Monday, June 17, 2013

Хүний хулгайч


Манай зарим тун их гэгээрсэн захирлууд Боолын эзэн сэтгэлгээтэй болсон байдаг нь нууц биш. Баруунд мундаг магистр хамгаалж, бүүр олон улсад ажиллаж байсан хэрнээ Боолын эзэн мэт ярьж аяглах нь энүүхэнд.

Нэг залууг би мэдэх юм. Хулгай хийж, худлаа ярьдаггүй, хийж бүтээе гэж яваа залуу.

Өмнө нь ажиллаж байсан том групп нь амласан зүйлээ өгөхгүй болохоор салбар компанид өөрийнхөө дор ажиллаж байсан 2-3 дэд захирлуудтайгаа нийлж хувийн компаниа байгуулсан биш харин буруудаж Хулгайчаараа дуудуулах болж. Ингээд хөөрхий "хүний хулгайч" нэр авч, хүн урвуулж авдаг муу хүнээр тодорсон байна.

"Ер нь дэмий залуу ш дээ" гэх маягийн юм нөгөө мундаг боловсролтой, Монголдоо үнэнч шудрагаараа гайхагддаг өмнөх захирлууд нь уулзсан таарсан хүн болгондоо ярих. Амьхандаа нэр хүндийг нь унагах замаар бизнес нь бүтэлгүйтээсэй гэж боддог юм байгаа биз. Монголчууд яахав хүнийг сургаар үзэн ядахдаа гаргууд учраас өө дэмий нөхөр юм байж дээ гээд л бодох.

Манайдаа од болоод буй гадна төгсч, галуу шувууны мах идээд эх орноо хөгжүүлэхээр эргэж ирсэн гэх нэгэн залуу ноёнтон нэгэн хурал дээр таараад надад "if you scratch my back, I will scratch yours too" гэж хэлдэг юм байна. Би ч учрыг нь сайн ойлгосонгүй. Ухаж асуусны эцэст харин мань эрийн хариуцдаг компанийн нэг ажилтан манайд ажилд орж магадгүй тухай яриа гарсан юм байна. Ингээд мань эрийн санаа нь "Хэрэв чи надаас хүн хулгайлвал, би ч бас чамаас хүн хулгайлна шүү" гэж байгаа ухаантай юм байж.

Харвардын MBA-д ямар Философи заах биш. Манайханд философийн боловсрол дутсанаас болоод ийнхүү гаднаа гяланцаг дотроо паланцаг гэгч болох тохиолдол их байна. Чухамдаа хүн бүр эрх чөлөөтэй бөгөөд, хүнд сайн сайхан ажиллах орчин, зорилго эрмэлзэлийг нь бий болгож гэмээнэ нэг баг болж ажилладаг болохоос биш Боолын наймаачид шиг хүмүүсийг өмчилж, бие биенээсээ хулгайлдаг ийм хоцрогдсон бүдүүлэг юм гэж хаана байх вэ дээ.

Би хүртэл итгэл найдвар тавин бэлдэж байсан хүмүүсээ "хулгайд" алдаж байлаа. Гэхдээ би ажилд авсан шинэ захиралруу нь утасдахдаа "хөөе хулгайчаа" гэх гэж биш харин "арай л бэлтгэгдэж амжаагүй байсан хүнийг чи өндөр албан тушаал амлаад, алаад, юу юу ч үгүй болгочихов оо" гэж сануулах гэж залгасан. Хүн өөрөө чадна, барна гээд амжилт гаргаад явж байвал хоёр гараа өргөөд л дэмжих хэрэгтэй. Мэдээж боловсорч гүйцээгүй байхдаа өндөрт гарвал эргэж бууна гэсэн зам байдаггүйг хүн бүр мэднэ дээ.

Saturday, June 8, 2013

Авилга

Corruption, Bribery, Kick-back, Cronyism, Nepotism...

Монгол улс 2006 онд Авилгын эсрэг хуулиа баталсан. Авилга өөрөө толгойлогчгүй, асар том систем болтлоо хөгжсөн Монгол улсад "Авилга бол бизнесийн нэг л хэлбэр шүү дээ", "Тэртэй тэргүй ашиг олж байгаа компаниудын ашгийг авилгын системээр хуваарилж байна" гээд олон хүний дунд ярих нь энүүхэнд.

Авилга яг яагаад болдоггүй юм бэ гэдгийг тоочвол өдөр хоног багадна. Гэхдээ хэд хэдэн гол шалтгааныг хэлье.

