зорилгыг биелүүлэх арга зам, аргачлалуудыг дөхөм болгоход оршдог. Тэгвэл амьдралдаа хүн ардын төлөө өчүүхэн ч зүйл хийж үзээгүй, бүүр хийх огт сэдэл ч үгүй эдийн засгийн ухааны докторуудаар яг юугаа хийдэг билээ.

Эдийн засгийн бодлогын шийдвэр гаргахдаа эдийн засгийн онолын тусын тулд хийдэг тийм дүүрчихсэн эдийн засагчдаар яг юу хийхэв. Энийг би academically correct гэж нэрлээд байгаа юм. Ийм юм байж болохгүй.

Хүн фундаменталли ба философикалли (fundamentally, philosophically) зөв байх ёстой болохоос биш академикали болон политикали зөв байх учиргүй. Тийм юм байж болохгүй юм.

Яагаад гэвэл, хэрэв тэгвэл, энэ бүх орчлон ертөнцийн артистик (artistic) мөн чанар нь алдагдаж, хэт техноложикал (technological) шинж чанарт суурилах болно. Болно ч гэж дээ, угаасаа суурилж эхэлчихээд байна. Тийм л учраас олон улсын эдийн засгийн хямрал болоод л, монгол улс хөгжихгүй удаад л, утаа шийдэгдэхгүй угжраад л байгаа юм шүү дээ.

Дээхнэ докторын шүүмж дээр суусан юм. Шүүмж эхлэв ээ. Гэтэл юу юугүй л хуудасны тоогоо зөв дугаарлаагүй байна, үг үсгийн алдаа байна, товъёогоо зөв гаргаагүй байна гэх мэтчилэн хөвөрсөн юм даа. Уг нь нээлт хийсэнд нь зориулж доктор өгдөг болохоос биш их л "зөв" бурсанд нь өгдөггүй л байлтай.

Сая Обама дахин сонгогдлоо. Мань эр we will change гэж хэлээд гарч ирсэнийг нь санах юм. Юуг ченжлэх гээд байгааг нь сонирхоод ойлгоогүй. Орчин үеийн хамгийн том гүрний удирдагчид хүртэл академик, политикийн хувьд хэт зөв болж эхэлсэн юм биш байгаа гэсэн хардлага төрдөг.

Лидер хүний баримтлах 9 зүйл, амжилтанд хүрэх 5 нууц, маркетингийн 3 зарчим энээ тэрээ бол ихэвчлэн (за яахав ээ ганц хоёр нь үнэн л байдаг байлгүй) ийм шинж чанар дээр суурилсан өнгөц сэтгэлгээ төдий л юм.

Манай төрийн байгууллагуудын гол алдаа бол тэдний дунд шатны дарга нар нь улс төрийн хувьд зөв байгаа байдал нь юм шүү дээ. Politically correct байна гэдэг нь монголд бол архаг төрийн байгууллагын удирдагч ч гэдэг юм уу, за бүүр төрийн хар хүн ч гэдэг юм уу байдлаар илрэх юм.

Олон юм нуршаад яахав. Үүний гол онцлог нь ерөөсөө юу ч хийхгүй байхад оршино. Ингээд л чи улс төрийн хувьд зөв хүн болчихож байгаа юм. Чи юу ч хийхгүй учраас алдаа гаргахгүй, өөр хүний хөл гаран дээр гишгэхгүй - ингээд л боллоо. Чи улс төрийн хувьд зөв хүн болон хувирлаа.

Гэтэл цаана чинь ард түмэн чинь хөгжил дэвшил үгүйлсэн харц тээн гудамжинд хөлхөлдөнө. Тэр харцыг харж чадахгүй өчүүхэн хөгийн амин хувиа хичээсэн зан гаргаж явсаар бүүр төгсөрч улсын лидер болж ч мэднэ. Нэг л их, төрийн хар хайрцагны бодлого гэж байдаг юм (хаана байгаа юм бэ), улс төрд ингэж ярьдаггүй юм, юм гэдэг чинь их нарийн байдаг юм (бүүр тэрэндээ үнэн голоос итгэчихсэн, аягүй л бол Адам Смитийн далд гарыг солгой ойлгоод ярьж байж ч мэднэ) гэхчилэн ам таглана.

Хөгжил дэвшилд academically correct, politically correct хүмүүс саад болно.