Юуны өмнө Монгол улсын Авилгын эсрэг хууль бол зөвхөн төрд өгөгдөж байгаа авилгын эсрэг гэдгийг тэмдэглэе.

Гэтэл бизнесийн байгууллагууд хоорондын авилга гэж бас байна. 10 хувь гээд ерөнхийдөө сектор дамнаж тогтсон ханш үүссэн байна. Хэрэвээ ажилтануудаа манай Англи хэлний курст сургавал 10 хувийг нь өгье гэх мэт. Үүнийг kickback гэдэг. Манай зарим томоохон корпорациуд авилгалд идэгдэж бүүр яам тамгын газрыг давж гарсан тухай яригддаг.

БҮТЭЭМЖ
Эдийн засгийн өрсөлдөх чадварын гол хэмжүүр нь бүтээмж гэж би өмнө нь бичсэн. Тэгвэл авилга эдийн засгийн бүтээмжийг үгүй хийдэг. Авилгад идэгдсэн эдийн засаг хэзээ ч өрсөлдөх чадвартай болж чадахгүй. Өөрөөр хэлбэл Монгол улс авилгаа дарж авахгүй бол хэзээ ч хөгжихгүй гэсэн үг.

Аливаа бизнесийн байгууллага, төрийн байгууллага нь чанартай, бүтээмж, ашигт ажиллагаа өндөртэй бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлж байж цаашид хөгждөг. Гэтэл зөвхөн шудрага өрсөлдөөн л энэ нөхцлийг бүрдүүлж өгч чаддаг.

Харин авилгач албан тушаалтан ямар бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан авахыг шийдэж байгаа үед чанар, бүтээмж, ашигт ажиллагаа огт учир утгаа алдаж зөвхөн - хэдэн төгрөгний авилга, (kickback)-  хэр нууц хадгалах эх сурвалж вэ - хамаатан садан, найз нөхөд мөн үү (cronyism, nepotism) гэсэн шалгуураар шийдвэр гарч эхэлдэг.

Бүтээгдэхүүн нийлүүлж байгаа талаас морал хазард үүсэх учир цаашид хөгжил явагдахаа больж эхэлнэ. Мөн чанаргүй бүтээгдэхүүнийг нийлүүлж эхлэх болно.

Тэгэхээр бүтээгдэхүүний бүтээмжтэй холбоотой авилгыг авч үзэж байгаа нөхцөлд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч ба бүтээгдэхүүн авч байгаа хоёр талыг хоёуланг нь авилга алж байж дуусдаг.

ЗАРДАЛ
Замын том тендер 20 орчим хувийн ашигтай гэж үзье. Тэгвэл гэрээний үнийн дүнгийн 10 хувийг авилгалд өгөх тохиолдолд компанийн зардал тэр хэмжээгээр өснө. Эцсийн дүндээ энэ зардлыг эцсийн худалдан авагч буюу ард иргэд нуруундаа үүрч таардаг. Орон сууцны барилга, замын тендер, бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ, элдэв үйлчилгээнд авилга шингэж ард түмний нуруун дээр зардал болж орж ирнэ.

ТАТВАР
Авилгалд төлсөн зардал, авилгалд авсан орлого нь татвар ногдохгүй учраас далд эдийн засаг юм.

АШГИЙН ХУВААРИЛАЛТ
Нэгэнт компани ашиг олж байгаа юм чинь тэрний зарим хэсгийг хэн нэгэн албан тушаалтан авснаар ашиг хуваарилагдана гэж ярих тохиолдол байдаг.
Жишээлээд үзье. 10 тэрбумтай тендер, гэрээнээс Авилгач 1 тэрбум авилгалаар, компани 1 тэрбумын ашиг НББ-н тайланд тусгагдсанаар олсон. Тэгвэл Компанийн 1 тэрбум ил эдийн засагт орж, цаашид тоног төхөөрөмж авах, үйл ажиллагаагаа тэлэх, ажилтнуудаа сургах, шинээр ажлын байр бий болгоход зарцуулагддаг. Харин авилгалд очсон 1 тэрбум нь Хонг Конгод байр авах, Луй Вуттоны хэрэггүй цүнх хэдийг авах, гадаадын оронд тансаглах зэргээр далд эдийн засагт орж үндсэндээ монголын эдийн засагт наалдацгүй зүйл болж хувирдаг. Тийм учраас компани 2 тэрбумын ашгаа хэн нэгэнтэй хуваалцахгүй олох нь Ард түмэнд, Монгол улсад маш давуу талтай.

Адаглаад машин аваад унахдаа л компанийн захирал үр өгөөж, ашигт ажиллагааг нь бодоод Ланд Круйзер 200 авч байхад, Авилга авсан хүн огт хариуцлагагүй зарцуулалт хийх жишээтэй.

ҮНДЭСНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛ
Хумсалсаар хулгайч гэж бид ярьдаг. Бага зэрэг дэвийн түшмэл, компанийн ажилтан байхаасаа л авилгалд идэгдсэн хүн, дээш өгсч явсаар (дээш өгсөх замаа бас авилгалаар засна) төрийн өндөр албан тушаалд хүрнэ.

Улсын, ард түмний төлөө шийдвэр гаргах хэрэгтэй болно. Ирээдүйд 20, 50, 100 жилийн дараах ард түмний амьдралыг шийднэ. Жижиг бэлтгэн нийлүүлэгчид биш гадаадын улс орнуудтай харилцана.

Ингээд улсаа худалдаж эхэлдэг. Логикоор бол барааны савангийн шахаа, уул уурхайн том төслийн эсвэл боловсролын системийн хэмжээний том тендерийн шахаа хоёр яг ижил. Тоо, дүн өөр боловч хандлага нь ижил. Харин үр дүн нь аймшигтай эмгэнэлтэй, хохиролтой зүйлийг дагуулна.

Ийм л учраас Авилга авдаг компаниа ч, өгдөг компаниа ч --- Авилга авдаг төрийг ч, өгдөг төрийг ч бүгдийнх нь ирээдүйг залгидаг мангас юм.

Авилгад олон шалтгаан бий. Ойлгомжгүй, албан тушаалтанд их эрх мэдэл өгсөн хууль дүрмээс эхлээд хэрэгждэггүй биелдэггүй хууль дүрэм гээд, ер нь дотроо "авилгагүй орчин бодлого" хэрэгжүүлдэг хэдэн компани байна.

Жишээ нь Татварын хуулинд орлогын 30 хүртэл хувиар торгоно гэсэн заалт байдаг. Тэгэхээр орлогынхоо 30 хүртэл хувиар торгуулах уу, байцаагчид хэдэн цаас өгөөд салах уу гэдэг маш тодорхой шийдвэр гаргах хэрэгтэй болно. Хамгийн гол нь бүх юмаа шудрагаар тайлагнаад байхад л орлогын 30 хувиар торгуулах гэмт этгээд болгож хальтилж болохоор хуулиа бичсэнд байх жишээтэй. Энэ мэтчилэн урт дараалал хөвөрнө.

Авилгатай тэмцэх газар авилга авсан хүмүүстэй тэмцэхдээ биш харин авилга ургуулдаг хөрсийг хуулж хаяхад илүү анхаарлаа хандуулах ёстой юм даа.








Wednesday, June 5, 2013

Хүний нөөц

Аливаа бизнес үйл ажиллагаагаа амжилттай явуулахад шаардлагатай үндсэн 3 нөөц бол - Хүн - Мөнгө - Мэдээлэл юм.

МУ-н өрсөлдөх чадварын тайланд Монголын компаниудад тулгарч буй хамгийн том бэрхшээл нь Хүний нөөцийн асуудал (авилга, хөрөнгө оруулалт гэх мэт олон бэрхшээлээс) гэж тодроод удаж буй. 

Компанийн эзэн, захирлуудтай уулзаад ярьж байхад "Яаж сайн хүн олно доо" гэж халаглахыг хичнээн ч жил, хичнээн ч олон хүнээс сонсов доо. 

Монгол улсын боловсролын системийн бүтээгдэхүүн "Хүн"-ийг түүний хэрэглэгчид нь ингэж үнэлж байгаа юм. Боловсролын системиийн бүтээгдэхүүн хүнийг Компани эсвэл Төр ажилд авдаг. Төрийн байгууллагад яваад ороход ажлаа мэддэггүй, авилга авдаг хүмүүс бол энэ боловсролын системийн бүтээгдэхүүнүүд шүү дээ. 

Фундаментал байдлаар сэтгээд үзвэл Монгол улсын хөгжлийн асуудал, уур уцаар, стресс, ядуу дорой байдал бол энэ боловсролын системийн бүтээгдэхүүн болох ХҮН-тэй хамаатай юм. 

Нэгэнт системийн бүтээгдэхүүн ийнхүү муу үнэлгээ авсан тул. Системийг шинэчилэх шаардлагатай нь ойлгомжтой. Савирч гоожсон тараг үйлдвэрлэдэг системийг шинэчилдэг шиг л солих ёстой. 

Хачирхалтай нь Боловсролын систем хэмээх том үйлдвэрийн дарга, инженер технологичид нь Хэрэглэгчид болох компанийн захирлууд, төрийн дарга нараасаа ирж ямар бүтээгдэхүүн хэрэгтэй байгаа талаар огт асуухгүй юм. 

Чухамдаа залхуу хойрго, ажилдаа чин сэтгэлээсээ ханддаггүй, үнэт зүйл үгүй, итгэл үнэмшил байхгүй, зөв бурууг ялгаж чадахгүй, бусдад хүндэтгэлтэй хандах чадваргүй буюу суурь хувь хүний төлөвшил хүмүүжлийн асуудалтай... хүний яриаг дүгнэх чадвар сул, уншиж ойлгохдоо муу, бодол санаагаа бусдад цэгцтэй илэрхийлж чаддаггүй, бусдыг сонсох тэвчээргүй буюу харилцаа холбооны асуудалтай... компьютер дээр хурдан шивж чадахгүй, англи хэл мэдэхгүй, эксел дээр наад захын тооцоо хийж барахгүй буюу техник дадал зуршил суугаагүй ийм хүмүүс маш ихээр боловсролын системээр үйлдвэрлэгддэг.

Энэ хүмүүс эцсийн эцэст эдийн засагт БҮТЭЭМЖ-н асуудал үүсгэдэг. Бүтээмж муутай хүмүүс, компанийн бүтээмжийг муутгана. Бүтээмж муутай компаниуд улс орны өрсөлдөх чадварыг доройтуулна. Дээхнэ дээ, Монголын эдийн засгийн форум дээр Монгол улсын өрсөлдөх чадвар сэдвийн дор малын ноолуур, ноос ярьцгааж байсныг нь санаж байна. Өрсөлдөх чадвар бол ноолуур бишээ. Өрсөлдөх чадвар бол Хятад хүн цагт 2 хадаас хийж байхад Монгол хүн 1 хадаас хийх үү, 3 хадаас хийх үү гэдэг ийм л эдийн засгийн ойлголт. Одоо манайхан 1-г л арай чүү хийж байвал их юм болоод байна.

Эдийн засгийн асуудлыг фундаментал төвшинд шийдэхгүй бол - "Сайн уу муу юу аль нь вэ хө" гэж зөв бурууг ойлгуулдаг байсан социалист үнэт зүйлсээ таягдан хаяхдаа ардчилсан үнэт зүйлсийг заах аргачлалыг боловсролын системд оруулаагүйгээс болж бид маш том хохирол амсах болно. Энэ хохиролыг буцаахад л 20 жил хэрэгтэй гэж бодохоор эдийн засгийн хохиролын цар хүрээ нь төсөөлөгдөнө. 

Дунд сургуульд философи заах хэрэгтэй гэж намайг хэлэхэд "тийм багад нь огт болохгүй, 25 хүрвэл яадаг юм гэхээс биш" гэх мэтчилэн ярих. Чухамдаа философи гэж бол ЗӨВ, БУРУУ-ийн ухаан шиг санагдах. 

Зөв (virtue) ба Буруу (vice) ялгаж салгаж чаддаг, Үнэт зүйлтэй (value), түүндээ итгэх Итгэл үнэмшилтэй (belief) ийм л хүмүүс улс оронд хэрэгтэй байгаа. Үүнийг цэцэрлэгт нь заадаг юм. Юун 18, юун 25. 

"Америкт тэтгэвэрийн сангууд алдагдал хүлээчихээд байхад чи Монголд тэтгэвэрийн сан хэрэгтэй гэж ярьж болохгүй ш дээ" гэж гэнэглэх хүмүүс нь үлгэрлэвээс "Хөрш айлын жийпний дугуй нь хагарсан байгаа учраас Морин тэргээсээ ер салж болохгүй" гэж хэлэхтэй агаар нэгэн буй. Чухамхүү хямрах санхүүгийн сектортой Америк улсад би атаархнам. Алдагдал хүлээх хөрөнгө оруулалтын сан, тэтгэвэрийн сантай Европыг би бахаднам. Агуйд амьдрагч бидэнд бол харин алдая ч гээд алдах юм алга. Алдах юмтай, сарвайх зүйлтэй байх нь өөрөө Хүн гэж амьтаны философи мөн чанарын нэг хэсэг болой.